Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2020/0609

 

“МА” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 526 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор “МА” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 526 дугаар шийдвэрээр:

 “Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, /1993 оны/ Монгол Улсын онцгой албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 3, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын даргын 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/40 дугаартай шийдвэрийн “МА” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох “МА” ХХК-ийн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан шинжээчийн зардал болох нийт 12,936,000.0 /арван хоёр сая есөн зуун гучин зургаан мянга/ төгрөгийг “МА” ХХК-иас гаргуулж “ЛЭНДС” ХХК-д олгож.” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.С нар давж заалдах гомдолдоо:

“Нэхэмжлэгч “МА” ХХК-иас гаргасан “...Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/40 дугаартай шийдвэрийн “МА” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох...” шаардлага бүхий Татварын ерөнхий газарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд гаргасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 526 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч нэхэмжлэгч “МА” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, өмгөөлөгч П.С нарын зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгчийн зүгээс анх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “...Үндэсний Татварын ерөнхий газрын даргын 2004 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 1/40 дугаартай шийдвэрийн “МА” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоос гадна захиргааны байгууллагын илт хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан 26.620.482.985.9 төгрөгийг хохирол төлбөрийг хариуцагчаас гаргуулах...” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шинээр явагдаж эхэлсэн 2020 оны 03 дугаар сард нэхэмжлэгчийн зүгээс урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “...Үндэсний Татварын ерөнхий газрын даргын 2004 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 1/40 дугаартай шийдвэрийн “МА” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болгохыг тогтоолгох...” болгож багасгасан бөгөөд зүй нь хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр, захиргааны хэргийн шүүхэд явагдаж байгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хариуцагч талаас хохирол төлбөрийн хэмжээнд маргаантай байр суурь илэрхийлдэг тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар иргэний хэргийн шүүхээр хохирол төлбөрийн асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Нэхэмжлэгчийн дээрх байр суурийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан...” гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд дээрх байдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад тодорхой тайлбарлаж мэдүүлсээр байхад анхан шатны шүүх 526 дугаартай шийдвэрийнхээ ҮНДЭСЛЭХ нь хэсэгт ...“Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан /дэмжээгүй/ тул шүүх уг татгаллзлыг хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг дурьдсугай...” гэж тусгайлан тэмдэглэсэн байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийг ноцтой зөрчсөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дах хэсэгт заасан үр дагавар үүссэн гэж дүгнэлт өгөхүйц шийдвэр болсон байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсгүүдийг зөрчсөн зөрчил болно.

2. Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2004 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 1/40 дугаартай албан бичиг нь тухайн үед мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйл “... Монгол Улсын татвар нь улсын болон орон нутгийн татвараас бүрдэнэ...” 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг “...Улсын Их Хурал, Засгийн газраас хувь хэмжээг нь тогтоосон Монгол Улсын нутаг давсгэрт нийтлэг үйлчлэх татварыг улсын татвар гэнэ...” 16 дугаар зүйл “...Онцгой татвар нь улсын татварт хамаарна...” 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг “...Мөн хуулийн 16 дугаар зүйлд зааасан татварын хувь хэмжээг Улсын Их Хурал тогтооно...” гэж заасныг шууд зөрчсөн байгааг анхан шатны шүүх зөв дүгнэж чадаагүй. Өөрөөр хэлбэл Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгүүдэд заасан татварын хувь хэмжээг тогтоох бүрэн эрх нь Улсын Их Хуралд хамааралтай байхад Татварын ерөнхий газрын дарга өөрт нь хуулиар олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд захиргааны акт гаргаж нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож байгаа нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн зөрчил болох нь тодорхой байна.

Гэтэл анхан шатны шүүх “...Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Татварыг Улсын Их Хурал хуулиар бий болгож, өөрчилж хүчингүй болгоно мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт Улсын Их Хурал энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан татварын хувь хэмжээг тогтооно...” гэж заасан эрх хэмжээнд халдаагүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлээ тодорхойлсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.  

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн үйлдвэрлэж байсан оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан “Мөрөөдлийн ханд” нэртэй бүтээгдэхүүн нь согтууруулах ундааны төрөлд хамаарах эсэх асуудлаар талууд удаан мэтгэлцсэн. Бүтээгдэхүүний шинж чанар, хүний биед үзүүлэх нөлөөллийн талаар эрх бүхий байгууллагаар шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэсэн байр суурийг ч илэрхийлж хүсэлт гаргаж байсан бөгөөд шүүх тухайн хүсэлтийг хүлээн аваагүй. Учир нь хэрэгт авагдсан Оюуны өмчийн газраас 1999 оны 08 дугаар сарын 06-ны өдөр олгосон №1539 дугаартай “Мөрөөдөл” нэртэй бүтээгдэхүүнд олгосон патент, Эрүүл мэндийн яамны харьяа Сэтгэцийн эмгэг мансуурал судлалын төвийн дэргэдэх эрдэм шинжилгээний секторын 2001 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №01 дүгээр хурлын проткол, мөн өдрийн Эрүүл мэндийн яамны харьяа Сэтгэцийн эмгэг наркологийн төвийн дүгнэлт, Ургамлын гаралтай хүнсний стандартчиллын ДХ-ны 2004 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэл Эмийн үндэсний зөвлөл, Хүний эмийн салбар зөвлөлийн 2004 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №a/011 дүгээр хурлын тэмдэглэл, Эрүүл мэндийн яамны 2004 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №6/3558 тоот албан бичиг, Эрүүл мэндийн яамны Сэтгэцийн эмгэг норкологийн төвийн 2004 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №128 дугаартай албан бичиг зэрэг бичгийн баримтуудаар “Мөрөөдлийн ханд” гэх бүтээгдэхүүний төрөл, шинж чанар зэргийг тодорхойлох боломжтой гэж дүгнэсэн.

Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар “Мөрөөдлийн ханд” нэртэй бүтээгдэхүүн нь хүний биед элдэв харш нөлөө үзүүлэхгүй бие мах бодийг сэргээж эрүүл мэндийг дэмжих үйлчилгээтэй бүтээгдэхүүн болохыг мэргэжлийн салбар, салбарын байгууллагууд тодорхойлж шинжилж өгсөн байдаг бөгөөд тухайн бүтээгдэхүүнд шимийн архи нэмэлт түүхий эдээр ордог, гол орц нь зөгийн бал гэх үйл баримтын нотолсон нэхэмжлэгчийн тайлбар, шинжлэн судласан бичгийн баримтуудад ямар ч дүгнэлт хийхгүй орхигдуулж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Тухайн цаг хугацаанд үйлчилж байсан Татварын ерөнхий хуулинд ч шинэчлэн найруулж батлагдсан одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Татварын ерөнхий хуулинд ч гэрт уламжлалт аргаар боловсруулсан шимийн архинд онцгой албан татвар ногдуулах эрх зүйн зохицуулалт байхгүй.

Нэхэмжлэгч “МА ХХК-ийн хувьд ч хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлсэн бүхий л цаг хугацаандаа шимийн архийг үйлдвэрийн технологийн аргаар үйлдвэрлэж байсан туршлага, үйл баримт байхгүй. Тухайн нөхцөл байдлыг 2004 оны 01 дүгээр сард маргаан бүхий захиргааны акт гарсан цаг хугацаанд ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан 2020 оны 07 дугаар сард ч хариуцагч Татварын ерөнхий газраас удаа дараа явуулсан шалгалт, үзлэгийн тэмдэглэлд тодорхой тусгагдсан байдаг.

Гэтэл нэхэмжлэгч “МА” ХХК-ийг шимийн архи үйлдвэрлэдэг мэтээр дүгнэлт хийж бүтээгдэхүүнийг согтууруулах ундааны төрөлд хамтатган дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл  бүхий дүгнэлт хийж чадаагүй болохыг тодорхой харуулж байна.

4. Үндэсний татварын газрын 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/40 дугаартай албан бичиг нь нэхэмжлэгчийн үйлдвэрлэлийг зогсоох, татварын хувь хэмжээг тодорхой бус нөхцөл байдалд оруулсан буюу дээрхи үр дагаварыг шууд үүсгэсэн шинжээрээ захиргааны акт мөн болохыг анхан шатны шүүх баталж дүгнэсэн атлаа тухайн захиргааны акт нь илт хууль бус байх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд үүссэн үйл баримтанд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй маргаан бүхий асуудалд үйл ажиллагааны чиглэл болон эрх зүйн хамран үйлчлэх шинжээрээ огт хамааралгүй “Архидан согтуурах тэмцэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг үндэслэн шийдвэр гаргасан нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг алдагдуулсан зөрчил болсон.

5. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шинэчлэн явуулах гол үндэслэл нь маргаан бүхий асуудлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэх үндэслэл байсан бөгөөд дээрхи үндэслэлээр өмнөх шийдвэрийг хүчингүй болгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан 2020 оны 02 сараас эхлээд шүүх хуралдаан явагдсан 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртлэх хугацаанд Сэлэнгэ аймгийн Татварын хэлтэс нь ямар үндэслэл, шалтгаан нөхцлөөр хууль ёсны эрх ашиг, сонирхол нь хөндөгдсөн болохоо тодорхойлж чаддаггүй бөгөөд “...Орон нутгийн төсвийн орлого тасалдсан...” гэх ганц өгүүлбэрийг шүүх хуралдаанд мэдүүлдэг.

Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс түүний үйл ажиллагааг хариуцагч нь Татварын ерөнхий хуулиар онцгой албан татварт, хамаарах, татварын тодорхой бус нөхцлөөр хязгаарлаж байгаа талаар маргаж хууль зүйн үндэслэлээ тодорхойлсон буюу орон нутгийн татварын байгууллагын эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар маргаж байхад дээрхи үйл баримтын хүрээнд гуравдагчийн эрх ашиг хөндөгдөнө гэх илтэд үндэслэлгүй байдлаар шийдвэрийг хүчингүй болгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааа явуулсанд гомдолтой байна.

Иймд нэхэмжлэгч “МА” ХХК-ийн нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газарт холбогдох ...”Үндэсний татварын газрын даргын 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/40 дугаартай шийдвэрийн “МА” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох...” шаардлагыг хянан хэлэлцээд гаргасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 526 дугаартай шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дах хэсэгт зааснаар бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 526 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянаад, хууль хэрэглээний өөрчлөлт орууллаа.

Нэхэмжлэгчээс 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаартай албан бичгээр хүргүүлсэн хүсэлтэд Татварын ерөнхий газрын даргын 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/40 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч “МА” ХХК-д тус хуулийн этгээдийн 1539 дугаар патент бүхий “Мөрөөдлийн ханд” гэх нэртэй бүтээгдэхүүнийг зөгийн балтай шимийн архи гэж үзэж Монгол Улсын онцгой албан татварын хууль /1993 оны/-ийн 7 дугаар зүйлийн 3 болон Монгол Улсын Дээд шүүхийн “Татварын тухай зарим хуулийн зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай” 2002 оны 100 дугаар тогтоолын 3.1-д тайлбарласныг баримтлан онцгой албан татвараас чөлөөлөх боломжгүй болохыг мэдэгдсэн байна.

Иймд нэхэмжлэгч “МА” ХХК-иас дээрх захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.4, 47.1.5, 47.1.6, 47.1.7-д заасан үндэслэлээр илт хууль бус акт хэмээн үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар илт хууль бус болохыг тогтоолгохоор маргажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус байх шинжийг заасан бөгөөд “илт хууль бус акт” гэдэг нь засах боломжгүй илэрхий, ноцтой алдаатай актыг хэлэх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр энэ тухайд хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь энэ тохиолдолд хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах, өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэн хариу өгөх нийтлэг үүргийг биелүүлсэн болно.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д “Үндэсний татварын ерөнхий газрын дарга нь татварын улсын ерөнхий байцаагч байх бөгөөд Татварын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан татварын улсын байцаагчийн бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн дагуу хөнгөлөлт үзүүлэх, түүнийг татвараас чөлөөлөх” гэж зааснаар Татварын ерөнхий газрын даргаас нэхэмжлэгчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь татвараас чөлөөлөх боломжгүй болохыг мэдэгдсэн нь тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт бүрэн хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан ба захиргааны акт гаргахдаа хуульд үндэслээгүй, хуулийн тодорхой заалтыг баримтлаагүй, хуульд заагаагүй үндэслэлээр иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан зэрэг эрх зүйн илэрхий алдаа гаргасан гэж үзэхгүй.

Мөн маргаан бүхий актад тус мэдэгдлийг Сэлэнгэ аймгийн татварын хэлтэст хуулбарыг хүргүүлэхээр тусгасан нь Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэхийг даалгасан бөгөөд “МА” ХХК-ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд татвар оногдуулах нь бодит нөхцөлд болон хууль эрх зүйн хүрээнд бүрэн биелэх боломжтой учир нэхэмжлэгчээс тайлбарлаж буй маргаан бүхий актыг илт хууль бусд тооцуулах үндэслэл тогтоогдохгүй байна.

Үүнээс гадна нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “маргааны бүхий акт нь Татварын Ерөнхий газрын даргын энэхүү шийдвэр нь тухайн үед мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйл ..., 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг..., 16 дугаар зүйл ..., 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг ..., 16 дугаар зүйлд ...гэж тус тус заасныг ноцтой зөрчиж ... манай компанийг хүнд байдалд оруулсан...” хэмээн тодорхойлсон нь уг актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд  дээрх  үндэслэлүүдээр  “МА”  ХХК-ийн  нэхэмжлэлийг  бүхэлд  нь

хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасанчлан захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд энэ тохиолдолд маргаан бүхий акт илт хууль бус эсэхээс бусад нөхцөл байдалд дүгнэлт хийх шаардлагагүй тул шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан хэрэгт ач холбогдолгүй хуулийн заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 529 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6/-д заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын даргын 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/40 дугаартай шийдвэрийн “МА” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох “МА” ХХК-ийн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА