Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 602

 

А.Буяндэлгэрт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ариунтуяа,

ялтан А.Буяндэлгэр /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар, С.Пүрэвдорж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Оюун,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 241 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан А.Буяндэлгэр, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар, С.Пүрэвдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн А.Буяндэлгэрт холбогдох 201626012774 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Цамхаад овгийн Адилбишийн Буяндэлгэр, 1972 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Увс аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа мужааны ажил хийдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн Цэцэндүнгээгийн 20 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ОЭ72102531/,

А.Буяндэлгэр нь 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” хүнсний дэлгүүрийн урд шатан дээрээс иргэн Б.Даваажавыг хувийн таарамжгүй харилцааны улмаас хавсарч унагаан бие махбодид нь баруун шаант, тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

мөн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” хүнсний дэлгүүрийн урд шатан дээрээс 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 20-21 цагийн үед яллагдагч А.Буяндэлгэр нь иргэн Ж.Төмөр-Очиртой хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар түүнийг түлхэж ар дагз хэсгээр нь унагааж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: А.Буяндэлгэрт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Цамхаад овогт Адилбишийн Буяндэлгэрийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

А.Буяндэлгэрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан А.Буяндэлгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 1 сарын хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг албадан ажил хийлгэх ялыг багтаан түүний биечлэн эдлэх ялыг нийт 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар А.Буяндэлгэрт оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсгүүдэд зааснаар А.Буяндэлгэрийн цагдан хоригдсон 89 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож,

А.Буяндэлгэрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгөтэй “Нийслэл” нэртэй шар айрагний сав 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

А.Буяндэлгэрт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан А.Буяндэлгэр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь хохирогч Б.Даваажавын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулж, уучлалт гуйж байна.  Харин иргэн Ж.Төмөр-Очирын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдээгүй гэдгээ мөрдөн байцаалтын шатанд удаа дараа мэдүүлж, чин үнэн байдлыг шүүх хуралдааны үеэр тайлбарлаж мэдүүлсэн. Хүний амь насыг хохироосон хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг зөвхөн яллах талыг барьж шалгасан. Шүүх дараах асуудалд анхаарал тавьж нухацтай хандахгүйгээр шийтгэх тогтоол гаргасан.

1. Хохирогч Ж.Төмөр-Очир бидний дунд ямар нэгэн маргаан болоогүй. Би дэлгүүрийн үүднээс Ж.Төмөр-Очир, Ч.Амаржаргал, Ч.Отгонбаяр нараас салаад хот руу явсан. Намайг явсаны дараа тэнд юу болсон талаар мэдэхгүй. Хохирогч Ж.Төмөр-Очир хамгийн сүүлд хэнтэй үлдсэн, хаашаа явсаныг тогтоогоогүй. “Хүү Т.Баярцогтын хамт явсан гэж яригддаг.”

2. Хохирогчийн хүү Т.Баярцогтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй. Анх намайг “аавын цээж рүү түлхэж унагаасан” гэж мэдүүлж байсан. Үнэндээ шатахуун түгээх газрын тэндээс 100 орчим метрийн зайнаас харанхуй шөнө харахад “Оргил” дэлгүүрийн довжоо руу өгсөж яваа хүний ар нуруу талаас л харах боломжтой. Гэтэл хажуугаас харсан мэтээр худал мэдүүлэг өгсөн. Т.Баярцогт нь 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Тухайн орой гэгээ тасарсан харанхуй, 20-21 цагийн хооронд байх гэж бодож байна. Би тэр орой холоос харсан ба миний харсан зүйл гэвэл дэлгүүрийн гадаа гэрэлтүүлэгчтэй байсан ба шатнаас аавыг унаж байхыг нь харсан. Үүнээс хэн нэгэн хүн түлхсэн эсэхийг хараагүй, бие нь нуруу буюу ар талаараа унаж байхыг нь хараад хүнд түлхүүлсэн байх гэж бодсон” гэжээ.

3. Цогцос олдсон газар нь хохирогчийн гэрээс эсрэг зүгт “Оргил” дэлгүүрээс 500 орчим метр зайтай, засмал замыг хөндлөн гарч төв замаас салаалсан шороон замын хажуу жалганаас олдсон.

4. Энэ хэргийн талаар үнэн зөв мэдүүлж чадах ганц гэрч Э.Баяраа одоо хүртэл олдоогүй байгаа. Заавал олж гэрчээр байцаах шаардлагатай.

5. Хохирогчийн хүү Т.Баярцогтын мэдүүлгэнд “дэлгүүрийн шатан дээр аав А.Буяндэлгэр, Ч.Амаржаргал, Ч.Отгонбаяр нарын хамт байсан” гэж дурдагдсан. Гэрч Ч.Амаржаргал нь мэдүүлэхдээ “талийгаач бөгсөөрөө газар суусан” гэж мэдүүлсэн. Гэрч Ч.Отгонбаяр “би тэнд байгаагүй, мэдэхгүй” гэдэг.

6. Миний бие удаа дараа өгсөн мэдүүлэгтээ “Т.Төмөр-Очир миний ханцуйнаас татаад байсан. Тэгсэнээ ханцуйг өөрөө тавиад шат руу хий гишгэсэн үү, хальтарсан уу тэр шатны уруу өөрөө унасан” гэж үнэн зөвөөр мэдүүлсэн билээ. Гэрч Ч.Амаржаргалын мэдүүлгээр хохирогч унахдаа бөгсөөрөө суусан гэдэг нь үнэн болох нь батлагдаж байна.

Дээрхи дурдсан зүйлийг нарийн нягт, нямбай шалгаж, үнэн бодит зүйлд тулгуурлан гэм буруутай үйлдэл нь бодит бус байгааг харгалзан үзэж шийдвэрлэж өгөхийг хүсье. Миний бие үнэн бодит бус үйлдэлд холбогдсондоо маш их харамсаж байна.” гэв.

Ялтан А.Буяндэлгэрийн өмгөөлөгч С.Пүрэвдорж гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдлуудыг дэмжиж байна. Улсын яллагч шүүх хуралдаанд энэ хэргийн гол гэрч Т.Баярцогт, гэрч Ч.Амаржаргал нарыг оролцуулахаар яллах дүгнэлтдээ тусгайлан санал гаргасан байдаг. Шүүгч Дашдондов 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай 456 дугаар шүүгчийн захирамж гаргахдаа шүүх хуралдаанд гэрч Амаржаргал, Баярцогт нарыг оролцуулъя гэж шийдвэрлэсэн атлаа оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн гэрчийг дуудан ирүүлж шүүх хуралдаанд биечлэн оролцуулж мэдүүлэг авна гэсэн заалтыг зөрчсөн. Эдгээр гэрч нар шүүх хуралдаанд оролцох боломжгүй, хөдөө орон нутагт явж байгаа тухай мэдэгдсэн бөгөөд өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаанд гэрч нарыг оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх бүрэлдэхүүн тэднийг оролцуулах шаардлагагүй гэж үзээд хэрэг хэлэлцэх ажиллагааг үргэлжлүүллээ. Эдгээр гэрч нар нь хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэж буруутгаж байгаа шүүгдэгчийн хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой, шаардлагатай, шүүх хуралдаанд оролцуулахаар прокурор тусгайлан санал гаргасан байсан тул өмгөөлөгч нар давхардуулсан хүсэлт гаргаагүй байсан юм. Шүүх нь гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулаагүйгээс миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт гаргахад нөлөөлсөн гэж үзэж байна. Хэргийн гол гэрч Баярцогт аль чигээс харсан гэдгийг заагаагүй.

Цогцос олдсон газар нь хохирогчийн гэрээс эсрэг зүгт, “Оргил” дэлгүүрээс 500 орчим метр зайтай. Төв замаас салаалсан шороон замын хажууд жалганаас олдсон. Цогцос олдсон газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн таблиц зэргээс үзэхэд төв засмал замаас салаалсан шороон замын хажууд жалганд цогцосыг цээж болон, хөл талаас нь дамжлан өргөж тавьсан шинжтэй, цогцосын орчим эргэн тойронд нь хүний мөрнүүд цасан дээр гарсан байжээ. Цогцос олдсон газарт хохирогчийн өөрөө хөлөөрөө алхаж, гишгэж ирсэн мөрийг үзлэг хийсэн хүмүүс илрүүлээгүй болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тодорхой харагдаж байгаа. Энэ жалганы өндөр, хөрс нь хир хатуу эсэх талаар бичигдээгүй. Өөрөөр хэлбэл жалга руу унасан байж болохыг огт анхаараагүй. Хэргийн газрын үзлэгээр цогцосны салтаа орчим шингэн хөлдсөн байсан нь осголтын шинж боловч өвлийн эд хүйтэнд хөдөө хээр 12 цаг орчмын хугацаанд цогцос бүрэн хөлдөөгүй байсан зэрэг нь тэр оройдоо биш өглөө үүрээр, анх харсан гэрчийг харахаас өмнөхөн хэргийн газарт зөөн авчирсан байж болох сэжиг байгааг анхаарч шалгаагүй. Цогцост задлан шинжилгээ хийсэн 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 5 дугаартай дүгнэлтэд “...талийгаачийн биед учирсан гавал тархины гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал цохигдох өшиглөгдөх, унах, мөргөгдөх аль ч үед үүсэх боломжтой. Нас барах үедээ дунд зэргийн согтолттой” гэсэн. Иймд зам тээврийн осолд ч орж автомашинд мөргөгдсөн байхыг үгүйсгэхгүй. Автомашинд мөргөгдсөн байж болохыг шүүх эмч С.Чулуунсүх хуралдаан дээр мэдүүлсэн. Цогцос олдсон газар нь түүний гэрээс эсрэг зүгт байгаа зэрэг нь хохирогч Ж.Төмөр-Очир нь ахуйн орчинд юм уу, зам тээврийн осолд ороод хээр зөөгдөж орхигдсон байх сэжгийг огт шалгасангүй. Зөвхөн шүүгдэгч А.Буяндэлгэрийг буруутгах үйл ажиллагаа явуулсан. Задлан шинжилгээ хийгээд тархины гэмтэл илрээд ажлын хэсэг байгуулж ажиллахад хэргийг илрүүлсэн болох гэсэн юм уу, мөрдөн байцаагч нар хохирогчийн хүү Т.Баярцогт, Э.Баяраа нараас тайлбар авахдаа хэт хөтөлж А.Буяндэлгэр хохирогчийн шатнаас цээж рүү түлхэж унагааж ар дагзаар нь унагаасан мэтээр бичсэн. Гэтэл эдгээр хоёр залуу харанхуйд 100 гаран метр зайнаас харах боломжгүй, хохирогч шатаар өгсөж явахад зөвхөн ар нуруу талаас нь харах боломжтой тул дээрх үйл баримтыг хараагүй болох нь Т.Баярцогтын дараа нь өгсөн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн мэдүүлгээс тодорхой болсон юм. Мөрдөн байцаагч хэргийн газарт туршилт хийж 100 гаран метр зайнаас харанхуйд дэлгүүрийн шатан дээр зогсож байгаа хүний хөдөлгөөнийг харах боломжийг тогтоох гэж оролдсон. Гэхдээ гэрч Т.Баярцогтыг оролцуулаагүйгээс энэ үйл ажиллагаа үнэмшил муутай болж нотлох баримт болох боломжгүй болсон. Гэрч Т.Баярцогтын харсан гэж байгаа байршил нь “Оргил” дэлгүүрийн шат руу өгсөж яваа хүний ар уруу талаас харж байсан болох нь энэ туршилтын тэмдэглэл, фото зургаас харагдаж байна. Иймд гэрч Т.Баярцогт нь “Буяндэлгэр нь аав Төмөр-Очирын цээж рүү түлхэж унагаасан” гэж мэдүүлсэн нь үгүйсгэгдэж байна. Энэ талаар үнэн зөв мэдүүлж чадах ганц гэрч Э.Баяраа одоо хүртэл олдоогүй байгаа. Заавал олж гэрчээр байцаах шаардлагатай. Хохирогч Ж.Төмөр-Очир хамгийн сүүлд хэнтэй үлдсэн, хаашаа явсаныг нь тогтоогоогүй. Хүү Т.Баярцогтын хамт явсан гэж яригддаг. Хохирогчийн хүү гэрч Т.Баярцогтын мэдүүлгэд “дэлгүүрийн шатан дээр аав, А.Буяндэлгэр, Ч.Амаржаргал, Ү.Отгонбаяр нарын хамт байсан” гэж дурдагдсан. Гэтэл гэрч Ч.Амаржаргал нь мэдүүлэхдээ А.Буяндэлгэр нь талийгаачийн цээж рүү түлхэхэд талийгаач бөгсөөрөө газар суусан гэж мэдүүлсэн. Энэ хажуугаас харсан цорын ганц гэрч юм. Харин гэрч Т.Баярцогтын мэдүүлгэнд тэнд байсан гэх Ү.Отгонбаяр нь “би архи уудаг, гэхдээ тэр өдөр таараагүй” гээд тодорхой мэдүүлэг өгөөгүй юм. Тэгэхээр Т.Баярцогтын анх гэрчээр өгсөн мэдүүлэг үндэслэл муутай болох нь тогтоогдож байна. Энэ хэрэгт гэрчээр байцаагдсан Б.Баянмөнх, Ж.Булагмаа зэрэг гэрч нарын мэдүүлгээс үзэхэд хохирогч архи уусан үедээ ааш зан нь өөрчлөгддөг болох нь тогтоогдсон. Хэрвээ түүнийг түлхэж унагаасан бол тэр зүгээр гэж хэлээд зогсох хүн биш. Хэрүүл, зодоон хийх л хүн. Ж.Төмөр-Очир өөрөө л унасан тул хэнтэй ч хэрүүл маргаан хийгээгүй гэж үзэж байна. Ялтан А.Буяндэлгэр 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Ж.Төмөр-Очир миний гарын ханцуйнаас татаад байсан. Тэгсэнээ ханцуйг тавиад шат руу хий гишгэсэн үү, хальтирсан уу, тэр шатны уруу өрөө өнхөрөөд унасан гэж мэдүүлжээ. Унахдаа гэрч Ч.Амаржаргалын мэдүүлгээс бөгсөөрөө суусан гэдэг нь үнэн болох нь тогтоогдож байна. Мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Эрдэнэбаатар шүүх эмч С.Чулуунсүхийг байцаахдаа өөрийн асуух асуултандаа хариултаа оруулан асууж өөрөөр хэлбэл хөтөлж байцаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн тул энэ байцаалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаас хасахыг хүссэн юм. Энэ нь шинжээчийг энэ хэргийг харж байсан мэтээр ар дагзаараа унасан гэж мэдүүлэг авсан. Мөн хохирогч ямар зайнд явсан зайг бичээгүй асуулт асууж зайг метрээр тавиагүй ч хариултыг авсан зэргээр харагдаж байна. Мөн шинжээч нь гаргасан задлангийн актны дүгнэлтэд өшиглөгдөх, мөргөгдөх үед дээрхи гэмтэл үүсэх боломжтой гэсэн үгсээ мэдүүлэг өгөхдөө хасаж унах үед үүссэн гэж хэт хөтлөгдсөн. Гэтэл анхан шатны шүүх энэ хууль зөрчсөн асуудлыг шийдвэрлээгүй. Харин шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтаар тооцсон байна. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, ялтан А.Буяндэлгэр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Ялтан А.Буяндэлгэрийн өмгөөлөгч С.Чулуунбаатар гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.Буяндэлгэрт анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг эс зөвшөөрч гомдол гаргасан байна. Ялтан А.Буяндэлгэрийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. А.Буяндэлгэрт холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулиар түүний эрх зүйн байдал нь дээрдэж байгаа тул уг хуулиар шийдвэрлэж өгнө үү. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэсэн. Энэ зүйл заалт нь одоо мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн зүйл заалт руу эрх зүйн байдал нь дээшилсэн байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар бусдыг санаатай алсан ял шийтгэл оногдуулсан. Энэ зүйл хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхэд цагаатгаж өгнө үү, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байсан. 2016 оны 12 дугаар сарын 18-ны орой буюу 20-21 цагийн орчимд шатны дэргэд хэсэг хүмүүс архи ууж байгаад амь хохирогч удаа дараа А.Буяндэлгэрийг архи авч өг гэсэн. Тэгээд дэлгүүрийн худалдагчаас архи зээлж авч өгөх санаатай алхтал араас нь татах шиг болсон. Эргээд хартал амь хохирогч унасан байсан. Энэ нь шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг. Энэ хэрэгт онцлох Баярцогт, Амаржаргал, Отгонбаяр 3 гэрч байдаг. Баярцогт нь амь хохирогчийн хүүхэд. 2 удаа мэдүүлэг өгөхөд хоорондоо зөрүүтэй байдаг. Дэлгүүрийн шатнаас 2 хүүхэд алхаад ирж явсан. Тэр хооронд 100-200 метр орчим зайтай. Тэр орой хойшоо бөгсөөрөө унаж байгаа, урдаас нь хүн түлхэж байгаа, татаж байгаад алдаж байгаа хэсгийг нь тодорхойлж харагдах боломжгүй мэт санагдаж байна. Гэрч Амаржаргал бөгсөөрөө суусан гэх мэдүүлэг өгдөг. Гэрч Отгонбаяр юу ч хараагүй гэж мэдүүлдэг. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн мэдүүлгийг сонссон. Хохирогчийн зүүн гар бугалганаас урагшаа байхгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүн. Харин баруун гар нь барьж байгаа зүйлээ алддаг. Эрүүл мэндийн хувьд муу. Тэр утгаар хойноос нь татаад унасан гэдэг нь үндэслэлтэй байж болох юм гэсэн зүйл ярьж байсан. Эдгээр үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Гадны нөлөө байхгүй. Өөрөөр хэлбэл хэргийг анх Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс Эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 11-ний орой буюу амь хохирогчийг нас барснаас 3 хоногийн дараа эрүүгийн хэрэг үүсгэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар үүсгэсэн. Явц дундаа амь хохирогчийн биед гэмтэл тогтоогдмогц тэнд архи уудаг хүмүүсийг бүгдийг нь шалгаад ажиллагаа эхэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжгүй бол эрүүгийн хэрэг, үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай заасан. Энэ зүйл заалтад хамааруулж миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Оюун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Амь хохирогчийг алсан гэж буруутгахгүй байна. Амь хохирогч өөрөө гар хөл муутай. Хүний араас татаж байгаад унасан байж болно гэсэн учраас энэ хүнд бурууг өгөөгүй. Иймд түүнийг цагаатгаж өгнө үү.” гэв.

Прокурор Ц.Ариунтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Энэ хэргийг анх 2016 оны 12 дугаар сарын 9-ын өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” дэлгүүрийн араас 500 метрийн зайнаас амь хохирогчийн цогцосийг олсон. Ингээд хойшлуулшгүй холбогдох ажиллагаа явуулаад 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгээд амь хохирогчийг ямар шалтгаанаар нас барсан болохыг тогтоох зорилгоор маршрут шалгах ажиллагааг хийсэн. Үүний дагуу 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр “Оргил” хүнсний дэлгүүрийн урд шатан дээр А.Буяндэлгэр нь иргэн Төмөр-Очиртой хувийн таарамжгүй харилцаа үүсгэж маргалдаж улмаар түүнийг түлхэж ар дагз хэсгээр нь унагааж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр алсан гэж үзэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Хүний санаатай алсан нь А.Буяндэлгэрийн үйлдсэн хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Тухайлбал хэргийг газрын үзлэг хийсэн тэмдэглэл, 9 ширхэг гэрэл зураг, мөн цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг, Баярцогтын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл болон гэрч  Алтаннавч, Баянмөнх, Амаржаргал, Баярцогт, Баасан, шинжээчийн дүгнэлт, шинжээчийг удаа дараа байцаасан байцаалтууд зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж үзсэн. Өмгөөлөгч С.Чулуунбаатар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл гэрч Баярцогт 2 удаа мэдүүлгээ зөрүүтэй өгсөн байдаг. Эхний удаа харсан гэдэг ч, дараагийн удаа түлхэж байгааг нь хараагүй гэдэг. Баярцогтын өгсөн мэдүүлгүүдээр ар дагз хэсгээр түлхэж унагаасан гэдэг нь хангалттай тогтоогддог. Эхний удаа урдаас нь түлхсэн гэж гэрч Амаржаргал урдаас нь цээж хэсэг рүү нь 2 гараараа түлхсэн гэж мэдүүлдэг. Гэрч Алтаннавч “манай ах Баярцогт аавыг хүн цээж рүү нь түлхээд ар дагз хэсгээр нь унагаачихлаа” гэсэн нь шууд эх сурвалж болохгүй ч гэсэн түүний мэдүүлгээр нотлогдож байгаа. Гэрч Баасан “тухайн өдөр манай дэлгүүрт орж ирсэн хүмүүс гадаа 2 хүн маргалдаж байгаад цээж рүү нь түлхээд унагаасан” гэж мэдүүлдэг нь Баярцогтын мэдүүлгээр биш ч гэсэн. Бусад гэрч нарын нотлох баримтуудаар тогтоогдсон. Харин Баярцогт ар дагз хэсгээрээ унахыг харсан байна. Баярцогт эгц ардаас нь хараагүй. Туршилт хийх ажиллагаанд ертөнцийн зүгээр зүүн ард хэсгээс нь 100 метрийн зайнаас харсан. Гэтэл яг ардаас нь хараагүй ч гэсэн хажуу талаас нь туршилтын үйл ажиллагаа явуулахад хүн гараа өргөөд сууж байгаа болон эргэж байгаа үйлдэл зэрэг нь тодорхой харагддаг. Шөнө дэлгүүрийн гэрэлтүүлэг хангалттай сайн байсан. Амь хохирогч тухайн үед ямар хувцастай байсан бэ гэхээр цэнхэр өнгийн торгон дээлтэй байсан. Харин туршилтыг хийхдээ хар өнгийн хувцастай хүнээр хийлгэсэн. Цэнхэр өнгийн торгон дээл нь шөнө илүү гэрэлтэх боломжтой. Харин ч 100 метрийн цаанаас харах бүрэн боломжтой гэдгийг давхар нотлож байна. Тиймээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсгийг хэрэгсэхгүй болгох боломжгүй. Баяраа нь Баярцогттой хамт явж байсан ч хавтаст хэрэгт 1 ч удаа асуугаагүй биш. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 252 дугаар зүйлийг сануулаад асуусан. Баяраагийн мэдүүлэг тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар давхар нотлогдож байна. Иймээс хэргийг хэт нэг талаас буюу яллах талаас харж хэргийг шалгасан гэдэг нь үндэслэлгүй. Энэ хүний гэм бурууг нотлохын тул хангалттай шалгах ажиллагаа хийсэн.  Тухайн үед шинжээчийн дүгнэлтэд хүнд гэмтэл гэдэг үг байхгүй байсан. Дүгнэлт гаргасан шинжээчийг дахин байцаасан. Таны энд дурдсан гэмтлүүд нь ямар гэмтэлд хамаарах вэ гэхээр гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин зам тээврийн осол байх ямар ч үндэслэл байхгүй. Хувцасанд урагдал байхгүй гэдэг нь тогтоогддог. Мөн амь хохирогчийг биед гадна цогцосны үзлэгээр ямар ч ил шарх байгаагүй. Зөвхөн гавал тархины ар дагз хэсгийн чамархай руу үргэлжилсэн шугаман хугарал гэмтэл нь тогтоогдсон. Шинжээч эмч нэг удаагийн хүчин зүйлийн улмаас үүснэ. Тиймээс А.Буяндэлгэрийг хүнийг санаатай алсан гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэж байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

А.Буяндэлгэр нь архи ууж согтуурсан үедээ 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” хүнсний дэлгүүрийн урд талбайд иргэн Б.Даваажавтай барилдаж, хоёр удаа унасан явдалд шаралхаж улмаар түүний дэлгүүр лүү орохоор шатаар өгсөж явахад нь араас нь очиж тэвэрч аван хавсарч унагаасны улмаас бие махбодид нь баруун шаант, тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтлийг санаатай учруулсан,

мөн тэрээр 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 20-21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” хүнсний дэлгүүрийн урд шатан дээрээс иргэн Ж.Төмөр-Очиртой хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, харилцан заамдалцан түлхэлцэх явцдаа түүнийг цээжрүү нь түлхэж ар дагз хэсгээр нь газарт унагааж тархинд нь хүнд гэмтэл учруулсан бөгөөд Ж.Төмөр-Очир нь уг гэмтлийг авсны улмаас нас барсан болох нь:

ялтан А.Буяндэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Оргил худалдааны төвийн үүдний гадаа шатан дээр сууж бид нар архиа ууж байхдаа маргалдсан эсэхээ мэдэхгүй байна. Төмөр-Очир ах юунаас болсон юм бүү мэд миний нүд рүү гараараа хэдэн удааг нь мэдэхгүй байна цохисон юм шиг санагдаж байна. Би Төмөр-Очир ахтай зууралдаад барилцаж авч байсанаа санаж байна, цохиж, түлхсэн эсэхээ санахгүй байна.” гэх мэдүүлэг /хх1, х100-102/,

түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ярих зүйл байхгүй мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх2, х130-144/,

хохирогч Б.Даваажавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны
3 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар
хороонд байрлах “Оргил” дэлгүүр орж талх авах гээд явж байтал уг дэлгүүрийн
гадна миний зүс таних А.Буяндэлгэр гэдэг ах таараад намайг “архи аваад өг” гэхээр
нь би “үгүй ээ, мөнгө байхгүй” гэж хэлсэн чинь А.Буяндэлгэр намайг ноолоод
барилдах гээд байхаар нь би түүнтэй 2 удаа барилдаад давсан юм. Тэгээд би
А.Буяндэлгэрээс салаад “Оргил” дэлгүүрийн шатаар өгсөөд довжоон дээр нь гартал
А.Буяндэлгэр нь миний араас үгийн зөрөөгүй тэвэрч аваад баруун хөлөөрөө миний
баруун хөлийг хавсарч унагаасан бөгөөд би унахдаа баруун талаараа унасан. Тэр
үед миний баруун хөлийн шилбэ шатны ирмэг дээр цохигдоход А.Буяндэлгэр миний
дээрээс дарж унахдаа баруун хөлөн дээр дараад уначихсан бөгөөд миний баруун
хөлийн шилбэний яс хугарчихсан юм. Тэгэхээр нь би А.Буяндэлгэрт “босооч ээ, миний
хөл хугарчихлаа” гэж хэлсэн чинь А.Буяндэлгэр “өө алив үзье” гэж хэлээд миний
баруун хөлийг барьж үзээд “нээрээ тийм байна шүү дээ, за ахын дүү цагдаа
дуудаад хэрэггүй бөөн юм болно, ах нь олон хүүхэдтэй, удахгүй ажил эхлэнэ ёстой
балрана, ах нь ямар ч байсан эмчилгээний чинь зардлыг бүрэн даагаад чамайг
зүгээр болгоноо” гэж хэлэхээр нь би за за олон хүүхэдтэй амьдрах гэж л зовж яваа
юм чинь гэж бодоод цагдаа дуудаагүй. Тэгээд би тэндээсээ гэмтлийн эмнэлэг дээр
очиж хөлийнхөө зургийг авахуулахад “баруун хөлийн шаант яс чинь дундуураа
хугарсан байна” гэж хэлээд намайг хэвтүүлсэн. Тэр өдөр Буяндэлгэр надтай цуг
эмнэлэг дээр очоод намайг эмнэлэгт хэвтүүлээд сахиж хоночихоод явсан бөгөөд
маргаашнаас нь надтай ямар ч холбоогүй алга болчихоор нь би 2016 оны 3
дугаар сарын 30-ны өдөр цагдаад хандсан.” гэх мэдүүлэг /хх1, х138-140/,

гэрч С.Чулуунбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “Оргил” худалдааны төв орох гээд явж байтал найз Даваажавыг “Оргил” төвийн үүдний довжоон дээр цааш хараад зогсож байхад нь араас нь зүс таних А.Буяндэлгэр гэдэг залуу тэвэрч аваад хойш нь татаад тэр хоёр шатны уруу дамналдаад унасан. Намайг хажуугаар нь гарахад А.Буяндэлгэр Даваажавын дээр нь байсан бөгөөд Даваажав “босооч ээ п.... минь хөл хугарчихлаа” гэж байсан. Би Даваажавыг “түргэн дуудаач ээ” гэж хэлчихээд дэлгүүр орж юм авчихаад гараад ирэхэд Даваажав хашаа налаад суучихсан, хөл нь шилбээрээ хугарчихсан бололтой бага зэрэг эргэчихсэн байсан.” гэх мэдүүлэг /хх1, х142-143/,

гэрч М.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 19 цаг өнгөрөөгөөд би талийгаач нөхрийнхөө хамт “Оргил” дэлгүүр орох гээд явж байтал дэлгүүрийн үүдэнд Даваажав гэдэг залуу А.Буяндэлгэр гэдэг залуутай барилдаад зогсож байсан. Манай талийгаач нөхөр “та хоёр болиоч ээ” гэж хэлэхэд болиод Даваажав “Оргил” дэлгүүр рүү орох гээд явж байхад нь араас нь А.Буяндэлгэр цээжээр нь тэвэрч аваад хавираад тэр хоёр шатны уруу давхралдаад унасан. Даваажав ёолоод босч ирэхгүй байхаар нь нөхөр бид хоёр очиж баруун хөлийг нь үзэхэд яс шажигнаад дуугарч байсан. ...Даваажав эрүүл, харин А.Буяндэлгэр халамцуу байсан.” гэх мэдүүлэг /хх1, х144-145/,

гэрч С.Алтаннавчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай ах Баярцогт тааралдаад надад “Аавыг сая нэг хүн шатнаас түлхэж унагаагаад” гэж ярьсан ба манай аав босч ирээд толгойныхоо ар талыг гараараа дараад “ёооё үхэх гэж байна шүү дээ хүүр гэж” хэлсэн гэж байсан.” гэх мэдүүлэг /хх1, х39-40/,

гэрч Ж.Булагмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны
12 дугаар сарын 8-ны өдөр 16 цагийн үед хүүхдээ сургуулиас авах гээд явж
байхад талийгаач Төмөр-Очир “Оргил” супермаркет дэлгүүрийн гадна зогсож
байсан. Би замын цаанаас харсан очиж уулзаагүй, согтуу байсан эсэхийг нь
мэдээгүй” гэх мэдүүлэг /хх1, х41/,

гэрч Б.Баянмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...намайг очиход Амаржаргал, Отгонбаяр, Буяа гэх залуу талийгаачтай хамт байсан ба Амаржаргал гартаа 0.5 литрийн “Эзэн Чингис” гэдэг нэртэй архи барьчихсан зогсож байсан. Тэгээд тэр шилтэй архийг нь хувааж уугаад зогсож байхад талийгаач болон Буяа /Буяндэлгэр/ нар нь хоорондоо тоглоод байгаа ч юм шиг маргалдаад ч байгаа юм шиг учир нь олдохгүй байдалтай байсан. Тэгээд архиа дуусгаад би гэртээ харих гээд явсан. ...Буяа нь 1 жил орчмын өмнө “Оргил” дэлгүүрийн үүдний шатан дээр хүнтэй ноцолдож байгаад хөлийг нь хугалж байсан. Би түргэн иртэл хөл нь хугарсан хүнийх нь хөлийг барьж өгч байсан. Тэр
цагаас хойш Буяатай найз болсон...Намайг очиход талийгаач болон Буяа нар нь нилээд согтуу байсан. Амаржаргал, Отгонбаяр хоёр нь согтуу байгаагүй.” гэх мэдүүлэг /хх1, х44-45/,

гэрч Ч.Амаржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би талийгаачтай юм яриад зогсож байтал Буяа /Буяндэлгэр/ гэгч нь ирсэн ба талийгаач Буяа хоёр хоорондоо зодолдоод бие биенийгээ түлхээд байсан. Тэгээд би тэр хоёрыг зодолдоод байхаар нь “боль” гэж хэлчихээд гэр рүүгээ явах замдаа Отгонбаяртай тааралдаад гэрлүүгээ хамт явсан. Талийгаач болон Буяа нарыг зодолдож байх үед талийгаачийн хүү Баяраа найзтайгаа хамт ирээд талийгаачийг аваад явсан. Талийгаач Буяа хоёр нь бие биенээ цохиж зодоогүй зүгээр заамдалцаад шатны уруу бие биенийгээ түлхээд байсан. Тэгээд Буяа гэгч нь талийгаачийн цээжний хэсэг рүү хоёр гараараа түлхэхэд талийгаач нь бөгсөөрөө газар суусан. Тэгээд буцаж босч ирээд дахиад түлхэлцээд байхаар нь би болиоч гэж хэлээд дэлгүүр орж тамхи авчихаад гараад иртэл талийгаачийн хүүхэд нь Баяраа гэдэг найзтайгаа хамт аавыгаа аваад урагш алхаж байгаа харагдсан ба намайг дэлгүүрээс гарч ирэхэд Буяаг гэгч нь байхгүй байсан...Талийгаач болон Буяа нь нилээн согтолттой байсан. Би тухайн үед бага зэрэг согтолттой байсан.” гэх мэдүүлэг /хх1, х46-48/,

гэрч Т.Баярцогтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 12 дугаар сарын 8-ны орой 20-21 цагийн орчимд Эмээлтийн малын захын хашаанаас гараад хамт ажилладаг Баяраа гэдэг залуутай хамт “Шунхлай” шатахуун түгээх станцын орчимд явж байхад манай аав Төмөр-Очир, Буянаа гэдэг ах, Амараа ах, Отгоо ах 4 “Оргил” дэлгүүрийн урд талын шатан дээр байж байсан. Тэгсэн Буянаа /Буяндэлгэр/ ах манай аав Төмөр-Очирыг шатнаас түлхээд унагахаар нь Баяраа бид хоёр явж очоод “яасан юу болсон” гэж асуусан чинь манай аав “зүгээр зүгээр” гээд байсан. Тухайн үед тэд нар архи уусан байдалтай байсан ба хоорондоо маргалдсан шинж байгаагүй. Би Буянаа ахыг “та чинь тэнэг юм уу, хүн аллаа” гэсэн чинь ойлгож байгаа шинжгүй нилээн согтуу нэг тамхи өгчих гээд байсан. Би аавыг “гэр рүүгээ яв, харь” гэсэн чинь энд ганц шил архи авах гээд байна энийг уучихаад харина гээд байсан. Би аавыг загнаад “тэрийг ууж яадаг юм манайх руу явъя” гэсэн чинь дагаж явах гэж байснаа “за за аав нь ганц юм уучихаад харилаа” гээд Буянаа, Амараа, Отгоо нартай хамт үлдсэн. Би аавыг архи ууж байгаад гэртээ харьчихдаг болохоор нь тоогоогүй гэр рүүгээ явсан. Тэгээд маргааш өглөө нь нас барсаныг мэдсэн. ...Би ямар шалтгаанаар түлхэж унагаасныг нь мэдээгүй. Баяраа бид хоёрыг яваад очиход хоорондоо маргалдаагүй байсан ба аав Төмөр-Очир “зүгээр зүгээр” гээд байсан. ...“Оргил” дэлгүүрийн шатны хамгийн дээд талын тавцан дээр зогсож байхад нь Буянаа урд талаас нь буюу цээж рүү нь түлхээд аав шатнаас унахдаа биеийнхээ ар хэсгээр толгойны дагзаар унасан. Тухайн үед дэлгүүрийн гадаа Отгоо, Амраа, Буянаа, аав /Төмөр-Очир/ дөрөв байсан. Харин замын эсрэг талд Баяраа бид хоёр явж байсан. Өөр хүн байгаагүй.” гэх мэдүүлэг /хх1, х51-53/,

гэрч Б.Энхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 12 дугаар сарын 9-ний өглөө 6 цагт би охин Цэнд-Аюушийг сургуульд нь хүргэж өгчихөөд гэртээ ирэх замдаа явж байтал замын хажуу талд цэнхэр дээлтэй эрэгтэй хүн хэвтэж байх шиг болохоор нь холоос хараад цагдаад дуудлага өгч мэдэгдсэн. ...Би уг хүнийг танихгүй.” гэх мэдүүлэг /хх1, х58/,

гэрч Д.Баасангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 12 дугаар сарын 8-ны орой 19-20 цагийн үед гадаа гэгээ тасарч байхад гаднаас орж ирсэн худалдан авагч нар орж ирээд “гадаа шатан дээр хоёр хүн хоорондоо маргалдаж байгаад нэгнийгээ түлхээд газар унагачихлаа” гэж хэлж байсан. Би гадагшаа гарах завгүй хүмүүст үйлчлээд ганцаараа байсан болохоор анзаарч тоогоогүй сонсоод өнгөрсөн. Удаагүй нэг хүн орж ирээд “Баяраа ирээд аавыгаа аваад явчихлаа” гээд хоорондоо ярьж байсан. ...Манай дэлгүүрийн гадна талын хяналтын камер ажиллахгүй байсан. Хэдэн өдрийн өмнө цасан шуурганаар ажиллахаа больсон. ...Манайх гадна талдаа гэрэлтүүлэгтэй, их тод дээрээс үүдний шат хэсэгт болон гадна талбай бүгд гэрэлтүүлэхээр хэмжээний гэрэлтүүлэгтэй. Шатнаас хүн унасан гэх үед гэрэл ассан байсан.” гэх мэдүүлэг /хх1, х59-60/,

шинжээч эмч Н.Энхцолмонгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хэрэг болсон гэх цаг хугацаанд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.” гэх мэдүүлэг /хх1, х149/,

шинжээч эмч С.Чулуунсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Дээрх дүгнэлтийн 1 дүгээр заалтанд дурьдсан гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Гавал тархины хүнд гэмтэл авсан дунд зэргийн согтолттой хүн идэвхитэй хөдөлгөөн хийх чадвар муу, хэдий хэр хугацаанд амь явах үйлдэл хийх, хөдөлгөөн хийх цаг хугацаанд нарийн тооцож тогтоох боломжгүй. Гавал тархинд учирсан гэмтэл үүссэн цусан хурааны хэмжээ
байрлал, согтолтын зэргээс хамаарч хүн болгонд харилцан адилгүй байдаг.
Талийгаачийн хувьд гавал ясны хугаралтай тархины эдийн няцрал, цусан хураа
үүссэн учраас дээрх төв мэдрэлийн тогтолцоо алдагдсанаар амьсгал, зүрх
судасны үйл ажиллагааны алдагдалд орж дутагдал үүсч нас барсан байна. Ясны
хугарал, цусан хураа нь цохих, унах гэх мэт гадны хүчний үйлчлэлийн улмаас тэр
даруйдаа үүснэ. ...Дүгнэлтэд тусгагдсан 0-6 цагийн өмнө үүссэн гэх цусан хураа нь
эд эсийн шинжилгээгээр илэрсэн өөрчлөлт бөгөөд 2-4 цагийн хэлбэлзэлтэй байж
болно. Өөрөөр хэлбэл 2-10 цагийн өмнө дээрх гэмтэл үүссэн гэж үзнэ. Мөн энэ
гэмтлийг унах цохих, цохигдох гэх мэт аль ч үйлчлэлийн нэг удаагийн үйлчлэлээр
шууд үүснэ. Толгойн дагз чамархайн хэсгээр хүч үйлчилсэний улмаас үүснэ.
Шугаман хугарал нь дагз болон чамархайн аль хэсгээс эхэлж хугарал үүссэн
болон чиглэсэн гэдгийг тогтоох боломжгүй. Амь хохирогч нь нас барахаас өмнө
осголтын шинж бага зэрэг илэрсэн энэ нь ходоодны салстад цус харвасан
байдлаар илэрсэн, гэхдээ үхлийн шалтгаан биш.” гэх мэдүүлэг /хх1, х87-88/,

“...Талийгаач нь гавал тархины гэмтэл авсанаас хойш төвийн гаралтай гэмтлийн шоконд орж идэвхтэй хөдөлгөөн хийхээ болих үед нам хэмийн орчинд байсан учир нас барах хугацаанд осголтын шинж тэмдэг нь бага зэрэг үүссэн байсан. Энэ нь үхэлтэй шалтгаант холбоо байхгүй, үхлийн шалтгаан нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан байна. Зураг дээрх шат нь 89 см өндөртэй, 6 дугаар шатны дээд ирмэгээс доод ирмэг хүртэл 175 см зайтай, 45 хэмийн налуутай байна. Амь хохирогч нь 163 см өндөртэй байна. Энэ физикийн хүчин зүйл болох биеийн жин, өндөр газрын татах хүчний үйлчлэлээс хамаарч энерци нь өөр өөр байдаг. Гадны хүч үйлчилсэн үед өндрөөс уналтын энерци нь илүү их буюу учрах гэмтэл нь явганаас унахаас илүү байдаг.
Талийгаачийн хувьд гавал тархины битүү гэмтэл болох дагзны зүүн хэсгээс ташуу
чиглэлтэй зүүн чамархай зүүн нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн
шугаман хугарал, зүүн тал бөмблөгийн чамархайн, зулай хэсгийн хатуу бүрхүүл
дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, зүүн чамархайн хуйх, булчинд цус
хуралт гэмтэл нь дээрх зураг дээр үзүүлсэн шатан дээрээс дагз хэсгээрээ унахад
үүснэ. Дээрх гэмтэл нь хүч үүссэн цэгтээ туссанаар гэмтэл үүсдэг. Бөгс нуруугаараа унах үед дээрх гэмтэл үүсэхгүй. Талийгаач нь гавал тархины хүнд гэмтэл авсан дунд зэргийн согтолттой байсан байна. Гавал тархинд учирсан гэмтэл үүссэн цусан хурааны хэмжээ байрлал, согтолтын зэргээс хамаарч дээрх зам маршрут метр зайд явах боломжтой. Мохоо зүйл гэдэгт хавтгай гадаргуутай хязгаарлагдмал биет зүйлийг хэлнэ.” гэх мэдүүлэг /хх2, х6-7/,

шинжээч эмч С.Чулуунсүхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Нэг хугарлаас цааш салаалсан байх тул давтамжийн хувьд хатуу мохоо зүйлээр нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой....Надаас “ар дагзаараа унах үед үүсэх үү” гэж асуувал “үүснэ” гэж хариулна. Бусад зүйлийг нь үгүйсгээгүй. ...Цогцосны гадна үзлэгт биологийн гадна өөрчлөлтөөр хэзээ нас барсныг тогтоосон. Илэрсэн өөрчлөлтөөр хэзээ нас барсныг нь тогтоодог. ...Амьд хүн хөлдөхгүй. Задлан шинжилгээгээр осголтын шинж илэрсэн. Осгож нас барсан уу” гээд шинжлээд үзэхэд осголт нь нас баралтын шалтгаан биш байсан. ...Нас барсан цаг нь яг хэлсэн цаг биш, 1, 2 цагийн хэлбэлзэлтэй байдаг. ...Сүүлийн нэмэлт байцаалтад 2-3 цагийн хэлбэлзэлтэй буюу урьд шөнийн 20 цагаас хойш үүсэх боломжтой гэж хариулсан. ...Автомашинаар мөргөгдөх үед бусад эрхтэнд зулгаралт үүсэх, хувцас урагдах зэргээр нэмэлт шинжүүд үүсдэг хэдий ч практикт зөвхөн толгой хэсгээр мөргөгдөж бусад эрхтэнд гэмтэл учраагүй тохиолдол гарч байсан учраас мөргөгдөх үед гэдгийг оруулсан. Энэ тохиолдолд байцаагч зураг харуулсан учраас ар дагзаараа унах үед үүсэх боломжтой гэж үзсэн. Нүдээрээ хараагүй учраас унасан байна, мөргөгдсөн байна гэж 100 хувийн баттай хэлж чадахгүй. Боломжтой бүх хувилбарыг хэлсэн. ...Гавал тархины гэмтэлд саруул үе гэж байдаг. Саруул үе нь өвдөлт мэдрэгдэхгүй зүгээр эрүүл хүн шиг 2-6 цагийн хооронд явах боломжтой байдаг. Саруул үед байхдаа тархи нь дарангуйлагдсан учраас өвдөлт мэдрэгдэхгүй байх тохиолдол байдаг. Саруул үедээ байсан үгүйг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх2, х130-144/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Даваажавын биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд буюу хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой байна.” гэх 4489 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х147/,

“...Талийгаач Ж.Төмөр-Очирын цогцост дагзны зүүн хэсгээс зүүн чамархай, зүүн нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, зүүн чамархайн хуйх, булчинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал цохигдох, өшиглөгдөх, унах, мөргөгдөх аль ч үед үүсэх боломжтой. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд нас баржээ. Талийгаач нь АВО системээр (II) бүлгийн цустай байна. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь гол судасны хатуурал, зүрхний булчингийн сорвижил, архаг өвчтэй байна. Дээрх өвчин нь үхэлд нөлөөлөөгүй байна. Талийгаач нь 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 15.50 цагийн цогцосны гадна үзлэгээр нас бараад 9-11 цаг орчим болсон байжээ. Дээрх зүүн чамархай, зулай хэсгийн хатуу бүрхүүл дээрх цусан хураа нь нас барахаас 0-6 цагийн өмнө үүссэн байх боломтой байна.” гэх 5 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х66-68/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х5-8/,

Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х9-11/,

Амь хохирогч Ж.Төмөр-Очирын унасан гэх шатанд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х24-30/,

Мэдүүлэг газар дээр шалгах ажиллагааны тэмдэглэл /хх1, х31-33/,

Туршилт хийсэн тэмдэглэл /хх2, х2-4/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх үед хүчин төгөлдөр мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар А.Буяндэлгэрийн үйлдлийг зөв зүйлчилсэн байх ба хуульд заасан хорих ялыг оногдуулсан нь үндэслэлтэй төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Гэрч Б.Баянмөнх, Ч.Амаржаргал, Т.Баярцогт нарын хэн алины мэдүүлсэн мэдүүлгээр тухайн цаг хугацаанд шүүгдэгч А.Буяндэлгэр, амь хохирогч Ж.Төмөр-Очир нар нь хамт архи ууж, улмаар тодорхой шалтгаангүйгээр хоорондоо харилцан үл ойлголцох байдал үүсгэн, хэн хэнийгээ заамдалцаж, харилцан түлхэлцэж байсан бөгөөд тэдний хажууд байсан гэрч Ч.Амаржаргал “Боль” гэсэн шаардлагыг тавьж байсан бөгөөд энэ үед А.Буяндэлгэр нь хохирогч Ж.Төмөр-Очирын цээж рүү нь түлхэж түүнийг газарт унагаасан үйл баримт тогтоогдсон талаар анхан шатны шүүх хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэж зөв дүгнэлт хийсэн байна.

Харин А.Буяндэлгэр холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх явцад 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байгаа бөгөөд энэхүү хуулиар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл буюу хүнийг санаатай алах гэмт хэргийг зүйлчлэхэд амь хохирогч хэзээ /тэр даруйдаа, эсхүл хэсэг хугацааны дараа/ нас барсан болох нь нөлөөлөхгүй бөгөөд амь хохирогч нас барсан үеэс эхлэн хүнийг санаатай алсан үйлдлийг төгссөнд тооцох, мөн бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан буюу гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулах хууль зүйн ойлголтууд өөрчлөгдөн тусгагдсан байна.

Тухайлбал, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт “энэ гэмт хэргийн улмаас /хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан/ хохирогч нас барсан бол...” гэж хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан байх хор уршгийн шинжийг хүнийг санаатай алах гэмт хэргийн хор уршгийн шинжээс тусгайд нь салгаж авч үзэхээр тусгажээ.

Мөн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 20-21 цагийн үед А.Буяндэлгэр нь амь хохирогч Ж.Төмөр-Очиртой хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар түүнийг түлхэж ар дагз хэсгээр нь унагааж тархинд нь хүнд гэмтэл учруулсан байх бөгөөд уг гэмтлийг авсанаас хойш тодорхой хугацаанд амьд байсан байх ба энэ талаар 5 тоот шинжээчийн дүгнэлтэд “...талийгаач нь 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 15.50 цагийн цогцосны гадна үзлэгээр нас бараад 9-11 цаг орчим болсон байжээ.” гэх мэдүүлгээр нотлогдож байна. Мөн түүнчлэн талийгаач шатнаас унасан даруйдаа хүмүүстэй харьцаж, эрүүл хүн шиг хэсэг хугацаанд амьд байсан нь тогтоогдсон байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд А.Буяндэлгэрийг “Хүнийг санаатай алсан” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд түүний үйлдэл нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

          Иймд А.Буяндэлгэрийн үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож уг хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол ...хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ...ял шийтгэхээр ял шийтгэлийг хөнгөрүүлсэн байх тул уг хуулийг буцаан хэрэглэж Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Түүнчлэн шүүгдэгч А.Буяндэлгэрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар “хаалттай” хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Дээрх үндэслэлүүдээр Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 241 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулан ялтан А.Буяндэлгэр, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар, С.Пүрэвдорж нарын гаргасан “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан үйлдлийг хэрэгсэхгүй болгох” тухай давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Мөн өмгөөлөгч С.Чулуунбаатар, С.Пүрэвдорж нар нь “А.Буяндэлгэрийн үйлдсэн хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэг болж шинэ Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаа өнгөрсөн тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар хөнгөн ангиллын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг нэг жилээр тогтоосон хэдий ч хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “.../хөөн хэлэлцэх/ хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно” гэж тодорхой заасан бөгөөд шүүгдэгч А.Буяндэлгэрийн хүний бие махбодид хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн нэг жилийн хөөн хэлэлцэх хугацааг дахин гэмт хэрэг үйлдсэн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс шинээр тоолж эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 241 дүгээр шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Цамхаад овогт Адилбишийн Буяндэлгэрийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэснийг “Цамхаад овогт Адилбишийн Буяндэлгэрийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “А.Буяндэлгэрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг “Адилбишийн Буяндэлгэрийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар 7 /долоон/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан А.Буяндэлгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 1 сарын хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг албадан ажил хийлгэх ялыг багтаан түүний биечлэн эдлэх ялыг нийт 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 2.2, 2.3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Буяндэлгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар  оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоног буюу 1 сар хорих ялаар тооцон нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 7 жил 1 сар хорих ялаар тогтоосугай” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар А.Буяндэлгэрт оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэснийг “Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 болон 4 дэх хэсгүүдэд зааснаар А.Буяндэлгэрт оногдуулсан 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 241 дүгээр шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, ялтан А.Буяндэлгэр, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар, С.Пүрэвдорж нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                          Д.МЯГМАРЖАВ

                                                                                                Ц.ОЧ