| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/1110/Э |
| Дугаар | 1191 |
| Огноо | 2019-11-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.2.2., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 1191
2019 11 12 1191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,
улсын яллагч М.Сансарсайхан,
шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Б.Баттулга /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2814/,
шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч З.Ганчимэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1625/,
шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Б.Баасандорж /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1767/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
М овогт Тийн Сг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт;
-М овогт Бийн Х, Б овогт Гын Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 2 хавтаст хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. М овогт Тийн С, Монгол Улсын иргэн, 1994 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Бэрх хороо гэх газарт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг гэх, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 937 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн (РД:...).
2. Б овогт Гын Б, Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 256 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн (РД:...).
3. М овогт Бийн Х, Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4 дүгээр баг, ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Т.С, Б.Х, Г.Б нар нь бүлэглэн:
-2018 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Бын гар утас, түрийвч, 50.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэн дээрэмдэж авсан;
-мөн шүүгдэгч Т.С нь 2018 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Бын гар утас, түрийвч, 50.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэн дээрэмдэх үедээ түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, нүүр хэсэгт хаван хавдар, цус хуралт, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг:
Шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: 2018 оны 10 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 02 цагийн үед “Галакси” нэртэй караокеноос гараад явж байтал хоёр залуутай тааралдсан. Бид тэр хоёроос гал асуусан, гал байхгүй гээд маргалдсан. Нэг залуу нь намайг түлхсэн. Замын нөгөө талаас манай найз С гарч ирээд нөгөө залууг цохисон. Тэгэхэд утас нь газар унахад утсыг нь Х ах авсан. Х өөрийн түрийвчнээс мөнгө гаргаж ирээд “Хас” гэх караокеноос нэг шил архи аваад Х ахын гудамжинд уусан. Х ах С бид хоёрт тус тус 20.000 төгрөг өгсөн гэв.
Шүүгдэгч Т.С мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө бид гурав “Галакси” нэртэй караокед архи уусан. 02 цагийн үед гараад харих гээд доошоо алхаж байсан. Би замын нэг талд нь, нөгөө талд Б, Х хоёр явж байсан. Х, Б хоёр нэг залуутай муудалцаад барьцалдаад авсан. Би гүйж очоод Быг өмөөрч хохирогчийг зодсон. Хохирогчоос гар утас унасныг Х авсан. Дараа нь “Хас” караокеноос 0.5 литрийн шилтэй Ерөөл гэх архи аваад Хаш-Эрдэнийн гудамжинд очиж уусан. Х нь Б та хоёрт “20.000 төгрөг тус тусад нь өгье, би энэ утсыг авчихъя” гэхээр нь зөвшөөрөөд 20.000 төгрөгийг нь аваад гэртээ харьсан гэв.
Шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө “Галакси” бааранд ороход С, Б хоёр байсан. Тэр хоёртой мэндлээд 20.000 төгрөг гаргаад бид гурав пиво уусан. Шөнийн 01 цагийн үед гадаа гарч би тамхи татаж байхад караоке хаах цаг нь болж байна гэсэн. Бид 20-30 минут тамхи татаад юм ярьж зогссон. Тэгээд харихаар зам уруудаад 2 дугаар хорооны зүг явж байтал хоёр залуутай тааралдсан. Тэр хоёр залуутай маргалдсан. Б нэг залууг нь татаж унагаасан. С нөгөө залууг нь барьж аваад цохисон. Би салгасан. Зодоон болж байхад гар утас унахаар нь хэнийхийг нь мэдэхгүй авсан. Зодоон дууссаны дараа нэг шил архи хувааж уусан. Би гэрээсээ орж 40.000 төгрөг аваад С, Б нарт тус бүр 20.000 төгрөг өгөөд салсан гэв.
Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 5-6 дугаар тал),
2. Хохирогч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд:
2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн:
“...2018 оны 10 дугаар сарын 12-ны шөнө 01 цагийн орчимд найз Ууганбаяртай хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Галакси” нэртэй үйлчилгээний газарт орж архи, пиво уусан. 02 цаг 40 минутын орчимд гараад ертөнцийн зүгээр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр тал руу зам дагаад алхаж байтал араас 25-30 насны 3 эрэгтэй хүн ирээд надтай хамт явж байсан Ууганбаярын куртикнээс татаж газарт унаган, намайг гудамж руу тарган залуу чирч оруулаад “чи ямар овоо залуу вэ” гэж хэлээд толгой хэсэг рүү гараараа цохиод, боож газарт унагаан хөлөөрөө толгой хэсэг рүү өшиглөж байхад нь би ухаан алдсан. Хэсэг хугацааны дараа сэрэхэд хамт явж байсан Ууганаа алга болчихсон байхаар нь би гэр рүүгээ шууд алхаад харьсан. Гэрт очсоны дараа Ууганаа миний араас орж ирээд манайд хамт унтсан. Маргааш өглөө нь гэртээ байж байхад ах Өлзий гаднаас орж ирээд “чиний нүүр ам чинь яасан юм бэ” гээд цагдаа дуудсан. Цагдаагийн бие бүрэлдэхүүн ирж хэргийн газарт ажилласан. Намайг зодож гар утас авсан гэх залуучуудыг би өмнө нь харж байгаагүй. Гэхдээ миний сууж байсан “Галакси” нэртэй үйлчилгээний газарт эсрэг ширээнд 4 хүн сууж байсан. Би уг нь караокед тэдгээр залуустай маргалдаж зодолдоогүй. Харин дээрх залуучууд бид хоёроос 30 минутын өмнө гараад явсан. Бид хоёрыг гарахад караокены үүдэнд гурван залуу зогсож байсан. Нэг мэдэхэд харьж явахад араас ирээд үг хэлээр өдөөд ийм асуудал болсон. Би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор нээх сайн анзаарч хараагүй. Ямар ч байсан нэг нь тарган, нөгөө хоёр нь туранхай залуучууд байсан. Миний “Samsung S5” маркийн гар утас, хүрэн өнгийн хэтэвч, 50.000 төгрөгийг аваад явсан. Мөн миний хамар хугарсан, үүдэн 4 шүд хөдөлсөн, ар дагз нугас руу өвдсөн, хоёр нүд хөхрөлттэй, шанаа зулгарсан, цээж хөндүүрлэсэн байдалтай байна. Надад толгойны зураг авахуулсан баримт байгаа. Цаашид эмнэлгийн байгууллагаар үзүүлэх бүртээ бичиг авч цагдаагийн байгууллагад өгнө. Гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 10-11 дүгээр тал),
-2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өгсөн:
“... 2018 оны 10 дугаар сарын 12-ны орой 23 цагийн орчим би Ууганбаярын хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо хуучин толгойтын эцсийн замын урд талын “Дэлгэр” худалдааны төвийн 2 дугаар давхарт байрлах “Галакси” нэртэй караокед орж дуу дуулж суунгаа нэг нэг шил пиво, 1 шил 0.5 литрийн хэмжээтэй Соёрхол архи захиалан авч хувааж уусан. 02 цагийн орчим хоёулаа гараад зам дагаад урагшаа алхаж явтал Галакси бааранд сууж байгаад бид хоёрын өмнө түрүүлээд гарсан гурван залуу гадаа үүдэнд зогсож байснаа араас гүйж ирээд Ууганбаярыг хажуу тийш нь түлхчихээд махлаг тарган залуу нь миний куртикны захаас татаад замын зүүн тал руу гудамж руу чирэхээр нь би зууралдсан. Тэгтэл нөгөөх махлаг залуу нь миний шанаа руу гараараа хүчтэй цохиход толгой манараад нэг мэдэхэд газар унасан байсан. Хэсэг хугацааны дараа босоход Ууганбаяр байхгүй би ганцаараа үлдсэн байсан. Халаасаа ухаж үзэхэд гар утас, түрийвч байхгүй байхаар нь гэр рүүгээ явсан. ... Намайг махлаг тарган залуу нь хүрч ирээд гудамж руу заамдаж чирээд би явахгүй чирэгдээд зууралдахад гараараа миний шанаа руу хүчтэй цохиж зодсон. Би тухайн үед цохиулаад толгой манарчихсан болохоор түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Би тэдгээр гурван залууг бааранд байхад нь харж байсан болохоор маргааш нь баар руу очоод баарны камерын бичлэг дээрээс нөгөөх гурван залууг хараад хэн болохыг асуухад махлаг тарган залууг бичлэг дээрээс хараад түүнийг С гэдэг юм, манайхаар хааяа орж ирдэг гэхээр нь би мэдэж авсан. Харин нөгөө хоёр залууг нь танихгүй байсан. Гэхдээ тэр хоёр залуу нь намайг зодож цохисон зүйл байхгүй хажууд хараад зогсож байсан. ... Ууганбаяр бид хоёрын хэн нь ч тэр гурван залуутай бааранд болон баарнаас гарч явахдаа хэрэлдэж маргалдсан зүйл огт болоогүй. Урьд өмнө ч харж байгаагүй болохоор өс хонзон санасан зүйл байгаагүй. ...Миний гар утас, түрийвчийг нь хэн нь хэрхэн авсныг мэдэхгүй. Би зодуулаад дараа нь босож ирэхэд хэн ч байхгүй байхаар нь халаасаа ухаж үзэхэд куртикны дотор талын энгэрийн халаасанд нэг дор байсан гар утас, түрийвч хоёр байхгүй байсан. Би тэр орчимдоо харсан боловч харагдаагүй болохоор тэр залуучууд авч явсан гэж бодож байна. ... Миний түрийвч болон түрийвчинд байсан 50.000 төгрөг, гар утсыг өгч хохиролгүй болгочихвол гомдол санал гэхээр зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 113-114 дүгээр тал),
3. Хохирогч Д.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 71 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 97 дугаар тал), хохирол нэхэмжилсэн баримт (1 дүгээр хавтаст хэргийн 30 дугаар тал),
4. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 484 дугаартай “... Samsung S5 загварын гар утсыг 200.000 төгрөгөөр, түрийвчийг 50.000 төгрөгөөр тус тус үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 35 дугаар тал),
5. Гэрч Ц.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өгсөн:
“... 2018 оны 10 дугаар сарын дундуур, нэг өдөр 23 цагийн орчимд Бын хамт Сонгинохайрхан дүүргийн толгойтын хуучин эцсийн замын урд талын “Галакси” нэртэй караокед орж 0.5 литрийн Соёрхол архи, нэг нэг боргио пиво хувааж уусан. ...орой болсон хойно гараад зам дагаад явж байтал араас нэг хүн цохих шиг болохоор нь би хажуу тийшээ унаад хэсэг байж байгаад босоод хартал хүн байхгүй болохоор нь гэр рүүгээ явсан. ...Намайг газарт унахад Быг гудамж руу чирээд орсон юм билээ. Тэрийг би хараагүй. ...Б “Galaxy S5” загварын гар утас, хүрэн өнгийн савхин түрийвч барьдаг байгаад энэ хэрэг болоход алдчихсан гэсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 115-116 дугаар тал),
6. Шүүгдэгч Т.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар:
2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өгсөн:
“... 2018 оны 10 дугаар сарын 12-ны орой намайг гэртээ байхад 21 цагийн орчимд Б манайд ирэхээр нь хамт гараад гадуур явж, дэлгүүрээс мөнгөө нийлүүлж байгаад 1 шил 0.75 литрийн архи аваад Толгойтын нэг хашааны гадаа хувааж уусан. Орой 23 цагийн орчимд Толгойтын хуучин эцсийн замын урд талд байрлах “Галакси” нэртэй бааранд ороход тэнд Х ганцаараа сууж байхаар нь хамт суугаад нэг ширхэг пиво захиалаад уусан. ...02 цагийн үед гурвуулаа гараад зам дагаад алхаж байхад бидний урд талд нэг залуу явж байгаа харагдсан. Нэг мэдэхэд муудалцаад би тэр залуутай барьцалдаж хэд хэдэн удаа түүнийг цохиж байснаа санаж байна. Тэр залуугийн халааснаас улаандуу өнгийн корпустай гар утас газарт унасан байсныг Х аваад бид гурав салаад хойшоо алхаад явж байхад Х нөгөө авсан гар утсаа харуулаад би утсыг нь авчихсан гэж хэлж байсан. Бид гурав замдаа “Хас” нэртэй караоке руу ороход Х тэндээс 1 шил 0.5 литрийн архи авсныг Хаш-Эрдэнийн гудамжны үзүүрт гурвуулаа хувааж уусан. Х гэр рүүгээ ороод буцаж гарч ирэхдээ Б бид хоёрт тус бүр 20.000 төгрөг өгөөд би утсыг нь авлаа гэж хэлээд гэр рүүгээ орсон. Гар утас нь улаан шаргалдуу өнгийн корпустай, “Samsung S5” маркийн гар утас байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дүгээр тал),
-2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өгсөн:
“... 2018 оны 10 дугаар сарын 12-ны орой гэртээ байхад орой 21 цагийн орчимд Б манайд ирээд гадуур гарах уу гэхээр нь тэгье гээд гарч дэмий явж байгаад хоёулаа ярилцаад толгойтын хуучин эцсийн дэлгүүрээс мөнгөө нийлүүлж байгаад 0.75 литрийн Хараа архи нэгийг аваад толгойтын гудамжинд хашаа налж сууж байгаад хувааж уусан. Архиа ууж дуусаад толгойтын хуучин эцсийн замын урд талд байрлах “Галакси” нэртэй бааранд 23 цагийн орчимд ороход тэнд Х ганцаараа сууж байхаар нь хамт суугаад нэг нэг ширхэг пиво захиалж уугаад, Хэс 20.000 төгрөг зээлж дахин 2, 2 шил пиво авч уусан. Баарнаас гараад толгойтын хуучин эцсийн зам дагаад урагшаа алхаж явахад бидний урд талд хоёр залуу явж байгааг би харж байсан боловч юунаас болсныг сайн санахгүй байна нэг мэдэхэд нэг залуутай нь муудалцаад би барьцалдаад хэд хэдэн удаа түүнийг цохиж байснаа болон тэгж зууралдаж ноцолдох үед тэр залуугийн гар утас нь газарт унаж байсныг санаад байгаа юм. Тэгээд тэр залуугаас салаад буцаад алхаж байтал Х халааснаасаа гар утас гаргаж ирээд би гар утас нь газарт уначихсан байхаар нь авчихсан, би энэ утсыг авъя,та хоёрт 20.000 төгрөг өгье гээд толгойтын хуучин эцсийн замын хойд талын “Хас” нэртэй караоке руу ороод Х тэндээс 1 шил 0.5 литрийн архи авахад нь Хаш-Эрдэнийн хашааны үзүүрт очиж сууж байгаад гурвуулаа хувааж уусан. Тэгээд Х гэр рүүгээ ороод буцаж гарч ирээд Б бид хоёрт 20.000 төгрөг өгчихөөд ороход нь Б бид хоёр мөн салаад гэр гэр рүүгээ явж амарсан. ...Тэр гар утас нь улаан шаргалдуу өнгийн корпустай, Samsung S5 загварын гар утас байсан. Х гар утаснаас өөр ямар нэгэн зүйл гаргаж харуулаагүй. ... Х гар утсыг нь хэрхэн яаж авсныг мэдэхгүй. ...Би өмнө нь Бтай хамт 1 шил архи хувааж уугаад дараа нь бааранд 3 шил пиво уусан байсан болохоор нэлээд их согтолттой байсан. Б мөн надтай адил уусан байсан болохоор нэлээд согтсон байсан. Харин Х хэр зэрэг согтсон байсныг хэлж мэдэхгүй байна. ... Хохирогчийн биед учруулсан гэмтлийг би учруулсан. Учир нь би тэр залуутай барьцалдаад цохиод байснаа санаад байгаа юм. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 129-130 дугаар тал),
-2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн:
“... 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ...“Галакси” бааранд ороход танил ах Х ганцаараа сууж байхаар нь бид 2 очиж хамт суухад Х мөнгө гаргаж хүний хоёр хоёр шил пиво авч уугаад 02 цагийн үед тухайн газар хаах гээд бид 3 гараад харих гээд доошоо зам дагаад алхаж байхад бид нарын хажууд 2 залуу явж байсан. Тэгсэн манай найз Б нэлээд согтуу тухайн залуугаас гал асуугаад нэг залуутай нь маргалдаад татаад унагаасан. Тэгэхээр нь би өмөөрөөд нэг залууг нь барьж аваад 2-3 удаа цохисон, нөгөө залуу нь зодоонд ороогүй зугтаад явсан юм шиг байсан. Тэгээд надад зодуулсан залуугийн халааснаас шаргал өнгийн гар утас унахад уг утсыг Х ах аваад халаасандаа хийхийг Б бид хоёр харсан. Тэр 2 намайг салгаж аваад нөгөө үл таних залуу цаашаа салаад явсны дараагаар бид гурав нэг караоке ороод 0.5 литрийн Хараа архи авч уг архиа Х ахын амьдардаг гудамжинд уусан. Ууж байхад Х ах бид хоёрт хандаж ах нь энэ утсыг авчих уу, 2 дүүдээ 20.000 төгрөг өгье гэхээр нь бид хоёр зөвшөөрөөд Х ах гэр рүүгээ орж мөнгө гаргаж ирээд тохирсон ёсоор мөнгөө өгөөд бид нар архиа ууж дуусаад салсан. ... Манай найз Б нэлээд согтуу тухайн хоёр залуугаас гал тамхи асууснаас болоод маргалдсан, би найзыгаа өмөөрч цохисон. ... Би нэг залууг нь заамдаж татаад гараараа нүүр рүү нь цохисон, хамт явсан залууд нь хэн ч гар хүрч зодоогүй. Бид нарыг зөрүүлж зодож цохисон асуудал байхгүй. ...Би уг залууг цохиж байхад гар утас нь газар унасныг Х ах авсан. Түрүүвч байсан эсэхийг мэдэхгүй байна. Бид нар бол аваагүй зөвхөн гар утсыг л авсан. ... Урд хэсгээрээ хар дэлгэцтэй, арын таг нь шаргал өнгийн Самсунг загварын гар утас байсан. ... Би дунд зэргийн согтолтттой байсан. Х ах бас дунд зэргийн согтолттой байсан. Би болсон асуудлын талаар бүгдийг нь санаж байна. Хохирогч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ бага зэргийн л согтуу байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 236-237 дугаар тал),
7. Шүүгдэгч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар:
2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өгсөн:
“... 2018 оны 10 дугаар сарын 12-ны орой 23 цагийн орчимд би найз Сгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Толгойтын хуучин эцсийн замын урд талд байрлах “Галакси” бааранд ороход тэнд Х ганцаараа сууж байсан. Тэгээд гурвуулаа хамт суугаад нэг, нэг шил пиво захиалж уусан. 02 цагийн үед тэндээс гарахад нэг залуу хажуугаар өнгөрөөд доошоо уруудаад явчихсан. Бид гурав доошоо уруудаад алхаж байгаад нэг мэдэхэд нөгөөх залууг Х, С хоёрын нэг нь газарт унагаах шиг болсон. ...Бид гурав тэр залуугаас салаад явж байхад Х халааснаасаа гар утас гаргаж ирээд гар утас уначихсан байхаар нь авчихсан гэсэн. “Хас” караоке руу орж 0.5 литрийн нэг шил архи аваад Хаш-Эрдэнийн хашааны үзүүрт сууж байгаад хувааж уусан. Х гэр рүүгээ ороод гарч ирэхдээ С бид хоёрт 20.000 төгрөг өгөөд би гар утсыг нь авлаа гээд авсан. Гар утас нь “Samsung S5” маркийн шаргалдуу өнгийн корпустай утас байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 61-62 дугаар тал),
-2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн:
“... 2018 оны 10 дугаар сарын 12-нд ...“Галакси” нэртэй бааранд ороход Х ах ганцаараа сууж байхаар нь бид хоёр очиж хамт уусан. Тэгээд Х өөрөөсөө мөнгө гаргаад 3 шил пиво авч ууж байгаад тухайн газар хааж байхад бараг 02 цаг өнгөрч байсан санагдаж байна, бид 3 гараад доошоо буюу баруун урагшаа гэр рүүгээ явж байхад юунаас болсныг нь мэдэхгүй байна. С нэг танихгүй залуутай маргалдаад зууралдсан. Тэгээд С уг залууг цохиод унагаахад уг танихгүй залуугийн шаргал өнгийн гар утас газарт унасныг Х ах очиж аваад Х ах бид хоёр тэр хоёрын зодооныг салгаад явсан. Тэгээд Х ах өөрийнхөө түрийвчнээс мөнгө гаргаж ирээд бид нар “Хас” гэх нэртэй караоке орж нэг шил 0.5 литрийн Ерөөл архи аваад гудамжинд уусан. Х ах би энэ утсыг авчих уу, та хоёрт 20.000 төгрөг өгье гэхээр нь бид хоёр зөвшөөрсөн. Х ах гэр рүүгээ ороод мөнгө гаргаж ирээд бид хоёрт тус тусад нь 20.000 төгрөг өгөөд гар утсыг аваад гэртээ орсон. ...Нэг мэдэхэд л нэг залуутай С барьцалдаад зодолдоод байж байсан. ... С зодолдоод нөгөө залуу унаад босоход уг залуугийн гар утас газарт унасан байсан. Тэгэхэд Х газраас гар утсыг нь авахыг С бид хоёр харж байсан. ...С уг залуугийн нүүр рүү нь 2-3 удаа гараараа цохиж унагаасан. Бид хоёр уг залууг цохиж зодсон асуудал байхгүй. ...Уг залуугаас гар утаснаас өөр зүйл аваагүй. ... Ямар шалтгааны улмаас маргаан болсныг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд л С маргалдаад зогсож байсан. Миний хувьд нэлээд их согтолттой байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 218-219 дүгээр тал),
8. Шүүгдэгч Б.Хаш-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд:
2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн:
“... Би 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр танил эмэгтэйтэй таарч Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах караокед орж дуу дуулангаа 1 шил 0.75 литрийн архи авч хувааж уугаад 22 цаг өнгөрч байхад нөгөө танил хүүхэн маань гэр рүүгээ явлаа гээд явчихаар нь ганцаараа үлдээд “Галакси” нэртэй бааранд орсон. Тэнд С, Б хоёртой таарч хамт нэг ширээнд суусан. Эхлээд би нэг шил пиво захиалж уусан, дараа нь С надаас 20.000 төгрөг зээлж аваад дахин хоёр, хоёр ширхэг пиво авч уусан. Орой баар хаах болоход баарны гадаа 20 орчим минут байтал баарнаас 2 залуу гараад урагшаа замын баруун талаар зам дагаад явсан. Бид нар мөн харихаар урагшаа зам дагаад алхаж байтал Б урд явж байсан хоёр залуугийн нэгийг нь арагш нь татаад унагаачихсан. Замын зүүн талаас С гүйж ирээд нөгөө залууг хэд, хэдэн удаа цохиод барьцалдаад авсан. Б, С хоёртой явж байтал С гар утас гаргаж ирээд энэ утсыг зараад нэг юм ууна гэхээр нь би халааснаасаа 7.000 төгрөг гаргаад, Б 5.000 орчим төгрөг гаргаж өгөөд, тэгээд “Хас” нэртэй баар руу очиж нэг шил архи аваад манай гудамжны үзүүрт очиж хувааж уусан. Би архи ууж байхдаа наад утсаа хэдэд зарах юм гэхэд 80.000 төгрөгөөр зарна гэхээр нь 60.000 төгрөгөөр авъя гэж хэлээд гэр рүүгээ орж 40.000 төгрөг авчраад С, Б хоёрт 20.000 төгрөг өгөөд үлдэгдэл, 20.000 төгрөг нь надад бааранд байхдаа зээлсэн 20.000 төгрөгөө суутгаад, утсыг нь аваад гэртээ орж амарсан. “Samsung S5” загварын алтлаг шаргал өнгийн корпустай утас байсан. Гар утаснаас өөр зүйл надад харуулаагүй. Хохирогч гэх залууг С гүйж ирээд хэд, хэдэн удаа цохиод барьцалдсан. ...гар утсыг ...С гаргаж ирээд энэ утсыг зараад ганц юм ууна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 69-70 дугаар тал),
-2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр өгсөн:
“... 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Галакси” нэртэй бааранд ороод сууж байтал С, Б хоёртой таарч нэг ширээнд хамт суусан. Би тэр үед өмнө нэг шил архи танил хүүхэнтэй хувааж уусан байсан болохоор нэг, нэг шил пиво захиалж уугаад дуусахад С нь надаас 20.000 төгрөг зээлээд дахин хоёр хоёр шил пиво авч хувааж уусан. 01 цагийн орчимд гурвуулаа баарнаас гараад хэсэг зогсож байгаад гэртээ харьцгаахаар урагшаа зам дагаад алхаж байтал Б бидний урд талд алхаж явсан 2 залуугийн нэгийг нь арагш нь татаад унагатал хамт явсан залуу нь зугтаасан. Тэгтэл С араас нь гүйж очоод барьж аваад зууралдаад цохиод эхлэхээр нь би очоод боль ингэж болохгүй гэж хэлээд газарт гар утас байхаар нь авч халаасандаа хийсэн. Тэгээд Б, С хоёртой хамт явж алхаж байхдаа нөгөөх халаасандаа хийсэн гар утсаа гаргаж харуулахад “хаанаас авсан юм” гэхээр нь “газарт гар утас унасан байхаар нь авчихсан юм” гэхэд зараад ганц юм ууя гэхээр нь тэгье гээд буцаад хойшоо алхаж явсаар толгойтын хуучин эцсийн “Хас” нэртэй баар руу ороод 1 шил архийг би өөрт байсан мөнгөөр аваад манай хашааны үзүүрт сууж байгаад хувааж уусан. Тэгээд би тэр хоёрт 20.000 төгрөг өгөөд утсыг авлаа гэхэд тэр хоёр тэг тэг гэхээр нь гэр рүүгээ ороод мөнгө авчраад С, Б хоёрт 20.000 төгрөг өгөөд гэр рүүгээ орж амарсан. ... Би гар утаснаас өөр зүйл аваагүй. Би тэр гар утсыг С, тэр залуу хоёрыг салгаж байхад газарт унасан харагдахаар нь аваад халаасандаа хийсэн. ... Би тэр гар утсыг хохирогчийнх болохыг мэдээгүй. Сг салгачихаад гурвуулаа алхаж байхдаа халаасандаа хийсэн гар утсаа санаад гаргаж ирээд харуулахад тэр хоёр наадхыг чинь зараад ганц юм ууя гэхээр нь би хамт явж байхдаа олсон болохоор үгүйсгэж хэлж чадалгүй өөрөөсөө мөнгө гаргаад ганц шил юм аваад манай хашааны үзүүрт очиж хувааж уугаад тэр хоёрт мөн 20.000 төгрөг өгөөд утсыг өөртөө үлдээсэн юм. Миний хувьд хэн нэгнийг зодож цохиход гар утсыг нь дээрэмдэж авсан зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 133-134 дүгээр тал),
-2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн:
“... 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Галакси” нэртэй бааранд ороод ганцаараа сууж байхад миний таньдаг дүү нар буюу Т.С, Г.Б нар гаднаас бага зэрэг уусан бололтой орж ирсэн. Тэгээд бид 3 нэг ширээнд суугаад би 20.000 төгрөг гаргаад хүний нэг нэг шил пиво авч уусан. 02 цагийн үед баарнаас гараад бид 3 тамхи татаад зогсож байхад нэг үл таних залуу хажууд ойрхон байсан, уг залуутай юунаас болсныг нь мэдэхгүй С маргалдаад зууралдаад С уг залууг цохихоор нь Б бид 2 очиж салгасан. Тэр 2 зодолдож байхад тухайн үл таних залуугийн шар өнгийн гар утас нь газарт унасан. Би уг утсыг аваад халаасандаа хийсэн. Намайг утас авч байхыг С, Б нар харж байсан. Тэгээд бид нөгөө үл таних залуугаас салаад би өөрийнхөө түрийвчнээс мөнгө гаргаж “Хас” нэртэй караоке орж нэг шил 0.5 литрийн Ерөөл архи авч, манай гэрийн гудамжинд очиж архиа уусан. Нөгөө авсан утасныхаа талаар яриад ах нь та хоёрт тус бүрд нь 20.000 төгрөг өгье, харин энэ утсыг ах нь авчих уу гэхэд тэр хоёр зөвшөөрөөд би гэр рүүгээ ороод 40.000 төгрөг гаргаж хувааж өгөөд бид 3 архиа уугаад салсан. ...Зодоон болсон газар нь уг баарнаас ертөнцийн зүгээр баруун урагшаа зам дагуу 300 орчим метр зайнд болсон. Тухайн зодоон болсны эсрэг тал руу буюу ертөнцийн зүгээр зүүн тал руу мөн 300 орчим метрийн зайнд Б бид хоёрын гэр байдаг. Харин хэрэг болсны баруун талд 150 гаруй метрийн зайнд Сгийн гэр байсан. ... Явган хүний замаар буюу төв замаа дагаад баруун урдуураа тойроод явж байсан. ... Нэг харахад С, Б бид хоёроос 4-5 орчим метр зайнд нэг үл таних хүнтэй зууралдаад зодолдож байсан. Сүүлд сонсоход гал, тамхи нэгнээсээ асууснаас болоод маргаан болсон гэж сонссон. ...Үл таних залуутай С маргалдаж заамдалцсан байдалтай байж байгаад С гараараа нүүр рүү нь цохиж унагаасан. Б бид хоёр бол уг залууд огт гар хүрээгүй. ... Хар өнгийн нүүртэй, арын таг нь шаргал өнгөтэй Samsung S5 загварын гар утсыг авсан, өөр эд зүйл аваагүй. ... Тухайн гар утсыг газар унасан байхаар нь авсан юм. ...Би С, Б нарт тус бүр 20.000 төгрөг өгсөн ба уг утсыг хэрэг болсноос 2-3 хоногийн дараа Хархорин зах дээр танихгүй явуулын хүнд зарсан. Одоо хэдэн төгрөгөөр зарснаа санахгүй байна. ... Миний хувьд нэлээн согтолттой, гэхдээ болсон асуудлын талаар бүрэн гүйцэд санаж байна. С, Б нар мөн адил нэлээн их согтолттой байсан. Стай зодолдсон үл таних залуу архи согтууруулах ундааны зүйл бас хэрэглэсэн байсан хэр зэргийн согтолттой байсан талаар мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 227-228 дугаар тал),
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12369 дугаартай дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Хамар хавантай, хамрын нуруунд 2х0,8 см зулгаралт, зүүн хацарт 4х3 см, зүүн шанаанд 6х4 см зулгаралт. Баруун нүдний зовхинд хаван, цус хуралттай.
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн бичигт: Тархи доргилт. Хамар ясны хугарал гэжээ.
Компьютер томографийн хариу: ...Хамар баруун нүд орчмын зөөлөн эд хавагнаж хавдсан. Хамар яс хугарсан, таславч мурийсан. Баруун нүдний ухархайн дотор хана 1,6 см өргөн 0,5 см гүн этмойд хөндий рүү цөмөрсөн шинэ хугаралтай.
Дүгнэлт:
-Д.Бын биед баруун нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугаралтай, хамар яс хугарсан, нүүрээр хаван хавдар, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч С.Одончимэг ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 29 дүгээр тал),
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:
10. Гэрч С.Сарангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“... Хүү С нь 2002 онд Нийслэлийн 42 дугаар дунд сургуульд элсэн орж суралцаад 2010 оны 8 дугаар ангийг төгсөж, дараа нь эчнээгээр 10 дугаар ангийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Тогооч мэргэжил эзэмшсэн боловч мэргэжлээрээ ажиллаагүй. С хүүхэд болон надтай хамт амьдарч байгаа. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 22 дугаар тал),
11. Гэрч Б.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“... Бийн Х нь миний хамгийн бага дүү байгаа юм. Манайхтай нэг хашаанд монгол гэр бариад 3-13 насны хүүхдийн хамтаар өрх толгойлж амьдардаг. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 24 дүгээр тал),
12. Гэрч Д.Алтантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“... Гын Б нь 2002 онд 42 дугаар дунд сургуульд орж суралцаж байгаад 2006 онд 4 дүгээр ангиа төгссөн. Ямар нэгэн тодорхой ажил эрхлээгүй. Одоогоос 1 жилийн өмнөөс 6 настай охины хамтаар Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага нарангийн 2-6-11В тоотод манай хашаанд монгол гэрт хоёулахнаа амьдарч байгаа юм. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 26 дугаар тал),
13. Шүүгдэгч Г.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 82 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 74, 199 дүгээр тал), Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шийтгэх тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 77-80 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 98 дугаар тал),
14. Шүүгдэгч Т.Сгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 85 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 72, 150, 200 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 202-204 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 99 дүгээр тал),
15. Шүүгдэгч Б.Хаш-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 88 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 73, 198 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 100,189 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд тус хэрэгт шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Г.Б, Т.С, Б.Х нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Бын гар утас, түрийвч, 50.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэн дээрэмдэж авсан, мөн шүүгдэгч Т.С нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогчийн нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна.
Иймд шүүгдэгч Т.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Г.Б, Б.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг;
Өмгөөлөгч нараас “шүүгдэгч нар гэм буруугийн тал дээр маргахгүй, хохирлыг нөхөн төлсөн” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.С, Г.Б, Б.Х нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Г.Б, Т.С, Б.Х нар бүлэглэн:
- Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Д.Бын “Samsung S5” загварын гар утас, түрийвч, бэлэн 50.000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдэн авч, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,
-мөн шүүгдэгч Т.С нь хохирогчийн эд хөрөнгийг дээрэмдэх явцдаа түүний нүүрэн тус газар гараараа цохиж, баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, нүүр хэсэгт хаван хавдар, цус хуралт, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 5-6 дугаар тал),
-хохирогч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 17-нд өгсөн “...зам дагаад явж байтал араас 25-30 насны эрэгтэй гурван хүн ирээд надтай хамт явж байгаад Ууганбаярын куртикнээс татаж газарт унаган, тарган залуу нь гудамж руу намайг чирч оруулаад “чи ямар овоо залуу вэ” гээд толгой руу гараараа цохисон, боож газарт унагасан, хөлөөрөө толгой хэсэг рүү өшиглөж байхад нь би ухаан алдсан. ...Ямар ч байсан нэг нь тарган, нөгөө хоёр нь туранхай залуучууд байсан. Миний” Samsung S5” маркийн гар утас, хүрэн өнгийн хэтэвч, 50.000 төгрөгийг аваад явсан, миний хамар хугарсан, үүдэн 4 шүд хөдөлсөн, ар дагз нугас руу өвдсөн, хоёр нүд хөхрөлттэй, шанаа зулгарсан, цээж хөндүүрлэсэн байдалтай байна....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 10-11 дүгээр тал),
-мөн хохирогчоор дахин 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 113-114 дүгээр тал),
-гэрч Ц.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“... 2018 оны 10 дугаар сарын дундуур, ...Бын хамт ... нилээн орой болсон хойно гараад зам дагаад явж байтал араас нэг хүн цохих шиг болж, би хажуу тийшээ унасан. ...Намайг газарт унахад Быг гудамж руу чирээд орсон юм билээ. ...Б “Galaxy S5” загварын гар утас, хүрэн өнгийн савхин түрийвч барьдаг байгаад энэ хэрэг болоход алдчихсан гэсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 115-116 дугаар тал),
-шүүгдэгч Т.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 12 дугаар сарын 28-нд өгсөн“...“Галакси” нэртэй бааранд Х сууж байхаар нь хамт суусан. ...02 цагийн үед гурвуулаа гараад зам дагаад алхаж байхад бидний урд нэг залуу явж харагдсан. ...муудалцаад би тэр залуутай барьцалдаж, хэд хэдэн удаа түүнийг цохиж байснаа санаж байна. Тэр залуугийн халааснаас улаандуу өнгийн корпустай гар утас газарт унасан байсныг Х авсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дүгээр тал),
-мөн түүний яллагдагчаар 2019 оны 3 дугаар сарын 19, 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 129-130, 236-237 дугаар тал), шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),
-шүүгдэгч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 12 дугаар сарын 28-нд өгсөн “...Бид гурав доошоо уруудаад алхаж байгаад нөгөөх залууг Х, С хоёрын нэг нь газарт унагаах шиг болсон. ...Х халааснаасаа гар утас гаргаж ирээд гар утас уначихсан байхаар нь авсан гэсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 61-62 дугаар тал), мөн түүний 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 218-219 дүгээр тал), шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),
-шүүгдэгч Б.Хаш-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 01 дүгээр сарын 04-нд өгсөн “...Баарнаас 2 залуу гараад урагшаа замын баруун талаар зам дагаад явахаар нь бид мөн урагшаа зам дагаад алхаж байхад Б урд явж байсан хоёр залуугийн нэгийг арагш нь татаж унагаасан. ...замын зүүн талаас С гүйж ирээд нөгөө залууг хаана юм нь анзаараагүй хэд хэдэн удаа цохиод барьцалдаад авсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 69-70 дугаар тал), шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),
-мөн түүний яллагдагчаар 2019 оны 3 дугаар сарын 21, 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр тус тус өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 133-134, 227-228 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12369 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 29 дүгээр тал), “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 35 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь бусад эх сурвалж нотлох баримтаар тогтоогдсон тул тэдний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугийн талаар маргаж байсан боловч шүүхийн хуралдаанд хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь бие, эрүүл мэндэд нь аюултайгаар хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг ба тус гэмт хэргийн санаа зорилго нь шунахай сэдэлтээр үйлдэгддэг. Нөгөө талаас дээрмийн гэмт хэрэг бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авсан эсэхээс үл хамаарч довтолгооноор төгсдөг.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч нарын хамтран оролцоог ялгаж үзвэл тухайн хэрэг үйл явдал болсон өдөр шүүгдэгч нар нь караокенаас гарч явахдаа гудамжинд шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэгт бусдыг өдөөн хатгаж, шүүгдэгч Т.С нь хохирогчид хүч хэрэглэн түүнийг зодож, энэ явцад шүүгдэгч Б.Х хохирогчийн эд хөрөнгийг авах зэргээр үйлдлээрээ гэмт хэрэгт санаатай нэгдэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байх ба, гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай зорилгоор үйлджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан.
Шүүгдэгч Т.С нь бусадтай бүлэглэн хохирогч Д.Бын эд зүйлийг дээрэмдэх явцдаа түүнийг чирэх, нүүрэнд нь цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан байх бөгөөд уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.Б, Т.С, Б.Х нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэгт гэм буруутайд, мөн шүүгдэгч Т.Сг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэстэй гэж дүгнэв.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан ба, энэ гэмт хэргийн улмаас эд хөрөнгө, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох ба, мөн хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн гэм хорыг энэ гэмт хэргийн хор уршигт тооцно.
Мөн “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бд 300.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, мөн хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хор уршгийн зардалд 128.000 төгрөг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 28, 30 дугаар тал)
Үүнээс эд хөрөнгийн хохирол болох 300.000 төгрөгийг шүүгдэгч нар хувь тэнцүүлэн төлөх үндэстэй байх ба, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.Б, Б.Х, Т.С нар нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хохирогчид тус бүр 100.000 төгрөг, нийт 300.000 төгрөг нөхөн төлсөн байна.
Харин хохирогчийн эрүүл мэндэд учирсан хор уршгийн зардалд нэхэмжилсэн 128.000 төгрөгийг шүүгдэгч Т.С төлөх үүрэгтэй ба үүнээс 100.000 төгрөгийг төлсөн, үлдэх 28.000 төгрөгийг төлөөгүй тул уг мөнгийг шүүгдэгч Т.Сгаас гаргуулж, хохирогч Д.Бд олгох үндэстэй байна.
Шүүгдэгч Г.Б, Б.Х нар нь хохирогч Д.Бд төлөх төлбөргүй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.Х, Г.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах,
- “шүүгдэгч Т.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялаар тооцон нэмж нэгтгэн, түүний хорих ялыг 3 жил 3 сарын хорих ялаар тогтоох, мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 937 дугаар шийтгэх тогтоолоор түүнд хорих ял оногдуулахгүйгээр, 2 жилийн хугацаагаар тэнссэн ялын эдлээгүй үлдсэн 7 сарын хорих ялыг нэмж нэгтгэн Т.Сгийн биечлэн эдлэх ялыг 3 жил 10 сарын хугацаагаар тогтоох, тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй гэсэн дүгнэлтийг,
-шүүгдэгчийн өмгөөлөгч З.Ганчимэгээс “...шүүгдэгч Г.Б урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч гэмт хэргийн хор уршиг арилсан тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу нэг жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг,
-шүүгдэгч өмгөөлөгч Б.Баттулгаас “хохирогчийн гар утсыг шүүгдэгч Б.Х авсныг харгалзан үзэх хэрэгтэй. Шүүгдэгч Т.С гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохиролд 200.000 төгрөг төлсөн тул түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 200 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасандоржоос “...шүүгдэгч Б.Х урьд ял шийтгэгдэж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, насанд хүрээгүй гурван хүүхэдтэй, энэ нь хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын тодорхойлолт, хорооны тодорхойлолт, гэрч Одончимэг нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг ялимгүй шинжийг агуулсан зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Б.Х урьд ял шийтгэлгүй байна.
Шүүгдэгч Г.Б нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 256 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгэгдсэн байх ба, шүүгдэгч нь уг ялыг биелүүлсэн гэж мэдүүлэх боловч хэрэгт энэ талаар лавлагаа, баримт байхгүй байна. Гэвч 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байгаа ба, тус хуульд заасан ялын төрөлд албадан ажил хийлгэх ялын төрөл байхгүй болж хуульчлагдсан тул шүүгдэгч Г.Бын эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Сг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 937 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн байна.
Шүүгдэгч Г.Б, Б.Х нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба шүүгдэгч нарт мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч Г.Б, Б.Х, Т.С нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн тэдэнд ял оногдуулах үндэстэй байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх ...” зохицуулалтыг шүүх хэрэглэж болох талаар заасан.
Шүүгдэгч Б.Хаш-Эрдэнийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зардлыг нөхөн төлсөн, хувийн байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан, түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн шүүгдэгч Г.Бын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зардлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Т.Сгийн гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигийн шинж чанар, хувийн байдал буюу тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Т.Сд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 937 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгэгдсэн үед шүүгдэгч Т.Сгийн үйлдсэн 2018 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг илрээгүй байсан байна.
Иймд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна гэж заасныг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 937 дугаар шийтгэх тогтоолоор Т.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл хэмжээг 3 жилийн хорих ялаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хувийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шүүхээс шүүгдэгч Т.Сг 2018 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч тус гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.
Мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” бол яллагдагчаар татаж болохгүй гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэж,
-34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан; бол эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан.
Иймд шүүгдэгч Т.Сгийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул тус хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэстэй байна.
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага шийтгэж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Г.Б, Т.С нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
4.Бусад асуудлаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 32 хоногийг, шүүгдэгч Т.Сгийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 19 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Гын Б, М овогт Тийн С, М овогт Бийн Х нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүрийг;
-мөн шүүгдэгч М овогт Тийн Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Сгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял,
-Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хаш-Эрдэнийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Быг 1 (нэг) жил 8 (найм) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 937 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Сд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгосугай.
5. Шүүгдэгч Т.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 3 жилийн хорих ялаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С, Б.Х, Г.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 32 (гучин хоёр) хоногийг, шүүгдэгч Т.Сгийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 19 (арван ес) хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.
9. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Х цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Г.Б, Б.Х нар нь бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.
10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сгаас 28.000 (хорин найман мянга) төгрөг гаргуулж хохирогч Д.Бд олгосугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Г.Б, Т.С нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх хорих ялыг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Б, Т.С, Б.Х нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА