Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 101/2017/03248/И |
Дугаар | 001/ХТ2018/00572 |
Огноо | 2018-04-12 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2018/00572
Д.Б-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/03438 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2018/00021 дугаар магадлалтай,
Д.Б-гийн нэхэмжлэлтэй,
М Т- ХХК-д холбогдох,
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1.468.580 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалайгийн гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б-, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Д.Б- миний бие 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдөр М Т- ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Да хүрээ хотхон 65Б байрны 51 тоот хаягт байршилтай, 1 өрөө, 22 м.кв талбай бүхий байрыг иргэн Н.Өлзийхишигээс 28.000.000 төгрөгөөр худалдан авсан. Н.Өлзийхишиг нь М Т- ХХК-тай 2010-2011 онуудад байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний 2.1-д заасан хугацаанд төлбөрөө бүрэн гүйцэд төлсөн байсан. Гэтэл М Т- ХХК тус орон сууцыг улсын комисс хүлээж авснаас хойш гэнэт Н.Өлзийхишигтэй байгуулсан гэрээнд огт тусгагдаагүй байрны нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмж төлөх төлөхгүй бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй гэсэн шаардлага тавьж, мэдэгдэх хуудсыг 2014 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн. Улмаар М Т- ХХК-ийн Голомт банкны 1601003481 тоот дансанд 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 300.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 700.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 270.080 төгрөг, нийт 1.270.080 төгрөг төлсөн. Миний нэр дээр өмчлөх эрх нь 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр бүртгэгдсэн үл хөдлөхийн гэрчилгээг 2014 оны 11 сард хүлээн авсан. М Т- ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулаагүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүргүүлсэн гэрээнд гарын үсэг зураагүй, түүнээс гадна төлбөр бүрэн төлөгдсөн гэдгийг тус компаниас тодорхойлон өгсөн. Тухайн үед М Т- ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу 2010 оны 4 дүгээр сарын 27-нд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн байсан. Уг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасны дагуу тус компани нь нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр бараа худалдан борлуулах, ажил үйлчилгээ үзүүлэх ёстой бөгөөд захиалагч иргэдтэй М Т- ХХК-ийн 2010-2011 онуудад байгуулсан орон сууц захиалах гэрээнд заагдсан үнийн дүнд нь нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн байсан гэдгийг мэдээгүй байсныг далимдуулан илүү төлбөр төлүүлсэн байна. Тиймээс нэмэгдсэн өртгийн албан татварын хураамжид үндэслэлгүйгээр төлсөн 1.270.080 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага гаргаж байна.
Мөн М Т- ХХК нь улсын комисс барилгыг хүлээж авахаас өмнө удахгүй улсын комисс хүлээж авна гэж байрны захиалагчдыг байранд оруулж тэднээс ашиглалтын зардал төлөхийг шаардаж, төлөхгүй тохиолдолд хэрэглээний ус, цахилгаанаар хязгаарлах бас төлөөгүй ашиглалтын зардал дээр алданги тооцох, улмаар гэрээг цуцлан байрнаас албадан гаргахаар дарамталж байсны улмаас байрны ашиглалтын зардлыг бүрэн төлсөөр ирсэн. Барилгыг улсын комисс хүлээж авсан 2014 оны 02 дугаар сарын 27-ны хүртэл хугацаанд аж ахуйн нэгжийн тарифаар тооцож ашиглалтын зардалд 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 109.938,68 төгрөг, 2014 оны 3 дугаарс сарын 14-ний өдөр 88.561,43 төгрөг, нийт 198.500 төгрөг төлүүлснийг нэхэмжилж байна.
Иймд М Т- ХХК-иас үндэслэлгүй нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 1.270.080 төгрөг, ашиглалтын зардалд төлсөн 198.500 төгрөг, нийт 1.468.580 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М Т- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн Д.Б-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулаагүй бөгөөд өөрийн хөрөнгөөр барилгаа бариад төрийн албан хаагчдад зээлээр олгосон. М Т- ХХК-тай 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн орон сууц захиалан бариулах 65б/51 тоот гэрээгээр Н.Өлзийхишиг нь орон сууцыг худалдаж авахаар гэрээ байгуулж орон сууцны санхүүжилтийн корпорациас зээл авсан. Түүнтэй байгуулсан гэрээний 2.5-д захиалагч НӨАТ-ын баримт авсан тохиолдолд холбогдох татварыг нэмж тушаана гэж, 2.7-д захиалагч нь М Т- ХХК-д төлбөрөө төлсөн тохиолдолд улсад төлөх НӨАТ-ын 10 хувийг гэрээний үнийн дүн дээр нэмж төлөх үүрэгтэй гэж тус тус тохиролцсон. Дээрх барилгаа 90 хувийн гүйцэтгэлтэй байхад нь ОССК-тай гэрээ байгуулан, 2011 оны 11 дүгээр сард орон сууц захилан бариулах гэрээгээ дүгнэсэн, хэлцэл байгуулагдсан. Захиалагч нар орон сууцанд орсны дараа ашиглалтын зардал, харуул хамгаалалтын зардлыг төлөхөөр тохиролцсон. Н.Өлзийхишигтэй байгуулсан гэрээгээр 1 м.кв-ийг 810.000 төгрөг, 22.4 м.кв-ийг 18.144.000 төгрөг байхаар тохиролцсон байсан. М Т- ХХК нь энэ гэрээний дагуу төлбөр аваад улсад тушаасан бөгөөд энэ баримтаа шүүхэд өгсөн. Нэгэнт НӨАТ-аа аваад улсад тайлагнаад татварт төлсөн мөнгийг Д.Б- биднээс нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Бид Н.Өлзийхишигтэй байгуулсан гэрээний дагуу инженерийн дэд бүтцэд холбогдсон ямар ч асуудалгүй байрыг түүнд 2012 оны 02 дугаар сарын 13-нд хүлээлгэн өгснөөр тэр орон сууцандаа орсон. Ашиглалтын зардал нь гэрээ байгуулснаас хойших хугацааны 3 сарын зардлаа төлсөн. Ингээд 2012 оны 1 сард ашиглалтанд өгсөн байрыг Д.Б- нь худалдаж авсан. Д.Б- нь өөрийн амьдран суусан хугацааныхаа ашиглалтын зардлыг төлсөн болохоос бид түүнээс ашиглаагүй хугацааны зардлыг илүү төлүүлсэн зүйл байхгүй. НӨАТ-ын падааныг худалдан авагч манай компаниас авах учраас Н.Өлзийхишиг нь гэрээний дагуу үнийг бүрэн төлсөн учраас түүнтэй байгуулсан 2/51 тоот гэрээг хүчингүйд тооцсон байх гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/03438 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч М Т- ХХК-иас 1.270.080 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 198.500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч М Т- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 35.032 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.447 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2018/00021 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/03438 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч М Т- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Н.Өлзийхишиг 2011 онд М Т- ХХК-тай орон сууц захиалан бариулах 65б\51 гэрээ байгуулж, гэрээний 2.5-д захиалагч НӨАТ-ын баримт авсан тохиолдолд холбогдох татварыг нэмж тушаана гэж тусгажээ. Гэтэл Н.Өлзийхишигийн Баянзүрх дүүргийн 17-р хороо, Да хүрээ хотхоны 656 байрны 51 тоот байрыг иргэн Д.Б- худалдаж авсан байна. Д.Б- 2014 оны 6 сарын 11-ны өдөр М Т- ХХК-тай 2\51 дугаар орон сууц захиалан бариулах гэрээ байгуулахдаа гэрээний 2.5-д захиалагч НӨАТ-ын баримт авсан тохиолдолд холбогдох татварыг нэмж тушаана гэжээ. М Т- ХХК нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу татварын тайлангаа ил болгосон бөгөөд Д.Б-гаас НӨАТ авч төсөвт тушаасан билээ. Иймд М Т- ХХК-иас 1.270.080 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Д.Б-, М Т- ХХК-д холбогдуулж, тус компанид шилжүүлсэн 1.468.580 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ, Н.Өлзийхишигээс М Т- ХХК-иар захиалан бариулж, төлбөр бүрэн төлөгдөж, хүлээн авч амьдарч байсан орон сууцыг 28.000.000 төгрөгөөр худалдан авсан, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг авахад хариуцагч нь НӨАТ-т гэж 1.270.080 төгрөг, мөн орон сууцыг улсын комисс хүлээн аваагүй байхад ашиглалтын зардалд 198.500 төгрөг тус тус төлүүлсэн нь үндэслэлгүй гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хариу тайлбар гаргаж, үндэслэлдээ, Н.Өлзийхишиг орон сууцыг захиалан бариулсан, түүнтэй байгуулсан гэрээний 2.5-д НӨАТ төлөхөөр тохиролцсон, тэрээр орон сууцыг Д.Б-д худалдсан тул төлөгдөөгүй НӨАТ-ыг худалдан авагчаар төлүүлсэн, барилгыг улсын комисс хүлээн авахаас өмнө Д.Б- орон сууцанд амьдарч байсан тул ашиглалтын зардлыг төлөх үүрэгтэй гэж маргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хэргийн баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлийг хянаад хяналтын шатны шүүхээс хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, хууль хэрэглэх асуудлаар алдаа гаргаагүй гэж дүгнэв.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд үүнд хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэсэн нөхцлийг тодорхойлсон байна.
Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтаар нэхэмжлэгч Д.Б- хариуцагч М Т- ХХК-д 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр НӨАТ гэсэн утгаар нийт 1.270.080 төгрөг шилжүүлсэн байх боловч тэрээр хариуцагчид уг мөнгийг төлөх үүргийг хууль болон гэрээгээр хүлээгээгүй байна.
Н.Өлзийхишиг болон М Т- ХХК-ийн хооронд 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж, тус компани Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Да хүрээ хотхон 65Б байрны 51 тоот орон сууцыг барьж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч үнэ 18.144.000 төгрөг, үүн дээр НӨАТ төлөх үүрэг тус тус хүлээжээ. Талууд гэрээг дүгнэн, гэрээний үүргээ захиалагч Н.Өлзийхишиг биелүүлсэн гэж үзэж М Т- ХХК орон сууцыг түүнд 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээлгэн өгсний дараа буюу 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Д.Б- орон сууцыг Н.Өлзийхишигээс 28.000.000 төгрөгөөр худалдан авсан байх тул зохигчийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч НӨАТ төлөх үүрэг хүлээгээгүй гэж үзнэ.
Иймд М Т- ХХК орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Б-гийн нэр дээр гаргахдаа НӨАТ төлүүлсэн нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх ба энэ талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
Барилгыг улсын комисс 2014 онд хүлээн авсан боловч нэхэмжлэгч Д.Б- орон сууцыг 2012 оны 8 дугаар сараас эзэмшиж ашигласан тул ус, дулааны холбогдох зардлыг хуульд заасны дагуу төлөх үүрэгтэй.
М Т- ХХК нь орон сууцны барилгыг барьж, ашиглалтад оруулж, улсын комисс хүлээн авах хугацаанд барилгын ашиглалтын хэвийн нөхцөлийг хариуцан оршин суугчдаас ус, дулааны зардлыг авч, цааш нь үйлчилгээ үзүүлсэн эрх бүхий байгууллагад төлж байсан нь тогтоогдсон тул нэхэмжлэгч төлсөн зардлаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчаас буцаан шаардах эрхгүй байна. Шүүх нэхэмжлэгчийн энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хууль зөрчөөгүй байна.
Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/03438 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2018/00021 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 35.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ