Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2022

 

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 26 өдөр     Дугаар 181/ШШ2017/02022         Улаанбаатар хот      

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,      

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 13 дугаар байр, 36 тоотод оршин суух, Боржигоны цагаан сахалт овогт Дугаржавын Энхтуяа  /РД:УГ62073000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 4, 6 дугаар байрны дунд өөрийн байранд байрлах, “Энхсүндэр” өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6,984,912 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Энхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Миний бие 2012 оны 10 дугаар сарын 05-нд ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан бөгөөд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 778 дугаар шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 454 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 459 дугаартай тогтоол зэргээр намайг ажилд эгүүлэн тогтоосон юм.

Үүнээс хойш ажилд эргүүлэн авахгүй байсан тул шүүхэд хандаж ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн авч Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2014 оны 3216 дугаартай шийдвэр, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх 6429 дугаартай шийдвэр гаргаж байсан.

Хамгийн сүүлд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШШ2016/01539 дугаартай шийдвэр гарсан болно. Хариуцагч намайг ажилд авсан тушаал гаргаж Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэлийн газар хүргүүлж, гүйцэтгэх ажиллагааны зарим хэсгийг хаасан гэж мэдэгдэл ирүүлсэн. Үүнийг нь дараах үндэслэлээр эсэргүүцэн гомдол удаа дараа гаргасан боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага анхаарч ажил болгоогүй.

1. Нягтлан бодогч төсөвт сууж батлагдсанаар 1 хүний ажлын байрны орон тоо байгаа. Гэтэл тушаал гаргагч миний оронд ажиллаж байсан нягтлан бодогчийг ажлаас чөлөөлөөгүй.

2. Чи ажлын байрнаас гарч болохгүй цаг бүртгүүлээд сууж бай, 2 хүний орон тоо төсөв байхгүй учир цалин өгөхгүй гэсэн сонин шаардлага тавьсан.

3. Гэрээ байгуулах болохоор цалингүй ажиллахыг зөвшөөрвөл Нийгмийн даатгалын шимтгэлийг чинь тэтгэвэрт гартал төлөхөөр хөдөлмөрийн гэрээ байгуулна гэсэн шаардлага тавьсныг би зөвшөөрөөгүй. Гэтэл хөдөлмөрийн гэрээтэй танилцана гэж аваад явсан мэтээр бичиж надад мэдэгдэл өгсөн болно.

Иймд 2016 оны 7 дугаар сарын 01-нээс 2017 оны 05 дугаар сарын 22-ныг дуустал 10 сар 15 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин орлоготой тэнцэх нөхөн олговор 6,984,912 төгрөгийг “Энхсүндэр” өрхийн эрүүл мэндийн төвөөс гаргуулах, нийгмийн даатгалын нөхөн төлж баталгаажуулалт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч, хууль зүйн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Энхтуяа нь хариуцагч “Энхсүндэр” өрхийн эрүүл мэндийн төвөөс 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6,984,912 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай шаардлага гаргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн хувийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчийн төлөөлөгч Г.Энхтуяад гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь түүнд мөн өдөр тайлбарлан танилцуулж, шүүх хуралдаан 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр болох талаар 2017 оны  7 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчийн хаягаар мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

 Хариуцагчийн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгч, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч нэхэмжлэлд тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч “Энхсүндэр” өрхийн эрүүл мэндийн төв нь нэхэмжлэгч Д.Энхтуяаг тус төвийн нягтлан бодогчийн ажлаас үндэслэлгүйгээр халсан болох нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 778 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 454 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 459 дүгээр тогтоолоор тогтоогдсон байна.

 

Шүүх Д.Энхтуяаг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж, түүнийг урьд эрхэлж байсан “Энхсүндэр” өрхийн эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2012 оны 10 дугаар сарын 05-аас 2013 оны 4 дүгээр сарын 04-нийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 3,810,279 төгрөгийг “Энхсүндэр” өрхийн эрүүл мэндийн төвөөс гаргуулж Д.Энхтуяад олгож шийдвэрлэсэн байх ба шүүхийн дээрх шийдвэрүүд хүчин төгөлдөр байна.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй болно.

 

Д.Энхтуяаг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг “Энхсүндэр” өрхийн эрүүл мэндийн төв нь өнөөдрийг хүртэл бодитоор биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6,984,912 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч нь энэхүү шаардлагыг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаарх хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаагүй тул шүүх тухайн хэргийг нэхэмжлэгчийн тайлбар, хэргийн баримтын хүрээнд хянан шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

 

Хэргийн баримтаар хариуцагч нь шүүхийн дээрх шийдвэрийг бодитоор биелүүлсэн гэж үзэх үйл баримт бүрэн тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байж цалин авах эрхээр хохирсон байдалд шүүх хариуцагчийг буруутай гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ... олговрыг олгоно“ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 3216 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 999 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 801 дүгээр тогтоолоор 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 6429 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 139 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2016/00313 дугаар тогтоолоор 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2016/01539 дүгээр шийдвэрээр 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг “Энхсүндэр” өрхийн эрүүл мэндийн төвөөс гаргуулж Д.Энхтуяад тус тус олгож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр, магадлал, тогтоолууд бүгд хүчин төгөлдөр болжээ.

 

Нэгэнт “Энхсүндэр” өрхийн эрүүл мэндийн төв нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй, хуулиар хүлээсэн ажил ологчийн үүргээ гүйцэтгээгүй  нь тогтоогдсон тул шүүх Д.Энхтуяаг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Д.Энхтуяа нь “Энхсүндэр” өрхийн эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчийн ажлын байранд сарын 638,307 төгрөг цалинтай ажиллаж байсан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр тогтоогдсон тул шүүх түүний дундаж цалин хөлсийг энэ хэмжээгээр тооцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т нийцнэ гэж үзэж, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх 10 сар 15 хоногийн цалинтай тэнцэх олговорт 6,828,400 төгрөг /(638,307х10)+(638,307:21.5х15хон)/-ийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Тэрчлэн ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх, дэвтэрт бичилт хийх үүрэгтэй тул мөн хугацааны шимтгэлийг нөхөн төлж, Д.Энхтуяагийн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Энхсүндэр” өрхийн эрүүл мэндийн төвд даалгав.

 

Харин нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6,984,912 төгрөг шаардсанаас үлдэх 156,512 төгрөгт холбогдох шаардлага нь үндэслэлгүй тул шүүх хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “Энхсүндэр” өрхийн эрүүл мэндийн төвөөс 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 6,828,400 төгрөг гаргуулж Д.Энхтуяад олгож, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг “Энхсүндэр” өрхийн эрүүл мэндийн төвд даалгаж, Д.Энхтуяагийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 156,512 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,709 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 124,204 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ө.УЯНГА