Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2020/0607

 

Ё.Сугаррагчаагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Байгальмаа нарыг оролцуулан, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 111/ШШ2020/0019 дүгээр шийдвэртэй, Ё.Сугаррагчаагийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Тэргүүлэгчдэд тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 111/ШШ2020/0019 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 3516, Монгол Улсын Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6 дахь хэсгийг тус тус баримтлан “Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 85 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1800 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ё.Сугаррагчаа давж заалдах гомдолдоо: “... анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах. Төрийн албаны шалгалт өгч, тэнцсэн иргэн тухайн байгууллагын даргад “Ажилд орох талаар бичгээр хүсэлт гаргах” тухай Төрийн албаны тухай хуульд зүйл, заалт байхгүй. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн шүүх иргэн намайг “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад ажилд орох талаар бичгээр хүсэлт гаргаагүй” хэмээн хуульд байхгүй үндэслэлээр буруутгаж, шүүхэд гаргасан миний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Хурлын дарга Ц.Отгонбаяртай би 3 удаа биечлэн уулзаж, ажилдаа орох талаар асууж байсан, хугацаа тохиролцож байсан. Би үүнээс өөрөөр хүсэлт зоригоо яаж илэрхийлэх юм бэ? Хэрвээ төрийн албаны шалгалт өгч тэнцсэн хүн “Ажилдаа орох талаар тухайн байгууллагынхаа даргад бичгээр хүсэлт гаргах үүрэгтэй” хэмээн хуульд заасан бол би түүнийг биелүүлж, бичгээр хүсэлтээ гаргах байсан.

Гэтэл хуульд заагаагүй үндэслэлээр иргэн намайг буруутгаж, хөдөлмөрлөх эрхийг минь зөрчиж байна.

Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь заалтыг хэрэглэж, миний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэгч миний бие “хууль буруу хэрэглэсэн” гэж үзэж байна. “Эс үйлдэхүй” гэдэг бол хууль зүйн утгаараа маш өргөн хүрээтэй ойлголт, үүнийг анхан шатны шүүх маш явцуу утгаар, буруу хэрэглэсэн.

Ё.Сугаррагчааг Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Отгонбаярт санал болгосон “Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 105 дугаар тогтоолыг биелүүлэхийг Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгах” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зарим баримтыг буруу үнэлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хууль буруу хэрэглэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноос шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзан, үлдэх шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

1. Нэхэмжлэлийн “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 85 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Ё.Сугаррагчаагийн хүчингүй болгуулахыг хүссэн Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 85 дугаар тогтоолын 2 дахь заалтаар тус Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Үнэнбуян чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор түр орлон гүйцэтгэгчээр Т.Эрдэнэбатыг томилжээ.

Төрийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулахын тулд сул орон тоог зохих журмаар нөхөх хүртэл өөр этгээдээр түр орлон гүйцэтгүүлэхээр гаргасан дээрх тогтоолын улмаас уг сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад орж, нэр дэвшсэн (85 дугаар тогтоол гарснаас хойш 2 сарын дараа) Ё.Сугаррагчаагийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй тул уг тогтоолын талаар нэхэмжлэл гаргах эрхгүй.

Анхан шатны шүүх уг 85 дугаар тогтоолоор түр томилогдсон Т.Эрдэнэбат өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, уг албан тушаалд үргэлжлүүлэн Ц.Байгальмааг ажиллуулахдаа мөн л зохих журмаар сул орон тоог нөхөх хүртэл түр орлон гүйцэтгэгчээр томилсон агуулга нь өөрчлөгдөөгүй байхад тухайн тогтоолын улмаас эрх нь хөндөгдөхгүй Ё.Сугаррагчаагийн нэхэмжлэлийн энэ шаардлагад холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, улмаар 85 дугаар тогтоолын үйлчлэл нь дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасны дагуу мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг үндэслэн уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

2. Нэхэмжлэлийн “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 105 дугаар тогтоолоор сонгон шалгаруулалтад орж, хамгийн өндөр оноо авсан Ё.Сугаррагчаагийн нэрийг уг албан тушаалд дэвшүүлж, хариуцагч Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хүргүүлжээ.

Үүний дагуу тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д зааснаар Тэргүүлэгчдийн хуралдаанд уг асуудлыг оруулж, улмаар 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хуралдан, уг асуудлыг хэлэлцэж, “Төрийн албаны зөвлөл нь УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын ес дэх хэсгийн 33б заалтын дагуу 2 хүний нэр дэвшүүлээгүй”, мөн “нэр дэвшүүлсэн Ё.Сугаррагчаа нь 2016 онд Аудитын албаны дарга байхдаа албаны машин шатаасан, төрийн алба хаагчийн ёс зүйг зөрчсөн тул томилох боломжгүй” гэх 2 шалтгаанаар томилохоос татгалзсан байна.

Нэхэмжлэгч Ё.Сугаррагчаа нь нэхэмжлэлдээ “...  Төрийн албаны зөвлөлийн 105 дугаар тогтоолоор нэр дэвшүүлсэн байхад ... уг албан тушаалд томилолгүй одоог хүрлээ. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлсноос үзэхэд дээрх Тэргүүлэгчдийн хуралдаанаас түүнийг томилохоос татгалзсан 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрийг хууль бус гэж үзэж, томилохыг даалгах нэхэмжлэл гаргасан байна.

Гэтэл анхан шатны шүүх “Ё.Сугаррагчааг уг албан тушаалд томилуулах хүсэлт гаргаагүй нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

Учир нь төрийн албаны сонгон шалгаруулалтад орж нэр дэвшсэн этгээдийг Төрийн албаны зөвлөлөөс хуульд заасны дагуу нэрийг нь дэвшүүлж, томилох эрх бүхий этгээдэд хүргүүлсэн байхад тухайн нэр дэвшигч заавал өөрөө хүсэлт гаргахыг хуулиар шаардаагүй, энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Мөн анхан шатны шүүх Төрийн албаны тухай 2002 оны хуулийн 351 дүгээр зүйлийн 351.6-д заасныг буруу хэрэглэж, томилох эрх бүхий Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “нэг удаа татгалзах нь хариуцагчийн эрх хэмжээнийх нь асуудал, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй” гэж буруу дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

Учир нь Төрийн албаны тухай 2002 оны хуулийн 351 дүгээр зүйл нь “Төрийн байгууллагын зарим удирдах албан тушаалд нэр дэвшүүлэх журам” гэсэн гарчигтай, 351.1-д Төрийн албаны төв байгууллага дараах албан тушаалд нэг хүний нэрийг дэвшүүлж, түүнийг томилох эрх бүхий этгээдэд санал болгоно” гэж заасан албан тушаалд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалыг заагаагүй байх тул тус зүйлийн заалтуудыг энэхүү хэргийг шийдвэрлэхэд хэрэглэхгүй.

Гэтэл анхан шатны шүүх 351 дүгээр зүйлийн 351.6-д “Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр 1 удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно” гэж заасныг хэрэглэсэн нь буруу болжээ.

Хариуцагч тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Төрийн албаны зөвлөлөөс Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын ес дэх хэсгийн 33б-д зааснаар 2 хүний нэрийг дэвшүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Төрийн албаны тухай 2002 оны хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д Төрийн албаны зөвлөл нь “төрийн захиргааны болон хуульд өөрөөр заагаагүй бол төрийн тусгай албаны удирдах албан тушаалд томилогдох нэг ажилтныг Улсын Их Хурлаас тогтоосон журмын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаарх дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий байгууллагад өгөх” бүрэн эрх хэрэгжүүлэхээр заасны дагуу тухайн асуудлыг хуульд зааснаас өөрөөр зохицуулсан дээрх журмыг биш, хуулийн заалтыг хэрэгжүүлж нэг хүний нэрийг дэвшүүлсэн нь хуульд нийцсэн байна. 

Мөн хариуцагч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа татгалзсан шалтгаанаа Ё.Сугаррагчаа нь аймгийн Аудитын газрын даргаар ажиллаж байхдаа 2016 онд албаны автомашиныг шатааж, төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчиж байсан учраас томилох боломжгүй байсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар Ё.Сугаррагчаа нь тухайн асуудлаар эрх бүхий байгууллагаар шалгагдаж шийдвэрлэгдсэн, уг асуудалтай холбоотой төрийн албан хаагчийн ёс зүй зөрчсөн гэх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д зааснаар төрийн албанаас халагдаагүй, харин эрүүл мэндийн шалтгаанаар 2018 онд чөлөөлөгдсөн учраас тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад орж, тэнцэн төрийн албан тушаалд нэр дэвшсэн болох нь тогтоогдож байна.

Үүнээс үзвэл хариуцагч нь Ё.Сугаррагчааг тухайн албан тушаалд томилохоос татгалзсан нь хууль бус бөгөөд, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

3. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар:

Хариуцагч нь тайлбартаа нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргасантай холбоотой анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ Ё.Сугаррагчаагийн маргасан хариуцагчийн албан тушаалд томилохоос татгалзсан шийдвэрийг хэзээ мэдсэн талаар дүгнэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй Тэргүүлэгчдийн хуралдааны 85 дугаар тогтоол, мөн нэхэмжлэгчийн маргаагүй, түүнд эерэг үйлчлэлтэй Төрийн албаны зөвлөлийн 105 дугаар тогтоолуудыг гардуулсан, танилцуулсан баримтгүй тул хугацааг тооцох, хэтэрсэн гэж үзэх боломжгүй гэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг буруу хэрэглэжээ.

Төрийн албаны зөвлөлөөс хариуцагчийн дээрх үндэслэлүүдээр хүргүүлсэн албан бичигт тухай бүр үндэслэлгүй болох талаар нь хариу өгсөөр байхад өнөөдрийг хүртэл тухайн сул орон тоонд хүн томилоогүй байна.

Нэхэмжлэгч нь тухайн албан тушаалд томилохоос татгалзсаныг тухайн үед мэдсэн нь нэхэмжлэлдээ “... 3 удаа уулзсан, түр хүлээж бай, он гарахаар томилно “ гэж хэлсэн гэх тайлбараар тогтоогдож байна. Гэвч хариуцагч нь тухайн сул орон тоонд өнөөдрийг хүртэл зохих журмаар хүн томилоогүй, тухайн татгалзсан шийдвэрийн үр дагавар нь нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахад арилаагүй, нэхэмжлэгч хөндөгдсөн эрхээ сэргээлгэх боломжтой байсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах” нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлгүй.

Мөн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай 2017 оны хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно ...” гэж заасан байх тул шүүхийн шийдвэр биелэгдэх, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэх боломжтой байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж, зохих журмаар сонгон шалгаруулалтад орж хамгийн өндөр оноо авч нэр дэвшсэн Ё.Сугаррагчааг тухайн албан тушаалд томилохыг даалгах нь зүйтэй гэж үзэв.

4. Ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд:

Уг нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хариуцагчийн албан тушаалд томилохоос татгалзсан хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх ажлаас үндэслэлгүйгээр халагдсан этгээдэд урьд эрхэлж байсан албан тушаалын цалинтай тэнцэх олговор олгох асуудлыг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг хэрэглэсэн нь буруу болжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус эс үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах” гэж тус тус заасны дагуу хохирол гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

Харин Ё.Сугаррагчаа нь хариуцагчийн хууль бус татгалзлын талаар тухайн үед шүүхэд нэхэмжлэлээ гаргаж, шийдвэрлүүлсний үндсэн дээр тухайн албан тушаалд томилогдон хөдөлмөрлөж, цалин хөлс авах зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжтой байсан боловч нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэл болон давж заалдах гомдолд “... Хурлын даргатай удаа дараа биечлэн уулзаж, хугацаа тохиролцож байсан ...” гэж дурдсанаас үзэхэд тодорхой хэмжээнд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь өөрөөс нь шалтгаалсан байх тул тухайн хугацаанд учирсан хохирол гэж үзэж хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй, хохирол шаардах эрхээ хэрэгжүүлж нэхэмжлэл гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс тооцож, тухайн албан тушаалын цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмаар нөхөн төлүүлэх шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.