Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2018/00560

 

С.Ш-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэнийхэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02495 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаар магадлалтай,

С.Ш-гийн нэхэмжлэлтэй,

НШГА-нд холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаярын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаяр, өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч С.Ш-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хорооллын 20-116 тоот хаягт байрлах 4 өрөө үл хөдлөх хөрөнгийг үеэл ах Д.Зоригтбаатарт 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, улсын бүртгэлд бүртгүүлэх, лавлагаа авах эрхийг олгож, нэг жилийн хугацаатай итгэмжлэл хийж өгсөн. Энэхүү итгэмжлэлийн дагуу үеэл ах Д.Зоригтбаатар нь А.Батзориг гэх этгээдийн хамтаар миний дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, Ж.Энэрэл гэх этгээдээс зээл аваад зохих хугацаанд нь зээлээ төлөөгүй байсан. Ингээд зээлдэгч Ж.Энэрэл нь шүүхэд хандаж, зээлийн төлбөрөө нэхэмжлэхэд Д.Зоригтбаатар, А.Батзориг нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, улмаар хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамж гаргасан. Шүүгчийн захирамжид миний өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай туссан бөгөөд Д.Зоригтбаатар нь энэ тухай надад огт хэлээгүй. Улмаар төлбөр төлөгч Д.Зоригтбаатар, А.Батзориг нарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн. Гэтэл өмчлөгч надад мэдэгдэлгүйгээр НШГА-наас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр үл хөдлөх хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол гаргаж, миний өмчлөлийн орон сууцыг 59 сая төгрөгөөр худалдсан байна. Миний бие олон нялх хүүхэдтэй орох оронгүй байтал өмчлөгч надад мэдэгдэлгүйгээр миний хөрөнгийг үнэгүйдүүлж, улмаар дуудлага худалдаагаар худалдсанд гомдолтой байна. НШГА-ны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2/6 дугаар тогтоолын дагуу явагдсан үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбарт: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 3737 дугаар шийдвэрээр А.Батзориг, Д.Зоригтбаатар нараас 121.802.729 төгрөгийг гаргуулж Ж.Энэрэлд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2585 дугаар гүйцэтгэх хуудсанд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар А.Батзориг, Д.Зоригтбаатар нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү- 2201004389 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20 дугаар байрны 116 тоот 4 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгүүлэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар заасан. Иймд дээрх барьцаа хөрөнгийг эд хөрөнгө битүүмжлэх 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 09/24 тоот тогтоолоор битүүмжлэн хадгалалт хамгаалалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар С.Ш-д хариуцуулан тус өдрийн 35 тоот шүүхийн шийдвэр тогтоол биелүүлэх мэдэгдлийг хугацаатай өгөхөд төлбөр төлөгч нар шүүхийн шйидвэрийг биелүүлж төлбөрийг төлөөгүй тул 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10/01 тоот эд хөрөнгө хураасан тогтоолоор хурааж шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай дахин мэдэгдэл өгсөн боловч төлбөрийг төлөөгүй болно.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10/14 тоот, 10 дугаар сарын 19-ний өдрийн 10/29 тоот хугацаатай мэдэгдлийг дахин хүргүүлсэн боловч төлбөрийг төлөөгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч нар болон барьцаа хөрөнгийн өмчлөгчөөс үнийн санал авахад С.Ш- болон төлбөр төлөгч нар нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан үнийн санал өгөхөөс татгалзсан. Анхны албан дуудлага худалдааны 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 3/44001, 1/44006, 1/4405 тоот мэдэгдлүүдийн төлбөр төлөгч авагч, өмчлөгч нарт өгч, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт болох Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар анхны албадан дуудлага худалдааны үнэлгээчний үнэлсэн зах зээлийн үнэ болох 118.000.000 төгрөгийн 70 хувиар 82.600.000 төгрөгөөр оруулсан боловч үнийн санал ирээгүй болно.

Гуравдагч этгээд болох С.Ш- нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2254 тоот шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 17233 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй тул нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь албадан худалдаанд үнэлгээчний үнэлсэн зах зээлийн үнэ болох 118.000.000 төгрөгийн 50 хувиар тооцон 59.000.000 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон оруулсан боловч дахин үнийн санал ирээгүй болно. Барьцаа хөрөнгийн өмчлөгч С.Ш- нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргаж тус шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 54 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байсан тул НШГА-ны дэд дарга, улсын байцаагч, ахмад Р.Энхтайваны улсын байцаагчийн актаар 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 6/181 тоот тогтоолыг хүчингүй болгон барьцаа хөрөнгийг дахин 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2 албадан дуудлага худалдаанд оруулахад 61.000.000 төгрөгөөр худалдан борлогдоод байна. С.Ш- нь 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган тус шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 3741 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 3 дахь удаагаа түдгэлзүүлээд байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж удаашруулж байгаа нь төлбөр авагчийн шүүхээр хамгаалуулсан эрх ашиг бодит амьдрал дээр биелэгдэхгүй хохирсоор байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Иргэний хууль болон Шийдвэр гүйцэтгэх хуулийн дагуу явагдаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр төлөгч болон С.Ш- нарт тухай бүрт мэдэгдэж байсан бөгөөд шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байснаас харахад С.Ш- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг анхнаасаа мэдэж байсан төдийгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо тухай бүр шүүхэд хандан шийдүүлж байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02495 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.3, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч НШГА-ны 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 2/6 тоот тогтоолын дагуу явуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох нэхэмжлэгч С.Ш-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч С.Ш-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02495 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалын хянавал хэсэгт “...НШГА- хоёр дахь албадан дуудлага худалдаа болох талаар орон сууцны өмчлөгч С.Ш-д 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шуудангаар, мөн өдөр түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Зоригтбаатарт гардуулсан байна” гэж буруу дүгнэсэн. Нэхэмжлэгч С.Ш-гийн хувьд Д.Зоригтбаатарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл олгосон үйл баримт байхгүй байхад шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчид мэдэгдсэн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн “...хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 он/ хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа болохоос 14 хоногийн өмнө олон нийтэд Үндэсний шуудан сонины 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 029 /2726/ дугаарт мэдээлсэн байна...” гэжээ. Шүүхийн нийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 47-р зүйлийн 47.1-д Албадан дуудлага худалдаа эрхлэн хөтлөгч нь уг худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ гэж заажээ. Дээрх хугацааг тоолохдоо Иргэниий хуульд заасан хугацаа тооллох журмыг баримтлаж тоолох ёстой гэж үзэж байгаа бөгөөд Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас тоолно гэж заасан. Энэ журмаараа хугацааг тоолоход 2017.02.10-2017.02.23 хүртэл 13 хоногийн өмнө албадан дуудлага худалдааны зарыг нийтэд мэдээлсэн болж таарна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуульд заасан хугацаа тоолох журмын дагуу хугацааг тоолсон эсэх талаар дүгнэлт өгөөгүй орхигдуулсан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд хугацааг буруу тоолсон гэж үзэж байна. Иймээс хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг зөрчиж албадан дуудлага худалдаа явуулсан гэж үзэхээр байна. Мөн нэхэмжлэгч С.Ш- нь олон бага насны хүүхэдтэй, өөр амьдрах орон гэргүй байтал өөр хүний авч ашигласан мөнгөний төлбөрт өөрөө нэг ч төгрөг зарцуулаагүй байтал ганц байгаа хөрөнгийг нь үнэгүйтүүлж, хуульд зааснаар нийтэд мэдээлэхгүйгээр хямд үнээр худалдсанд гомдолгой байна.

Иймд дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, НШГА-ны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2/6 дугаар тогтоолын дагуу явагдсан үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

С.Ш-, НШГА-нд холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч  гомдолдоо, “...хоёр дахь дуудлага худалдаа зарласныг  мэдэгдээгүй,... зарыг 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ...нийтэд мэдээлнэ гэснийг зөрчсөн” гэжээ.

Гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 3737 дугаар захирамжаар А.Батзориг, Д.Зоригтбаатар нар 121.802.729 төгрөгийг Ж.Энэрэлд төлөхийг зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар үүргээ сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20 дугаар байрны 116 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэрийг НШГА- албадан гүйцэтгэхдээ  төлбөр төлөгч нар төлбөрөө сайн дураар биелүүлээгүйгээс барьцааны зүйлийг битүүмжлэн хурааж, улмаар дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэж, орон сууцны үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцоогүй тул шинжээч томилон тогтоолгож, хоёр удаагийн дуудлага худалдаа явуулжээ.

Хоёр дахь дуудлага худалдаа 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт  явагдах тухай зарыг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Үндэсний шуудан сонинд нийтэлсэн байх бөгөөд энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 47 дугаар зүйлийн 47.1-д заасан “албадан дуудлага худалдаа эрхлэн хөтлөгч нь уг худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ”, Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т “хоногоор тогтоосон хугацаа уг хугацаа дуусах өдрийн мөн цагт дуусна“ гэснийг тус тус зөрчөөгүй байна.

Дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг төлбөр төлөгчид хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан ба энэ ажиллагааг хариуцагч гүйцэтгэсэн нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан ба НШГА- хууль зөрчөөгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааны талаар хуульд нийцсэн дүгнэлт хийжээ. Харин шүүх нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрх зүйн үндэслэлийг оновчтой тодорхойлоогүй байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаар магадлалын 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02495 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.3, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт...” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт...” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ