Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/00388

 

Орхон аймгийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын

хэлтсийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2017/0859 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 161 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Орхон аймгийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “М” ХХК-д холбогдох,

Нийгмийн даатгалын шимтгэл 51 980 010 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Прокурор Ц.Мөнхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: прокурор Х.Батчимэг, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“М” ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 34 653 340.12 төгрөгийг хуулийн хугацаандаа төлөөгүй байна. Иймд нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйл, 20 дугаар зүйлийн 2 дахь заалт хэсэгт зааснаар “М” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэл 34 653 340.12 төгрөг, алданги 17 326 670.06 төгрөг, нийт 51 980 010 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус компанийн санхүүгийн байдал хүндэрч 2014 оноос үйлдвэр зогсож үйл ажиллагаагаа явуулаагүй. Үндсэн ажилчдаа хохироохгүйн тулд нийгмийн даатгалыг тасралтгүй оруулж явснаас өглөгийн нийт дүн 34 653 340.12 төгрөг болсон байна. Өнөөдрийн байдлаар үйлдвэр эхэлж үйл ажиллагаагаа явуулахаар болсон тул нийгмийн даатгалын шимтгэлийн үндсэн өглөгийг график байгуулан эвлэрлийн гэрээ хийж төлж барагдуулах хүсэлтэй байна. Санхүүгийн хүндрэлтэй байдлыг харгалзаж алданги болох 17 326 670.06 төгрөгийг төлүүлэхгүйгээр өршөөл үзүүлэхийг хүсэж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2017/0859 дүгээр шийдвэрээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1.1, 20 дугаар зүйлийн 1.2-т тус тус зааснаар хариуцагч “М” ХХК-иас дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 34 653 340.12 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 17 326 670.06 төгрөг, нийт 51 980 010.18 төгрөг гаргуулан Орхон аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч төрийн байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “М” ХХК-иас 417 850 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 161 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2017/00859 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1.1, 20 дугаар зүйлийн 1.2-т тус тус зааснаар хариуцагч “М” ХХК-иас дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 34 653 340 төгрөгийг гаргуулан Орхон аймгийн Эрүүл Мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хугацаа хэтрүүлсэн алданги 17 326 670 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, Шийдвэрийн 2 дугаар заалтанд “...хариуцагч “М” ХХК-иас 331 217 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Ш.Даваанямын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417 850 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгожээ.

Прокурор хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Хариуцагч нь 2017 оны 02 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй 34 653 340.12 төгрөгийн хуримтлагдсан өр үүссэн тухайд талууд маргаагүй, гагцхүү 17 326 670.06 төгрөгийн алдангийг төлөх эсэх дээр маргаантай байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэл 34 653 340.12 төгрөгийг шаардах эрхтэй, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу хариуцагч нь 17 326 670.06 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй бөгөөд иргэний хэргийн давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 161 дугаартай магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг өөрчлүүлэхээр гомдол гаргаж байна гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай болсон байх тул хяналтын журмаар гаргасан прокурорын гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт 34 653 340 төгрөг, алдангид 17 326 670 төгрөг, нийт 51 980 010 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн боловч санхүүгийн хүндрэлтэй байдлыг харгалзан алдангиас чөлөөлөхийг хүсчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлээс алдангид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүх ийнхүү алдангийн талаарх шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “...нийгмийн даатгалын шимтгэлийг зохих хугацаандаа төлөөгүйгээс үүсэх хариуцлагыг ...нийгмийн даатгалын сангийн орлогын эх үүсвэрт оруулж тооцоогүй”, “зохих тайлан баланс бүртгээгүй”, “алданги тооцох талаар мэдэгдээгүй”, “улсын байцаагч үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй” гэх үндэслэлийг магадлалдаа заажээ.  

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 2-т зааснаар Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр дутуу төлөгдсөн  буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулдаг ба энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байх учиртай.

Дээрх алданги нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй шимтгэл төлөгчид хуулиар тогтоосон хариуцлагын агуулгатай байна. Энэхүү хариуцлагаас чөлөөлөх үндэслэл хуульд заагдаагүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзын хэлбэр болох алдангийн талаар гэрээний талууд харилцан тохиролцож, хуульд заасан хэмжээгээр тогтоодог учир шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан, илт өндөр гэж үзсэн алдангийн хэмжээг багасгах боломжтой байдаг. Харин Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан алданги нь талуудын тохиролцооноос хамаардаггүй, хуулиар тогтоосон заавал биелэгдэх, императив шинжтэй, хариуцлага ногдуулж буй хэм хэмжээнд тусгагдсан байх тул шүүх үүргээ гүйцэтгээгүй шимтгэл төлөгчийг алдангиас чөлөөлөх үндэслэлгүй болно.

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7.-д зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан нөхцлийг хариуцагч “М” ХХК-иас алданги гаргуулахгүй байх шалтгаан гэж үзэхгүй.

Нийгмийн даатгалын байгууллагын хүсэлтээр төрийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын хяналтын журмаар гаргасан  гомдлыг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 161 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2017/0859 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Прокурор хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН