Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 278

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Н.Мөнхцэцэг

шүүгдэгч Э.Мөнхдорж, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Эрдэнэмөнхийн Мөнхдоржид холбогдох эрүүгийн 201726020632 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, барилгын өрөгч, угсрагч мэргэжилтэй, Нийтийн тээврийн үйлчилгээний “Тэнүүн-Огоо” ХХК-д хамгаалагчаар ажиллаж байсан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоо, 8 дугаар гудамж 6 тоотод оршин суух хаягтай, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Хэнтий аймаг дахь Сум дундын 28 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 64 тоот захирамжаар 11 сар 20 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Боржигон овогт Эрдэнэмөнхийн Мөнхдорж /РД:НЬ92041019/.

 

Яллах дүгнэлтэд бичсэнээр үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Мөнхдорж нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн орой 19 цагийн орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9а байрны орчимд иргэн Б.Золзаяагийн нүдийг дарж унаган “Samsung s3” маркийн гар утас 1 ширхэг, хуримын монетон бөгж 1 ширхэгийг тус тус дээрэмдэн авч Б.Золзаяад нийт 400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Мөнхдорж мэдүүлэхдээ: “Үйлдсэн хэргийн талаараа мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Золзаяа мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 19 цагийн үед Баянгол дүүрэг 8 дугаар хороо Баянгол худалдааны төвийн баруун талд 9а байрны орчим ажлаа тараад явж байхад нэг залуу урд талаас гэнэт гарч ирээд хажуугаар зөрөх шиг болоод гэнэт нүд гараараа дарсан тэр үед би газар унасан тэгсэн намайг бөгжөө өг гэж хэлсэн тэгэхээр нь би за гэж хэлээд тайлж өгөхөд дахиад утсаа өг гэсэн тэгээд би газар унасан байснаа өвдгөн дээрээ босож өвдөглөж суугаад хүн гарч ирж магадгүй гэж бодоод удаанаар цүнхээ ухсан тэгээд утсаа гаргаж ирээд өгөхөд нөгөө залуу шууд урагшаа овоолсон шорооны зүг гүйгээд явсан. Тэгсэн манай орцноос 3-н банди гарч ирхээр нь намайг дээрэмдчихлээ гэж хэлээд энэ зүгт явсан гэсэн чинь нөгөө 3 банди араас нь гүйсэн би араас нь очиход тэр гурван банди барьж чадаагүй Алтан дорнодын 7 дугаар байрны 1-р орцруу орчих шиг боллоо гэхээр нь тэр орцонд нь орсон чинь байхгүй байсан. Тэгээд цагдаад хандсан.

Гэнэт нэг хүн миний нүдийг дараад бөгжөө өг гэхээр нь их айсан, тэгээд ч би бүх юмаа өгсөн. Харанхуй байсан болохоор их айсан, утсаа өг бөгжөө өг хурдал гэсэн үг тэр хүн хэлсэн өөр юм хэлээгүй.

Тэр хүн надаас 1 ширхэг бөгж, утас авсан. 2013 онд Мөнгөн завъяагаас 2 ширхэг хос хуримын бөгж 500.000 төгрөгөөр худалдан авсан, миний тухайн үед зүүж явсан бөгж маань шар өнгийн монетан голдоо хар чулуутай хатан сүйхтэй 999-ийн сорьцтой, 2015 онд манай хамаатны хүн Солонгос улсаас “Самсунг эс-3” маркын гар утас явуулсан байсан үнийг нь мэдэхгүй байна, гадуур зарагдаж байгаа үнэ нь 100.000 төгрөг орчим байгаа байх...” гэжээ. /хх 18 хуу/

 

Гэрч Б.Отгонтөгс мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 3-р сарын 13-ны өдөр манай эгч Дэлгэр-Эрдэний нөхөр болох Э.Мөнхдорж ах надруу залгаад ах нь ажил дээрээ байна ирээд юм аваадах гэсэн тэгэхээр нь би Саппорогийн урд байх ажилруу нь буюу Тэнүүн Огоо ХХК-ны байран дээр яваад очсон  намайг очиход Мөнхдорж ах ажил дээрээ байсан ба надад нэг утас өгсөн тэр утас нь цагаан өнгийн Самсунг эс-3 гэдэг утас байсан тэгээд надад эгчдээ энэ утасыг өгөөрэй гэж хэлээд тэр утасыг өгсөн би тэгээд тэр утасыг аваад гэрлүүгээ харьсан ба 3 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн үед Мөнхдорж надруу залгаад ахын дүү наад утсаа аваад ир гэсэн яг тэр үед би хичээлтэй байсан болохоор өөрийн найз залуу Билгүүнд өгөөд явуулсан Мөнхдорж ах надад утас өгсөнөөс хойш би өөр дээрээ байлгаж байсан тэр үед эгч Хөвсгөл аймаг Тариалан суманд байсан...” гэжээ. /хх 26 хуу/

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 20, 23/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх 29-31/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 43,47/,

2011 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 296 дугаартай Шийтгэх тогтоол /хх 49-55/,

“Тэнүүн-Огоо” ХХК-ны тодорхойлолт, оршин суух хаягын тодорхойлолт /хх 56,57,63,64/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Э.Мөнхдорж нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь оюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн орой 19 цагийн орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9а байрны орчимд иргэн Б.Золзаяагийн нүдийг дарж унаган “Samsung s3” маркийн гар утас 1 ширхэг, хуримын монетон бөгж 1 ширхэгийг тус тус дээрэмдэн авч Б.Золзаяад нийт 400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Золзаяа /хх 18 хуу/, гэрч Б.Отгонтөгс /хх 26 хуу/ нарын мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 20, 23/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх 29-31/, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 43,47/, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоол /хх 49-55/, “Тэнүүн-Огоо” ХХК-ны тодорхойлолт, оршин суух хаягын тодорхойлолт /хх 56, 57, 63, 64/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

           

Шүүгдэгч Э.Мөнхдорж нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Хэнтий аймаг дахь Сум дундын 28 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 64 тоот захирамжаар 11 сар 20 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагджээ.

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Мөнхдоржийн дээрх асуудлаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.4-д зааснаар “…ялаас хугацааны өмнө суллагдсан этгээдийн ялгүй болох хугацааг үндсэн ба нэмэгдэл ял эдлэхээс чөлөөлөгдсөн үеэс эхлэн тоолно” гэж заасан ба Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-д “…яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулна” гэх үндэслэлээр мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар “…ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг” хамааруулсан үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан этгээдийн ялгүй болох хугацааг үндсэн …ял эдлэхээс “чөлөөлөгдсөн үеэс” тоолно гэдэг нь хорих ялыг биечлэн эдлэхээс чөлөөлөгдсөн үе гэж ойлгохоор байх ба Хэнтий аймаг дахь Сум дундын 28 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 64 тоот захирамж гарсан өдрөөс түүний ялгүйд тооцох хугацааг тооцох нь үндэслэл бүхий байна.

 

            Иймд шүүгдэгч Э.Мөнхдорж нь бусдын эд зүйлийг дээрэмдэн авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон түүнд ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Э.Мөнхдорж нь бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.           

 

            Шүүгдэгч Э.Мөнхдорж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргаж ирүүлээгүй, шүүгдэгч хохирогчид хохирол төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдлаа.

           

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэмөнхийн Мөнхдорж нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэмөнхийн Мөнхдоржийг 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Э.Мөнхдоржид оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, иргэний бичиг баримт хавсаргаж ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид хохирол төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Мөнхдоржийн бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Мөнхдоржийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                        ШҮҮГЧ                                                                                  Г.ЕСӨН-ЭРДЭНЭ