Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/00150

 

А.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01772 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 210/МА2017/01976 дугаар магадлалтай

А.А-ын нэхэмжлэлтэй

Р.С-т холбогдох

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаа 23 дугаар гудамж, 01 тоот хаягт байрлах газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ хэрэгжүүлэх, уг эд хөрөнгийг бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-гийн гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Д-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие Р.С-ийн нэр дээрх Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаа гудамж, 23-1 тоотод байрлах хашааг 2006 онд тохиролцож 8 000 000 төгрөгөөр худалдан авахаар болж, 2009 онд төлбөр төлснөөс хойш би 9 жил уг хашаа байшинд амьдарч байна. Бидний хоорондох хэлцлийн дагуу өнөөдрийг хүртэл миний нэр дээр газрыг шилжүүлж өгөхгүй байна. Би төлбөрөө бүрэн төлсөн тул Р.С миний газрыг шилжүүлэн өгөх нь зөв. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3, 92 дугаар зүйлийн 92.1, 96 дугаар зүйлийн 96.1, 96.3 дахь хэсэгт зааснаар Р.С-ээс Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаа 23 гудамж, 01 тоот хаягт байршилтай газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ хэрэгжүүлэх, уг эд хөрөнгийг бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчаас шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэлд дурдсан газар миний аав О.Р-гийн 1998 оноос хойш эзэмшиж байсан газар юм. Аав О.Р Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаа 23 гудамж, 01 тоот хаягт байршилтай 700 мкв газар, 45 мкв үл хөдлөх эд хөрөнгийг 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр миний өмчлөлд албан ёсоор шилжүүлсэн. Би уг газар болон байшингийн хууль ёсны өмчлөгч болно. А.А “Цэлмэг гүн” ХХК-д 2006 онд дүпү хийх туслах ажилчнаар ажилд орж байсан. “Ц” ХХК-ийн 100%-ийн эзэмшигч нь миний бие болно. Тэр үед А.А айлын хашаа түрээсэлж амьдардаг байсан учраас 2007 онд компанийн зүгээс тус хашаа, байшинд үнэ төлбөргүй амьдруулах санальг А.А-д тавьснаар уг хашаанд амьдарч эхэлсэн. Тухайн үед А.А “Ц” ХХК-д тасралтгүй тогтвор суурьшилтай 10 жил ажиллавал энэ хашаа байшинг түүний нэр дээр шилжүүлэх тухай ярьж байсан боловч албан ёсны хэлцэл хийж баталгаажуулаагүй, энэ нь яриа төдий зүйл байсан. А.А 2014 оны 12 дугаар сард ажлаа дур мэдэн орхин явж компанийн үйл ажиллагааг доголдуулсан. Мөн 2006 онд хариуцагч Р.С тус хашаа, байшингийн өмчлөгч биш байсан тул захиран зарцуулах эрх байгаагүй. Иймд бусдын өмчийг бусдад худалдах боломжгүй. Иймд А.А-ын хүний өмчлөх эрхэд халдсан үйлдэл хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01772 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаа 23 гудамж, 1 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18644317180202 дугаартай, улсын бүртгэлийн Г-2203006444 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний 700 мкв газар, мөн хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2203024451 дугаарт бүртгэлтэй, 45 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг А.А-д шилжүүлэхийг, мөн дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг А.А-ын өмчлөлд шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч Р.С-т тус тус даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.С-ээс улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөгийг, улсын төсвөөс нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1 800 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.А-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 210/МА2017/01976 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01772 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-гаас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байна.

1. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжпэгч тал “худалдах, худалдан авах гэрээний дагуу эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх үүргээ хэрэгжүүлэхийг Р.С-т даалгах, хуульд заасны дагуу бүртгүүлэх баримт бичгийг Хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэдэг. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй буюу худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн эсэх тодорхойгүй, өмчлөгч эсэх нь эргэлзээтэй этгээдийн гаргасан нэхэмжлэлийн дагуу энэ хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж ойлгож байна. Гэтэл хоёр шатны шүүхээс өмчлөгч этгээдийн хэрэгжүүлэх шаардах эрхтэй холбоотой “эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх үүргээ хэрэгжүүлэхийг Р.С-т даалгах, хуульд заасны дагуу бүртгүүлэх баримт бичгийг хариуцагчаас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг өмчлөгч бус этгээдийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

2. Хариуцагчийн тухайд: хариуцагч Р.С нь 2012 онд бэлэглэлийн гэрээний үндсэн дээр маргаан бүхий газрыг өмчилж авсан бөгөөд газар дээрх байшинг 2012 онд анхны өмчлөгчөөр Улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Тус газар болон хашаа байшин нь Хариуцагч Р.С-ийн ааваасаа өвлөж авсан хуваарьт хөрөнгө юм. Хариуцагч Р.С-ийн аав О.Р нь Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн гудамж, 23-1 тоотод байх газрыг 1998 оноос 2012 он хүртэл хугацаанд хууль ёсоор өмчилж ирсэн. Нэхэмжлэгчийн худалдах, худалдан авах хэлцэл хийсэн гэх 2006 онд болон хэлцлийн дагуу төлбөр шилжүүлсэн гэх 2009 онд газрын өмчлөгч нь О.Р, байшингийн бодит эзэмшигч нь мөн адил О.Р байсан байхад Р.С-т холбогдуулан “2006 онд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний дагуу эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх үүргээ хэрэгжүүлэхийг Р.С-т даалгах, хуульд заасны дагуу бүртгүүлэх баримт бичгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нь 2006 онд хариуцагч Р.С-тэй маргаан бүхий хашаа, байшинг худалдах, худалдан авах хэлцэл байгуулсан гэж тайлбарладаг. Хариуцагч Р.С- нь нэхэмжлэгч А.А-ын гэр бүлийг аавынхаа хашаа, байшинд түр хугацаагаар амьдруулах зөвшөөрлийг өгсөн боловч тус хашаа, байшинг худалдах хүсэл зориг байгаагүй. Хэрэв маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн гудамж, 23-1 тоотод байх газар хашаа, байшинг худалдах хүсэлтэй байсан бол хууль ёсны өмчлөгч О.Ренчингээс буюу ааваасаа зөвшөөрөл авах шаардлагатай байсан. Гэтэл О.Р-гээс хашаа, байшинг худалдах ямар нэг зөвшөөрөл огт авч байгаагүй талаар хариуцагч Р.С-ийн шүүхэд дуудагдсан гэрч нар мэдүүлсэн байдаг ба хариуцагч Р.С-т тус хашаа, байшинг худалдах эрх байхгүй байсан. Иймд Р.С нь энэ хэргийн хариуцагч биш гэж үзэж байна.

3. Шүүх талуудын хооронд ярилцсан ярианы дуу бичлэгийг нотлох баримтаар үнэлсэн тухайд: нэхэмжлэгч нь нотлох баримтыг хууль бус аргаар цуглуулсан гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн албан бус тайлбарт дурдсанаар “иргэний хэргийн зохигч, гуравдагч этгээд нь өөрт байхгүй байгаа нотлох баримтаа эрж олох, түүнийг цуглуулах эрхтэй боловч хуулиар хориглосон арга хэрэглэж болохгүй. Тухайлбал: бусдыг айлган сүрдүүлэх, дарамтлах, заналхийлэх замаар бичиг, захидал, гэрээ баримт үйлдүүлэх, хууль бусаар утас чагнах буюу дүрс, дуу бичлэг хийх хэрэгсэл тавих зэргээр нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагаа явуулбал, нотлох баримтыг хууль бус аргаар цуглуулсан гэж үзнэ” гэж тайлбарласан байдаг. Нэхэмжлэгч А.А- нь хариуцагч Р.С-тэй харилцсан ярианы бичлэгийг хийхдээ Р.С-ийг зориудаар уурлуулж, сэтгэл санааг тавгүйтүүлж байгаад нууцаар утсан дээрээ бичлэг хийсэн байдаг. Дуу бичлэгийг бэхжүүлж авсан тэмдэглэлээс харах юм бол талуудын хооронд ярилцсан харилцан ярианы эхлэл гэж байхгүй байдаг бөгөөд шууд л талуудын хооронд зөрчил үүссэн байдлаар яриа эхэлсэн байх ба энэ яриа нь хэзээ хаана хийгдсэн нь тодорхойгүй байдаг байдлаас тус тус дүгнэхэд нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагаа хууль бус байсан ба хууль бус аргаар нотлох баримтыг цуглуулсан гэж үзэх үндэслэл болж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 38.4 дэх хэсэгт “хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно”, 38.5 дах хэсэгт “нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж тус тус заасан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс магадлалын үндэслэлдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дэх хэсэгт заасан “хэргийн оролцогчид нотлох баримтыг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно” гэх заалтыг хэрэглэхдээ “аливаа этгээд өөрийн бусадтай утсаар ярьсан яриаг бичлэг хийхийг хуулиар хориглоогүй байх бөгөөд ийнхүү бичлэг хийснийг хууль зөрчин бүрдүүлсэн баримт гэж үзэхгүй” гэж тайлбарлан талуудын хооронд Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь хуулийг илт буруу тайлбарлаж хэрэглэсэн, үндэслэлгүй байна.

4. Шүүх хянавал хэсэгтээ “...талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар эд худалдах талаар гэрээ хийсэн, уг гэрээний үүргийг шаардах эрхтэй” гэсэн нь үндэслэлгүй байна. Худалдах, худалдан авах гэрээний дагуу үүргийг шаардах эрх үүсэхийн тулд эхлээд Худалдах, худалдан авах гэрээ өөрөө хүчин төгөлдөр байгуулагдсан байх ёстой. Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлд худалдах, худалдан авах гэрээг хэрхэн хүчин төгөлдөр байгуулах талаар нарийвчлан зохицуулаагүй байдаг. Тиймээс худалдах, худалдан авах гэрээ хэрхэн хүчин төгөлдөр байгуулагдах талаар зохицуулалтыг Иргэний хуулийн ерөнхий ангийн холбогдох зохицуулалтуудаас харж болно. Талууд худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан эсэх дээр маргаж байхад шүүх дан ганц 243 дугаар зүйлийг үндэслэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч хариуцагч талаас хэлцлийн үндсэн дээр худалдаж авсан гэж маргаж байгаа Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн гудамж 23-1 тоотод байх газар болон байшин нь Иргэний хуулийн 84.3-т зааснаар Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс буюу үл хөдлөх хөрөнгө байна. Аливаа хөдлөх, болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлж байгаа тохиолдолд хөдлөх эд хөрөнгийн хувьд худалдан авагчийн эзэмшилд гэрээний зүйлийг шилжүүлснээр өмчлөх эрх шилжсэн гэж үздэг бол үл хөдлөх эд хөрөнгийн хувьд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн үеэс өмчлөх эрх шилжсэн гэж үзэх хууль зүйн зохицуулалттай байдаг. Иргэний хуулийн 109.1-т зааснаар “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй” мөн 109.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлнэ” гэж заасан байна. Үүнээс гадна Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Хувийн өмчлөлийн газрыг заавал бүртгүүлэх үүрэг”, 4.3-т “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно”, 18 дугаар зүйлд “Үл хөдлөх эд хөрөнгийн талаар өмчлөгчид гэрчилгээ олгоно”, 24 дүгээр зүйлд “Үл хөдлөх эд хөрөнгийг хэлцлийн үндсэн дээр бусдад шилжүүлж байгаа бол үүнийг Улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тусгайлан хуулиар зохицуулсан байна. Дээрх Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн зохицуулалтаас харахад Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэх хэлцлийг Иргэний хуулийн 109.2-т зааснаар нотариатаар заавал гэрчлүүлэх шаардлагатай байх ба 109.1, 110.1 болон Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 болон 24 дүгээр зүйлд заасны дагуу Улсын бүртгэлд заавал бүртгэгдэж байж өмчлөх эрх шилжихээр зохицуулсан байна. Гэтэл шүүх энэ бүх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжихтэй холбоотой зохицуулалтыг үл анзааран хуулийг буруу тайлбарлан хэрэглэж худалдах, худалдан авах хэлцэл байгуулагдсан тул одоо үүргээ биелүүл хэмээн шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч талаас хууль зүйн мэдлэггүйн улмаас Улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргаагүй, хэлцлийг нотариатаар батлуулаагүй гэж тайлбарладаг бөгөөд хууль зүйн мэдлэггүй байх нь хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэл болохгүй. 2006 оноос хойш 2015 оныг хүртэл нэхэмжпэгч А.А нь холбогдох байгууллагуудад эд хөрөнгийн өмчлөлийн талаар огт хандаж байгаагүй нь угаас тус хэлцэл байгуулагдаагүй болохыг харуулж байна Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч А.А нь Р.С-т холбогдуулан Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаа 23 гудамж, 01 тоот хаягт байршилтай газар, хувийн сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ хэрэгжүүлэх, уг эд хөрөнгийг хуульд заасны дагуу бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хуулийн зүйлчлэлийг зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэл бүхий  болжээ.

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 23 дугаар гудамжны 01 тоот хаягт байрлалтай гэр бүлийн хэрэгцээний 700 мкв талбай бүхий газар, хашаа, уг газар дээр баригдсан 45 мкв талбайтай хувийн сууцанд нэхэмжлэгч А.А- нь 2006 оноос хойш  амьдарч байгаа бөгөөд тус хашаа байшинг Р.С-ээс худалдаж авсан гэж тайлбарладаг, хариуцагч нь дээрх хашаа байшинд нэхэмжлэгчийг түр суулгаж байсан гэж маргажээ.

Тус хашаа байрлах газрыг хариуцагч Р.С-ийн эцэг О.Р, эх Д.Г нар 1998 оноос эзэмшиж байгаад 2004 оноос өмчлөгч болж, 2009 онд өмчлөгчөөр бүртгэгдсэн, 2012 онд Бэлэглэлийн гэрээгээр Р.С-ийн өмчлөлд шилжсэн, тус газарт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024451 дугаартай 45 мкв талбай бүхий хувийн сууцны анхны өмчлөгчөөр Р.С 2012 онд бүртгэгдсэн, нэхэмжлэгч А.А нь уг хашаа байшинд 2006 оноос амьдарч байгаа үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг тухайлан тодорхойлолгүй, хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн гэж ерөнхий дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж тодорхойлон, худалдагч нь худалдсан эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, ...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ” гэжээ.

Зохигчдын хооронд бичгээр хийгдсэн хэлцэл байхгүй боловч бодит үйлдлээр нэхэмжлэгч нь маргаж буй хашаа, хувийн сууцыг худалдагчаас хүлээн авч эзэмшиж, амьдарч байгаа, худалдан авахаар харилцан тохиролцсон үнийг төлсөн,  харин худалдагч эд хөрөнгийн үнийг авсан атлаа эрхийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч нь зохигчид амаар харилцан тохиролцож худалдах, худалдан авах хэлцэл хийсэн, худалдан авсан хашаа байшингийн төлбөрт 2006-2009 онд хооронд 8 000 000 төгрөгийг цувуулан төлсөн, хариуцагч нь бичиг баримт зөрчилтэй гэх үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой баримт бичгийг бүрдүүлж, өмчлөх эрхийг шилжүүлж  өгөхгүй олон жилийн хугацаа өнгөрсөн гэх тайлбар, мөнгө төлсөн баримт, гэрчийн мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон байна.

Хариуцагч Р.С “...нэхэмжлэгч А.А нь Р.С-ийн 100%-ийн эзэмшлийн Ц ХХК-д ажиллаж байсан тул тухайн хашаа, байшинд үнэ төлбөргүйгээр түр суулгаж байсан, түүнээс 2009 онд авсан 5 150 000 төгрөг нь хашаа байшинд амьдарч байсан барьцааны мөнгө, тухайн үед хашаа байшингийн өмчлөгч биш байсан тул бусдад зарж борлуулах эрхгүй байсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлах боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, татгалзсан хариу тайлбар, татгалзлаа нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Хашаа, байшинг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэх үед хариуцагч Р.С  өмчлөгч биш байсан боловч өмчлөгч Р-ээс ямар нэг зөвшөөрөл авалгүйгээр тус хашаа, байшинг А.А-ын эзэмшилд шилжүүлж, өөрөө мэдэж суулгасан, улмаар өөрийн эзэмшлийн компанид тогтвор суурьшилтай 10 жил ажиллавал уг хашаа байшинг түүний нэр дээр шилжүүлэх байсан гэх хариуцагчийн тайлбар  зэргээс үзэхэд эд хөрөнгөтэй холбоотой аливаа шийдвэрийг гаргах эрх хариуцагчид бодитоор байсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу биш гэж үзнэ.

Нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах үед маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Р.С байсан тул өөрийгөө хариуцагч биш гэх гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн хоёр шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Харин давж заалдах шатны шүүх талуудын хооронд утсаар ярьсан бичлэгийг үндэслэн зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5. дахь заалтыг зөрчсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5.-д “нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэжээ.

Талуудын утсаар ярьсан бичлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.-д заасан “...хуульд заасан арга хэрэгслээр олж авсан...” баримт биш тул түүнийг шийдвэрийн үндэслэл болгохгүй бөгөөд харин нэгэнт хэрэгт цугларсан баримтыг үнэлэх нь хууль зөрчсөн үйл ажиллагаа биш юм. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Талуудын хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа дан ганц утсаар ярьсан бичлэгээр бус хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсон байх тул давж заалдах шатны шүүхийн зөрчил магадлалыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй тул тэмдэглэх нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариауцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 210/МА2017/01976 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Р.С-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                         Х.ЭРДЭНЭСУВД