Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 00161

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтсийн

                                нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2017/00859 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Монгема ХХК-д холбогдох

“Нийгмийн даатгалын шимтгэл 51.980.010 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Ш.Даваанямын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Давааням, прокурор Ц.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Орхон аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Монгема ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 34,653,340.12 төгрөгийг хуулийн хугацаандаа төлөөгүй байна. Иймд нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйл, 20 дугаар зүйлийн 2 дахь заалт хэсэгт зааснаар Монгема ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэл 34,653,340.12 төгрөг, алданги 17,326,670.06 төгрөг нийт 51,980,010 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Давааням шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Тус компанийн санхүүгийн байдал хүндэрч 2014 оноос үйлдвэр зогсож үйл ажиллагаагаа явуулаагүй. Үндсэн ажилчдаа хохироохгүйн тулд нийгмийн даатгалыг тасралтгүй оруулж явснаас өглөгийн нийт дүн 34,653,340.12 төгрөг болсон байна. Өнөөдрийн байдлаар үйлдвэр эхэлж үйл ажиллагаагаа явуулахаар болсон тул нийгмийн даатгалын шимтгэлийн үндсэн өглөгийг график байгуулан эвлэрлийн гэрээ хийж төлж барагдуулах хүсэлтэй байна. Санхүүгийн хүндрэлтэй байдлыг харгалзаж алданги болох 17,326,670.06 төгрөгийг төлүүлэхгүйгээр өршөөл үзүүлэхийг хүсэж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2017/00859 дугаар шийдвэрээр:

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1.1, 20 дугаар зүйлийн 1.2-т тус тус зааснаар хариуцагч Монгема ХХК-иас дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 34,653,340.12 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 17,326,670.06 төгрөг, нийт 51,980,010.18 төгрөг гаргуулан Орхон аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч төрийн байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Монгема ХХК-иас 417,850 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ш.Давааням давж заалдсан гомдолдоо:

Дээр дурдсан анхан шатны шүүхийн шийдвэрээр Монгема ХХК-иас дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 34,653,340.12 төгрөг, алданги 17,326,670.06, нийт 51,980,010.18 төгрөгийг гаргуулж Орхон аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст олгуулахаар шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан, бодит байдлын үнэн зөвийг бодитоор тогтоогүй, алдаатай тооцоо шийдвэр дээр үндэслэж гарсан шийдвэр гэж үзэж байна.

Нийгмийн даатгалын хууль тогтоомжид Нийгмийн даатгал төлөгч байгууллага нь уг даатгалыг хураан авагч байгууллагатай нийгмийн даатгалын төлбөр тооцоог харилцан зөвшилцөж, тодорхой хугацаа авч хуримтлагдсан төлбөр тооцоог төлөх боломжтой байдаг. Гэтэл улс орон бүхэлдээ эдийн засгийн хямралд орсон энэ хүнд үед хариуцагч байгууллагын зүгээс гаргасан саналыг үл харгалзан, хууль тогтоомжоор олгогдсон урьдчилан шийдвэрлэх үе шатны ямар ч боломжийг олголгүй шууд шүүхээр шийдвэрлүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна.

Иймд хэт нэг талыг барьсан, алдаатай тооцоо шийдвэр дээр үндэслэж, хууль зөрчиж гаргасан он аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-өдрийн Дугаар 142/ШШ2017/00859 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс хариуцагч “Монгема” ХХКомпанид холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл-34.653.340 төгрөг, алданги- 17.326.670 төгрөг нийт 51.980.010 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч хуулийн дагуу төлөгдөх шимтгэлийг төлнө, алдангийг төлөхгүй гэж маргажээ.

Хариуцагч Монгема ХХКомпани нь мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагааны чиглэлээр ажиллахдаа 10 ажилтан буюу даатгуулагчид нийгмийн даатгалын шимтгэл ногдуулж, 2017 оны 2 дугаар сарын 28–ны өдрийн байдлаар нийт 34.653.340 төгрөгийн өр төлбөр үүсгэсэн ба нэхэмжлэгч талаас өр төлбөрийг барагдуулах ажиллагааг хийсэн боловч хариуцагч зохих шимтгэлийг төлж барагдуулаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Монгема ХХКомпани нь заавал даатгах 10 даатгуулагчдад ногдох нийгмийн даатгалын шимтгэл нийт 34.653.340 төгрөгийн өр төлбөр үүсгэсэн, дээрх өрийг хугацаандаа барагдуулаагүй болох нь тус аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2017 оны 2 дугаар сарын 24–ний өдрийн №64 дугаартай Албан шаардлага, төлбөр төлөгч компанитай хийсэн “Тооцооны үлдэгдлийн баталгаа”, авлагын дэлгэрэнгүй бүртгэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Харин хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Нийгмийн даатгалын хэлтэс нь 10 даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг зохих хугацаандаа төлөөгүйгээс үүсэх хариуцлагыг Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу алдангийг хугацаа хэтэрсэн үеэс тооцож нийгмийн даатгалын сангийн орлогын эх үүсвэрт оруулж тооцоогүй, зохих тайлан баланс бүртгээгүй атлаа шүүхэд нэхэмжлэл гаргах үед алданги тооцож 17.326.670 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэл муутай болжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч байгууллагаас хариуцагч тус компанийг төлөх өр төлбөр 34.653.340 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 13–ны дотор төлж барагдуулах, хариуг албан ёсоор 3 дугаар сарын 15-ны дотор ирүүлэхийг мэдэгдсэн байх ба дээрх хугацаандаа өр төлбөрийг төлөөгүй тохиолдолд хуульд заасны дагуу алданги тооцох талаар мэдэгдээгүй байна.

Нэхэмжлэгч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан хариуцлагыг зохих журмын дагуу тооцоогүй, улсын байцаагч нь Нийгмийн даатгалын улсын байцаагчийн дүрэмд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байхад шүүх хариуцагч Монгема ХХКомпанид холбогдуулан тавьсан алданги 17.326.670 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Монгема ХХКомпаниас нийгмийн даатгалын шимтгэл 34.653.340 төгрөгийг гаргуулж, алданги- 17.326.670 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2017/00859 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1.1, 20 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хариуцагч Монгема ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэл 34.653.340 төгрөгийг гаргуулан Орхон аймгийн Эрүүл Мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хугацаа хэтрүүлсэн алданги 17.326.670 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

Шийдвэрийн 2 дугаар заалтанд “... 417,850 төгрөг...” гэснийг “... 331.217 төгрөг...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Ш.Даваанямын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417.850 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           С.УРАНЧИМЭГ

 

                     ШҮҮГЧИД                                                            Б.БАТТӨР

                                                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ