Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 138/2017/00776/И |
Дугаар | 001/ХТ2018/00421 |
Огноо | 2018-03-15 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2018/00421
У.У-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 138/ШШ2017/00907 дугаар шийдвэр,
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 201/МА2017/00035 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч У.У-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргад холбогдох,
Ажлаас буруу халсны улмаас ажилгүй байсан хугацааны болон бага цалинтай ажил эрхэлж байсны зөрүүтэй тэнцэх олговорт нийт 5 325 974 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг үүрэг болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтохын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч П.Гунгаацэрэн, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилогдон 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ажилласан. Баянтүмэн сумын Засаг даргаас 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/11 тоот захирамжаар миний албан тушаалыг бууруулж, мөн сарын 22-ны өдөр ажил хүлээлцсэн. Ингээд уг захирамжийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх миний гомдлыг 2016 оны 1065 тоот шийдвэрээр намайг ажилд минь эгүүлэн томилж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг Засаг дарга эс зөвшөөрч гомдол гаргаснаар Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх 2016 оны 40 тоот магадлалаар анхан шатны шүүхийн 1065 тоот шийдвэрийг хуулийн үндэслэлтэй гэж үзэн хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Ингээд хоёр шатны шүүхийн шийдвэрээр Засаг даргын захирамж хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон тул Баянтүмэн сумын Засаг дарга 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Б/01 тоот У.У-г ажил албан тушаалд нь эгүүлэн авах тухай захирамж гаргасан боловч энэ захирамжид намайг тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмчийн үүрэг гүйцэтгэгчээр эгүүлэн авах тухай заасан байсан тул миний бие ажилдаа орох боломжгүй байсан. Шүүхийн шийдвэрээр намайг тус сумын Эрүүл мэндийн төвийн даргаар эгүүлэн тогтоосон байтал шүүхийн шийдвэрийг зөрчиж үүрэг гүйцэтгэгчээр томилж, миний хөдөлмөрлөх эрхийг дордуулсан. Түүнчлэн тус сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Идэрзориг нь Засаг даргын Б/01 тоот захирамжид ажил хүлээлцэх комисст ямар хүмүүс орохыг заагаагүй учир хууль бус захирамжаар ажил хүлээлгэж өгөхгүй гэж хэлсэн учир миний бие Засаг даргын дээрх захирамжийн дагуу ажилдаа орж чадаагүй. Ингээд Засаг дарга П.Гунгаацэрэн нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Б/02 тоот захирамжаар ажил хүлээлцэх ажлын хэсэг байгуулснаар миний бие 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажлаа хүлээн авч Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан.
У.У- миний бие тус сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/11 тоот захирамжаар ажлаас үндэслэлгүй халагдсан нь тогтоогдсон учир ажилгүй байсан хугацааны цалинг болон зөрүү цалинг олгож өгнө үү гэх өргөдлийг Засаг даргад хандаж гаргасан боловч тэрээр ажилгүй байсан хугацааны цалинг гаргаж өгөх боломжгүй тухай албан бичгээр хариу өгсөн. Иймд миний бие ажилгүй байсан хугацааны цалин болон бага цалинтай ажил хийсний цалингийн зөрүүгээ нэхэмжилж тус шүүхэд хандаж байна. Миний бие тус сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлыг хийж байх үедээ буюу 2016 оны 5 сард 1 384 204 төгрөг, 4 сард 1 133 343 төгрөг, 3 сард 1 136 343 төгрөгийн цалин авч байсан ба үүнээс нэг сарын дундаж цалин хөлсөө тооцвол 1 217 964 төгрөг болж байна. Нэг сарын ажлын дундаж өдөр 21,5 өдөр байдаг ба нэг өдрийн ажлын дундаж цалинг тооцвол 56 649 төгрөг болж байна. Миний бие 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тус сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалаас халагдаад мөн өдрөөс эхлэн тус төвийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Идэрзоригтой хөдөлмөрийн гэрээ байгуулан 3 дугаар багийн их эмчийн албан тушаалд 2016 оны 10 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд ажилласан. Ингээд 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус төвийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. Ингээд нийт буцаж ажилдаа эргэн орох хүртэл нийт 7 сар гаран буюу ажлын 158 хоног ажилгүй байсан учраас уг хоногийг нэг өдрийн дундаж цалин болох 56 649 төгрөгөөр үржүүлэн нийт 8 950 542 төгрөг болж байна.
Үүнээс тус төвийн багийн их эмчээр 2016 оны 06 дугаар сарын 22-ноос 10 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд ажиллахдаа нийт 3 624 568 төгрөгийн цалин авсан тул уг цалинг хасч тооцоод 5 325 974 төгрөгийг ажилгүй байсан хугацаанд авбал зохих цалин болон цалингийн зөрүүнд нэхэмжилж байна. Мөн энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
У.У- нь сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар албан тушаал буурч 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар үүрэгт ажилдаа орсон бөгөөд энэ хугацааны цалингийн зөрүүнд 5 325 974 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч У.У- нь 2016 оны 3, 4, 5 саруудад Дорнод аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/08 дугаар тушаалаар статистик мэдээллийн ажлаар А үнэлгээ авч гурван сарын хугацаагаар цалингийн 40 хувийн урамшуулал авсан байна. Мөн 5 сард илүү цагийн хөлс 250 861 төгрөг авсан байна. Гэтэл Төсвийн тухай хуулиар төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн шууд захирагчийг томилж, чөлөөлөх, урамшуулах арга хэмжээ авах шийдвэрийг гаргахаар тусгасан. Иймд албан тушаалтныг томилсон эрх бүхий албан тушаалтан урамшуулал олгох асуудлаар шийдвэр гаргах бөгөөд дээрх урамшууллыг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга олгох эрхгүй тул олгосон уг урамшуулал нь үндэслэлгүй байна. Мөн илүү цагийн хөлсийг ч ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр авсан нь харагдаж байна.
У.У- нь сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа Засгийн газрын 2014 оны 75 дугаар тогтоолоор батлагдсан цалингийн сүлжээнд зааснаар үндсэн цалин 668 963 төгрөг дээр Засгийн газрын 2001 оны 90 дүгээр тогтоолд зааснаар үндсэн цалингийн 20 хувь буюу 133 793 төгрөгийн нэмэгдлийг нэмж нийт 802 757 төгрөгийн цалинг сар бүр авдаг. Ингээд У.У- сүүлийн 3 сард нийт 2 408 271 төгрөгийн цалин авсан байх ба 3 сарын дундаж ажлын хоногийг 65 хоногоор тооцвол нэг өдрийн цалин нь 37 050 төгрөг болж байна. У.У-гийн 06 дугаар сарын 22-ноос 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл нийт ажлын 105 хоногийг ажилгүй байсан хугацаа гэж тооцвол нийт 3 890 250 төгрөгийн цалин авахаас багийн их эмчийн ажлыг хийж байхдаа авсан цалин 3 624 568 төгрөгийг хасвал 265 682 төгрөгийг нэхэмжлэхээр харагдаж байна. У.У- нь 2016 оны 10 дугаар сарын 26, 11 дүгээр сарын 22-ны өдөр сумын Эрүүл мэндийн төвийн даргад Дундговь аймагт аавыгаа асрах зорилгоор хувийн чөлөө авах өргөдөл гаргасан байх ба өөрийн хүсэлтээр ажиллаагүй болох нь уг өргөдлөөр харагдаж байхаас гадна 2016 оны 12 сар, 2017 оны 01 саруудад шалтгаангүйгээр ажил тасалсан болох нь ирц бүртгэлд тэмдэглэгдсэн байна.
Иймд нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 138/ШШ2017/00907 дугаар шийдвэрээр Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газраас ажлаас буруу халсны улмаас ажилгүй байсан хугацааны болон бага цалинтай ажил эрхэлж байсны зөрүүтэй тэнцэх олговорт 4 274 942 /дөрвөн сая хоёр зуун далан дөрвөн мянга есөн зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.У-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 051 032 /нэг сая тавин нэгэн мянга гучин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч У.У-д олгох 4 274 942 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Дорнод аймгийн Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн санхүүд үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100 166 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч У.У-д олгож, хариуцагч Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 83 349 төгрөгийг гаргуулан төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 201/МА2017/00035 дугаар магадлалаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 138/ШШ2017/00907 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...4 274 942 төгрөгийг... олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 051 032 төгрөгийг...” гэснийг “...2 641 866 төгрөгийг ...олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 684 009 төгрөгийг...” гэж, 4 дэх заалтын “...83 349 төгрөг...” гэснийг “...57 894 төгрөг...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч тал улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурджээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь тус хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.
...Нэхэмжлэгч У.У- нь 2015 оны жилийн эцсийн ажлын үзүүлэлт, тайлан хамгаалалтаар “А” үнэлгээгээр үнэлэгдсэн учир Дорнод аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/68 дугаар “Тайлан хүлээн авсан дүнгийн тухай” тушаалаар Баянтүмэн сумын эрүүл мэндийн төвийн дарга болон статистикч эмч нарт үндсэн цалингийн 40 хувиар 3 сарын урамшуулал олгосон. Энэхүү урамшуулал нь нэхэмжлэгч У.У-гийн 2016 оны 03, 04, 05 дугаар саруудад үндсэн цалин дээр нь нэмэлт урамшуулал болон орсон байдаг. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 3-т “Цалин хөлсний бүрэлдэхүүн хэсгийг дараах байдлаар ойлгож хэрэглэнэ” гээд З.Г-д “шагнал, урамшуулал гэж ажилтан, албан хаагчийн ажлын үр дүн, эсхүл тухайн байгууллагын ажлын эцсийн үр дүнд оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг үнэлэн ажил олгогчоос олгож буй мөнгөн урамшууллыг хэлнэ. Үүнд урамшуулал, онцгой үүрэг даалгавар гүйцэтгэсний төлөө олгосон нэг удаагийн мөнгөн урамшуулал, хууль тогтоомж, хамтын гэрээ хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журам, бусад эрхийн актаар тогтоон олгож буй мөнгөн урамшуулал орно.” гэж заажээ. Гэтэл давж заалдах шатны шүүх нь “Хэрэв ажилтан cap бүр тогтмол урамшуулал авч байсан бол түүний дундаж цалин хөлсөд оруулан тооцож ажилгүй байсан хугацаанд олгох боломжтой юм.” хэмээн дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Нэхэмжлэгч У.У-д 2016 оны 03, 04, 05 дугаар саруудад эрх бүхий албан тушаалтнаас олгосон 40 хувийн урамшуулал нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын З.Г-д заасны дагуу дундаж цалин хөлс тодорхойлох бүрэлдэхүүнд тооцогдохоор байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн 201/МА2017/00035 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 138/ШШ2017/00907 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн зохигчийн хоорондох маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг тооцохдоо түүний дундаж цалинг алдаатай тодорхойлсон байх тул давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулжээ.
Нэхэмжлэгч У.У- нь хариуцагч Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч шаардлагыг зөвшөөрөөгүй, нэхэмжлэлийг татгалзжээ.
Нэхэмжлэгч У.У- Баянтүмэн сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б\11 дүгээр захирамжаар сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, сумын 3 дугаар багийн их эмчээр томилогдсон байна. У.У- сумын Засаг даргад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1065 дугаар шийдвэрээр У.У-г сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоожээ. Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 0040 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Баянтүмэн сумын Засаг дарга 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Б\01 дүгээр захирамж гарган У.У-г сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмчийн үүрэг гүйцэтгэгчээр томилж, нэхэмжлэгч 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ажлаа хүлээж авсан байна.
Нэхэмжлэгч У.У-г 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Давж заалдах шатны шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тодорхойлж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Ажлын үзүүлэлтээр тодорхой хугацаанд олгогдсон урамшууллыг тогтмол авах цалин хөлсөд хамааруулах үндэслэлгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. Дээрх урамшуулал цалин хөлсөд багтаж, тогтмол олгогддог байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.
Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 201/МА2017/00035 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН