Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 248

 

Э.М-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж,

шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар,

нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 278 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 627 дугаар магадлалтай, 201726020632 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, эрэгтэй, 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар нийт 5 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр үлдсэн 11 сар 20 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Э-ийн М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар  хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.М-ийг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар Э.М-ийг 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Э.М-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.М-ийг 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.М-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаагийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Б.Ганбаатарын саналыг сонсоод ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...Анхан шатны шүүх Э.М-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 627 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн зохих заалтыг баримтлан түүний хорих ялыг 2 жил болгож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон болно.

Э.М-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг баримтлан ялыг багасгаж өгөхийг хүсч байна. Э.М- нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж байгааг хавтаст хэрэгт болон шийтгэх тогтоол, магадлал зэрэгт дурдагдсан болно...” гэв.  

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Э.М 2011 онд 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2015 онд үлдэх 11 сар 20 хоногийн хорих ялыг хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан. Өмгөөлөгч гомдолдоо  6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх заалтыг хэрэглэх үндэслэлтэй гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгаа арилгасан тохиолдолд тус заалтыг хэрэглэж болно гэж заасан байдаг. Дээрмийн гэмт хэрэгт шийтгүүлэн 2015 онд суллагдаж, 2017 онд дахин дээрмийн гэмт хэрэг үйлдсэн учраас хувийн байдлын хувьд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нөхцөл шаардлагыг хангахгүй байна. Шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг ноцтой зөрчсөн зөрчил байхгүй учраас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатарын гаргасан гомдлыг үндэслэн Э.М-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Э.М нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 19 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9/А байрны орчимд иргэн Б.Золзаяагийн нүдийг дарж унагаан “Samsung S-3” загварын гар утас 1 ширхэг, хуримын монетон бөгж 1 ширхэг зэргийг тус тус дээрэмдэн авч, нийт 400,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.М-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасны дагуу Э.М-д холбогдох хэргийг түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй болжээ.

Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээ 3 жил, дээд хэмжээ 5 жил байхаар хуульчилсан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хорих ялын доод хэмжээг 2 жил болгон  багасгасан нь 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл болсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас өмнө шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж болох талаар Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч Э.М нь хэргийг анхан болон давж заалдах журмаар хэлэлцэх үед гэмт хэрэг үйлдсэн болохоо үгүйсгэж гомдол гаргаж байсан байх тул уг зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатарын гаргасан “хорих ялыг хөнгөрүүлэх” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 278 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 627 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                      ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

                      ШҮҮГЧ                                                         С.БАТДЭЛГЭР

                                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                           Ч.ХОСБАЯР