Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/00252

 

О.Э-, Ц.А- нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2017/01479 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2039 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч О.Э-, Ц.А- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Д-, Д.М- нарт холбогдох,

Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Тоосгоны 10 дугаар гудамж, 168 тоот хаягт байрлах 210 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д-гийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагч Н.Д-, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2011 оны 5 сард иргэн Р.Эрдэнэбатаас Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 10 дугаар гудамж, 168 тоот хаягт байрлах 6x12 хэмжээтэй хувийн орон сууцны байшинг худалдан авсан. Гэхдээ энэ байшинг худалдан авахын тулд уг байшин байгаа хашааны газрын талыг Н.Д-тай тохиролцож худалдан авахаар болж, түүнд 3 000 000 төгрөгийг шилжүүлэн өгч, тухайн 168 тоот хаяг дээрх газрын тал хэсэг 210 м.кв газрыг авахаар болсон. Бид 2011 оны 5 сараас хойш уг газар дээр амьдарч байна. Хашааны газрыг хувааж өгч, авахаар болж 2012 онд “Үүлэн зээрд” ХХК-иар кадастрын зураг хийлгэсэн. Гэтэл H.Дэлгэрмаа нь газрын тал хэсэг 210 м.квадратыг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч нар өнгөрсөн хугацаанд дансаар 1 300 000 төгрөг, үлдэгдэл 1 700 000 төгрөгийг бэлнээр хариуцагч Н.Д-д өгсөн.

Мөн уг газар хот төлөвлөлтөд орохоор болж, 3 талт гэрээг хариуцагчтай байгуулсан. Энэхүү гэрээ нь хэрэгт авагдаагүй боловч Засгийн газраас дээрх газрыг өндөр үнээр үнэлэхэд хариуцагч нар өмнөх тохиролцооноосоо буцаж, бид газраа 3 000 000 төгрөгөөр худалдахгүй, доод үнэ нь 25 000 000 төгрөг гэсэн. Гэвч талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Бид мөнгийг нь бүрэн төлсөн боловч хариуцагч нар газрын гэрчилгээг шилжүүлэхгүй өнөөдрийг хүрч байна. 

Иймд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 10 дугаар гудамж, 168 тоот хаяг дээрх 470 м.кв талбайтай газрын 210 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Бид өмнө нь энэ хашаа байшинд амьдарч байсан. Хашаа, байшин миний нэр дээр биш, манай нөхөр Р.Эрдэнэцогтын нэр дээр байсан. Тэр газарт манай хадам ах Р.Эрдэнэбатын болон бидний амьдардаг байсан байшин байдаг. Нэг өдөр хадам ах байшингаа 5 000 000 төгрөгөөр худалдах гэж байгаа гэхээр нь би тэднийг хооронд нь зуучилж өгсөн. Ингээд 5 000 000 төгрөгөө цувуулаад түүнд өгсөн. Би О.Э-ээс нэг ч төгрөг аваагүй, өөрөө үүнийг мэдэж байгаа.

Манай хүү Д.М- 2012 онд үнэтэй камераа ломбарданд тавьчихаад алдах гээд байна гэхээр нь О.Э-ээс 450 000 төгрөг зээлээд 500 000 төгрөг болгож өгнө гээд авахад нь би хамт явж авч байсан нь үнэн. Дараа нь хэд хэдэн удаа мөнгө зээлээд буцааж өгсөн. О.Э-ийн хэлж байгаа шиг 2011 оны сүүл 2012 оны эхээр нийт 3 000 000 төгрөг надад өгч хашааны газрын талыг өгч, авалцахаар тохиролцоогүй. Энэ хашаа байшин 2014 онд манай нөхрөөс миний нэр дээр шилжсэн. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2017/01479 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Д-, Д.М- нарт холбогдох Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Тоосгоны 10 дугаар гудамж, 168 тоот хаягт байрлах 210 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай О.Э-, Ц.А- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2039 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2017/01479 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч О.Э- нь баримтгүй, ор үндэслэлгүй зүйлүүд ярьж байгааг миний бага хүү Э.Дөлгөөнтамирын эцэг Р.Эрдэнэцогт гэрчлэх боломжгүй. Учир нь О.Э-, Ц.А- нар Р.Эрдэнэбатаас байшингаа 5 сая төгрөгөөр худалдаж авсан бөгөөд уг байшин байрладаг газрын үнэ 3 000 000 төгрөгийг надад өгсөн гэсэн нь худал гүтгэлэг юм. Мөн би том хүү Д.М-ийнхээ цусны хавдар өвчний их эмчилгээний хажуугаар О.Э-т гүтгүүлж, заргалдахаас залхаж гомдож байна.

Нэхэмжлэгч Б.Амгаланбаатар, О.Э- нарын нэхэмжлэлийн үндэслэл нь надад 3 000 000 төгрөг өгсөн гээд бидний газрын өмчлөгчөөр тогтоолгох гээд байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн 2039 тоот магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул дахин хянан үзэж хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 184/ШШ2017/01479 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч О.Э-, Ц.А- нар хариуцагч Н.Д-, Д.М- нарт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 10 дугаар гудамж, 168 тоотод байрлах 210 мкв талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д зааснаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг дутуу гүйцэтгэсэн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Маргааны зүйл, хэргийн нөхцөл байдлын талаар ач холбогдол бүхий мэдээлэл өгөх гэрчээс мэдүүлэг авахуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг анхан шатны шүүх хангахаас татгалзсаныг давж заалдах шатны шүүх буруу, талуудын мэтгэлцэх эрхийг хязгаарласан алдаа гэж үзсэн байна.

Маргааны үйл баримт, нотлох баримтын бүрдлийн талаар бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй ба шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2039 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН