Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2018/00136

 

Р.Л-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2017/02275 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2177 дугаар магадлалтай

Р.Л-ийн нэхэмжлэлтэй

М-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэндзаяагийн гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие 1997 онд анх Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны Толгойт дахь ЦХС-нд харуулаар ажилд орсон цагаас хойш 1998-2003 он хүртэл Зүтгүүрийн депод суурин харуул, 2003-2006 онд Удирдах газрын салаанд суурин харуул, 2006-2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл касс хамгаалагчаар ажилласан бөгөөд өөрийн хариуцсан ажилдаа хариуцлагатай, сахилга баттай байж өнөөг хүртэл сахилгын зөрчил дутагдал гаргалгүй, ажлын байран дээрээ ахиж дэвшин ажиллаж ирсэн. Би салааны дарга Л.С-ын удирдлагын арга барил, архи, дарстай холбоотой зарим зөрчлийг нуун дарагдуулсан болон хамт олны дотор эрүүл бус уур амьсгал, шударга бус харилцааг бий болгосны улмаас ажилтнуудын сахилга хариуцлага суларч байгаа талаар 2017 оны 02 дугаар сарын дундуур албаны даргатай уулзаж гомдол мэдүүлсэн. Албаны дарга намайг “Ярьсан зүйлээ бичээд өг, ноцтой асуудлууд байна, мэдээллийн нууцыг хадгална, шалгалт хийгээд хариу хэлнэ” гэж хэлсний дагуу бичиж өгсөн бөгөөд өргөдлийн дагуу шалгалт явуулж, албаны дарга биднийг загнаж, “Энэ бүхнийг бичсэн Р.Л-ийг буруутгах зүйл алга. Бүгд үнэн бодитой байна. Гэхдээ цаг хугацааны хувьд зарим юмнууд ач холбогдлоо алдсан байна. Цаашид та нарын хөдөлмөрийн гэрээ, бичиг баримтуудыг авч үзнэ, өөр газар ч шилжүүлэн томилж болно, гэхдээ энэ удаа та нарыг ажил албан тушаал дээр чинь хэвээр үлдээлээ” гэж хэлсэн. Энэ хаалттай хурлаас хэн нэгэнд сахилгын арга хэмжээ авах, ажлын байрыг өөрчлөх тодорхой шийдвэр гараагүй. Гэтэл 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр албаны даргын “Шилжүүлэн томилох тухай” 48 дугаартай тушаал гарсан. Ямар шалтгаанаар тушаал гарч, намайг Улаанбаатар өртөөнд паркийн харуулаар шилжүүлсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй. Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцоогүй, ажилтан өөрөө хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Албаны удирдлагын зөвлөлийн хурлаар биечлэн оруулж, ажлын байрыг өөрчлөх зайлшгүй шаардлага, үндэслэл шалтгааны талаар хэлж шийдвэрлэдэг, журам мөрдөгдөж ирсэн. Хөдөлмөрийн тухай хууль, Улаанбаатар төмөр зам болон Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны Хөдөлмөрийн дотоод журам, Үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан “Хамтын гэрээ” гэх мэт эрх зүйн хэм хэмжээг зөрчин, Удирдлагын зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь цуглуулж нээлттэй, ил тод хэлэлцэж шийдвэрлээгүй. Ажилчдын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй Үйлдвэрчний эвлэлийн хороо, гомдлыг шалгасан ахлах байцаагчийн санал дүгнэлтийг сонсохгүй зөвхөн албаны дарга, хүний нөөцийн менежер нар хаалттай хуралдаад нарийн бичиг н.Ц-гаар тэмдэглэл хөтлүүлэн албан тушаалд чинь хэвээр үлдээлээ гэж хэлсэн атлаа хэдхэн хоногийн дараа гол буруутан н.С-ыг салааны даргын албан тушаалд нь хэвээр үлдээж, миний ажлын байрыг өөрчилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүмжлэл гаргасны төлөө хавчин гадуурхагдаж, үндэслэлгүйгээр ажлын байрыг өөрчилсөнд гомдолтой байна. Намайг шилжүүлэн томилсон 48 тоот тушаалд “Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг үндэслэл болгосон нь буруу, дээрх хуулийн заалт байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж байх тухай ерөнхий заалт. Мөн Хөдөлмөрийн гэрээний 2.4, 5.6 дахь заалтыг үндэслэл болгосон нь хууль бус гэж үзэж байна. Эдгээр нь зөвхөн ажлын зайлшгүй шаардлага гарсан үед шилжүүлэн томилох заалт болно. Тушаалд дурдсан “Байгууллагын эрх ашиг, ажил сайжруулах зорилгоор” гэж юуг хэлээд байгааг ойлгоогүй. Би касс хамгаалагчаар ажилласнаар байгууллагын эрх ашгийг хохироосон зүйл байхгүй. Ёс зүйн дүрмийн 4.1 дэх заалтыг тушаалд үндэслэл болгосныг зөвшөөрөхгүй, ажлын байранд ажил хэрэгч, зөв уур амьсгалыг бүрдүүлэхийн төлөө явж, хамт олонтойгоо хүндэтгэлгүй харьцсан асуудалгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүд нь ажлын байрны буюу албан тушаалын нэр, хөдөлмөрийн нөхцөл зэрэг болохыг заасан бөгөөд мөн хуулийн 23.2.1-т заасны дагуу би касс хамгаалагчийн хөдөлмөрийн хэвийн нөхцөлтэй байнгын ажлын байранд хугацаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтан. Гэтэл хууль бус шийдвэрийн улмаас хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүд бүгд өөрчлөгдөн, үндсэн орон тоон дээр байсан касс хамгаалагчаас гэрээт орон дээр байдаг паркийн харуул руу шилжүүлсэн тул хөдөлмөрийн хэвийн нөхцөлөөс хэвийн бус нөхцөлтэй ажлын байранд шилжсэнийг хөдөлмөрийн нөхцөл дордсон гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд намайг өмнөх ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь: Р.Л-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн болон бодит байдлын үндэслэлгүй байна. Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалтын алба, Л.Лхагвадоржтой 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 2.4 дэх хэсэгт “Ажлын зайлшгүй шаардлагаар ажилтны ажлын байрыг өөрчлөх, шугам замын анги, салаанд шилжүүлэн томилох”, 5.6 дахь хэсэгт “Ажил олгогчоос төмөр замын тээврийн үйл ажиллагааны онцлог, ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн ажилтны ажлын байрыг өөрчилсөн, шилжүүлсэн томилсон шийдвэрийг биелүүлж, ажил албандаа хүндэтгэлтэй хандана” гэж заасан бөгөөд дээрх гэрээгээр хоёр тал харилцан тохиролцсоны дагуу 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаартай тушаалаар паркийн харуулаар томилон ажиллуулсан. Цэрэгжүүлсэн хамгаалалтын алба нь “У” ХНН-ийг байгуулах хэлэлцээрийн дагуу байгуулагдсан, “У” ХНН-ийн Зэвсэгт хамгаалалтын нэгж бөгөөд энэ албаны эрх зүйн байдлыг Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 09 дүгээр тогтоолоор баталсан Төмөр замын байгууллагын цэрэгжүүлсэн хамгаалалтын дүрмээр зохицуулдаг. Цэргийн байгууллагатай адил насны хязгаартай тэтгэвэрт гарч, байлдааны зэвсгээр зэвсэглэсэн тусгай үүрэг бүхий нэгж юм. Энэхүү дүрмийн 3 дугаар зүйлд “Хамгаалалтын алба нь төмөр замын байгууллагын даргын удирдлагын дор үйл ажиллагаагаа бие даан хариуцан явуулна”, мөн Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалтындд   албаны ажилтны Ёс зүйн дүрмийн 4.11 дэх хэсэгт “ажлын байранд ажил хэрэгч уур амьсгалыг бүрдүүлж, хамтран ажиллаж байгаа нөхөддөө хүндэтгэлтэй хандана” гэж заасныг зөрчсөн тул түүнийг паркийн харуулын ажилд томилсон. Р.Л нь ажиллах хугацаандаа гурван ч удаагийн сахилгын шийтгэл авагдаж байсан, хамтран ажилладаг Д.Б-той хувийн таарамжгүй байдал удаа дараа гаргасан, мөн одоогийн салаан дарга Л.С-ыг ажил, үйл ажиллагаагаа шударга, удирдан зохион байгуулахгүй байна гэх мэт, албаны даргын авсан арга хэмжээг буруутгаж, Удирдах газрын салаан даргыг өөрийн таалалд нийцүүлэн сольж томилох агуулгатай “Өргөх бичиг”-ийг албаны дарга Ч.Б-т өгсөн байдаг. Ингээд албаны удирдлагын зөвлөл энэ талаар авч хэлэлцээд ажлын хариуцлага алдсан салаан дарга Л.С-ын үндсэн цалинг 1 сарын 20 хувь хасах сахилгын шийтгэл ногдуулж, Р.Л-ийг ажлын байранд ажил хэрэгч уур амьсгал бүрдүүлээгүй, хамтран ажиллаж буй нөхөд, ажил албандаа хүндэтгэлтэй ханддаггүй тул дээрх заалтуудыг үндэслэл болгож, сахилгын арга хэмжээ тооцолгүй, нэг ажлын байранд хэт олон жил ажилласан, ажлын чанар хамт олны уур амьсгалд сөргөөр нөлөөлсөн гэж үзэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болголгүй шууд шилжүүлэн, Улаанбаатар Цэрэгжүүлсэн хамгаалалтын ангид паркийн харуулаар томилсон. Удирдах газрын касс хамгаалагчийн үндсэн цалин 656 900 төгрөг, Улаанбаатар Цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн паркийн харуулын үндсэн цалин 656 900 төгрөг буюу цалингийн хувьд ямар ч хохиролгүй. Хөдөө, орон нутаг зааж шилжүүлэн томилоогүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Р.Л Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны ажилтны хувьд тушаал шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй ба уг тушаалаар түүний хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөөгүй, ажлын байрны нэрийг өөрчлөн ажилтан албандаа хандахдаа ёс зүйтэй хандаж ажиллах, захирах захирагдах ёсыг чанд сахиж, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэйг зөрчсөн тул албаны Удирдлагын зөвлөл хуралдаж, паркийн харуулаар үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн. Иймд Р.Л-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2017/02275 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Р.Л-ийг УГ дахь Хамгаалах салааны касс хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэг зааснаар энэ гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2177 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 102/8ШШ2017/02275 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц-гаас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзэж байна. Р.Л нь “У” ХНН-ийн Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны даргын 1997 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б-97 дугаар тушаалаар тус албаны харьяа Толгойт дахь салааны суурин харуулаар томилогдон ажиллаж улмаар Зүтгүүрийн депо, Удирдах газар, касс хамгаалагчаар шилжин ажиллаж ирсэн. Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний дагуу тус албаны харуулууд нь Улаанбаатар төмөр замын аль ч салбар нэгжийн ажлын байранд шилжин ажиллах үүрэгтэй. Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны даргын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №48 дугаар тушаалаар Р.Л-ийг паркийн харуулаар шилжүүлсэн ажиллуулсан ба түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй. Түүний цалин болон болон эрх зүйн байдлыг дордуулаагүй. 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Р.Л нь Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны дарга, Удирдлагын зөвлөлд хандаж, ажилтнуудын талаар хов живийн чанартай 9 хуудас гар бичмэл бичсэн нь хамт олны уур амьсгалыг эвгүйтгэхэд хүргэсэн юм. Анхан болон давж заалдах шатны шүүх түүний бичсэн гар бичмэлийн талаар дүгнэлт хийгээгүй байгааг шүүх анхаарч үзнэ үү гэжээ.

      ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Р.Л нь М-д холбогдуулан Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны Удирдах газрын салаанд касс хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Нэхэмжлэгч Р.Л-ийг Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны Удирдах газар дахь цэрэгжүүлсэн хамгаалалтын салаанд касс хамгаалагчаар ажиллаж байхад нь Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны даргын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №48 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1., Ёс зүйн дүрмийн 4.11, хөдөлмөрийн гэрээний 2.4., 5.6., албаны удирдлагын зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн Байгууллагын эрх ашиг, ажил сайжруулах зорилгоор 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс Улаанбаатар цэрэгжүүлсэн хамгаалалтын ангид паркийн харуулаар шилжүүлэн томилсон үйл баримт тогтоогджээ.

Ажилтныг өөр ажилд шилжүүлэн ажиллуулах үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 32., 33., 34. дүгээр зүйлд тусгайлан зохицуулсан байх бөгөөд “байгууллагын эрх ашиг, ажил сайжруулах зорилгоор ажилтны ажлын байрыг өөрчилж өөр ажилд шилжүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтад хамааралгүй байгаа нь ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтад нийцээгүй гэж үзнэ.

Ажил олгогч ажилтныг өмнө гүйцэтгэж байсан үүрэгт ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлэн томилохдоо Хөдөлмөрийн гэрээний 2.4., 5.6. дахь заалтуудыг үндэслэсэн байна.

Ажилтны ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.4.-т ажил олгогч нь “...ажлын зайлшгүй шаардлагаар ажилтны ажлын байрыг өөрчлөх, шугам замын анги, салаанд шилжүүлэн томилох” эрхтэй гэж, 5.6.-д ажилтны үүргийг “...ажилтны  ажлын байрыг өөрчилсөн, шилжүүлсэн, томилсон шийдвэрийг биелүүлж, ажил албандаа хүндэтгэлтэй хандана” гэж тодорхойлжээ.

Ажил олгогч Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалтын алба ажилтны ажлын байрыг өөрчлөх “ажлын” зайлшгүй шаардлага гарсан үндэслэлээ нотлоогүй, хяналтын журмаар гаргасан гомдолд “нэхэмжлэгч Р.Л нь Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны дарга, Удирдлагын зөвлөлд хандаж ажилтнуудын талаар хов живийн чанартай 9 хуудас гар бичмэл бичсэн нь хамт олны уур амьсгалыг эвгүйтэхэд хүргэсэн” гэх тайлбар нь ажилтныг өөр ажилд шилжүүлсэн үндэслэлтэй зөрчилдөж байна.

Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар, үндэслэлээ нотлоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцжээ.

Иймд шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2017/02275 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2177 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР       

ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД