Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/02275

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 3 хороо, 2 дугаар хороолол, Тээвэрчдийн гудамж, 3 дугаар байр, 43 тоотод оршин суух, Раднаабазарын Лхагвадоржийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүрэг, 3 хороо, Сөүлийн гудамж-42, Өөрийн байранд байрлах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох ажилд эргүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Лхагвадорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэндзаяа, С.Наранбаатар, нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Р.Лхагвадорж нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1997 онд анх УБТЗ-ын ЦХА-ны Толгойт дахь ЦХС-нд харуулаар ажилд орсон цагаас хойш 1998-2003 он хүртэл Зүтгүүрийн депод суурин харуул, 2003-2006 онд Удирдах газрын салаанд суурин харуул, 2006-2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл касс хамгаалагчаар ажилласан бөгөөд өөрийн хариуцсан ажилдаа хариуцлагатай, сахилга баттай байж өнөөг хүртэл сахилгын зөрчил дутагдал гаргалгүй, ажлын байран дээрээ ахиж дэвшин ажиллаж ирсэн.

Тэрээр салааны дарга н.Сэргэлэнбатын удирдлагын арга барил, архи, дарстай холбоотой зарим зөрчлийг нуун дарагдуулсан болон хамт олны дотор эрүүл бус уур амьсгал, шударга бус харилцааг бий болгосны улмаас ажилтнуудын сахилга хариуцлага суларч байгаа талаар 2017 оны 02 дугаар сарын дундуур албаны даргатай уулзаж гомдол мэдүүлсэн. Тэгэхэд албаны дарга намайг Ярьсан зүйлээ бичээд өг, ноцтой асуудлууд байна, мэдээллийн нууцыг хадгална, шалгалт хийгээд хариу хэлнэ гэж хэлсэний дагуу бичиж өгсөн бөгөөд өргөдлийн дагуу шалгалт явуулж, албаны дарга биднийг загнаж, Энэ бүхнийг бичсэн Р.Лхагвадоржийг буруутгах зүйл алга. Бүгд үнэн бодиттой байна. Гэхдээ цаг хугацааны хувьд зарим юмнууд ач холбогдлоо алдсан байна. Цаашид та нарын Хөдөлмөрийн гэрээ, бичиг баримтуудыг авч үзнэ, өөр газар ч шилжүүлэн томилж болно, гэхдээ энэ удаа та нарыг ажил албан тушаал дээр чинь хэвээр үлдээлээ гэж хэлсэн. Энэ хаалттай хурлаас хэн нэгэнд сахилгын арга хэмжээ авах, ажлын байрыг өөрчлөх тодорхой шийдвэр гараагүй.

Гэтэл 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр албаны даргын Шилжүүлэн томилох тухай 48 дугаартай тушаал гарсан.
Ямар шалтгаанаар тушаал гарч, намайг Улаанбаатар өртөөнд паркын харуулаар шилжүүлсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй.

Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцоогүй, ажилтан өөрөө хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Албаны удирдлагын зөвлөлийн хурлаар биечлэн оруулж, ажлын байрыг өөрчлөх зайлшгүй шаардлага, үндэслэл шалтгааны талаар хэлж шийдвэрлэдэг, журам мөрдөгдөж ирсэн.

Хөдөлмөрийн тухай хууль, УБТЗ болон ЦХА-ны Хөдөлмөрийн дотоод журам, Үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан Хамтын гэрээ гэх мэт эрхзүйн хэм хэмжээг зөрчин, Удирдлагын зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь цуглуулж нээлттэй, ил тод хэлэлцэж шиидвэрлээгүй, ажилчдын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Үйлдвэрчний эвлэлийн хороо, гомдлыг шалгасан ахлах байцаагчийн санал дүгнэлтийг сонсохгүй зөвхөн албаны дарга, хүний нөөцийн менежер нар хаалттай хуралдаад нарийн бичиг н.Цогзолмаагаар тэмдэглэл хөтлүүлэн албан тушаалд чинь хэвээр үлдээлээ гэж хэлсэн мөртлөө хэдхэн хоногийн дараа гол буруутан н.Сэргэлэнбаатарыг салааны даргын албан тушаалд нь хэвээр үлдээж, миний ажлын байрыг өөрчилснийг хүлээн зевшөөрөхгүй.

Шүүмжлэл гаргасны төлөө хавчин гадуурхагдаж, үндэслэлгүйгээр ажпын байрыг өөрчилсөнд гомдолтой байна. Намайг шилжүүлэн томилсон 48 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 зүйлийн 24.1 дэх заалтыг үндэслэл болгосон нь буруу, дээрхи хуулийн заалт байнгын ажлын байранд Хөдөлмөрийн гэрээ байгуулж байх тухай ерөнхий заалт. Мөн Хөдөлмөрийн гэрээ-ний 2.4, 5.6 дахь заалтыг үндэслэл болгосон нь хууль бус гэж үзэж байна. Эдгээр нь зөвхөн ажлын зайлшгүй шаардлага гарсан үед шилжүүлэн томилох заалт болно.

Тушаалд дурдсан Байгууллагын эрх ашиг, ажил сайжруулах зорилгоор гэж юуг хэлээд байгааг ойлгоогүй. Би касс хамгаалагчаар ажилласнаар байгууллагын эрх ашгийг хохироогоод ажил унагаад байгаа зүйл байхгүй. Ёс зүйн дүрмийн 4.1 дэх заалтыг тушаалд үндэслэл болгосныг зөвшөөрөхгүй, ажлын байранд ажил хэрэгч, зөв уур амьсгалыг бүрдүүлэхийн төлөө явж, хамт олонтойгоо хүндэтгэлгүй харьцсан асуудалгүй.

Хөдөлмөрийн хуулийн 21 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүд нь ажлын байрны буюу албан тушаалын нэр, хөдөлмөрийн нөхцөл зэрэг болохыг заасан бөгөөд мөн хуулийн 23.2.1 дэх хэсэгт заасны дагуу би касс хамгаалагчийн хөдөлмөрийн хэвийн нөхцөлтэй байнгын ажлын байранд хугацаагүй, Хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтан. Гэтэл хууль бус шийдвэрийн улмаас Хөдөлмөрийн гэрээ-ний гол нөхцлүүд бүгд өөрчлөгдөн, шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ашиглалтын үндсэн орон тоон дээр байсан касс хамгаалагчаас гэрээт орон тоон дээр байдаг паркын харуул руу шилжүүлсэн тул хөдөлмөрийн хэвийн нөхцлөөс хэвийн бус нөхцөлтэй ажлын байранд шилжсэнийг хөдөлмөрийн нөхцөл дордсон гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймээс намайг өмнөх ажилд эргүүлэн тогтоож өгнө үү, гэжээ.

 

Хариуцагчмйн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэндзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь:

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Цэрэгжүүлсэн хамгаалалт онцгой байдлын албаны Паркын харуул ажилтай Р.Лхагвадорж Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны даргын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаартай тушаалыг үндэслэлгүй гэж үзэж, Удирдах газар дахь хамгаалах салааны касс хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Л.Лхагвадоржийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн болон бодит байдлын үндэслэлгүй байна. Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалтын алба, иргэн Л.Лхагвадоржтой 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 2.4 дэх хэсэгт "Ажлын зайлшгүй шаардлагаар ажилтны ажлын байрыг өөрчлөх, шугам замын анги, салаанд шилжүүлэн томилох", 5.6 дахь хэсэгт "Ажил олгогчоос төмөр замын тээврийн үйл ажиллагааны онцлог, ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн ажилтны ажлын байрыг өөрчилсөн, шилжүүлсэн томилсон шийдвэрийг биелүүлж, ажил албандаа хүндэтгэлтэй хандана" гэж заасан бөгөөд дээрх гэрээгээр хоёр тал харилцан тохиролцсоны дагуу 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаартай тушаалаар Паркийн харуулаар томилон ажиллуулсан

Цэрэгжүүлсэн хамгаалалтын алба нь "УБТЗ" ХНН-ийг байгуулах хэлэлцээрийн дагуу байгуулагдсан, "УБТЗ" ХНН-ийн Зэвсэгт хамгаалалтын нэгж бөгөөд энэ албаны эрх зүйн байдлыг Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 9 дүгээр тогтоолоор баталсан Төмөр замын байгууллагын цэрэгжүүлсэн хамгаалалтын дүрмээр зохицуулдаг. Цэргийн байгууллагатай адил насны хязгаартай тэтгэвэрт гарч, байлдааны зэвсгээр зэвсэглэсэн тусгай үүрэг бүхий нэгж юм.

Энэхүү дүрмийн 3 дугаар зүйлд Хамгаалалтын алба нь төмөр замын байгууллагын даргын удирдлагын дор үйл ажиллагаагаа бие даан хариуцан явуулна. Мөн Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны ажилтны Ёс зүйн дүрмийн 4.11 дэх хэсэгт ажлын байранд ажил хэрэгч уур амьсгалыг бүрдүүлж, хамтран ажиллаж байгаа нөхөддөө хүндэтгэлтэй хандана гэж заасныг зөрчсөн тул түүнийг паркын харуулын ажилд томилсон.

 

 

 

 

Р.Лхагвадорж нь ажиллах хугацаандаа гурван ч удаагийн сахилгын шийтгэл авагдаж байсан, хамтран ажилладаг Д.Батболдтой хувийн таарамжгүй байдал удаа дараа гаргасан, мөн одоогийн салаан дарга Л.Сэргэлэнбатыг ажил, үйл ажиллагаагаа шударга, удирдан зохион байгуулахгүй байна гэх мэт, албаны даргын авсан арга хэмжээг буруутгаж, Удирдах газрын салаан даргыг өөрийн таалалд нийцүүлэн сольж томилох агуулгатай Өргөх бичиг-ийг албаны дарга Ч.Батбаярт өгсөн байдаг.

Ингээд албаны удирдлагын зөвлөл энэ талаар авч хэлэлцээд ажлын хариуцлага алдсан салаан дарга Л.Сэргэлэнбатад үндсэн цалинг 1 сарын 20 хувь хасах сахилгын шийтгэл ногдуулж, Р.Лхагвадоржийг ажлын байранд ажил хэрэгч уур амьсгал бүрдүүлээгүй, хамтран ажиллаж буй нөхөд, ажил албандаа хүндэтгэлтэй ханддаггүй тул дээрх заалтуудыг үндэслэл болгож, сахилгын арга хэмжээ тооцоолгүй, нэг ажлын байранд хэт олон жил ажилласан, ажлын чанар, хамт олны уур амьсгалд сөргөөр нөлөөлсөн гэж үзэн, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болголгүй, шууд шилжлүулэн, Улаанбаатар Цэрэгжүүлсэн хамгаалалтын ангид Паркын харуулаар томилсон.

Удирдах газрын касс хамгаалагчийн үндсэн цалин 656 900 төгрөг, Улаанбаатар Цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн паркын харуулын үндсэн цалин 656 900 төгрөг буюу цалингийн хувьд ямар ч хохиролгүй, хөдөө, орон нутаг зааж шилжүүлэн томилоогүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Р.Лхагвадорж Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны ажилтны хувьд тушаал шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй ба уг тушаалаар түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй, ажлын байрны нэрийг өөрчлөн, ажилтан албандаа хандахдаа ёс зүйтэй хандаж ажиллах, захирах захирагдах ёсыг чанд сахиж, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэйг зөрчсөн тул албаны Удирдлагын зөвлөл хуралдаж, паркын харуулаар үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн билээ.

Иймд Р.Лхагвадоржийн гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Р.Лхагвадорж, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан, ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар байгууллагын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1.Нэхэмжлэгч Р.Лхагвадорж, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Б-1-97 тушаалаар касс хамгаалагч, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б-2-44 дугаартай тушаалаар паркийн харуулаар ажиллаж байсан нь тогтоогдож байна.

2.Ажил олгогч болон ажилтны хооронд тодорхой нөхцөл зааж, 2016 оны 8 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээгээр УГ дахь Хамгаалах салааны касс хамгаалагч, 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс УБТЗ-ын ЦХОБА-ны УБЦХ ангийн паркийн харуулаар ажиллуулахаар Хөдөлмөрийн гэрээ байгуулагджээ.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад, Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай бөгөөд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас чөлөөлөгдөх болсон үндэслэлтэй тохирсноор хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл болдог.

Ажил олгогч 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ВОХР, н.Давхарбаярын удирдан хийсэн Хурлын тэмдэглэл-ийн саналыг үндэслэн, 48 дугаартай тушаалаа гаргахдаа байгууллагын эрх ашиг, ажил сайжруулах зорилгоор Удирдах газар дахь Цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны касс хамгаалагч Лхагвадоржийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс Улаанбаатар Цэрэгжүүлсэн хамгаалалтын ангид паркийн харуулаар шилжүүлэн, өмнөх хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон бөгөөд ажил олгогч түүнтэй байгуулсан гэрээг цуцлахдаа, Хөдөлмөрийн гэрээ, УБТЗ-ын Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн хууль-д заасан үндэслэл бүхий тушаал гаргах ёстой байжээ. Үүнд:

2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хурал дээр ВОХР: Б.Давхарбаяр /дарга/ Лхагвадоржийг буруутгах үндэслэл алга..... гэж дүгнэсэн атлаа Хурлын тэмдэглэлийн төгсгөлийн Шийдвэрлэсэн нь хэсэгт касс хамгаалагч Р.Лхагвадоржийн ажлын байрыг солих шийдвэрийг гаргасан нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт Гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах зэрэг зайлшгүй шаардлага гарсан болон байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн урьдчилан мэдэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд 45 хүртэл хоногийн хугацаагаар шилжүүлж болно гэж зааснаар ажил олгогч түүнийг шилжүүлэх ямар зайлшгүй шаардлага гарсан талаар тодорхой үндэслэл дурдаагүй, тухайн өдрийн хурлын хэлэлцэх асуудалд ороогүй мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэндзаяа шүүх хуралдаанд ажилтны ёс зүйн дүрмийн 4.11 дэх хэсэгт Ажлын байранд ажил хэрэгч уур амьсгалыг бүрдүүлж, хамтран ажиллаж байгаа нөхөддөө хүндэтгэлтэй хандана гэж заасныг зөрчсөн учраас паркын харуулын ажилд томилсон гэх тайлбарыг гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж заасны дагуу нотлож чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байх тул ажил олгогчийн санаачлагаар өөр ажилд шилжүүлсэн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байх тул ажилд эргүүлэн тогтоох нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Шилжүүлэн томилох тухай 48 дугаартай тушаалаа 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 3 дугаар сарын 31-ний өдөр ажлаа хүлээлцэж, 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан ба 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийг 2017оны 6 дугаар сарын 5-ны өдөр гардан авч, дахин 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзээд, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: