Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2177

 

 

Р.Лийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 102/8ШШ2017/02275 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Р.Лийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч МОХННУБТЗ-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Л,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Р.Л нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1997 онд анх УБТЗ-ын ЦХА-ны Толгойт дахь ЦХС-нд харуулаар ажилд орсон цагаас хойш 1998-2003 он хүртэл Зүтгүүрийн депод суурин харуул, 2003-2006 онд Удирдах газрын салаанд суурин харуул, 2006-2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл касс хамгаалагчаар ажилласан бөгөөд өөрийн хариуцсан ажилдаа хариуцлагатай, сахилга баттай байж өнөөг хүртэл сахилгын зөрчил дутагдал гаргалгүй, ажлын байран дээрээ ахиж дэвшин ажиллаж ирсэн. Тэрээр салааны дарга Л.С-ын удирдлагын арга барил, архи, дарстай холбоотой зарим зөрчлийг нуун дарагдуулсан болон хамт олны дотор эрүүл бус уур амьсгал, шударга бус харилцааг бий болгосны улмаас ажилтнуудын сахилга хариуцлага суларч байгаа талаар 2017 оны 02 дугаар сарын дундуур албаны даргатай уулзаж гомдол мэдүүлсэн. Албаны дарга намайг “Ярьсан зүйлээ бичээд өг, ноцтой асуудлууд байна, мэдээллийн нууцыг хадгална, шалгалт хийгээд хариу хэлнэ” гэж хэлсэний дагуу бичиж өгсөн бөгөөд өргөдлийн дагуу шалгалт явуулж, албаны дарга биднийг загнаж, “Энэ бүхнийг бичсэн Р.Лийг буруутгах зүйл алга. Бүгд үнэн бодиттой байна Гэхдээ цаг хугацааны хувьд зарим юмнууд ач холбогдлоо алдсан байна. Цаашид та нарын хөдөлмөрийн гэрээ, бичиг баримтуудыг авч үзнэ, өөр газар ч шилжүүлэн томилж болно, гэхдээ энэ удаа та нарыг ажил албан тушаал дээр чинь хэвээр үлдээлээ” гэж хэлсэн. Энэ хаалттай хурлаас хэн нэгэнд сахилгын арга хэмжээ авах, ажлын байрыг өөрчлөх тодорхой шийдвэр гараагүй. Гэтэл 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр албаны даргын “Шилжүүлэн томилох тухай” 48 дугаартай тушаал гарсан. Ямар шалтгаанаар тушаал гарч, намайг Улаанбаатар өртөөнд паркийн харуулаар шилжүүлсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй.

Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцоогүй, ажилтан өөрөө хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Албаны удирдлагын зөвлөлийн хурлаар биечлэн оруулж, ажлын байрыг өөрчлөх зайлшгүй шаардлага, үндэслэл шалтгааны талаар хэлж шийдвэрлэдэг, журам мөрдөгдөж ирсэн.

Хөдөлмөрийн тухай хууль, УБТЗ болон ЦХА-ны Хөдөлмөрийн дотоод журам, Үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан “Хамтын гэрээ” гэх мэт эрх зүйн хэм хэмжээг зөрчин, Удирдлагын зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь цуглуулж нээлттэй, ил тод хэлэлцэж шийдвэрлээгүй, ажилчдын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Үйлдвэрчний эвлэлийн хороо, гомдлыг шалгасан ахлах байцаагчиин санал дүгнэлтийг сонсохгүй зөвхөн албаны дарга. хүний нөөцийн менежер нар хаалттай хуралдаад нарийн бичиг н.Цогзолмаагаар тэмдэглэл хөтлүүлэн албан тушаалд чинь хэвээр үлдээлээ гэж хэлсэн атлаа хэдхэн хоногийн дараа гол буруутан н.Сэргэлэнбаатарыг салааны даргын албан тушаалд нь хэвээр үлдээж, миний ажлын байрыг өөрчилснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Шүүмжлэл гаргасны төлөө хавчин гадуурхагдаж, үндэслэлгүйгээр ажлын байрыг өөрчилсөнд гомдолтой байна. Намайг шилжүүлэн томилсон 48 тоот тушаалд “Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг үндэслэл болгосон нь буруу, дээрх хуулийн заалт байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж байх тухай ерөнхий заалт. Мөн Хөдөлмөрийн гэрээний 2.4, 5.6 дахь заалтыг үндэслэл болгосон нь хууль бус гэж үзэж байна. Эдгээр нь зөвхөн ажлын зайлшгүй шаардлага гарсан үед шилжүүлэн томилох заалт болно.

Тушаалд дурдсан “Байгууллагын эрх ашиг, ажил сайжруулах зорилгоор” гэж юуг хэлээд байгааг ойлгоогүй. Би касс хамгаалагчаар ажилласнаар байгууллагын эрх ашгийг хохироосон зүйл байхгүй. Ёс зүйн дүрмийн 4.1 дэх заалтыг тушаалд үндэслэл болгосныг зөвшөөрөхгүй, ажлын байранд ажил хэрэгч, зөв уур амьсгалыг бүрдүүлэхийн төлөө явж, хамт олонтойгоо хүндэтгэлгүй харьцсан асуудалгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүд нь ажлын байрны буюу албан тушаалын нэр, хөдөлмөрийн нөхцөл зэрэг болохыг заасан бөгөөд мөн хуулийн 23.2.1-т заасны дагуу би касс хамгаалагчийн хөдөлмөрийн хэвийн нөхцөлтэй байнгын ажлын байранд хугацаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтан. Гэтэл хууль бус шийдвэрийн улмаас хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүд бүгд өөрчлөгдөн, шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан ашиглалтын үндсэн орон тоон дээр байсан касс хамгаалагчаас гэрээт орон дээр байдаг паркийн харуул руу шилжүүлсэн тул хөдөлмөрийн хэвийн нөхцөлөөс хэвийн бус нөхцөлтэй ажлын байранд шилжсэнийг хөдөлмөрийн нөхцөл дордсон гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд намайг өмнөх ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь:

Р.Л-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн болон бодит байдлын үндэслэлгүй байна. Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалтын алба, Л.Лхагвадоржтой 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 2.4 дэх хэсэгт “Ажлын зайлшгүй шаардлагаар ажилтны ажлын байрыг өөрчлөх, шугам замын анги, салаанд шилжүүлэн томилох”, 5.6 дахь хэсэгт “Ажил олгогчоос төмөр замын тээврийн үйл ажиллагааны онцлог, ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн ажилтны ажлын байрыг өөрчилсөн, шилжүүлсэн томилсон шийдвэрийг биелүүлж, ажил албандаа хүндэтгэлтэй хандана” гэж заасан бөгөөд дээрх гэрээгээр хоёр тал харилцан тохиролцсоны дагуу 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаартай тушаалаар паркийн харуулаар томилон ажиллуулсан.

Цэрэгжүүлсэн хамгаалалтын алба нь “УБТЗ” ХНН-ийг байгуулах хэлэлцээрийн дагуу байгуулагдсан, “УБТЗ” ХНН-ийн Зэвсэгт хамгаалалтын нэгж бөгөөд энэ албаны эрх зүйн байдлыг Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 9 дүгээр тогтоолоор баталсан Төмөр замын байгууллагын цэрэгжүүлсэн хамгаалалтын дүрмээр зохицуулдаг. Цэргийн байгууллагатай адил насны хязгаартай тэтгэвэрт гарч, байлдааны зэвсгээр зэвсэглэсэн тусгай үүрэг бүхий нэгж юм. Энэхүү дүрмийн 3 дугаар зүйлд “Хамгаалалтын алба нь төмөр замын байгууллагын даргын удирдлагын дор үйл ажиллагаагаа бие даан хариуцан явуулна”, мөн Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны ажилтны Ёс зүйн дүрмийн 4.11 дэх хэсэгт “ажлын байранд ажил хэрэгч уур амьсгалыг бүрдүүлж, хамтран ажиллаж байгаа нөхөддөө хүндэтгэлтэй хандана” гэж заасныг зөрчсөн тул түүнийг паркийн харуулын ажилд томилсон.

Р.Л нь ажиллах хугацаандаа гурван ч удаагийн сахилгын шийтгэл авагдаж байсан, хамтран ажилладаг Д.Б-той хувийн таарамжгүй байдал удаа дараа гаргасан, мөн одоогийн салаан дарга Л.С-ыг ажил, үйл ажиллагаагаа шударга, удирдан зохион байгуулахгүй байна гэх мэт, албаны даргын авсан арга хэмжээг буруутгаж, Удирдах газрын салаан даргыг өөрийн таалалд нийцүүлэн сольж томилох агуулгатай “Өргөх бичиг”-ийг албаны дарга Ч.Батбаярт өгсөн байдаг.

Ингээд албаны удирдлагын зөвлөл энэ талаар авч хэлэлцээд ажлын хариуцлага алдсан салаан дарга Л.С-д үндсэн цалинг 1 сарын 20 хувь хасах сахилгын шийтгэл ногдуулж, Р.Л-ийг ажлын байранд ажил хэрэгч уур амьсгал бүрдүүлээгүй, хамтран ажиллаж буй нөхөд, ажил албандаа хүндэтгэлтэй ханддаггүй тул дээрх заалтуудыг үндэслэл болгож, сахилгын арга хэмжээ тооцоолгүй, нэг ажлын байранд хэт олон жил ажилласан, ажлын чанар хамт олны уур амьсгалд сөргөөр нөлөөлсөн гэж үзэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болголгүй шууд шилжүүлэн, Улаанбаатар Цэрэгжүүлсэн хамгаалалтын ангид паркийн харуулаар томилсон.

Удирдах газрын касс хамгаалагчийн үндсэн цалин 656 900 төгрөг, Улаанбаатар Цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн паркийн харуулын үндсэн цалин 656 900 төгрөг буюу цалингийн хувьд ямар ч хохиролгүй. Хөдөө, орон нутаг зааж шилжүүлэн томилоогүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Р.Л Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны ажилтны хувьд тушаал шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй ба уг тушаалаар түүний хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөөгүй, ажлын байрны нэрийг өөрчлөн ажилтан албандаа хандахдаа ёс зүйтэй хандаж ажиллах, захирах захирагдах ёсыг чанд сахиж. өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэйг зөрчсөн тул албаны Удирдлагын зөвлөл хуралдаж, паркийн харуулаар үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн.

Иймд Р.Лийн гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг эаримтлан Р-ын Л-ийг УГ дахь Хамгаалах салааны касс хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэг зааснаар энэ гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2017/02275 дугаар шийдвэрийг эс зөвшөөрөн давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Тус шүүхийн шийдвэр нь хууль зүйн болон бодит байдлын ямар ч үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр ИХШХШтХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагатай нийцэхгүй байгаа бөгөөд хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн мэтгэлцээний үед шүүхэд мэдүүлсэн хэрэгт ач холбогдолтой мэдүүлэг зэрэгт үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр, хариуцагчийн хэлсэн үгийг зөрүүлж бичиж хариуцагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолыг илтэд хохироосон бодит байдлаас зөрчилтэй гаргасанд гомдолтой байна. Үүнд:

УБТЗ-ын Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны даргын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаартай тушаалаар Р.Лийг УБТЗ-ын Паркийн харуулаар шилжүүлэн томилсон юм. Цэрэгжүүлсэн хамгаалалтын алба нь Р.Л-той 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба гэрээний 2.4-т “Ажлын зайлшгүй шаардлагаар ажилтны ажлын байрыг өөрчлөх, шугам замын анги салаанд шилжүүлэн томилох”, 5.6-д “Ажил олгогчоос төмөр замын тээврийн үйл ажиллагааны онцлог, ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн ажилтны ажлын байрыг өөрчилсөн, шилжүүлсэн томилсон шийдвэрийг биелүүлж, ажил албандаа хүндэтгэлтэй хандана” гэж заасан. Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны ажилтны ёс зүйн дүрмийн 4.11-т “Ажлын байранд ажил хэрэгч уур амьсгалыг бүрдүүлж, хамтран ажиллаж байгаа нөхөддөө хүндэтгэлтэй хандана” гэж заасныг зөрчсөн тул түүнийг паркийн харуулын ажилд томилсон юм.

Р.Л нь хамтран ажилладаг Д.Б-той хувийн таарамжгүй байдал удаа дараа гаргасан, мөн одоогийн салаан дарга Л.С-ыг ажил, үйл ажиллагаагаа шударга, удирдан зохион байгуулахгүй байна гэх мэт, албаны даргын авсан арга хэмжээг буруутгаж, Удирдах газрын салаан даргыг өөрийн таалалд нийцүүлэн сольж томилох агуулгатай өргөх бичгийг албаны дарга Ч.Б-рт өгсөн. Р.Л-д ажлын байранд ажил хэрэгч уур амьсгал бүрдүүлээгүй, хамтран ажиллаж буй нөхөд, ажил албандаа хүндэтгэлтэй ханддаггүй тул дээрх заалтуудыг үндэслэл болгосон. Түүнд сахилгын арга хэмжээ тооцоогүй. Харин нэг ажлын байранд хэт олон жил ажилласан нь ажлын чанар, хамт олны уур амьсгалд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болголгүй, шууд үргэлжлүүлэн томилж, албан тушаалыг нь Улаанбаатар Цэрэгжүүлсэн хамгаалалтын ангид Паркийн харуулаар томилсон.

Р.Л-д паркийн харуулаар шилжүүлсэн томилсон нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Р.Лийн хариуцагч МОХННУБТЗ-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Хариуцагч УБТЗ-ын Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны даргын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 48 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Ёс зүйн дүрмийн 4.11, хөдөлмөрийн гэрээний 2.4, 5.6 дахь заалтууд, албаны удирдлагын зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн байгууллагын эрх ашиг, ажил сайжруулах зорилгоор Удирдах газар дахь цэрэгжүүлсэн хамгаалалтын салаанд касс хамгаалагч ажилтай Р.Л-ийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс Улаанбаатар цэрэгжүүлсэн хамгаалалтын ангид паркийн харуулаар шилжүүлэн томилжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Р.Л нь ажлын байранд ажил хэрэгч уур амьсгал бүрдүүлээгүй, хамтран ажиллаж буй нөхөд, ажил албандаа хүндэтгэлтэй ханддаггүй, нэг ажлын байранд хэт олон жил ажилласан, ажлын чанар хамт олны уур амьсгалд сөргөөр нөлөөлсөн гэж тайлбарлаж байх боловч энэ нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг өөрчлөх буюу шилжүүлэх үндэслэл болохгүй юм.

 

Ажилтныг өөр ажилд түр шилжүүлэх үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах зэрэг зайлшгүй шаардлага гарсан болон байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн  урьдчилан мэдэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд 45 хүртэл хоногийн хугацаагаар шилжүүлж болно.”, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “Сул зогсолтын үед ажилтныг байгууллага дотроо хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажилд, эсхүл өөр байгууллагад түр хугацаагаар өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр шилжүүлэн ажиллуулж болно.” 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг үндэслэн ажилтныг эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд түүнтэй тохиролцон шилжүүлнэ.” гэж тус тус заажээ.

 

Гэтэл хариуцагч нэхэмжлэгчийг Удирдах газар дахь Цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны касс хамгаалагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, паркийн харуулаар шилжүүлэн томилж, өмнөх хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосонд дээрх үндэслэлүүд хамаарахгүй байна.

 

Ажил олгогчийн гаргасан шийдвэрт ажилтан гомдол гаргаж буй тохиолдолд уг шийдвэрийн үндэслэлтэй болохыг гаргасан этгээд нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлож чадаагүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь ёс зүйн зөрчил гаргаснаас хариуцагч түүнд сахилгын шийтгэл ногдуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд ажил олгогч өөрийн санаачилгаар нэхэмжлэгчтэй тохиролцолгүй түүнийг өөр ажилд шилжүүлсэн нь хууль бус гэж үзсэн анхан шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 102/8ШШ2017/02275 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.ИЧИНХОРЛОО  

 

                                       ШҮҮГЧИД                                          Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ   

                   

                                                                                                С.ЭНХТӨР