Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2020/0601

 

Б.Г-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Г, хариуцагч улсын байцаагч У.Г, түүний өмгөөлөгч Э.Ц нарыг оролцуулан хийж, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 16 дугаар шийдвэртэй, Б.Г-ын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч У.Г-нд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 16 дугаар шийдвэрээр:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8, 10.9.12, 10.12.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 231 дүгээр зүйлийн 231.2, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 22-01-001/05 дугаар актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Г тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүх хэргийг хянахдаа хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлж, хариуцагч талын эрх ашгийг хамгаалж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Үүнд:

          -Ажилтанд сүлжээнд заасан, гэрээнд зааснаар цалинг олгох ёстой, гэхдээ тухайн ажилтан цалингаа заавал 100 хувь авна гэсэн заалт байхгүй

          -Ажлын цагаа бүртгүүлдэггүй

          -Ажиллах нөхцөл ХАБЭА-ын зохих заавар зөвлөгөөний дэвтэрт гарын үсэг зурдаггүй

          -Үүрэг даалгавар биелүүлдэггүй

          -Ажлын байран дээрээ тогтмол байдаггүй, ажлаа хүнд даатгадаг зэрэг нь цалинг 100 хувь өгөх ёсгүй. Иймд цалингийн доод хэмжээгээр өгч байсан нь үндэслэл болно.

          Ө.Б гомдол гаргаагүй байхад мэргэжлийн хяналтын байцаагч төсвийн мөнгийг заавал олгуулах гэж акт бичдэг нь үндэслэлгүй байна. Мэргэжлийн хяналтын байцаагч болон миний бие Б.Г ажлын цагаа бүртгүүлэхгүй 1 өдөр болоход цалинг хасч тооцогддог, тэгвэл огт үүнийг биелүүлдэггүй хүнд цалин нэмэхгүй байгаа нь харин ч зөөлнөөр толгойг нь илж төсвийн мөнгийг үргүй зарцуулсан гэвэл надад гомдолгүй, бодитоор тооцвол цаг бүртгүүлээгүй өдөр болгоныг бусад ажилтнууд шиг тасалснаар, хоцорсноор тооцвол харин Ө.Б манай байгууллагад буцаан авсан цалингаа өгөх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн бол бодит байдалд тохирох байсан.

  • Гэрээг сунгах, ажлын үр дүнг тооцох, үүрэг даалгавар өгөх талаар уулзах гэтэл

дуудахад ирдэггүй байсан.Ийм хүнд цалин нэмэх үндэслэл байхгүй.

  • Мэргэжлийн хяналтын байцаагч шалгалт хийхдээ төсвийн хөрөнгийн

зарцуулалт ажил үүргийн биелэлттэй холбоотой ямар нэгэн зөрчил олоогүй болохоор өөр шалтаг хийж үүнийг гаргасан гэж бодож байна.

  • Ө.Б нь ажлын байраа дур мэдэн орхиж хувийн тээвэр хийж явдаг, цагаа бүртгүүлдэггүй байснаа анхан шатны шүүх хурал дээр хүлээн зөвшөөрч байсан болно.
  • Мэргэжлийн хяналтын байцаагч У.Г-ийн гаргасан /5.946.000/ төгрөгийг Ө.Б-ийн ажлын цаг тасалсанд тооцож хэрэгсэхгүй болгож өгнө үү.Ингэвэл Ө.Б, У.Г, Б.Г бидний маргаан эцэслэн үнэн зөв бодитоор шийдвэрлэгдэнэ гэж үзэж байна.
  • Ө.Б мөнгө нэхэмжлээгүй, У.Г тавьсан актаа Б-ийн ажил таслалтаар, Б.Г миний бие хаана ч төсвийг хэтрүүлэн зарцуулаагүй болно.
  • Техник хяналтын үзлэгийн байранд өдөр тутам ажил үүргээ гүйцэтгэж ирсэн инженер Б.Н, /99104571/ техникч Б.Б /99023399/ нараас иргэн Ө.Б-ийн талаар ажлын байранд тогтмол байдаг, үүрэгт ажлын гүйцэтгэл хэрхэн хийдэг эсэх талаар тайлбар авахуулмаар байна.

          Мэргэжлийн хяналтын байцаагч У.Г конторын ажилтнуудаас Ө.Б-ийн талаар асуусан байдаг. Гэвч Ө.Б-ийн хариуцсан объект нь аймгийн зүүн урд талд байдаг гэтэл объект рүү нь очдоггүй хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авчхаад хувийн байдлыг дүгнэсэн байдаг, тэд нар нь Ө.Б-тай ямар ч ажлын холбоогүй, чиглэл үүрэг даалгавар хяналт байдаггүй хүмүүс энэ тул У.Г зөвхөн нэг талыг харж асуудалд хандаж байгаад гомдолтой байна” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

   Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу бүрдүүлж, маргааны үйл баримтад дутуу дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй…”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж заасныг зөрчиж нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэл болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэв.

Хариуцагч Хэнтий аймгийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч У.Г нь тус аймгийн мэргэжлийн хяналтын газрын  2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 22/04 удирдамжийн[1] дагуу Хэнтий аймгийн Авто тээврийн төвийн “хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдалд” төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ.

Шалгалтын явцад нэхэмжлэгч Б.Г-д холбогдуулан мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 22-06-019/05 актыг[2] үйлдэж, актаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн авто тээврийн төвийн дарга Б.Г-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлийн 231.2, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж, сахиул Ө.Б-д дутуу олгосон үндсэн цалингийн зөрүү болох 5,946,000 /таван сая есөн зуун дөчин зургаан мянган/ төгрөгийг нөхөн олгуулахаар шийдвэрлэжээ.

Уг акт гарсны дараа зөрчлийн хэрэг нээж[3], Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 6, 8.1-д заасан шийтгэлийг холбогдогч Б.Ганбатад оногдуулж,  түүнийг 150,000 төгрөгөөр торгож, нөхөн төлбөр 5,946,000 төгрөг нийт 6,096,000 төгрөгийг төлөхийг даалгасан 0064003 шийтгэлийн хуудсыг[4] 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үйлджээ. 

Нэхэмжлэгч Б.Г-аас “Мэргэжлийн хяналтын хөдөлмөр хяналтын улсын байцаагч У.Г-ийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 22-06-019/05 дугаар цалингийн зөрүү нөхөн олгуулах тухай актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан атлаа шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлээр маргаж байгаа нь ойлгомжгүй байна.

Маргаан бүхий актаар нэхэмжлэгч Б.Г-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлийн 231-т “Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна.”, 49 дүгээр зүйлийн 49.1-д “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно.” гэж заасныг зөрчиж, сахиул Ө.Б-д 2017 оны 05 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын хугацаанд туршилтын хугацааны цалин олгож байсан, түүнийг жинхлэн томилоогүй зөрчил гаргасан гэж үзжээ.

Үүнээс үзэхэд хөдөлмөрийн гэрээнд хуулиар тогтоосон туршилтын хугацааг баримтлаагүй, ажилтны цалин хөлсийг хөдөлмөрийн үр дүнд тохируулан олгоогүй буюу ажил олгогчийн хуульд заасан үүргийг биелүүлээгүй зөрчил гаргасан гэж нэхэмжлэгч Б.Г-д маргаан бүхий актаар ажилтны дутуу олгосон цалинг нөхөн олгуулахаар шийдвэрлэсэн.

Гэтэл хариуцагчаас давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр “нэхэмжлэгч Б.Г-ыг нь Ө.Б-ийн жинхлэх хүсэлтийг дамжуулаагүй зөрчил гаргасан гэж үзсэн” гэсэн маргаан бүхий актаас зөрүүтэй тайлбарыг өгчээ.

Харин хэрэгт цугларсан баримтаар Хэнтий аймгийн Авто тээврийн үндэсний төвийн сахиулын албан тушаалд Ө.Б-ийг Авто тээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал П.Д-ийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны  өдрийн  А/587  дугаар тушаалаар[5] томилсон, мөн тус  үндэсний  төвийн захирлын  тушаалаар[6]  Хэнтий  аймгийн  Авто  тээврийн  үндэсний  төвийн ажилтнуудын болон сахиулын үндсэн цалингийн сүлжээг баталдаг, хөдөлмөрийн гэрээг[7] Ө.Б нь Авто тээврийн үндэсний төвийн хүний нөөцийн газрын даргатай байгуулжээ.

Эдгээр баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Хэнтий аймгийн Авто тээврийн төвийн дарга Б.Г нь маргаан бүхий актад дурдсан зөрчилд холбоотой сахиулын албан тушаалд Ө.Б-ийг жинхлэн томилох, чөлөөлөх, цалин хөлсийг тогтоох, олгох, түүнтэй харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулах бүрэн эрхтэй Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан ажил олгогч гэж үзэхэд эргэлзээтэй. Ямар үндэслэлээр түүнд хариуцлага ногдуулсныг тодруулах, тухайлбал Хэнтий аймгийн Авто тээврийн төвийн дарга Б.Г нь сахиулын албан тушаалд туршилтын хугацаагаар түр томилогдсон этгээдийг үндсэн ажилтнаар /жинхлэн/ томилон ажиллуулах болон дутуу олгосон үндсэн цалингийн зөрүүг олгохтой холбоотой санхүү, төсвийн ямар бүрэн эрхтэй эсэхийг тодруулсан эсэх, зөрчлийг хариуцах этгээд мөн эсэх, ажил олгогч мөн эсэх, улсын байцаагчийн акт нь нэхэмжлэгч Б.Г-ыг ажил олгогчийн хувьд нь зөрчил гаргасан гэж үзсэн үү эсхүл, жинхлэх хүсэлтийг дамжуулаагүй зөрчил гаргасан гэж үзсэн үү гэдэг нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл түүнийг өөрт олгогдсон ямар чиг үүргээ биелүүлээгүй гэж зөрчлийн акт тавьсан талаар тодорхойгүй бөгөөд улсын байцаагчаас шалгалтын явцад эдгээр нөхцөл байдлыг тодруулж, баримтуудыг цуглуулсан эсэх нь тодорхойгүй байтал анхан шатны шүүхээс маргаан бүхий улсын байцаагчийн актыг хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй.

Иймд Авто тээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал болон Хэнтий аймгийн Авто тээврийн үндэсний төвийн даргын чиг үүргийг тодорхойлсон баримтууд, тухайлбал, ажлын байрны тодорхойлолт, бүтэц, тогтолцоо, чиг үүргийг тогтоосон баримтууд, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, томилох, чөлөөлөх, цалин хөлсийг тогтоох эрх хэмжээг баталсан баримтуудыг улсын байцаагчаас хяналт шалгалтын явцад тодруулсан эсэх, цуглуулсан эсэхийг шүүхээс шалган тогтоож, дүгнэлт өгөх, маргаан бүхий уг актыг хүн, хуулийн этгээдийн хэнд холбогдуулж гаргасан, уг актаар тогтоосон 5,946,000 төгрөгийг байгууллагын данснаас гаргуулах юм уу, эсхүл нэхэмжлэгч Б.Ганбат хувиараа төлж барагдуулах эсэхийг улсын байцаагч тодруулсан эсэх, нэхэмжлэлийг Б.Г нь иргэний хувиар гаргасан байх тул Хэнтий аймгийн Авто тээврийн төвийн даргын хувиар бус иргэний хувиар маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх, нэхэмжлэгч зөвхөн улсын байцаагчийн акттай маргаж байгаа эсхүл, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлээр маргаж буй эсэхийг анхан шатны шүүх тодруулсны үндсэн дээр маргаан бүхий актад дүгнэлт өгөх нь зүйтэй.

Түүнчлэн шүүхээс хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй Авто тээврийн үндэсний төвийн захирлын 2018 оны А/25 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байгааг дурдах нь зүйтэй.

Дээрх байдлаас дүгнэхэд, нотлох баримт цуглуулах үүргийн хүрээнд анхан шатны шүүхээс дээр дурдсан алдааг зөвтгөх шаардлагатай тул хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд давж заалдах шатны шүүхээс захиргааны хэргийг шийдвэрлэж, дүгнэлт өгөх боломжгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 16 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                             Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                             А.САРАНГЭРЭЛ

 


[1] Хэргийн 30-31 дэх тал

[2] Хэргийн 34 дэх тал

[3] Хэргийн 28-29 дэх тал

[4] Хэргийн 39 дэх тал

[5] Хэргийн 63 дахь тал

[6] Хэргийн 73-78 дахь тал

[7] Хэргийн 64-67 дахь тал