Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 24

 

 

 

 

 

 

     2019            12            26                                        24                                         

 

 

О.Г, А.Ц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Алдар, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Баярхүү,

шүүгдэгч О.Г, А.Ц нарын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1087 дугаартай шийтгэх тогтоолыг эс прокурор Б.Баярхүүгийн бичсэн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 68 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр О.Г, А.Ц нарт холбогдох 1902006330231 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Сартуул овгийн О.Г, 1996 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хойд эцэг, эх, дүү нарын хамт Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Баянзүрх 9 дүгээр гудамжны, 816 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УД96072212/,

Боржигон овгийн А.Ц, 1997 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “Баян налайх” төвд үсчин ажилтай, ам бүл 5, хойд эцэг, эх, дүү нарын хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, 9 дүгээр байрны, 82 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЕЭ97082613/,

Шүүгдэгч О.Г, А.Ц нар нь гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, бүлэглэн, 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, гялгар уутны хамт нийт 8 кг 410 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

улмаар Сонгиохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, гялгар уутны хамт нийт 8 кг 410 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг 63-47 УНЯ улсын дугаартай, “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 Нийслэлийн прокурорын газраас: О.Г, А.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Г, А.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г, А.Ц нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар  тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч О.Г, А.Ц нарт “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх, “мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох” албадлагын арга хэмжээг тус тус авч, тогтоолын хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г, А.Ц нар нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэсэн, эрх хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтыг ширхэглэн зааж, зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус тэмдэглэж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Баярхүү бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1087 дугаартай шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Үүнд: Шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Г, А.Ц нарыг хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жил, 5 сарын хугацаагаар тэнссэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” байхаар заасан байхад хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд алдаатай болжээ. Учир нь,

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил нь Монгол Улсын үндэстний эрх ашиг, тэр дундаа залуу үе, нийгмийн ухамсар, хүн амын эрүүл, аюулгүй байдалд хор хохирол үр дагавар нь үүсч байдаг тул тухайн төрлийн гэмт хэргийн хохирол, хор уршиг, үр дагаврыг нийтлэг эрх ашигт аюул учруулж болох нөхцөл байдлаар үнэлж дүгнэх, мөн О.Г, А.Ц нарын худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн хэмжээг харгалзах учиртай.

Гэтэл шүүх “хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж дүгнэн, “хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн” нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3, 1.4 дүгээр зүйлүүдэд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус буруу хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй нөхцөл байдал болно.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1087 дугаартай шийтгэх тогтоолыг “шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй”, мөн “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг Анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив...” гэв.

Шүүгдэгч О.Г, А.Ц нарын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ямар нөхцөл байдлын улмаас хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэр болсон гэдгийг прокурор тайлбарлаж чадахгүй байна. Хэдийгээр мансууруулах бодис нь нийгмийн хор аюултай хэдий ч шүүгдэгч нар залуу хүмүүс. Интернетээс бичлэг үзэж байгаад гоё байх гэж бодоод түүсэн үйлдэл байгаа. Хэрэглэж, бусдад худалдаалсан үйлдэл байхгүй. Бэлтгэсэн буюу сонирхож үзсэн үйлдэл л байгаа. Санаатай үйлдэл байхгүй. Хэргийн бодит байдлыг анхан шатны шүүх үнэн зөв дүгнэсэн. Мөн энэ гэмт хэрэг нь тохиолдлын шинжтэй анх удаа үйлдсэн гэмт хэрэг. Шүүх үүнийг харгалзан шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү... ” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар улсын яллагчийн эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч О.Г, А.Ц нар нь гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, бүлэглэн, 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, гялгар уутны хамт нийт 8 кг 410 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

улмаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, гялгар уутны хамт нийт 8 кг 410 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг 63-47 УНЯ улсын дугаартай, “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд судласан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Г, А.Ц нар гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, урьдчилан төлөвлөж, бүлэглэн, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг бэлтгэх зорилгоор орон нутагт очиж хууль бусаар бэлтгэсэн, хэрэглэсэн, улмаар уг сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.

О.Г, А.Ц нар нь үргэлжилсэн үйлдлээр нэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалтай байхад, анхан шатны шүүх нь “...О.Г, А.Ц нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэж дүгнэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Түүнчлэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

Гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцон үзэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заагаагүй тохиолдолд хэргийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болохгүй боловч оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэхэд зайлшгүй харгалзан үздэг.

Гэтэл анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, урьдчилан төлөвлөж, бүлэглэн, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг бэлтгэх зорилгоор орон нутагт очиж хууль бусаар бэлтгэсэн, хэрэглэсэн, улмаар уг сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан нөхцөл байдал тогтоогдсон шүүгдэгч О.Г, А.Ц нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг бодитой үнэлж, дүгнээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

         Иймд энэ талаар прокурорын бичсэн “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, түүхий эдийн хэмжээ, үр дагаврыг бодитой үнэлж, дүгнээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3, 1.4 дүгээр зүйлүүдэд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус буруу хэрэглэсэн...” гэх агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр О.Г, А.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Хэргийг анхан шатны шүүхэд буцаасантай холбогдуулан анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч О.Г, А.Ц нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ давхардуулан авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  10 дугаар сарын 16-ны өдрийн 1087 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Г, А.Ц нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч О.Г, А.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 4, 14.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад тус тус зааснаар О.Г, А.Ц нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус давхардуулан авсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ

                                 ШҮҮГЧ                                                               М.АЛДАР

                                ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ