Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/00621

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэнийхэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/02532 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 70 дугаар магадлалтай,

Б.А-ийн нэхэмжлэлтэй,

М.А-д холбогдох,

2.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюундэлгэр, хариуцагч М.А-, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Б.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...2014 оны 9 дүгээр сарын 17-18-ны үед багын найз Б.Анхзаяа манай сургуулийн багш нарт М.А- гэдэг багш Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачууртын Шархоолойн аманд зуслангийн газар авч өгөх гэж байгаа гэж ярьсан. Тийм аятайхан газар бол надад нэг газар олдох болов уу, асуугаад өгөөч гэснээр 0.7 га газрын 2.000.000 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр М.А-ийн дансаар шилжүүлсэн нь түүний гаргасан дансны хуулгаар нотлогдоно. Мөнгө шилжүүлэх үед М.А- хөөцөлдөх бүх ажлыг өөрөө хийхээр тохирч, биднийг хэд хэдэн удаа цуглуулж, иргэний үнэмлэх хураан авч нотариатаар баталгаажуулан, бидний авах газар хэмээн Гачуурт руу дагуулан очиж, хэдхэн хоноод газрын асуудал зохицуулагдана хэмээн ярьж байсан нь худлаа байсан. Иймд зуслангийн газар авах зорилгоор өгсөн 2.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.А-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Монгол Улсын Багшийн их сургуулийн багш нар газар авахаар тохиролцож, Р.Баярмаа, У.Халиун гэх хүмүүстэй уулзаад тэдний зарна гэж байсан Гачуурт дахь газрыг очиж үзсэн, тэгээд бүгд авахаар болж бичиг баримтуудаа цуглуулж, нэг хүнээр мөнгө төвлөрүүлэх талаар ярилцаад ганц эрэгтэй багш нь би байсан тул над руу шилжүүлэхээр тохиролцсон. Р.Баярмаа, У.Халиун нар хөөцөлдөөд долоо хоногийн дотор гэрчилгээ гаргаж өгнө гээд урьдчилгаа мөнгө авсан. Багш нараас миний дансанд шилжүүлсэн мөнгийг би Р.Баярмаа, У.Халиун нарт дансаар болон бэлнээр хүлээлгэн өгсөн. Гэтэл Р.Баярмаа, У.Халиун нар нь элдэв шалтаг хэлж, худал ярих болсон тул цагдаагийн байгууллагад хандсанаар тэднийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэж, одоог хүртэл шалгаж байгаа ба эцэслэн шийдвэрлэгдээгүй. Иймд багш нарын нэхэмжлэлтэй холбоотой асуудал нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/02532 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.А-ээс 2.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А-ьт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 36.950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч М.А-ээс 46.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А-ьт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 70 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/02532 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.А-д холбогдох, 2.000.000 төгрөг гаргуулах тухай Б.А-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.А-ь хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...намайг прокуроын тогтоол шийдвэрээр хохирогчоор тогтоож эрүүгийн хэрэгт байцаалт аваагүй байхад миний нэхэмжлэлтэй иргэний хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа нь тогтоогдсон гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл миний нэхэмжлэлтэй ямарч хамааралгүй эрүүгийн хэргийг үндэслэл болгож байна. Энэхүү хэрэг нь 2016 оны 12 сарын 19-ний өдөр анхан шатны шүүхээр хэлэлцэгдэн улмаар давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасанаас хойш хариуцагч нь хаягтаа байхгүй гэх шалтгаанаар хурлыг хийхгүй маш их хугацаа алдаж 9 дүгээр сард сургуулийн хичээл эхлэхэд түүнийг олж 10 дугаар сарын 11-нд хурлыг хийлгэсэн. Магадлалд дурьдсан эрүүгийн хэрэгт Анударь намайг 2014 оноос хойш хэн нэгэн албан тушаалтан дуудаж ямар нэгэн байдлаар асууж тодруулсан зүйл өнөөдрийг хүртэл байхгүй. Гэтэл Ариунцэнгэл нь яг хурал хийх өдрөөр огноолсон дуудан ирүүлэх хуудас гэх бичгийг хэрэгт нотлох баримтаар өгсөн нь эргэлзээ төрүүлж байна. Учир нь 7 дугаар сард Ариунцэнгэлийг анхан шатны шүүх хурал зарлах гэж хэд хэдэн удаа дуудахад ирээгүй атлаа цагдаад хохирогчийн хувьд нэмж мэдүүлэг өгч Ариунцэнгэл нь Анударь надаас мөнгө аваагүй харин миний найз Анхзаяагаас 2 айлын газрын мөнгө 4 сая төгрөг авсан гэсэн байна. Өмгөөлөгч С.Оюундэлгэрт 2016 оны 6 сарын 06-ны өдөр Ерөнхий прокурорын газраас эрүүгийн 2014260003151 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдвол зохих этгээд П.Пүрэвзул нь Монгол улсын хилээр гадаадад гарсан болох нь тогтоогдсон хэмээн дүгнэж ЭБШХ-ийн 205-р зүйлийн 205.1.4-т зааснаар мөрдөн байцаах ажиллагааг түдгэлзүүлсэн байна гэсэн хариу мэдэгдэх хуудсыг өгсөн байдаг. Иргэний хэрэгт Ариунцэнгэлийн нотлох баримтаар өгсөн 2017 оны 10 сарын 10-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийн хугацааг сунгах тогоолд "...мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Н.Золбоо би 2017 оны 8 сарын 01-ний өдрийн 10 дугаартай ...прокурорын тогтоолоор ирүүлсэн ...2014260003151 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлт явуулаад ...хохирогч Пүрэвзул, Саулегуль нарыг хохирогчоор тогтоож мэдүүлэг авах ажиллагаа хийж гүйцэтгэх шаардлагатай байх тул ...хэргийн хугацааг 2017 оны 10 сарын 10-ны өдрөөс сунгах саналыг СХД-ийн прокурорын газрын хяналтын прокурорт гаргасугай" гэж зааснаас үзэхэд түдгэлзүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 8 сарын 01-ний өдөр прокурорын 10-р тогтоолоор хэрэг бүртгэлт явуулахаар мөрдөгч Н.Золбоод ирүүлсэн байхад яахаараа Ариунцэнгэлийг 7 дугаар сарын 29-нд хохирогчоор дахин байцааж 2014 оны 9 сарын 19-нд Анхзаяа Анударь гэдэг нэрээр 2 сая төгрөг нэмж шилжүүлсэн. Анхзаяа ингээд нийт 4 сая төгрөг шилжүүлсэн гэдэг мэдүүлгийг авсан байдаг. Энэхүү мэдүүлгийг урьд энэ хэргийг шалгаж байгаад өөрчлөгдсөн ахмад Б.Егор гэдэг байцаагч авсан байгаа нь хууль бус болсон. 2015.10.23-ны өдөр Б.Анхзаяа нь хохирогчоор байцаагдсан тэмдэглэлд миний хувьд нэг айлын газрын мөнгө болох 2 сая төгрөгийг өгсөн гэх мэдүүлэг, мөн шүүх хуралд гэрчээр оролцож мэдүүлэг өгөхдөө би дансны дугаарыг нь авч өгсөн Анударь өөрөө шилжүүлсэн. Миний хувьд нэг айлын газар гэж 2 сая төгрөг шилжүүлсэн гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд Ариунцэнгэл өөрөө зөвшөөрч дансны дугаараа Анхзаяагаар дамжуулсаны дагуу 2 сая төгрөгийг тусдаа шилжүүлсэн нь тодорхой байна. Урьд нь дээрх эрүүгийн хэргийг шалгаж байгаад больсон Б.Егор гэгч мөрдөн байцаагч нь дуудан ирүүлэх хуудсыг бичиж шүүхэд ирүүлсэн нь байцаан шийтгэх хуулийн заалтыг ноцтой зөрчиж ашиг сонирхлын зөрчилтэй баримт бичиг үйлдсэн байна. Хэрэгт байгаа 2016.08.04-ний өдрийн УЕПГ-ын прокурорын тогтоол Б/25 дугаарт М.А-ээр дамжуулж мөнгө өгсөн гэх Мөнхцэцэг Пүрэвзул, Саулегул нарыг хохирогчоор тогтоож байцаагаагүй..." гэсэн байгаа бөгөөд Анударь намайг хохирогчоор тогтоох прокурорын тогтоол байхгүй. Прокуророос хохирогчоор тогтоохоор заасан Пүрэвзул нь гадаадад суралцаж байгаа.

Иймд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхийн 2018.01.03-ны өдрийн 70 дугаар магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.А-, М.А-ээс 2.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчээс гадна 8 багшийн өөрсдийнх нь хүсэлтээр газар худалдана гэсэн этгээдэд мөнгийг дамжуулан өгсөн, тухайн этгээдүүд мөнгийг залилан мэхэлж авсныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар, М.А- нь Б.А-ийн газрын төлбөр гэх утгаар шилжүүлсэн 2.000.000 төгрөгийг бусдад дамжуулахаар тохиролцсны дагуу Р.Баярмаа, У.Халиун нарт өгсөн, эдгээр этгээд бусдыг залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдон Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт шалгагдаж байгаа нь тогтоогджээ.

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй холбоотой хэрэг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэл бий болсон гэж үзэн, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох ба М.А-ээс 2.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн Б.А-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд Б.А-ийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 70 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 46.950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ