Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 635

 

 

Б.Анударийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2016/01592 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Анударийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Ариунцэнгэлд холбогдох

 

2 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч М.Ариунцэнгэлийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батсүх,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюундэлгэр,

Хариуцагч М.Ариунцэнгэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Багшийн их сургуулийн багш нар тус сургуульд хамт ажилладаг багш М.Ариунцэнгэлд итгэн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачууртын Шархоолойн аманд зуслангийн газар худалдан авахаар болж, 0.7 га газрын тус бүрийн үнэ 2 000 000 төгрөгийг түүнд шилжүүлсэн. Миний хувьд 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр М.Ариунцэнгэлийн дансаар 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд энэ нь М.Ариунцэнгэлийн өөрийнх нь гаргаж өгсөн дансны хуулгаар нотлогдоно. Мөнгө шилжүүлэх үед М.Ариунцэнгэл нь бүх хөөцөлдөх ажлыг өөрөө хийхээр тохирч, биднийг хэд хэдэн удаа цуглуулж, иргэний үнэмлэх хураан авч нотариатаар баталгаажуулан, бидний авах газар хэмээн Гачуурт руу дагуулан очиж, хэдхэн хоноод газрын асуудал зохицуулагдана хэмээн ярьж байсан нь худлаа байсан байна. Иймд зуслангийн газар авах зорилгоор өгсөн 2 000 000 төгрөгийг М.Ариунцэнгэлээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Багшийн их сургуулийн багш нар газар авахаар тохиролцож, Р.Баярмаа, У.Халиун гэх хүмүүстэй уулзаад тэдний зарна гэж байсан Гачуурт дахь газрыг очиж үзсэн, тэгээд бүгд авахаар болж бичиг баримтуудаа цуглуулж, нэг хүнээр мөнгө төвлөрүүлэн өгөх талаар ярилцаад ганц эрэгтэй багш нь би байсан тул над руу өгөхөөр тохиролцсон юм. Тэрнээс би хөөцөлдөж бүтээх талаар огт яриагүй. Р.Баярмаа, У.Халиун нар хөөцөлдөөд долоо хоногийн дотор гэрчилгээ гаргаж өгнө гээд урьдчилгаа мөнгө авсан. Багш нарын миний дансанд шилжүүлсэн мөнгийг би Р.Баярмаа, У.Халиун нарт дансаар болон бэлнээр хүлээлгэн өгсөн. Бэлнээр мөнгө өгч авсан тухай баримтыг тус бүрт нь гэрч байлцуулан хийж байсан. Гэтэл Р.Баярмаа, У.Халиун нар нь элдэв шалтаг хэлж, худал ярих болсон тул цагдаагийн байгууллагад хандсанаар тэднийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэж, одоог хүртэл шалгаж байгаа ба эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Тиймээс багш нарын нэхэмжлэлтэй холбоотой асуудал нь Цагдаагийн байгууллагын журмаар шалгагдаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан М.Ариунцэнгэлээс 2 000 000 төгрөгийг гаргуулж Б.Анударьд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс нэмж 36 950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас 46 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М.Ариунцэнгэл давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Б.Анударь нь Б.Анхзаяагийн найз бөгөөд тэд өөрсдөө шууд миний дансанд мөнгө шилжүүлсэн байсан, би энэ талаар Б.Анхзаяагаас асуухад би найзынхаа нэрээр мөнгө шилжүүлж газар авч байгаа юм гэж хэлсэн. Мөрдөн байцаагч хэлэхдээ Б.Анхзаяагаас байцаалт авсан болохоор Б.Анудариас мэдүүлэг авах шаардлагагүй гэж байсан, тиймээс Б.Анударийн шилжүүлсэн мөнгө нь Б.Анхзаяагийнх болох нь тодорхой байгаа ба энэ асуудал Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа тул анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Мөн миний дансанд орсон бүх мөнгийг Баярмаагийн дансанд шилжүүлсэн баримт байсаар байтал нотлох баримтгүй гэж дүгнэсэн нь буруу байх түл анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, хэргийн бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлоогүйгээс шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Анударь нь хариуцагч М.Ариунцэнгэлд холбогдуулан 2 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч татгалзлаа Монгол Улсын Боловсролын их сургуулийн багш нар газар худалдаж авахаар тохиролцож Р.Баярмаа, У.Халиун нартай уулзаж газар худалдаж авахаар болж нэг хүнд мөнгөө өгөхөөр ярилцаад миний дансанд төвлөрүүлэхээр  тохиролцсон болохоос биш би газрыг хөөцөлдөж бүтээх талаар огт яриагүй, Р.Баярмаа, У.Халиун нар хөөцөлдөж долоо хоногийн дотор гэрчилгээ гаргаж өгнө гэж урьдчилгаа мөнгийг авсан. Багш нарын шилжүүлсэн мөнгийг Р.Баярмаа, У.Халиун нарт дансаар болон бэлнээр хүлээлгэн өгсөн гэж тайлбарлажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулсанаар талуудын хоорондын эрх зүйн маргаантай харилцааг тодорхойлж нотлох баримтын талаар талуудын үүргийн хуваарилалт, нотлох баримтын үнэлгээ, маргааны талаарх шүүхийн дүгнэлт, хууль хэрэглээ зөв болох учиртай.

 

Анхан шатны шүүх Б.Анудариас 2 000 000 төгрөгийг М.Ариунцэнгэлийн дансанд шилжүүлсэн эсэх, уг мөнгийг М.Ариунцэнгэл хүлээж авсан нөхцөлд бусдад дамжуулан шилжүүлсэн эсвэл холбон зуучилсан эсэх нөхцөл байдлыг тодруулахгүйгээр хариуцагчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, М.Ариунцэнгэлээс 2 000 000 төгрөгийг гаргуулж Б.Анударьд олгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Ийнхүү шүүх хэргийн дээрх нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, давж заалдах шатны шүүх бүрэн эрхийн хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2016/01592 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Ариунцэнгэлийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

 

                                         ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ