| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 102/2017/01725/И |
| Дугаар | 001/ХТ2018/00151 |
| Огноо | 2018-01-25 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2018/00151
Н.А-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2017/02152 дугаар шийдвэр
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2017/02173 дугаар магадлалтай
Н.А-гийн нэхэмжлэлтэй
М-д холбогдох
Ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-гийн гомдлоор
Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Улаанбаатар төмөр замын Хөдлөх бүрэлдэхүүний засварын төвд Хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад Замын даргын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б-1-108 дугаар тушаалаар орон тоо цомхотгосон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд энэ тушаалыг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гардаж авсан. Уг тушаалын дагуу байгууллагыг татан буулгах ажлыг зохион байгуулахдаа ажилтнуудыг анх шилжүүлэн авч байсан байгууллагад нь буцаах зарчмаар хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэж байсан бөгөөд манай хэлтсийн үүрэг функцийг ТЧ-2 буюу Улаанбаатар татах хэсэгт шилжүүлсэн байтал намайг ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б-1-108 тоот тушаал үндэслэлгүй хууль бус болохыг тогтоолгох, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.А- Улаанбаатар төмөр замын даргын 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б-1-223 тоот тушаалаар анх Замын даргын туслахаар томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Замын даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А-02 тоот Зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тухай тушаалаар Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төвийг мөн өдрөөс бие даасан баланстай, хөдөлгөөнтэй шууд холбоотой албаны зэрэглэл бүхий салбар нэгж болгон шинээр байгуулж, зохион байгуулалтын бүтцийг хавсралтаар баталсан. Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төв байгуулагдсантай холбогдуулан Улаанбаатар төмөр замын харьяа салбар нэгжүүд болох Татах хэсгүүд, Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депо, Улаанбаатар дахь Вагон депо, Вагон ашиглалтын деподын орон тоонд өөрчлөлт, зохицуулалтууд хийгдэж, эдгээр байгууллагуудаас ажилтнууд татан, тус инженерийн төвийн орон тоог бий болгосон Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсгийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 41 тоот тушаалаар татах хэсгийн нэр бүхий 45 ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлан, Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төвийн мэдэлд шилжүүлсэн байдаг. Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот тушаал, түүний хавсралтаар нэр бүхий 102 ажилтныг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс инженерийн төвд ажилд авсан. Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А-146 тоот Орон тоог шилжүүлэх тухай тушаалаар Замын даргын туслахын орон тоог хасч, тухайн орон тоог шилжүүлэх замаар Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төвд Үйлдвэрлэлийн хөгжил, нийлүүлэлт хариуцсан орлогч дарга гэж орон тоо нэмж, тушаалын 2 дахь заалтаар замын даргын туслах ажилтан Н.А-г 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төвд Үйлдвэрлэлийн хөгжил, нийлүүлэлт хариуцсан орлогч даргаар томилсон. Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А-256 тоот Орон тоо хасах тухай тушаалаар Улаанбаатар төмөр замын харьяа зарим салбар нэгж байгууллагын орлогч даргын орон тоог хассан бөгөөд үүний дотор Н.А-гийн ажиллаж байсан Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төвийн Үйлдвэрлэлийн хөгжил, нийлүүлэлт хариуцсан орлогч даргын орон тоо хасагдсан бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б-1-211 тоот тушаалаар орлогч даргаар ажиллаж байсан Н.А-гийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч Н.А-гийн хувийн өргөдөл болон Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төвөөс 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 100/469 тоот албан бичгээр тус төвд үйлдвэрлэлийн хөгжлийн хэлтэс шинээр бий болгон, хэлтсийн даргаар орон тооны цомхотголоор халагдсан Н.А-г томилуулах тухай хүсэлт гаргасны дагуу Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б-1-215 тоот тушаалаар Н.А-г инженерийн төвд Үйлдвэрлэлийн хөгжлийн хэлтсийн даргаар томилсон. Замын даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А-71 тоот Зохион байгуулалтын бүтцийг өөрчлөх тухай тушаалын тушаалын 3 дахь заалтаар хөдлөх бүрэлдэхүүн, инженерийн төвийг 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс татан буулгасан.
Хөдлөх бүрэлдэхүүн, инженерийн төв татан буугдсантай холбогдуулан Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А-74 тоот тушаалаар тус төвийг анх үүсгэн байгуулахад Зүтгүүрийн аж ахуйн алба, Дархан татах хэсэг, Улаанбаатар татах хэсэг, Сайншанд татах хэсэг, Вагоны аж ахуйн алба, Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депо, Вагон ашиглалтын депо, Зорчигч тээврийн алба, Улаанбаатар дахь Вагон депогоос татан авсан орон тоог буцаан шилжүүлж, орон тооны өөрчлөлтүүдийг хийсэн. Харин Н.А-гийн хувьд ажиллаж байсан хэлтсийн даргын орон тоог өөрийнх нь хүсэлт, өргөдлийн дагуу сүүлд нэмэлтээр бий болгосон тул тухайн ажлын байрыг ажиллаж байсан байгууллагад буцаан шилжүүлэх боломжгүй тул Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төвд Үйлдвэрлэлийн хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.А-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан сарын өмнө мэдэгдэх үүргийн дагуу түүнд 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдэл гардуулсан. Замын даргын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б-1-108 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Хамтын гэрээний 3.14 дэх заалтуудыг удирдлага болгон, Н.А-гийн хөдөлмөрийн гэрээг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх ажлаас халагдсаны тэтгэмж олгосон. Иймд Н.А-гийн ажиллаж байсан Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төв татан буугдсан нь дээрх баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2017/02152 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.А-г М-ын Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төвийн үйлдвэрлэлийн хөгжлийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М-аас 4 611 520 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.А-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.А-гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч М-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 88 734 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2017/02173 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2017/02152 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-гоос хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч байна. Шийдвэр, магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн.
1. Магадлалын үндэслэх хэсэгт “Б-1-108 дугаар тушаалд Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний А-71 дүгээр тушаалыг үндэслэсэн бөгөөд уг тушаалын 3 дахь заалтад Хөдлөх бүрэлдэхүүн, инженерийн төвийг татан буулгаж, мөн даргын 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А-74 дүгээр тушаалаар уг төв байгуулахад бусад салбар, нэгжээс татан авсан орон тоог буцаан шилжүүлж, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 222 дугаар тушаалаар нэр бүхий этгээдүүдийг буцаан ажилд авсан үйл баримт тогтоогдсон талууд энэ талаар маргаагүй. Хариуцагч байгууллагын А-71, А-74 дүгээр тушаалын агуулга нь ажилтнуудыг бөөнөөр халсан үндэслэлд хамаарч байна.“ гэж хэт нэг талыг барьж, нотлох баримтыг үнэлсэн байх ба үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Хавтаст хэргийн материалд ажилтнуудыг бөөнөөр халсан тухай ямар ч баримт байхгүй, нөгөө талаас хэчнээн ажилтан ажлаас халсан болох, хэдэн ажилтан байснаас хэдэн ажилтныг ажлаас халсан болох нь баримтаар тогтоогдохгүй байхад бөөнөөр ажлаас халсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн ажилтнуудын орон тоог шилжүүлсэн, буцаан ажилд авсан болох нь тогтоогдож байна гэж нэг талаас дүгнэсэн атлаа түүнийхээ эсрэг бөөнөөр халсан үндэслэлд хамаарч байна гэж дүгнэж буй нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийн зохицуулалт нь хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх агуулгатай байх бөгөөд ажилтанд мэдэгдлийг хугацаанд нь өгсөн. Харин ажилтны төлөөлөгчдөд мэдэгдэх асуудал нь тусдаа ойлголт юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “Ажилтны төлөөлөгчид гэж ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэл, хэрэв ийм байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгчдийг” ойлгоно гэжээ.
Энэхүү маргаан нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан буюу нэхэмжлэгч Н.А-д холбогдох маргаан бөгөөд ажилтнуудыг бөөнөөр халсан тухай ажилтны төлөөлөгчид буюу Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас гомдол санал гаргасан асуудал байхгүй байхад нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм.
2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3-д заасныг зөрчиж, зохигчдыг мэтгэлцэх тэгш боломжоор хангаагүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг тусгана гэж заасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “байгууллагыг татан буулгах ажлыг зохион байгуулахдаа ажилтнуудыг анх шилжүүлэн авч байсан байгууллагад нь буцаах зарчмаар хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэж байсан бөгөөд манай хэлтсийн үүрэг функцийг Улаанбаатар татах хэсэгт шилжүүлэн шийдвэрлэсэн байтал намайг ажлаас үндэслэлгүй халсан” гэсэн байдаг. Гэтэл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн зүгээс ажилтнуудыг бөөнөөр халсан тул 45 хоногийн өмнө мэдэгдэх хуулийн хугацааг зөрчсөн тухай үндэслэлийг нэмж гаргасан бөгөөд үүний улмаас хариуцагч талаас тухайн үндэслэлийг үгүйсгэх, няцаах баримт гаргаж өгөх боломж олгоогүй тул хуульд заасан мэтгэлцэх зарчим хангагдаагүй. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт түүнийг үгүйсгэж гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг ч шүүхийн шийдвэрт тусгаагүй, дүгнэлт хийгээгүй нь хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн болохыг харуулж байна. Түүнчлэн үүнтэй холбоотойгоор хэргийн материалаас хурлын тэмдэглэлтэй танилцахыг хүссэн боловч давж заалдах гомдол гаргах өдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хурлын тэмдэглэлийг бичгээр гаргаагүй байсан.
3. Нэхэмжлэгч Н.А-гийн хувьд Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төвийг анх байгуулахад орон тоогоор шилжиж ирээгүй бөгөөд төвийг байгуулагдсанаас хойш 2016 оны 04 дүгээр сард орлогч даргын орон тоог нэмэлтээр гаргуулан ирсэн бөгөөд тухайн орлогч даргын орон тоо нь 2016 оны 08 дугаар сард цомхотголд ороход өөрийнх нь хүсэлт, өргөдлийн дагуу хэлтсийн даргын орон тоог мөн нэмэлтээр бий болгож ажиллаж байсан тул нэхэмжлэгч Н.А-гийн ажлын байрыг ажиллаж байсан байгууллагад нь буцаан шилжүүлэх боломжгүй байсан тул орон тоо нь цомхотгогдсон. Иймд нэхэмжлэгч Н.А-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан “сарын өмнө мэдэгдэх” үүргийн дагуу 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдэл гардуулж, Замын даргын Б-1-108 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42.1, Хамтын гэрээний 3.14 дэх заалтуудыг удирдлага болгон, Н.А-гийн хөдөлмөрийн гэрээг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны дотор ажлыг хүлээлцүүлэн, ажил хүлээлцсэн сүүлийн өдрөөр цалин хөлсийг нь олгон, 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний ажлаас халагдсаны тэтгэмж олгосон нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Н.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Н.А- нь М-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх боловч хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Н.А- нь УБТЗ-ын даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б-1-215 тоот тушаалаар М-ын Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төвийн Үйлдвэрлэлийн хөгжлийн хэлтсийн даргаар томилогдон ажилласан ба Замын даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А-71 тоот “Зохион байнуулалтыг бүтэцийг өөрчлөх тухай тушаалын 3 дугаар хавсралтаар Хөдлөх бүрэлдэхүүн, инженерийн төвийг 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс татан буулгаж, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А-74 тоот тушаалаар уг төвийг анх үүсгэн байгуулахад Зүтгүүрийн аж ахуйн алба, Дархан татах хэсэг, Улаанбаатар татах хэсэг, Вагоны аж ахуйн алба, Зүүн хараа дахь Ачааны вагон засварын депо, Вагон ашиглалтын депо, Зорчигч тээврийн алба, Улаанбаатар дахь Вагон депогоос татан авч нэгтгэсэн орон тоог буцаан шилжүүлж, орон тооны өөрчлөлтүүдийг хийсний үндсэн дээр 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ажлаас чөлөөлөх болсныг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдсэн үйл баримт тогтоогджээ.
Нэхэмжлэгч Н.А-гийн ажиллаж байсан Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төвийн Үйлдвэрлэлийн хөгжлийн хэлтэс шинээр байгуулагдсан, хэлтсийн даргын орон тоо нэмэгдсэн байсан тул буцаан шилжүүлэх нэгжид хамаараагүй, төв татан буугдснаар ажлын байр байхгүй болж орон тоо хасагдсан байна.
Ажил олгогч 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б-1-108 тоот тушаалаар Н.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1. дэх заалтыг үндэслэсэн нь хууль зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5. дахь заалтын ач холбогдлыг алдагдуулж, ажилтанд 45 хоногийн өмнө мэдэгдээгүй нь хууль зөрчсөн гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.
Хоёр шатны шүүх аж ахуйн нэгж татан буугдснаар ажилтныг бөөнөөр нь халсан байх тул энэ тухай ажилтны төлөөлөгчид 45 хоногийн өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэргийн баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1., 40.1.2.-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчид 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж зохицуулжээ.
УБТЗ Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төвийг татан буулгаснаар ажилтнуудыг бөөнөөр халаагүй бөгөөд тэднийг урьд ажиллаж байсан салбар нэгжид нь буцаан шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэгч Н.А-гийн орон тоо хасагдсан, түүнийг буцаан шилжүүлэх ажлын байр байхгүй үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх бөгөөд ажилтанд хуульд заасан нэг сарын өмнө мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5. дахь заалтыг зөрчөөгүй байна.
Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан гэх Н.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2017/02152 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2017/02173 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахыг хүссэн М-д холбогдох Н.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Улаанбаатар төмөр замын аж ахуйн хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88 734 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД