Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 627

 

Э.Мөнхдоржид холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Зориг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Н.Мөнхцэцэг,

ялтан Э.Мөнхдорж, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 278 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Э.Мөнхдоржийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 201726020632 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Эрдэнэмөнхийн Мөнхдорж, 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр  Төв аймгийн Аргалант суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өрөгч, угсрагч мэргэжилтэй, Нийтийн тээврийн үйлчилгээний “Тэнүүн-Огоо” ХХК-д хамгаалагчаар ажиллаж байсан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоогийн 8 дугаар гудамжны 6 тоотод оршин суух,

- 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар нийт 5 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр эдлээгүй үлдсэн 11 сар 20 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан /РД: НЬ92041019/,

Э.Мөнхдорж нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 19 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9/А байрны орчимд иргэн Б.Золзаяагийн нүдийг дарж унагаан “Samsung S-3” загварын гар утас 1 ширхэг, хуримын монетон бөгж 1 ширхэг зэргийг тус тус дээрэмдэн авч, Б.Золзаяад нийт 400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Э.Мөнхдоржийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Мөнхдоржийг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, иргэний бичиг баримт хавсаргаж ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид хохирол төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, Э.Мөнхдоржид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнийг цагдан хорьж шийдвэрлэжээ.

Ялтан Э.Мөнхдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие хамтран амьдрагч Б.Дэлгэр-Эрдэнийн хамт байр түрээслэн амьдардаг. 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Б.Дэлгэр-Эрдэнэ нь нярайлж бид охинтой болсон. Би ар гэрээ ганцаараа тэжээн тэтгэдэг. Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирогч Б.Золзаяагаас уучлалт гуйсан бөгөөд түүнд учруулсан хохирол болох 400.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэв.

Ялтан Э.Мөнхдоржийн өмгөөлөгч Б.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Мөнхдоржид холбогдох хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна. Мөн Э.Мөнхдоржийг 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 64 тоот шүүгчийн захирамжаар “Өршөөл үзүүлэх тухай хууль”-иар ялгүйд тооцохоор шүүхийн дүгнэлтэд дурдсан. Түүнчлэн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Э.Мөнхдорж нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй болсон талаар дурдсан. Иймд түүний анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв. 

Прокурор Н.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх Э.Мөнхдоржийн үйлдсэн хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Э.Мөнхдоржийн холбогдсон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй нийцэж байна. Уг гэмт хэрэгт хоёр жилээс найман жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан. Иймээс 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэвэл шүүгдэгчид илүү ашигтай гэж үзэж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Э.Мөнхдорж нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 19 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9/А байрны орчим иргэн Б.Золзаяагийн эд хөрөнгийг авах зорилгоор түүний нүдийг гараараа дарж унагаан “Samsung S-3” загварын гар утас 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг зэргийг тус тус дээрэмдэн авч, Б.Золзаяад нийт 400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- хохирогч Б.Золзаяагийн “...2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 19 цагийн үед ажлаа тараад явж байхад нэг залуу урд талаас гэнэт гарч ирээд хажуугаар зөрөх шиг болоод гэнэт нүдийг маань гараараа дарсан. Тэр үед би газар унасан ба намайг “Бөгжөө өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “За” гэж хэлээд тайлж өгөхөд “Дахиад утсаа өг” гэсэн... би өвдөглөж суугаад хүн гарч ирж магадгүй гэж бодоод удаанаар цүнхээ ухсан. Тэгээд утсаа гаргаж өгөхөд нөгөө залуу шууд урагшаа овоолсон шорооны зүг гүйгээд явсан. Тэгсэн манай орцноос гурван банди гарч ирэхээр нь “Намайг дээрэмдчихлээ, энэ зүгт явсан” гэж хэлэхэд нөгөө гурван банди араас нь гүйгээд ... барьж авч чадаагүй... тэр хүн надаас 1 ширхэг бөгж, 1 ширхэг гар утас авсан... бөгж маань шар өнгийн монетон, голдоо хар чулуутай, хатан сүйхтэй хуримын бөгж бөгөөд 500.000 төгрөгөөр худалдан авч байсан, гар утас нь “Самсунг Эс-3” загварынх, Солонгос улсаас манай хамаатны хүн явуулж байсан, гадуур зарагдаж байгаа үнэ нь 100.000 төгрөг орчим байгаа...” /хх-18/,

- гэрч Б.Отгонтөгсийн “...2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр манай эгч Дэлгэр-Эрдэнийн нөхөр болох Мөнхдорж ах над руу залгаад “Ах нь ажил дээрээ байна, ирээд юм аваадах” гэсэн... намайг очиход цагаан өнгийн “Самсунг Эс-3” загварын гар утас гаргаж ирээд “Энэ утсыг эгчдээ өгөөрэй” гэж хэлээд өгсөн... 3 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн үед Мөнхдорж над руу залгаад “Ахын дүү наад утсаа аваад ир” гэсэн. Яг тэр үед би хичээлтэй байсан болохоор өөрийн найз залуу Билгүүнд өгөөд явуулсан...” /хх-26/,

мөн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн ялтан Э.Мөнхдоржийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-35-37, 96/, түүний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэмт хэрэг үйлдсэн газрыг зааж өгч байгаа байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-29-31/, алдагдсан эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-16/, хохирогч Б.Золзаяад түүний “Самсунг Эс-3” загварын гар утсыг, мөн монетон бөгжний үнэ болох 300.000 төгрөгийг тус тус хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-20, 23/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих байдлуудыг бүрэн шалгажээ.

Дурдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн үнэлэх боломжтойгоос гадна, анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

 Дээрх байдлуудыг үндэслэн ялтан Э.Мөнхдоржийг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс ялтанд хуульд заасан хэмжээний дотор ял шийтгэл оногдуулжээ.

Ялтан Э.Мөнхдорж нь 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар нийт 5 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр эдлээгүй үлдсэн 11 сар 20 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан ба түүний ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, өршөөлд хамруулсан прокурорын газрын 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 101 дүгээр тогтоолын дүгнэлт хууль ёсны болжээ. Нөгөөтэйгүүр 2002 оны Эрүүгийн хуульд заасан “ялтай байдал”, “давтан үйлдэл” гэх зэрэг хууль зүйн үр дагавар үүсгэсэн зохицуулалтыг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар халсан байна.

Э.Мөнхдоржид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Ялтан Э.Мөнхдорж нь гаргасан давж заалдах гомдолдоо, мөн түүний өмгөөлөгч Б.Ганбаатар нь тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэжээ.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан “Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж болно” гэх заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш болохыг дурдах нь зүйтэй.

Мөн ялтан Э.Мөнхдорж нь урьд танхайрах, дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуульд заасан энэрэнгүй ёсны зарчмын үүднээс түүнийг эдлээгүй үлдсэн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж байсан хэдий ч тэрээр энэхүү байдалдаа дүгнэлт хийгээгүй, өмнө нь үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, дахин гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь түүний хувийн байдлыг харуулах хүчин зүйл гэж үзнэ.  

Ялтан Э.Мөнхдоржийн үйлдсэн гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид нийцэж тогтоогдсон ба бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчлагдсан байна.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул уг гэмт хэргийг үйлдсэн хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх буюу Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй юм.   

Иймд ялтан Э.Мөнхдоржийн гэмт үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчлэн гэм буруутайд тооцож, Э.Мөнхдоржийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн тогтоож, хорих ял эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар “нээлттэй” хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг тус тус оруулж, хууль хэрэглээний талаар гаргасан ялтан Э.Мөнхдоржийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.