Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2018/00135

 

Г.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 143/ШШ2017/00272 дугаар шийдвэр

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 203/МА2017/00027 дугаар магадлалтай

Г.Э-ийн нэхэмжлэлтэй

О.Н-д холбогдох

3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н-ын гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Н нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл миний эзэмшлийн хүнсний дэлгүүрт ажиллаж байхдаа орлогын мөнгөө дутуу тушааж, 3 000 000 төгрөгийн дутагдал гаргасан. О.Н 3 000 000 төгрөгийн төлбөрөө 10 хоногийн дотор төлөхөөр 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр бичиг хийж өгсөн боловч одоог хүртэл нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй сураггүй алга болсон. Иймд О.Н-аас 3 000 000 төгрөгийг гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.Н би Оюутын 7-1 тоотод орших “М” хүнсний дэлгүүрт 2016.07.01-2016.09.24 өдрийг хүртэл ажилласан. Энэ хугацаанд 09:00-23:00 цаг хүртэл ажилладаг, цалин 300 000 төгрөг боловч нэг ч төгрөгийн цалин аваагүй, даатгал төлдөггүй. 2 сар суух хугацаандаа их хэмжээний өрөнд орсон. 3 сая төгрөг дутлаа гээд машины түлхүүр булааж аваад, машиныг чинь авна, жолооны үнэмлэх бичиг баримтаа өг гэхэд нь би өгөөгүй. Бичиг хийж өг, нөхөр уурлаад байна гэж тулгасаар байгаад бичиг хийлгэж авсан. Улмаар цагдаагийн байгууллагад залилангийн хэргээр өгч танил талаараа айлган сүрдүүлж дарамталсан. Би ийм их мөнгө дутаагаагүй, тухайн үед өөрийн авсан зүйлсээ бичиж тэмдэглэсэн. Иймд үнэн зөвөөр шүүж өгнө үү, гомдолтой байна гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 143/ШШ2017/00272 дугаар шийдвэрээр Иргэний хэргийн 369 дүгээр зүйлийн 369.1 дэх хэсэгт зааснаар О.Н-аас 2 799 525 төгрөг гаргуулж Г.Э-т олгож, нэхэмжлэгчээс илүү нэхэмжилсэн 200 475 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсэгт зааснаар Г.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Н-аас 59 742 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 203/МА2017/00027 дугаар магадлалаар Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 143/ШШ2017/00272 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1., 369 дүгээр зүйлийн 369.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Э-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 664 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Б.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н-аас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 203/МА2017/00027 дугаар магадлалыг эс зөвшөөрч байна. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт баримтаар хариуцагч О.Н-гийн хүсэлтээр нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 3 ширхэг дэвтэрт бичигдсэн О.Н-гийн Мөнхжин дэлгүүрт ажиллаж байх хугацааны тооцооллын эх сурвалж нь тодорхойгүй, бусад баримтаар давхар үл нотлогдоно, дээрх нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах журмыг зөрчсөн тул нотлох чадвараа алдаж шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж дүгнэжээ. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгч хариуцагч О.Н-аас уг 3 ширхэг дэвтэрт ямар учиртай дэвтрүүд болох юуг нотлож байгаа талаар асууж тодруулахад “эдгээр дэвтрүүдийг нэгийг өөрөө хөтөлдөг байсан. Энэ дэвтэрт Г.Энхцэцэгээс хүлээж авсан бараагаа тэмдэглэж бичдэг байсан. Арын хэсэгт нь дэлгүүрийн орлогоор авсан бараагаа тэмдэглэдэг байсан. Энэ бичсэн бичиг миний бичиг мөн. Г.Э нь нэг дэвтрийг нь өөрөө хөтөлдөг байсан. Орлого авсан дээр зурсан гарын үсэг түүний гарын үсэг мөн” зэргээр тайлбарыг хэлдэг. Мөн эдгээр дэвтрүүд дээр бичигдсэнтэй өөрийнхөө хийсэн тооцоог тулгаад “миний бол 2 800 000 орчим төгрөгийн дутагдал би гаргасан” гэсэн тайлбаруудыг хэлсэн байдаг. О.Н дээрх 3 дэвтэр гол нотолгооны зүйл мөн гэдгийг мэдэж нэхэмжлэгч талаас хэрэгт эдгээр дэвтрүүдийг нотлох баримтаар гаргаж өгөхийг шүүхэд хүсэж хүсэлт гаргасан. Түүний хүсэлтийн дагуу шүүхийн шаардсанаар нэхэмжлэгч талаас эдгээр дэвтрүүдийг гаргаж өгсөн. Түүнчлэн хэрэгт О.Н-гийн дутагдуулсан 3 000 000 төгрөгөө төлж барагдуулах талаар бичгээр бичиж өгсөн түүний гарын үсэгтэй, өөрийнх нь гараар бичсэн баримт авагдсан байгаа. Эдгээр баримтуудаар хэрэгт хавсаргагдсан дэвтрүүд “М” дэлгүүрт О.Н-гийн ажиллаж байх хугацааны тооцоо болох нь давхар нотлогдож байна. Хариуцагч О.Н нь нэхэмжлэгч Г.Э-тэй амаар харилцан тохиролцож түүний Мөнхжин дэлгүүрт 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл худалдагчаар ажилласан. О.Н нь ажиллах хугацаандаа нийт 4 275 836 төгрөгийн орлогын мөнгө дутуу тушааснаас 1 270 000 төгрөгийг ажиллах явцдаа төлж барагдуулсан, үлдэх 3 005 816 төгрөгийг дутагдуулсан болно. Татварын Ерөнхий газрын харъяа Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 06 дүгээр сарын 28-ны өдрийн 1/483 тоот албан бичгээр Мөнхжин дэлгүүрийн буюу Г.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл үл нотлогдон няцаагдаж байна гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгч Г.Э-ийн дэлгүүрт ажиллаж байхдаа О.Н нь 24 000 000 гаруй төгрөгийн бараа хүлээж авсан юм уу гэсэн асуултад хариуцагчийн өмгөөлөгч “Тийм” гэсэн тайлбарыг хэлсэн. Энэхүү тайлбараараа нэхэмжлэгч талын гаргаж өгсөн тооцоог хүлээн зөвшөөрч байгаагаа нотолсон. Нэхэмжлэгч тал нь хүлээлгэж өгсөн барааны жагсаалт, дутагдуулсан орлогын мөнгийг тодорхой хүснэгтээр гаргаж өгч, хариуцагч тал түүнийг хүлээн зөвшөөрсөн тайлбаруудыг удаа дараагийн шүүх хуралдаанд гаргасаар байтал нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Татварын ерөнхий хуульд зааснаар орлогоо буруу тодорхойлсон бол хүлээх ёстой хариуцлагаа өөр журмаар хүлээх ёстой гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хянан үзээгүй нь уг шүүхээс гарсан магадлалаас харагдана. Учир нь магадлалын удиртгал хэсэгт “Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э-ын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв” гэснээс тодорхой харагдана. Иймд давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуульд заасан эрхийнхээ хүрээнд гаргаж өгсөн давж заалдах гомдлыг хянаагүй байх тул Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 203/МА2017/00027 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э-аас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд тайлбарлахдаа: Н.Н-ын гаргасан гомдлын агуулгаас үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр гомдол гаргаагүй байна. Харин нотлох баримтыг хэрхэн үнэлж дүгнэсэн талаар гомдол гаргасан гэж үзэхээр байна. Энэ нь хууль буруу тайлбарласан гэхээсээ илүү нотлох баримтыг үнэлсэн шүүгчийн дотоод итгэлтэй санал зөрсөн байх талтай. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авч хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна. Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гаргах гомдол нь давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх өгүүлбэр орсон гэхээсээ илүү хуульд заасан үндэслэл агуулгын шаардлагыг хангасан байвал зохино. Мөн тухайн маргааныг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нотлох баримтаар ирсэн 3 ширхэг дэвтрийг хуудас нэг бүрчлэн шинжлэн судалсан гэх тайлбарыг өмгөөлөгч Н.Н давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд өгсөн. Гэвч түүний хэлснээр хуудас нэг бүрчлэн судалсан зүйлгүй. Энэ нь анхан шатны шүүхийн хуралдааны тэмдэглэлээс тод харагдана. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болсон тоон мэдээллийг тогтоохдоо ямар байдлаар хариуцагчаас асууж гаргасан нь уг тэмдэглэлд тодорхой тусгагдсан. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болоод хуралдаанд өгсөн тайлбарт тусгагдсан тул энэ талаар ахин бичих шаардлагагүй гэж үзлээ. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд Н.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцсэн. Нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрөө шүүх хуралдаанд гаргасан гомдлын агуулгаараа тайлбар өгсөн. Иймд Н.Н-ын гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 173 дугаар зүйлийн 173.4 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Г.Э О.Н-д холбогдуулан 3 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, хариуцагчаас 2 799 525 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгч Г.Э нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч О.Н нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 24-ний хооронд Г.Э-ийн эзэмшлийн Мөнхжин дэлгүүрт худалдагчаар ажиллахдаа орлогын мөнгөө дутуу тушааж, 3 000 000 төгрөгийн дутагдал гаргасан...” гэж тайлбарлаж,

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “ажиллах хугацаанд 9-23 цаг хүртэл үдийн цайны завсарлагагүй ажилласан, сард 300 000 төгрөгийн цалин авахаар тохирсон боловч нэг ч төгрөгийн цалин аваагүй, 2 сар ажиллах хугацаандаа их хэмжээний өрөнд орсон, тооцоогоо хамт бодоогүй, намайг эзгүйд тооцоо хийсэн гэж 3 000 000 төгрөг зөрлөө гээд машины түлхүүр булааж аваад, бичиг хийж өг гэж тулгасаар байгаад 3 сая төгрөгийн төлбөртэй гэсэн бичиг бичүүлж авсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Хөдөлмөрийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1., 70.2.-т “Долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл байна”, “ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг байна” гэж  зохицуулсан байхад ажиллагч нь долоо хоногт 84 цаг, ердийн ажлын үргэлжлэл 13 цаг байхаар Хөдөлмөрийн тухай хууль зөрчиж тохиролцсон зохигчдын тохиролцоог “зохигчид Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан гэрээний гол нөхцлийг тохирсон байх тул талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байна.

Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчсөн талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэл нь зөв байх боловч талуудын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон алдааг зөвтгөөгүй байна.

Шүүх талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийг бус Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч О.Н нь нэхэмжлэгч Г.Э-ийн эзэмшлийн дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан гэх бөгөөд тэдний хооронд Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд тавигдах захирах, захирагдах харилцаа үүсээгүй, гэрээний зүйл нь ажлын үр дүн биш харин ажиллах процесс байна.

Хариуцагч О.Н нь Г.Э-ийн дэлгүүрт 09-23 цагийн хооронд худалдагчийн үүрэг гүйцэтгэж ажиллах, Г.Э нь сард 300 000 төгрөгийн хөлс төлөх  үүрэг тус тус хүлээснээс үзэхэд талуудын хооронд “ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг хүлээнэ” гэсэн Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д заасан  хөлсөөр ажиллах гэрээний эрх зүйн харилцааны шинж бүрэн агуулагдсан гэж үзнэ.

Хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд ажиллагч нь ажиллуулагчаас хөдөлмөрийн гэрээний үүрэг гүйцэтгэхийг шаардах эрх үүсэхгүй бөгөөд харин үндэслэлгүйгээр хөрөнгөжих, эсхүл гэм хорыг арилгахыг шаардах эрх үүсэх боломжтой.

Харин ажиллуулагч ажиллагчийг ажил үйлчилгээг гүйцэтгээгүй гэж үзвэл хөлс төлөхөөс татгалзах эрхтэй байх байтал Г.Э нь Р.Н-г эд хөрөнгө дутаасан гэх үндэслэлээр түүний ажлын хөлсийг олгоогүй, дутагдуулсан барааны үнэд суутгаж авсан үйл баримт тогтоогджээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч өөрийн тооцоог үндэслэн хариуцагчийг бараа дутагдуулсан гэж тайлбарлах боловч талууд тооцоо нийлсэн баримтгүй, “өөрийг нь байхгүй хойгуур тооцоо хийдэг тул зөвшөөрөхгүй” гэх хариуцагчийн татгалзлыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

Иргэний хуулийн 363.3.-т зааснаар “ажиллуулагч нь  ажиллагчийн ...гүйцэтгэх ажлын онцлог, шаардлагад нийцэхүйц байр, багаж, тоног төхөөрөмжөөр хангах үүрэгтэй” гэжээ.

Г.Э нь өөрийн эзэмшлийн дэлгүүртээ хяналтын камер байрлуулаагүй, дэлгүүрийн түлхүүр ажиллагч, ажиллуулагчийн хэн алинд нь байдаг, бараа дутагдсан, дутагдуулсан, эсхүл зарагдсан барааны орлогын мөнгийг хариуцагч дутуу тушаасан болох нь тодорхойгүй байна.

Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан тооцооны дэвтэрт бичигдсэн үндэслэлээр нэхэмжлэлийн үндэслэл хангалттай нотлогдохгүй байх бөгөөд тус дэвтэрт бичигдсэн тооцоог шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

Хариуцагчийн төлбөр төлнө гэж бичиж өгсөн баримтын үндэслэл холбогдох бусад нотлох баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хариуцагчийн мөнгө төлөхийг зөвшөөрсөн баримт дангаараа нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын шийдлийг хэвээр үлдээж, харин хууль хэрэглээний алдааг засч, зөвтгөн, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахыг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Давж заалдах шатны шүүх зохигчдын гомдлоор хэргийг хэлэлцсэн атлаа магадлалын удирдтгал хэсэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг гомдол гаргасан гэж бичээгүй алдаа гаргасан байх боловч шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэнээр гомдлыг хэлэлцсэн нь нотлогдож байх тул “давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хянан үзээгүй” гэх гомдол үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 203/МА2017/00027 дугаартай магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...189 дүгээр зүйлийн 189.1., 369 дүгээр зүйлийг 369.1 хэсэгт зааснаар...” гэснийг “...359 дүгээр зүйлийн 359.1.-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул...” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР       

                                       ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД