| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Амарсайхан |
| Хэргийн индекс | 104/2016/00568/И |
| Дугаар | 001/ХТ2018/00325 |
| Огноо | 2018-03-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 001/ХТ2018/00325
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 104/ШШ2017/00285 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2260 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Н.А-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5 567 392 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Н.А-, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Одонжав, нарийн бичгийн даргаар Э. Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Н.А- нь 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 10-206 тоот зээлийн гэрээгээр 4 000 000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл болох 1 537 500.38 төгрөг дээр нэмээд 8 462 499.62 нийт 10 000 000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээл авсан бөгөөд зээлийн барьцаанд орлого, гэрийн эд хогшил зэргийг барьцаалуулсан. Иймд 2 172 393.81 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3 090 109.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 493 885,96 төгрөг, нийт 5 756 398.3 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Н.А-ийн тэтгэврийн данснаас 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 64 000 төгрөг, 03 дугаар сарын 16-ны өдөр 62 000 төгрөг, 05 дугаар сарын 31-ний өдөр 63 000 төгрөгийг тус тус татаж нийт 189 000 төгрөгний төлөлт хийгдсэнийг үндсэн зээлээс хасч тооцон нэхэмжлэлийн шаардлагыг 5 567 392 төгрөг болгосон. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсан гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие 2006 оноос хойш Сонин зул хоршооны захирал асан Н.Чойжхорлоо гэгч эмэгтэйн дэлгүүрт өдрийн 5 000 төгрөгийн цалинтайгаар худалдагчийн ажил эрхэлж ирсэн бөгөөд Нийгмийн даатгалын шимтгэлд хамрагдаж байгаагүй юм. Манай захирал эмэгтэй маань маш их өр зээлтэй байсны улмаас дэлгүүрийн ажлыг цааш ажиллуулах хүндрэлтэй байна гээд миний нэр дээр зээл авмаар байна, өөр арга алга гэсээр 4 000 000 төгрөгийн зээлийг анх Хнаас авсан. Надад энэ мөнгөнөөс нэг ч төгрөг өгөөгүй ба өөрөө мөнгийг төлөөд явж байсан. Банкинд холбогдох баримтууд байгаа гэж итгэж байна. Энэ зээлийн үлдэгдэл дээр нэмж дахин зээл авсан нь энэхүү 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ бөгөөд миний бие 2011 оноос 108 000 төгрөгөөр бодож нийгмийн даатгалын дэвтэр нээлгэснийг ашиглаж 150 000 төгрөгөөр 6 сарын шимтгэл төлөөд үлдсэн 3 сарын хугацаанд шимтгэл төлөгдөөгүй байхад 2012 онд цалингийн зээл нэрээр 8 000 000 орчим төгрөгийг нэмж авсан байдаг. Энэ зээл миний нэр дээр гарсан боловч мөнгийг би хүлээн аваагүй, Н.Чойжхорлоо миний нэр дээр хөөцөлдөн гаргаж авсан зээл юм.
Иймд би энэ зээлийн төлбөрийг төлбөл зохих этгээд биш бөгөөд Х миний нэр дээр өөр хүнд зээл олгосон нь буруутай гэж үзэж байгаа. Энэ талаар ч цагдаагийн байгууллагад гомдлоо гаргаад шалгуулж байгаа. Мөнгийг би өөрөө хүлээж аваагүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 104/ШШ2017/00285 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч Нямжавын Алтанцэцэг /РД:УД60022505/-ээс 5 567 392 /таван сая таван зуун жаран долоон мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулж “Х” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчан төлсөн 107 503 /нэг зуун долоон мянга таван зуун гурав/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.А-ээс 104 028 /нэг зуун дөрвөн мянга хорин найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2260 дугаар магадлалаар Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 104/ШШ2017/00285 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлыг баталсугай” гэж, 2 дахь заалтыг “3”, 3 дахь заалтыг “4”, 4 дэх заалтыг “5”, 5 дахь заалтыг “6”, 6 дахь заалтыг “7” гэж тус тус дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 000 төгрөгийг буцаан олгохыг дурджээ.
Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Иргэний хуулийн 451.3-т заасны дагуу Х зээл олгох үйл ажиллагаандаа хуулиар зөвшөөрөгдсөн эрх хэмжээгээ хэтрүүлэн хэрэглэж, үүргээ биелүүлээгүйгээс жирийн ард иргэд хохирч байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасан зээлийн хувийн хэргийн бүрдүүлбэр дутуу, хуурамчаар бүрдүүлсэн зэрэг асуудалд зээлийн эдийн засагч болон банкны тухайн салбарын захирал нар холбоотой байх тухай гэрчийн мэдүүлэг авагдсан ба иргэн Алтанцэцэг хуурамч бичиг баримт бүрдүүлээгүй байх тухай нотолгоо хангалттай хэрэгт авагдсан байдаг. Өөрөөр хэлбэл банкны эдийн засагч зээлийн хувийн хэргийн бүрдүүлбэр хуурамч, алдаатай байхад зээл олгосон асуудал нь өнөөдөр Н.А-ийг өр төлбөрт оруулсан.
Зээл олгохыг хүссэн өргөдөл байхгүй, зээлийн гэрээ нотариатаар ороогүй мөртлөө нотариатаар гэрчлэгдсэн, зээлийн барьцаанд бариулсан эд хөрөнгө зээлдэгчийн хөрөнгө биш, баталгаажуулсан зураг огт байхгүй, үнэлгээ хийгдээгүй, зүгээр санаагаараа тооцож дүн тавьсан, нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр нь Алтанцэцэгийнх мөн байх боловч хоёр дахь нүүр нь өөр хүний дэвтрийн хуулбар гэх мэт маш олон баримт нь Алтанцэцэг өөрөө бүрдүүлээд авч очсон бол банкны зээлийн мэргэжилтэн байтугай жирийн хүн хараад хуурамч баримт болохыг мэдэх боломжтой баримтад үндэслэн зээл олгосон байгаа юм. Банкны нийтлэг зохицуулалт алдагдсан буюу ажил хэргийн хүрээнд тогтсон заншил, зээл хүсэгч иргэний орлогыг тодорхойлсны үндсэн дээр гаргадаг үйл ажиллагаа нь алдагдаж, Банк мэргэжлийн үйл ажиллагаа хууль зөрчсөнд байна.
Зээлийг Н.Чойжхорлоо гэгч хүн авсан болохыг гэрчийн мэдүүлэгтээ хүлээн зөвшөөрч хэлсэн байдаг ба энэхүү үйлдэл нь Х мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхээ хэтрүүлэн хэрэглэсэн үйлдэл болохыг нотолсон хэрэг мөн юм. Ийм нотлох баримтын маргаантай, жирийн иргэний нэрийг ашиглан танил талдаа олгосон зээлийн тухай анхан шатны шүүхэд яригдсан. Шүүх итгэл үнэмшлийнхээ хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой. Зээлийн авсан, өгсөн гэдэг нь хэргийг үнэн, зөв шударгаар шийдвэрлэх хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Түүнчлэн миний бие ам бүл 10-уул амьдардаг, өрхийн хоол хүнсний талонд хамрагдан амьдардаг, өрх толгойлсон эх бөгөөд энэ зээлийг аваагүй гэдгээ тайлбарлан үнэнээ хэлж, мөнгө авсан хүнийг гэрчлүүлж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж өгөхийг хүссэн билээ. Зээлийг миний бие авч хэрэглээгүй бөгөөд өөр хүн миний нэр дээр авсан зээл тул шудрага үнэнийг дэнсэлж, мөн ар гэрийн амьдралын нөхцөл байдлыг харгалзан хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ...тухай зохигч талууд бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан байна” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзахдаа энэ тухай хүсэлтээ шүүхэд заавал бичгээр өгөх ёстой. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзэж шийдвэрлэсэн. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн явдал бөгөөд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл мөн.
Анхан шатны шүүхийн гаргасан процессын алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж шийдвэрлэх эрхгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу хэрэв анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн л бол давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүх рүү буцаах тухай хууль туйлын тодорхой зохицуулжээ. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “...алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж...” гэж дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдааг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл дээрх байдлаар шүүхийн гаргасан процессын алдааг засч шийдвэрлэж байгаа нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээнээс хэтэрсэн явдал болжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Нотариатын үйлдэл хийх заавар”-ын 2.3-т “Үйлчлүүлэгч төлөөлөгчөөрөө дамжуулан нотариатын үйлдэл хийлгэхийг хуулиар зөвшөөрсөн болон Нотариатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд үйлчлүүлэгч нь нотариатчийн ажлын байранд өөрийн биеэр ирж үйлчлүүлнэ” гэж заасан шаардлагыг биелүүлээгүй, хүчин төгөлдөр бус гэрээний дагуу “Х” ХХК нэхэмжлэл гаргаж, анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэргийг шийдвэрлэжээ.
Хавтаст хэргийн 57 дугаар хуудаст авагдсан нотариатчийн бүртгэлийн дэвтэрт тэмдэглэгдсэнээр гэрээг гэрчлүүлэх үед “Х” ХХК-ийн төлөөлөгч, эрх бүхий этгээд байлцаагүйн дээр хариуцагч Ц.Алтанцэцэг мөн байлцаагүй болно. Дэвтэр дээр татлан зурсан гарын үсэг нь Ц.Алтанцэцэгийнх биш байгаа нь тодорхой харагдаж байна. Давж заалдах шатны шүүх “хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус эсэх талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж мэтгэлцээгүй” гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 56.1-д хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг тодорхойлсон бөгөөд 56.1.8-д зааснаар энэхүү гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийсэн гэрээ юм. Хүчин төгөлдөр бус хэлцэл, хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцлийн ялгааг давж заалдах шатны шүүх анхааралгүй дээрх байдлаар дүгнэжээ. Хүчин төгөлдөр бус хэлцлийн тухайд хэн нэг этгээд эсхүл шүүх заавал тус хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, шийдвэрлэсэн байх шаардлагагүй, нэгэнт хуулиар тодорхойлогдчихсон тул хариуцагч гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргах шаардлагагүй.
Мөн давж заалдах шатны шүүх “нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчсөн гэх үйл баримтыг агуулсан баримтат мэдээллийг хэрэгт нотлох баримтаар цуглуулж өгөөгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд нотариатаар батлуулсан гэх Зээлийн гэрээ, нотариатчийн тэмдэглэл хэрэгт авагдсан байна. Нийтэд илэрхий байдаг тул хууль тогтоомж, хэм хэмжээ тогтоосон актыг шүүх хавтаст хэрэгтээ хавсаргадаггүй. Иймд зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлээсэй хэмээн хяналтын шатны шүүхээс хүсч байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааны үйл баримт, хэргийн нөхцөл байдал тодорхой бус байна.
Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Н.А-ээс зээлийн гэрээний үүрэгт 5 756 389 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч уг зээлийг өөр хүн авсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг татгалзсан байна.
Зохигч талууд 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, хариуцагч Н.А- нь 10 000 000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.
Дээрх гэрээнд хариуцагч Н.А- гарын үсэг зурж, зээлийн мөнгө түүний нэр дээрх дансанд шилжин орсон үйл баримтыг шүүх зээлийн эргэн төлөлт хариуцах хангалттай үндэслэл гэж үзсэнийг буруутгах боломжгүй хэдий ч маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байгааг анхаараагүй нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зохицуулалтыг тухайн нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэл мөн эсэхийг тодорхойлоход эргэлзээтэй болгожээ.
Тухайлбал, нэхэмжлэлийн үндэслэл болж буй зээлийн гэрээ банкны “цалингийн зээл” төрлийн бүтээгдэхүүн болох талаар гэрээний 2.2.-т заасан байх ба хариуцагч Н.А- ямар байгууллагад хэдий хэмжээний цалин авдаг байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Хариуцагчийн тайлбарт дурдсанаар тэрээр “Сонин зул” хоршоонд хөлсөөр ажиллаж байжээ. Өөрөөр хэлбэл, тогтмол цалин авдаг эсэх нь тодорхойгүй этгээдэд цалингийн зээл олгох болсон банкны ажиллагааны эрх зүйн үндэслэл тодорхой бус байна.
Хариуцагч Н.А- шүүхэд гаргасан тайлбартаа зээлийн хувийн хэргийг эхээр нь гаргуулах хүсэлт гаргасан \хх-ийн 201 дүгээр тал\ гэж үзэхээр байгааг анхан шатны шүүх анхаараагүй, хүсэлтийг хангах эсэхийг шийдвэрлээгүй байна. Хэрэгт зээлийн гэрээний эх хувь авагдсан байх боловч зээл хүссэн өргөдөл, зээл олгох тухай эрх бүхий этгээдийн шийдвэр, зээлдэгчийн цалин хөлсийг шалгасан материал зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримт байхгүй байна.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д зааснаар нотлох баримт бүрдүүлэх, 38.3.-т зааснаар нотлох баримт шаардан авах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй байхад давж заалдах шатны шүүх алдааг илрүүлэх, залруулах арга хэмжээ аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7., 168.3.-т заасан шаардлагыг зөрчжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 104/ШШ2017/00285 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2260 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 107 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН