Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2021/0037

 

“У” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Я, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, өмгөөлөгч Д.Э, хариуцагч Ц.Ц, Ч.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 750 дугаар шийдвэртэй, “У” ХХК-ийн гомдолтой, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц, Ч.Э нарт тус тус холбогдох зөрчлийн хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 750 дугаар шийдвэрээр:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 1.2 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д тус тус заасныг баримтлан “У” ХХК-ийн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц, Ч.Э нарт холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц, Ч.Э нарын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 232201790 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “...Шүүхээс нэхэмжлэгчийг хуулиар тусгайлан хориглосон хэм, хэмжээг зөрчөөгүй, газрын төлбөрийн итгэлцүүрийг тогтоосон захиргааны актуудыг захиргааны байгууллагаас шүүхийн шийдвэрийн дагуу зөвтгөгдөж гаргаагүй байхад зөрчилд тооцож хариуцлага хүлээлгэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д заасан зорилгод нийцэхгүй байна гэж үзсэнд дараах тайлбарыг гаргаж байна.

Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 “Монгол улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөрөөс бүрдэнэ. 7 дугаар зүйлийн 7.4.11 “газрын төлбөр /орон нутгийн татвар/ гэж заасан байдаг. Эндээс үзвэл газрын төлбөр нь Монгол улсын татвар юм. Хариуцагч 2012-2016 оны газрын төлбөрт хяналт, шалгалт хийсэн нэхэмжлэгчийг Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 “Татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх, 18.1.4 Татварын хууль тогтоомж зөрчсөн бол уг зөрчлийг арилгах талаар татварын албанаас тавьсан шаардлагыг биелүүлэх 18.1.14 “Хууль тогтоомжид заасан бусад үүргийг дараах байдлаар зөрчсөн гэж үзсэн.

2012, 2013, 2014, 2015, 2016 онд нийт 1,266,158,500 төгрөгийн газрын төлбөрийг дутуу төлсөн нь Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.6, болон талуудын хооронд байгуулсан гэрээг зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх заалт, 1.5 дугаар зүйлийн 8 дахь заалтыг баримтлан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.3 дахь хэсгийг үндэслэн шийтгэлийн хуудас бичсэн.

Шүүхээс нэхэмжлэгч нь газар ашиглах гурвалсан гэрээний дагуу газрын төлбөрийг төлж байсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Талуудын хооронд байгуулсан гурван талт гэрээнд Газрын төлбөрийн тухай хуульд заасан “Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон, бусад суурин газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно” гэх заалт бүрэн агуулгаараа заагдсан байдаг.

Өөрөөр хэлбэл 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 797 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.3, 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2008/797 тоот гэрээнүүдэд тус тус 3 дахин их төлбөр төлөхөө гэрээндээ оруулж өгсөн байдаг.

2013 оны 09 сарын 16-ны өдрийн 2008/797 тоот гэрээнд газрын төлбөрийг төлөөгүй гэх Газрын албаны тодорхойлолт байсаар атал шүүх нэхэмжлэгчийг гэрээнд заасан төлбөрийг төлж байсан гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Үнэхээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэхгүй зөвхөн гэрээнд заасан төлбөрийн дагуу нэхэмжлэгчийг төлбөр төлөх ёстой гэж үзсэн бол 2013 оны 09 сарын 16-ны өдрийн 2008/797 тоот гэрээний төлбөрийн төлөгдвөл зохих төлбөрийн дүнгээс хэдэн төгрөгийн төлбөрийг төлсөн байгааг тогтоож, үлдсэн төлбөрийг төлүүлэх шийдвэр гаргах байсан. Гэтэл нэхэмжлэгчийг гэрээнд заасан төлбөрийн дүнг бүхэлд нь төлсөн мэт дүгнэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримт үндэслээгүй байна гэж үзэж байна.

“У” ХХК нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж байсан ч энгийн газрын төлбөр төлж байсан. Улсын тусгай хамгаалалттай газар ашиглаж бусдаас давуу эрх эдэлсэн хирнээ түүндээ нийцэх төлбөр төлөхгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 “Хуульд үндэслэх”, 4.2.5 “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж байна. Хан-Уул дүүргийн Газрын албанаас хариуцагчийг нийт 2,066,393,400 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй байна гэж шүүхэд нотлох баримтыг хүргүүлсээр байтал түүнийг үнэлж дүгнэлгүй нэхэмжлэгч төлбөрийг төлсөн гэж үзэж байгаад гомдож байна. Тиймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0750 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ маргаан бүхий шийтгэлийн хуудас, түүний үндэслэл, маргааны үйл баримт, талуудын маргаж буй үндэслэлд дутуу дүгнэлт өгснөөс өмнө хэргийг хянан шийдвэрлэж, дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолд заасан үндэслэл арилаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн, үүнийг давж заалдах шатны шүүхээс засах боломжгүй байх тул хэргийг гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

“У” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газарт тусгай хамгаалалттай газар нутгийн “Богины ам” нэртэй 30 га талбайг аялал жуучлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр газар ашиглах эрхийн гэрчилгээ олгожээ.

Маргаан  бүхий  шийтгэлийн хуудсаар[1] “У” ХХК-ийн 2012-2016 онуудын газрын төлбөр төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, нийт 1,226,158,500.00 төгрөгийн газрын төлбөрийг дутуу төлсөн зөрчилд 1,226,158,500.00 төгрөгийн хохирол тооцож, 232,950,684.00 төгрөгийн нөхөн төлбөр, 367,847,550.00 төгрөгийн торгууль оногдуулж, нийт 1,826,956,734.00 төгрөгийг гомдол гаргагч “У” ХХК-иар төлүүлэхээр шийдвэрлэжээ.

          Газрын төлбөр ногдуулах хэмжээг түр тогтоосон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр тогтоолыг[2] Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 269 дүгээр магадлалаар[3], харин газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх, газрын зааг, итгэлцүүрийн тоон утгыг тогтоосон Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолыг Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 527 дугаар тогтоолоор[4] тус тус шинэ акт гартал түдгэлзүүлсэн.

          Маргаан бүхий шийтгэлийн хуудас 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гарсан бөгөөд уг 232201790  дүгээр шийтгэлийн хуудсаар[5] тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч гомдол гаргагч компанийг  2012-2016 оны 5 жил дараалсан газрын төлбөрийг дээр дурдсан шүүхийн магадлал, тогтоолоор түдгэлзүүлсэн захиргааны хэм хэмжээний актуудад заасан газрын төлбөр тогтоосон хэмжээ, итгэлцүүрийг үндэслэн дутуу төлсөн зөрчил гаргасан гэж дүгнэн Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 4, 1.5 дугаар зүйлийн 8, Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.3-д тус тус заасны дагуу торгох шийтгэл ногдуулжээ.

          Анхан шатны шүүхийн шийдвэрт “...нэхэмжлэгч  хуулиар тусгайлан хориглосон хэм хэмжээг зөрчөөгүй, газрын төлбөрийн итгэлцүүрийг тогтоосон захиргааны актуудыг захиргааны байгууллагаас шүүхийн шийдвэрийн дагуу зөвтгөгдөж гаргаагүй байхад зөрчилд тооцож хариуцлага хүлээлгэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д заасан ...зөрчлийг зөвхөн хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, түүнд нийцүүлж гарсан хэм хэмжээний актыг зөрчсөн тохиолдолд л шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх зорилгоор хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан бөгөөд газрын төлбөрийн хэмжээг ихэсгэсэн дээрх тогтоолууд хүчин төгөлдөр бус байх тул эрх зүйн үр дагавар үүсгэхгүй,...нэхэмжлэгч нь газар ашиглах гуравласан гэрээний дагуу газрын төлбөрийг төлж байсан болохыг дурдах нь зүйтэй..., шүүхээс нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж үзээгүй тул шийтгэл ногдуулсан процесс болон төлбөр тооцсон аргачлалд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно” зэрэг дүгнэлтүүдийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэжээ.

          Анхан шатны шүүхээс “шийтгэлийн хуудсыг үндэслэл болгосон захиргааны хэм хэмжээний актууд хүчин төгөлдөр бус” гэж дүгнэсэн үндэслэлээ Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 1.2 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтаар зохицуулсан хэм хэмжээг үндэслэн тайлбар хийсэн нь бүрэн гүйцэд дүгнэлт болж чадаагүй байна.

   Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийг зөрчил гаргаагүй, нэхэмжлэгч хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, хэм хэмжээний актыг зөрчөөгүй гэж дүгнэсэн үндэслэл нь шүүхийн шийдвэрийн дагуу “хууль бус” гэж тогтоогдсон захиргааны хэм хэмжээний актыг үндэслэн гаргасан маргаан бүхий шийтгэлийн хуудсыг “хууль бус” эсхүл “хууль ёсны” эсэхэд хамааруулан дүгнэлт хийсэн гэж үзэхээргүй байна.

          Учир нь анхан шатны шүүхээс зөрчлийг хянан шийдвэрлээд гаргасан шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөөгүй, газрын төлбөр дутуу төлсөн зөрчил нь Татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд “татварын зөрчил” тул татвар төлөгчийн эрх, үүрэг, үйлдэл, эс үйлдэхүйтэй хэрхэн холбогдож байгаа, татварын улсын байцаагчийн баримтлах үйл ажиллагааны зарчим, хүрээ хязгаарын  талаар огт дүгнээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн нь тодорхойгүй байна.

          Тодруулбал, маргааны үйл баримтаас дүгнэхэд, шүүхийн магадлал, тогтоолд заасан шинэ актууд шүүхээс тогтоосон хугацаанд гараагүй нөхцөл байдал тогтоогдсонтой холбоотойгоор захиргааны хэм хэмжээний актууд хүчингүй болсон эсхүл, түдгэлзсэн хэвээр байгаа эсэх, хүчингүй болсон бол ямар үндэслэлээр хүчингүй болсонд тооцохоор байгаа, энэ хүчингүй болсон эсхүл, түдгэлзсэн цаг хугацаанд аль алинд нь уг захиргааны хэм хэмжээний актуудыг үндэслэл болгосон шийтгэлийн хуудсаар зөрчилд тооцсон “2012-2016 оны газрын төлбөрөө дутуу төлсөн” гэх маргааны үйл баримт хамааралтай эсэх, татварын эрх зүйд татвар төлөгч татварыг тэгш, шударга төлөх үүрэгтэй нь холбоотойгоор “хууль хүчингүй болсон” үндэслэлээр буцаан шаардах эрхгүй, мөн татварын байцаагчаас хүчингүй болсон хуулийг хэрэглэж нөхөн татвар ногдуулахыг хүлээн зөвшөөрдөг хуулийн хэм хэмжээ нь шүүхээс  хүчингүй болгосон хэм хэмжээнд хэрэглэх эсэх зэрэгт дүгнэлт өгөх шаардлагатай.

          Нөгөө талаас нь авч үзвэл, захиргааны хэм хэмжээний актыг шүүхээс хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгосон, түдгэлзсэн аль аль тохиолдолд түүнийг “хууль бус” гэж үзэх эсэх, түүний үйлчлэл нь өмнөх цаг хугацаанд гарсан маргаан бүхий шийтгэлийн хуудас, түүнд заасан зөрчлийн үйл баримтад хамаарах, эсхүл үл хамаарах эсэх, шүүхээс “хууль бус” гэж хүчингүй болгосон захиргааны хэм хэмжээг үндэслэн гаргасан захиргааны акт нь “хууль дээдлэх” зөрчил шалган шийдвэрлэх болон татварын үйл ажиллагааны зарчим, цаашлаад Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан “хууль дээдлэх ёс”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” эрх зүйт төрийн зарчимд нийцэх эсэх, уг актын улмаас гомдол гаргагч компанийн эрх зүйн байдалд хэрхэн нөлөөлж байгаа талаар дүгнэлт хийх учиртай.

Дээрхээс гадна гомдол гаргагч талаас “гэрээнд заасан төлбөрөө бүрэн төлсөн, төлбөрийн үлдэгдэлгүй, нэхэмжлэгчийг гэрээнд зааснаас илүү төлбөр төлөөгүй байна гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, зөрчилд холбогдсон нэхэмжлэгчийн эрхийг хангасан баримт байхгүй, зөрчлийн хэргийн танилцуулах журмыг хангаагүй, удирдамжгүй шалгалт хийсэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Зөрчлийн хуульд нийцээгүй, акт нь хуулийн этгээдээр гарсан боловч шийтгэлийн хуудас нь компанийн захирлын нэр дээр гарсан, татварыг дутуу төлж, татвараас зайлсхийсэн гэж үзвэл шийтгэлийн хуудас биш татварын акт тогтоох ёстой, шийтгэлийн хуудсаар нөхөн татвар, торгууль, алданги төлүүлэх ёсгүй” гэж маргадаг.

Харин хариуцагч талаас “газрын төлбөрөө бүрэн төлөөгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байгаа, Газрын төлбөрийн тухай хуульд заасны дагуу тусгай хамгаалалттай газарт энгийн зориулалттай газрын төлбөрийг 3 дахин их тогтоох байтал энгийн зориулалттай газрын төлбөрийг нэхэмжлэгч төлж ирсэн, тусгай хамгаалалттай газарт энгийн зориулалттай газрын төлбөр төлөх нь шударга бус, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хуульд нийцнэ, актыг компанийн захиралд танилцуулсан, Татварын хуульд зааснаар татварын бүрэлдэхүүнд хамаарах газрын төлбөрийн зөрчилтэй гэж шийтгэлийн хуудсыг гаргасан нь хууль зөрчөөгүй” гэж маргасан.

Анхан шатны шүүхээс дээр дурдсан гомдол гаргагч болон хариуцагч талын маргаж буй үндэслэлүүдэд дүгнэлт өгөөгүй, эдгээр үндэслэлүүдийг тус бүрт нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэн үнэлж, дүгнэлт хийх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 107 дугаар зүйлийн 107.4-т заасан шаардлагад нийцэхгүй байх тул хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 750 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                             Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                             А.САРАНГЭРЭЛ

 

 

[1] Хэргийн 1-р хавтас 16-17 дахь тал, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материал 4-6 дахь тал

 

[2] Хэргийн 2-р хавтас 29-40 дэх тал

[3] Хэрги йн 1-р хавтас 93-96 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 118-122 дахь тал

[5] Хэргийн 1-р хавтас 16-17 дахь тал, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материал 4-6 дахь тал