Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2020/0594

 

 

 

 

2019 оны 12 сарын 25 өдөр         Дугаар 221/МА2020/0007              Улаанбаатар хот 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т, өмгөөлөгч Ч.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 492 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 492 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 23 дугаар зүйлийн 23.1.5, 23.1.6, 23.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1190 дүгээр “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” захирамжийг хүчингүй болгуулах “А” ХХК-ийн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Манай “А” ХХК нь 2013 оноос хойш гэр хорооллын дахин төлөвлөлтийн тасал хөтөлбөр оролцон үйл ажиллагаагаа явуулсаар байна. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1190 дүгээр захирамжаар төсөл хэрэгжүүлэх эрхийг үндэслэлгүйгээр цуцалсан.

Тус захирамжид Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь хэсгийг үндэслэл болгон манай “А” ХХК-ийг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хоёрдугаарт үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан гэж үзсэн. Манай компани нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Орон сууцны 7 дугаар хорооллын И, Ө хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тухай Хяналтын хорооны санал тусгагдаагүй, удаа дараа үйл ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй энэ талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байхад үндэслэлгүйгээр төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.5, 23.1.6, 23.1.7 дахь заалтыг тус тус үндэслэн “А” ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, сонсох ажиллагаа хийгдсэн, санхүүжилт зогссон нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байна гэжээ.

Гэвч манай “А” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1190 дүгээр захирамжид үндэслэж буй Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагааны ноцтой зөрчил удаа дараа гаргасан талаар хуульд заасан Хяналтын хороо, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй гэж маргаж байхад энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Тус маргаан бүхий захирамжид сонсох, мэдэгдэх ажиллагаа хийгээгүй гэж маргаж байхад өмнө нь ирүүлж байсан захирамжаар мэдэгдсэн гэж үндэслэж байгаа нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний 492 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т-ээс гаргасан давж заалдах гомдлын дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 492 дугаар шийдвэртэй хэргийг хянав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-д “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон” гэж заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Нийслэлийн зүгээс хот, суурин газрыг дахин төлөвлөн хөгжүүлэх, газрыг дахин зохион байгуулах асуудлыг шийдвэрлэхээр Гэр хорооллыг дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулан, барилгажуулалтын үйл ажиллагааг явуулж, түүнийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Журам батлах тухай” 3/31 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурын Тэргүүлэгчдийн 2014 оны “Журмын өөрчлөлтийг батлах тухай” 23 дугаар тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”, хожим 2018 оны Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам” зэргээр тус тус зохицуулж иржээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах үйл ажиллагаанд 2014 онд “А” ХХК болон “А г” ХХК-ийн түншлэл ХЕТ-2013-1 багцын “И” хэсэгчилсэн талбайд, 2016 онд “А” ХХК дангаараа Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Орон сууцны 7 дугаар хороолол орчим ХЕТ-2013-1 багцын “М, Ж, Ө” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, батламж гардан авчээ.

Улмаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны “Журмын өөрчлөлтийг батлах тухай” 23 дугаар тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын 1.3.4, 1.3.5-д тодорхойлсон гэрээг талуудтай байгуулсан бөгөөд энэ талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар маргаагүй байна.

Харин Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1190 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан ба тухайн захирамж нь “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2-т “Төсөл хэрэгжүүлэгч нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болоод техникийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална”, 5.3-д “Гурван талт гэрээнд заасан нөхцөлийн дагуу гэрээ цуцлагдаж, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 18.2-т заасан нөхцөл хангагдахгүй болсон тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална” гэж тус тус заасныг үндэслэсэн байх ба уг захирамжийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар “А” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Тус нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авч Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1190 дүгээр “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Ингэхдээ анхан шатны шүүхээс нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, маргаан бүхий асуудалд тодруулах шаардлагатай гурван талт гэрээгээр хүлээсэн ямар үүргээ зөрчсөн, гурван талт гэрээгээр хүлээсэн үүрэг нь ямар үүрэг байгааг судалж үзээгүй, цугларсан нотлох баримтдаа үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэжээ.

Маргаан бүхий 2019 оны 11 сарын 13-ны өдрийн А/1190 дүгээр захирамж гарахдаа 1/ ... гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 2/ Үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан гэсэн 2 үндэслэлийг зааж төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалжээ. Энэхүү үндэслэл нь “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5.2-т заасан заалт байна. Уг журамд зааснаар “... төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болоод техникийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан нь Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон байх” ёстой. Хариуцагчийн зүгээс энд заасан “... үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан” гэсэн үндэслэлийг хамааралгүй гэж тайлбарласан тул энэ талаар цааш нь дэлгэрүүлэн дүгнэлт өгөөгүй болно.

Харин маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын А/1190 дүгээр тушаалд дурдагдсан “... гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэсэн үндэслэл бүрэлдсэн эсэх талаар нь зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай.

Гэтэл хавтаст хэрэгт маргаан бүхий гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх “Гурван талт гэрээ” авагдаагүй байна. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэхэд учир дутагдалтай гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Мөн түүнчлэн анхан шатны шүүхээс зөрчил гаргасан талаар дүгнэлт хийхдээ “... газраа чөлөөлсөн иргэдийн удаа дараа гаргасан хүсэлтүүд болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүртгэл хяналтын картаар ирүүлсэн гомдол, хүсэлтүүд, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар хурлын тэмдэглэл зэргээр тогтоогдож байна...” гэсэн нотлох баримтад үндэслэжээ.

Гэтэл бодит байдалд “А” ХХК болон “А г” ХХК-ийн түншлэл ХЕТ-2013-1 багцын “И” хэсэгчилсэн талбайд, “А” ХХК дангаараа Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Орон сууцны 7 дугаар хороолол орчим ХЕТ-2013-1 багцын “М, Ж, Ө” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, батламж гардан авсан. Улмаар “А” ХХК хүсэлт гаргаад М болон Ж хэсэгт төсөл хэрэгжүүлэх эрхээсээ татгалзсан. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан гэж тайлбарлаж, энэхүү үйл баримтын тухайд талууд маргаагүй байна.

Гэтэл одоо маргаж буй И болон Ө хэсэгчилсэн талбайтай хамааралгүй буюу “М, Ж” хэсэгчилсэн талбайд холбогдуулан гаргасан гомдол, хүсэлт байгааг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй нотлох баримтыг үнэлж үндэслэлгүй шийдвэр гаргажээ. Энэхүү иргэдийн өргөдөл, гомдлыг нэг бүрчлэн тухайн талбайд хамааралтай эсэх талаар нь дүгнэх шаардлагатай.

Мөн нэхэмжлэгчийн сонсох ажиллагаа явуулаагүй тухай гомдолд анхан шатны шүүх “... хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулсан талаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр хорооллын дэд бүтцийн газрын “... 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 03/276 дугаар албан бичиг...” авагдсан байх тул нэхэмжлэгч “А” ХХК-ийн хүчингүй болгуулахаар маргаж буй актын үндэслэлийг өмнө нь мэдсэн гэж үзэх боломжтой ...” гэж дүгнэжээ. Гэтэл 2014 онд “А” ХХК болон “А г” ХХК-ийн түншлэл ХЕТ-2013-1 багцын “И” хэсэгчилсэн талбайд шалгарсан байгааг анхаараагүй, “Асар групп” гэх хуулийн этгээдэд мэдэгдсэн эсэх талаар нь нотлох баримт цуглуулаагүй байна.

Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд “А” ХХК-иас хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын А/1190 дүгээр захирамжид дүгнэлт өгөх боломжгүй юм.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлэн дүгнэлт гаргасан байхад давж заалдах шатны шүүх дээрх байдлыг үл харгалзан дүгнэх нь тус шүүхийн хяналтын хэмжээ хязгаараас хэтэрсэн байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасанд нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцэн шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д тус тус заасныг баримтлан