Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/00435

 

Р.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 563 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 212/МА2017/00139 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Р.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох,

Урьд эрхэлж байсан Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьездын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Съезд, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/73 тоот тушаалаар тус төвд дотуур байрны тогоочийн ажилд томилогдон хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажиллаж байсан. Ажил олгогч 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/43 тоот тушаал гарган 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой байна. Учир нь Р.Б- надад орон тоо цомхотгосон гэх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 тоот тушаалыг танилцуулаагүй. Дотуур байрны тогоочийн ажлыг захирал И.Жанболат нь Түрээсийн гэрээ хийх нэрийдлээр халхавч хийж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд дээгүүр албан тушаал хашдаг Бауыржаны эцэг Зайтин нарын 3 хүнийг ажилд авч ажиллуулж байна. Энэхүү үйл баримт нь миний ажиллаж байсан дотуур байрны тогоочийн орон тоо бүр мөсөн хасагдаагүй болохыг нотолж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Ажил олгогч энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэжээ. Гэтэл намайг ажил олгогч орон тооны цомхотгол гэсэн хууль зүйн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байтал өнөөдөр хүртэл нэг ч төгрөгийн тэтгэмж өгөөгүй байна.

Иймд Р.Б- намайг урьд эрхэлж байсан дотуур байрны тогоочийн ажилд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 дугаартай тушаалаар тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтцийг шинэчлэн батлахдаа гуанзны тогоочийн 2 орон тоог цомхотголд оруулан хасаж баталсан. Нэгэнт дээд шатны байгууллагаас гуанзны тогоочийн, орон тоог цомхотголд оруулсан учраас ажил олгогчийн зүгээс ажилтанд нэг сарын өмнө буюу 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 74 дугаартай мэдэгдэх хуудсаар мэдэгдэж 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/43 дугаартай захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн Р.Б-ийг гуанзны тогоочийн ажлаас нь чөлөөлсөн. Тус төвийн гуанзны ажилчдын орон тоо цомхотголд орсон тул сургуулийн гуанзны хэвийн ажиллах нөхцлийг хангахын тулд дээрээс ирсэн чиглэлийн дагуу түрээсийн гэрээгээр ажиллуулж байгаа. Түрээсийн гэрээгээр талууд харилцан тохиролцож түрээслэгч өмнөх гуанзанд ажиллаж байсан ажилчид хүсвэл үргэлжлүүлэн ажиллуулах талаар үүрэг хүлээсэн боловч Р.Б-, Ш.Жанаргүл, Ш.Муратбек нар өөрсдөө ажиллахаас татгалзсан.

Иймээс гуанзны тогоочийн орон тоо нь цомхотгогдсон учраас ажил олгогчийн зүгээс Р.Б-ийг цаашид ажиллуулах боломжгүй болж ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 563 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Б-ийг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн санхүүгээс 70 200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 212/МА2017/00139 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 563 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Б-ийн хариуцагч Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан гаргасан тус төвийн дотуур байрны тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 41.1.3.-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа, хариуцагчийн өмгөөлөгч гомдол гаргахдаа тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурджээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч Р.Б-ийн орон тоо нь үгүй болж хасагдсан гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно. Гэтэл ажил олгогчоос тухайн байгууллагын менежментийг сайжруулах үүднээс хувийн компанитай байгуулсан Түрээсийн гэрээний 1.2-т гэрээний зүйл түрээслүүлэгчийн эзэмшилд байгаа эд хөрөнгө сургуулийн гуанзны эд хэрэгсэл, гал тогооны хэрэгсэл, тоног төхөөрөмж байна, 1.3-т түрээсийн гэрээний хугацаа 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл, энэхүү гэрээний 1.2-т заасан түрээсэлсэн гуанзын эд хөрөнгө, тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгийг 1 м.кв талбайн 1 \нэг сарын түрээсийн төлбөр нь 500 000\ төгрөг болно. Түрээслэгч дотуур байрны хүүхдийн тоогоор Засгийн газрын тогтоолоор баталсан нормативын дагуу санхүүжилт авна, 5.13-т тус сургуулийн гуанзанд ажиллаж байсан 2 тогоочийн саналыг харгалзан ажиллуулах, өмнөх цалингаас нь бууруулахгүй цалинжуулна. Хэрэв тогоо нар ажиллахаас татгалзвал түрээслэгч өөр хүнийг ажиллуулах эрхтэй гэж тус тус түрээсийн гэрээнд тусгасан байна. Ажил олгогчийн хувийн компанитай байгуулсан түрээсийн гэрээ нь одоо хүчинтэй мөрдөн ажиллаж байна. Үүнээс дүгнэж үзэхэд Р.Б-ийн ажиллаж байсан туслах тогоочийн ажлын байр нь үгүй болоогүй, аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь татан буугдаагүй, харин тогоочийн ажлын чиг үүрэг нь харьяаллын хувьд түрээсийн гэрээгээр өөр этгээдэд шилжсэн байна.

Ажил олгогч ажилтан Р.Б-тэй 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажлын байранд хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан ба уг гэрээний 4.1-д “долоо хоногийн 40 цаг, ажлын өдөр 8 цаг, 4.4-д “үндсэн буюу албан тушаалын цалингийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд энэхүү гэрээнд заавал нэмэлт өөрчлөлт оруулна, 7.1-д хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн хуульд заасан үндэслэл журмын дагуу цуцална, 8.2-т гэрээг мөрдөх түүнд өөрчлөлт оруулах шаардлага гарвал талууд харилцан тохиролцож холбогдох өөрчлөлтийг нэмэлт заалт оруулж болно. Тухайн жилд гүйцэтгэх ажлын онцлогийг харгалзан гэрээнд оруулах \цалин хангамж, үйлчилгээ, цаг үеийн холбогдолтой нэмэлт үүрэг даалгавар өгөх гэх мэт\ өөрчлөлтийг гэрээний нэмэлт хэсэгт тусгана гэж тодорхойлон нэрлэн зааж, талууд харилцан тохиролцсон байна. Гэтэл ажил олгогчоос түрээсийн гэрээгээр ажилтнуудын ажлын байр буюу ажлын чиг үүргийг өөр этгээдэд шилжүүлэхдээ тухайн орон тоонд ажиллаж байсан Р.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Учир нь ажил олгогчоос ажилтан Р.Б-ийн ажлын байр буюу ажлын чиг үүргийг өөр этгээдээр түрээсээр гүйцэтгүүлэхээр болсон бол орон тоонд ажиллаж байсан Р.Б-ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу өөрчлөлт оруулах талаар ажилтнаас ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг цуцалж болохгүй гэснийг ажил олгогч ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй” гэж заасан тул нэхэмжлэгч Р.Б-ийн ажлын байр нь огт үгүй болоогүй, харьяаллын хувьд ажил олгогчоос түрээсийн гэрээгээр өөр этгээдэд шилжсэн байна. Хариуцагчаас Р.Б- нь түрээсийн гэрээгээр ажиллаж буй компанид ажиллахаас татгалзсан гэсэн тайлбар нь нотлох баримтаар батлагдаагүй, өөрөөр хэлбэл Р.Б- нь өөр сайн дурын үндсэн дээр түрээсийн гэрээгээр ажиллаж буй компанид болон ажил олгогчид туслах тогоочоор ажиллахгүй байх талаар хүсэлт гаргаагүй байна.

Ажил олгогчийн Р.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2017 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн Б\43 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д   "Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 49.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг cap, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэснийг зөрчиж тэтгэмжийн асуудлыг шийдвэрлээгүй нь маргаан бүхий тушаал хууль ёсны эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн 212\МА2017\00139 дугаартай магадлалыг хүчингүйд тооцон, анхан шатны шүүхийн 563 тоот шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Р.Б- 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны тогоочоор ажилласан байна. Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А\21 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан бүтэц, орон тоогоор тус төвийн орон тоогоос тогоочийн орон тоо хасагдсан байна. Ажил олгогч 03 дугаар сарын 03-ны өдрийн 74 дүгээр албан бичгээр ажилтан Р.Б-д түүний ажиллаж байсан тогоочийн орон тоо дээд шатны байгууллагын шийдвэрээр хасагдсан тул сарын дараа түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдах талаар мэдэгджээ. Улмаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь захирлын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б\43 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар Р.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Нэхэмжлэгч Р.Б- өөрийгөө ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн тухайн маргаанд хамааралгүй зохицуулалтыг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагаас гадуур дүгнэлт хийснээс гадна маргааны үйл баримтыг үндэслэл бүхий дүгнэж чадаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Нэхэмжлэгч Р.Б-ийн ажиллаж байсан тогоочийн орон тоо хасагдсан болох нь баримтаар тогтоогдсон, ажил олгогчийн зүгээс гуравдагч этгээдтэй түрээсийн гэрээ байгуулж, тус төвд гуанз ажиллуулах болсон үйл баримт нь байгууллагын бүтэц, орон тооны өөрчлөлтийг үгүйсгэх нөхцөл болохгүй юм.

Ажил олгогч Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн харьяалал, өмчлөгч өөрчлөгдөөгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т заасан зохицуулалт тухайн маргаанд хамааралгүй болно.

Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 212/МА2017/00139 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН