Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 182/шш2016/01081

 

                       

 

 

 

 

2016 оны 11 сарын 17 өдөр

   

Дугаар 182/ШШ2016/01081

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, шүүгч И.Амартөгс, Х.Дашдэчмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Ч-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ШШГЕГ,

Хариуцагч:ЦЕГт тус тус холбогдох,

 

Гэм хорын хохирол болох 194 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ч, хариуцагч ШШГЕГын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, хариуцагч ЦЕГын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, иргэдийн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэвэл нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний бие   аймгийн  гэгч хүнд 250 000 төгрөгийн өглөгтэй байсан. Гэтэл Б.Кийн танил цагдаа намайг баривчлан 3 хоног шалтгаангүй цагдан хорьсон. Энэ хугацаанд манай гэрт очиж, гэр бүлийн хүмүүсийг минь айлгаж, хашаанаас ганц орлого залгуулж байсан хувийн   улсын дугаартай фургон авто машиныг эд хөрөнгө хураах шийдвэргүйгээр хураан авч өрх гэрийн орлогыг хааж, бусдад хууль бусаар дамжуулсан юм.  

Баян-Өлгий аймгийн Цагдаагийн хэлсийн ажилтан Айбек, Текей нар 2004 оны 09 сард миний фургон авто машиныг хураан авч,улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх  албанд битүүмжлэн, хураасан байгаа юм. Хууль бусаар авсан машиныг надад буцааж өгөхийг шат, шатны прокурор шаардаж, албан тоотод илгээж байхад ч өгөөгүй. Авто машинаа буцаан авч чадаагүй.Гэтэл  2005 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч нар хуурамч  бичиг баримт үйлдэж, үлдээсэн.

Бид гэр бүлээрээ хууль бус үйлдлийн золиос болж олон сар жилээр мөнгө санхүүгийн хямралд орж , нэр, төр,  эд хөрөнгөөрөө бүрэн хохирч байна. Энэ бүхнээс болж хүүхэд маань нас барсан. Миний хувьд энэ хууль бус ажиллагааны улмаас хохирч байгаа талаар цагдаа, прокурор, шүүх зэрэг газруудад 2004 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй хөөцөлдөж явна. Хамгийн сүүлд өөрт учруулсан хохирлыг  ЦЕГ болон Хууль зүйн яамнаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шийдвэр гарч, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа шийдвэр гүйцэтгэлийн журмаар машиныг хураан авсан  байх тул ЦЕГ, Хууль зүйн яам хариуцах ёсгүй гэж үзсэн. Нэгэнт шүүх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон учир миний бие ШШГЕГт  гомдол гаргахад 8 жил өнгөрсөн гэсэн шалтгаанаар миний гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Би цагдаагийн болон прокурорын байгууллагаар гомдлоо гаргаж явсаар  хамгийн сүүлд гарсан шүүхийн шийдвэр гомдол гаргах хугацааны тухайд дурдаагүй байгаа нь хохиролоо нэхэх хөөн хэлэлцэх хугацаа надад нээлттэй болохыг харуулж байна. Иймд ШШГЕГ, ЦЕГаас гэм хорын хохиролд 194 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэлд хохиролын үнийн дүнгийн жагсаалтыг гаргаж, хавсаргаж өгсөн. Хохирол нэхэх цаг хугацааны хувьд 2004 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 10 гаруй жил хохирсон хохиролыг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч  ЦЕГ болон ШШГЕГаас 194 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ШШГЕГ хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн А.Зая шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн шүүгчийн 2005 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 214 дүгээр захирамжаар Б.Чаас 309 750 төгрөгийг гаргуулж иргэн Б.Кт олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг Баян-Өлгий аймаг дахь шийдвэр гүйцэтгэх алба хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж байхад   2005 онд Б.Ч  маркийн автомашин, олох байсан орлого  гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан.

 Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 350 дугаар шийдвэрээр Б.Каас фургон авто машиныг гаргуулж, Б.Чт олгохоор шийдвэрлэсний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд битүүмжлэгдэн хураагдан хадгалагдаж байсан   номерийн фургон авто машиныг Б.Чт 2005 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэн өгсөн  тухай баримт шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт авагдсан байна. Б.К нь Сум дундын шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 350 дугаар шийдвэрт давж заалдах гомдол гаргаж, Баян-Өлгий аймгийн давж заалдах шатны шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 72 дугаар магадлалаар 350 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Б.Чын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

 Б.Ч нь давж заалдах шатны шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 72 дугаар магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргасан байдаг бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянан хэлэлцээд, Баян-Өлгий аймгийн давж заалдах шатны шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 72 дугаар магадлалыг хэвээр үлдээж, Б.Чын гомдлыг хангахгүй орхисон. Б.Ч нь Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан.

            Б.Чын гомдолд дурдсан үндэслэлээр дүгнэлт гаргаж, хэргийг  Улсын Дээд шүүхийн хуралдаанаар хэлэлцүүлэх хууль зүйн үндэслэлгүй талаар 2006 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 6/1422 дугаар албан бичгээр хариу өгсөн. Үүний дараа Баян-Өлгий аймаг дах шийдвэр гүйцэтгэх алба нь Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн шүүгчийн 2005 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 214 дүгээр захирамжийг биелүүлэх ажиллагааг дахин явуулж, Б.Чт хүлээлгэн өгсөн байсан 37-03 БӨА улсын дугаартай фургон авто машиныг буцаан авсан. 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10 тоот эд хөрөнгө битүүмжлэх актаар тухайн фургон авто машиныг битүүмжилсэн байна.

            2006 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Б.Ч нь төлбөрөө төлөөгүйн улмаас төлбөрт хураагдсан фургон авто машиныг төлбөр авагч Б.Кт шилжүүлсэн өгч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан байна. Баян-Өлгий аймаг дах шийдвэр гүйцэтгэх алба нь  шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн шүүгчийн 2005 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 214 дүгээр захирамжийг гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 87 дугаар зүйлд шийдвэр гүйцэтгэгчээс бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр заасан. Шийдвэр гүйцэтгэгчийг хууль бус ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэл хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна” гэж заасан байх бөгөөд хохирол нэхэмжлэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэг үндэслэлээр Б.Чын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч ЦЕГ хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Б.Ч нь 2003 оны 11 сард  лсын дугаартай бор ногоон өнгийн  машиныг барьцаалж, Б.Коос 600 000 төгрөгийн зээл авсан байдаг. Б.Ч нь зээлсэн мөнгөө хугацаандаа төлөөгүй учир иргэн Б.К Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхэд иргэний журмаар нэхэмжлэл гаргаж, Сум дундын шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 214 тоот захирамжаар иргэн Б.Чаас 309 750 төгрөгийг гаргуулж Б.Кт олгуулахаар шийдвэрлэжээ.

 Дээрх 214 дүгээр захирамжийн дагуу аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч С.Мейрамбек нь 2005 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэх тогтоол үйлдэж, 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 05 тоот актаар Б.Чын эзэмшлийн  улсын дугаартай авто машиныг битүүмжилж, 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн  улсын дугаартай машиныг хураан авч шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хашаанд түр хадгалсан хэрэгт баримт байдаг. Б.Ч нь Б.Каас фургон авто машин гаргуулах,олох байсан орлого 485000 төгрөг гаргуулахаар шүүхэд  нэхэмжпэл гаргасан байна. Сум дундын шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 350 тоот шийдвэрээр Б.Чын эзэмшлийн фургон машиныг өөрт нь буцаан олгох, харин автомашинаар олох байсан орлогын 485 000 төгрөгийг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Аймгийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 72 тоот магадлалаар Сум дундын шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 350 тоот шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсний дагуу хүчин төгөлдөр анхан шатны шүүхийн шүүгчийн 214 дүгээр захирамжийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, шийдвэр гүйцэтгэгч С.Мейрамбек нь 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл үйлдэн, эд хөрөнгө битүүмжпэх 10 тоот актаар  улсын дугаартай автомашиныг дахин битүүмжилсэн байдаг.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад  Б.Ч нь Улсын дээд шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 82 дугаар тогтоолыг хянуулахаар Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан байдаг ба   гомдолтой танилцаад, Б.Чын гомдолд дурдсан үндэслэлээр дүгнэлт гаргаж, хэргийг Улсын дээд шүүхийн хуралдаанаар хэлэлцүүлэх хууль зүйн үндэслэлгүй талаар 2006 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 6/1422 дугаар албан бичгээр хариу өгснөөр 214 дүгээр захирамжийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа  явагдаж, 2006 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 19 тоот актаар дээрх автомашиныг хураан авч иргэн Б.Кт хүлээлгэн өгсөн байна.

 Б.Чыг авто машиныг цагдаагийн алба хаагчид хураан аваагүй, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хуульд заасан үндэслэл журмын дагуу хураан авч, шүүхийн шийдвэрийг биелүүлжээ. Цагдаагийн ажилтан  нарыг хууль бусаар машин хураан авч хохирол учруулсан гэж гэм хорын хохиролд 194 000 000 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилд дурдсан “Айбек, Текей нар баривчлан 3 хоног шалтгаангүй цагдан хорьж, хууль бусаар авто машин хураан авч хохирол учруулсан” гэх байдал баримтаар тогтоогдоогүй. Мөн Айбек, Текей нар нь Б.Чыг танихгүй, 37-03 БӨА дугаартай автомашиныг хураасан, хохирол учруулсан талаар мэдэх зүйлгүй гэх тайлбарыг өгдөг. Д.А эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай прокурорын тогтоол хэрэгт байгаа.

 Нэхэмжлэгч Б.Ч нь ЦЕГт холбогдуулан цагдаагийн албан хаагч А, Т нарын хууль бус үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд 10 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг өмнө нь гаргаж байсан.  Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2136/ч шийдвэрээр цагдаагийн албан хаагч Д.А, С.Т нарын хууль бус үйлдлийн улмаас хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж гэж Б.Чын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй олгож шийдвэрлэсэн. Б.Ч нь дээрх шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нэхэмжлэлийн үндэслэл болгож, гэм хорын хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул ЦЕГт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч ШШГЕГ, ЦЕГт тус тус холбогдуулан гэм хорын хохирол болох 194 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

  1. Нэхэмжлэлийн талаар:

Нэхэмжлэгч Б.Ч нэхэмжлэлийн үндэслэлээ “... Баян-Өлгий аймгийн Б.К гэгчид 250 000 төгрөгийн өглөгтэй байсан. Б.К нь танил цагдаагаар  намайг ямарч шалтгаангүй 3 хоног цагдан хорьж, эд хөрөнгө хураах шийдвэргүйгээр хувийн   улсын дугаартай   авто машиныг хурааж авчрах гэрийн орлогыг хааж хууль бусаар бусдад дамжуулсан. Хууль бусаар авсан машиныг буцаан өгөхийг шат, шатны прокурор шаардаж, албан тоот илгээж байхад өгөөгүй, 10 сарын дараа буюу 2005 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч  нар хуурамч баримт үйлдэж үлдээсэн.

2004 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 10 гаруй жил хохирсон хохиролыг гаргуулахаар тасралтгүй хөөцөлдөж байгаа бөгөөд хамгийн сүүлд хохирлоо ЦЕГ, Хууль зүйн яамнаас гаргуулахаар нэхэмжлэл гаргахад шүүх шийдвэр гүйцэтгэлийн журмаар машиныг хураасан учир ЦЕГ, Хууль зүйн яам хариуцахгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Шүүх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, ... цагдаа, шийдвэр гүйцэтгэлийн буруутай үйл ажиллагаанаас   улмаас учирсан хохиролд 194 000 000 төгрөг нэхэмжилж байна ...” гэж,  

            Хариуцагч ШШГЕГын итгэмжлэгдсэн  төлөөлөгч А.З шүүх хуралдаанд “... Баян-Өлгий аймаг дах шийдвэр гүйцэтгэх алба нь Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн шүүгчийн 2005 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 214 дүгээр захирамжийг гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж дууссан. Шийдвэр гүйцэтгэгч хууль бус ажиллагаа явуулсан гэж  үндэслэл шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн баримтаар  тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна” гэж заасан байх бөгөөд хохирол нэхэмжлэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэг үндэслэлээр Б.Чын нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна ...” гэж,

Хариуцагч ЦЕГын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “... Б.Чын Фургон машиныг цагдаагийн алба хаагчид хураан аваагүй, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хуульд заасан үндэслэл журмын дагуу уг машиныг хураан авч, шүүхийн шийдвэрийг биелүүлжээ. Цагдаагийн ажилтан Айбек, Текей нарыг хууль бусаар машин хураан авч хохирол учруулсан гэж гэм хорын хохиролд 194 000 000 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч Б.Ч нь   ЦЕГт холбогдуулан цагдаагийн албан хаагч Айбек, Текей нарын  хууль бус үйлдлийн улмаас учирсан  гэм хорын хохиролд 10 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг өмнө нь гаргаж байсан.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2136/ч шийдвэрээр цагдаагийн албан хаагч Д.А, С.Т нарын хууль бус үйлдлийн улмаас хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж Б.Чын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй олгож шийдвэрлэсэн. Б.Ч нь дээрх шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нэхэмжлэлийн үндэслэл болгож, гэм хорын хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй ...” гэж тус тус тайлбарлаж байгаа болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ.

Зохигчид эдгээр эрх, үүргийн дагуу нотлох баримтыг шүүхэд өөрсдөө гаргаж өгөх, цуглуулж өгөх учиртай болно.

Шүүх хуралдаанд зохигчдын өгсөн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд:

Б.Ч нь 2003 оны 07 дугаар сарын 11-ний өдөр иргэн Б.Каас 600 000 төгрөг зээлж, барьцаанд нь УАЗ-452 маркийн /фургон гэх/ авто машиныг  өгсөн байх бөгөөд дээрх зээлийн маргаанаас үүссэн иргэний хэргийг Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн шүүгчийн 2005 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 214 дүгээр захирамжаар шийдвэрлэсэн болох нь:

 Б.Чын нэхэмжлэлтэй, Б.Кт холбогдох фургон машин, олох байсан орлого 485 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Баян-Өлгий аймаг   дах Сум дундын шүүх шийдвэрлэж, 2005 ны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 350 дугаар шийдвэрээр Б.Коос  улсын дугаартай   машиныг гаргуулж, Б.Чт олгохоор шийдвэрлэснийг хариуцагч Б.Кын гомдлоор Баян-Өлгий аймгийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, 2005 оны 11 дүгээр сарын 08-ы өдрийн 72 дугаар магадлалаар Сум дундын шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 350 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь тус тус тогтоогдож байна. / х.х-ийн  тал/

Б.Ч нь давж заалдах шатны шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 72 дугаар магадлалыг эс зөвшөөрч, хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байх ба Улсын дээд шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 82 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Чын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн хүчин  төгөлдөр магадлал, тогтоол хэрэгт нотлох баримтаар авагджээ. /х.х-ийн тал/

Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн шүүгчийн 2005 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 214 дүгээр захирамжаар хариуцагч Б.Ч нь нэхэмжлэгч Б.Кт 300 000 /гурван зуун мянган/ төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн,  зөвшөөрлийг баталж, шийдвэрлэжээ.

 Баян-Өлгий аймаг дах шийдвэр гүйцэтгэх албанаас дээрх хүчин төгөлдөр  шүүхийн шийдвэр /214дугаар захирамийг/-ийг албадан гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, хураагдсан 37-03 БӨА улсын дугаартай Фургон маркийн авто машиныг 2006 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төлбөр авагч Б.Кт шилжүүлэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дууссан байх ба талуудын гаргасан гомдол хүсэлтэд хуульд заасан журмын дагуу хандаж байсан болох нь зохигчдын тайлбар, Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн шүүгчийн 2005 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 214 дүгээр захирамж, 45 тоот шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хувийн хэрэг зэрэг бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна. /х.х-ийн тал/

 Нэхэмжлэгч Б.Ч нь эдгээр үйл баримтыг баримтаар үгүйсгэж чадаагүй гэж үзэхээр байна.

Учир нь нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн нэхэмжлэлийн  шаардлага, түүний үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө шүүхэд гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно. 

Иймд хариуцагч Шүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус ажиллагааны улмаас нэхэмжлэгч Б.Чт гэм хорын хохирол учирсан гэж үзэх зохигчдын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд гэм хор, гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/, түүний гэм буруу, гэм хор болон үйлдлийн хоорондох шалтгаант холбоо байсан тохиолдолд гэм хорыг арилгах үүрэг гэм буруутай этгээдэд үүсдэг болно.

  1. Хөөн хэлэлцэх хугацааны талаар:

Б.Ч нь 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд гаргаж байсан. /х.х-ийн тал/

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна” гэж, шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхыг зохицуулжээ.

Хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааны талаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зохицуулсан байдаг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн/ хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-д “Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхнүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор гомдлоо хуульд өөр заагаагүй бол ахлах шйдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрвөл шүхэд гомдол гаргана” гэж, мөн хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Энэ хуулийн дагуу гаргасан шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны шийдвэр, үйл ажиллагааны тухай гомдлыг холбогдох этгээд уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор дээд шатны албан тушаалтанд гаргана” гэж, 143.2-т “Дээд албан тушаалтан гомдлыг холбогдох хууль тогтоомжид заасан хугацааны дотор шалган шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 143 дугаар зүйлийн 143.3-т “Дээд албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргаж болно” гэж тус тус заажээ.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, 76.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэжээ.

Хэрэгт  шүүхээс үзлэг хийж, бэхжүүлж авсан 45 дугаар шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн баримтаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн шүүгчийн 2005 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 214 дүгээр захирамжийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2006 оны 06 дугаар сарын 19-ний өдөр дууссан байх бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 19 тоот тогтоолын хуулбарыг  төлбөр авагч, төлбөр төлөгч нарт хүргүүлэв гэжээ. /х.х-ийн тал/

Б.Чын гаргасан гомдлыг хянаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  ерөнхий газрын дарга улсын ерөнхий гүйцэтгэгч хурандаа Г.Т 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 389 тоот хариу мэдэгдэх хуудсаар гомдлын хариуг өгч байсан байна. /х.х-ийн тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.3-д  зааснаар дээд албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул шаардлага гаргах эрхээ алдсан байна гэж үзнэ.

Мөн хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх хуульд заасан үндэслэлүүд хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. /х.х-ийн тал/

Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагчаар ЦЕГыг татаж,  тус газрын албан хаагчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд   194 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа  боловч, нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хүчин төгөлдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2136/ч шийдвэр байх ба шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нэхэмжлэлийн үндэслэл болгон, нэхэмжлэлийн үнийн дүнг нэмэгдүүлэн, хохирол шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж үзнэ. /х.х-ийн тал/

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч ШШГЕГ, ЦЕГт холбогдох гэм хорын хохиролд 194 000 000 төгрөг гаргуулах тухай Б.Чын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтуудыг баримтлан хариуцагч ШШГЕГ, ЦЕГт холбогдох 194 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т  заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Чыг улсын тэмдэгтийн хураамж 1 127 950 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

           

 

                                    ДАРГАЛАГЧ                                Ж.ЦЭНГЭЛ

 

                                   ШҮҮГЧИД                                 И.АМАРТӨГС

 

                                                                           Х. ДАШДЭЧМАА