Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 1976

 

       А.А-ын нэхэмжлэлтэй,

    иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01772 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Р.С-т холбогдох

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаа 23 дугаар гудамж, 01 тоот хаягт байрлах газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ хэрэгжүүлэх, уг эд хөрөнгийг бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Р.С-ийн нэр дээрх Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаа гудамж, 23-1 тоотод байрлах хашааг 2006 онд тохиролцож 8 000 000 төгрөгөөр худалдан авахаар болж, 2009 онд төлбөр төлснөөс хойш би 9 жил уг хашаа байшинд амьдарч байна. Бидний хоорондох хэлцлийн дагуу өнөөдрийг хүртэл миний нэр дээр газрыг шилжүүлж өгөхгүй байна. Би төлбөрөө бүрэн төлсөн тул Р.С миний газрыг шилжүүлэн өгөх нь зөв. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3, 92 дугаар зүйлийн 92.1, 96 дугаар зүйлийн 96.1, 96.3 дахь хэсэгт зааснаар Р.С-ээс Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаа 23 гудамж, 01 тоот хаягт байршилтай газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ хэрэгжүүлэх, уг эд хөрөнгийг бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан газар миний аав О.Ренчингийн 1998 оноос хойш эзэмшиж байсан газар юм. Аав О.Ренчин Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаа 23 гудамж, 01 тоот хаягт байршилтай 700 м.кв газар, 45 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр миний өмчлөлд албан ёсоор шилжүүлсэн. Би уг газар болон байшингийн хууль ёсны өмчлөгч болно. А.А "Цэлмэг гүн" ХХК-д 2006 онд дүпү хийх туслах ажилчнаар ажилд орж байсан. "Цэлмэг гүн" ХХК-ийн 100%-ийн эзэмшигч нь миний бие болно. Тэр үед А.А айлын хашаа түрээсэлж амьдардаг байсан учраас 2007 онд компанийн зүгээс тус хашаа, байшинд үнэ төлбөргүй амьдруулах санальг А.А-д тавьснаар уг хашаанд амьдарч эхэлсэн.

Тухайн үед А.А "Цэлмэг гүн" ХХК-д тасралтгүй тогтвор суурьшилтай 10 жил ажиллавал энэ хашаа байшинг түүний нэр дээр шилжүүлэх тухай ярьж байсан боловч албан ёсны хэлцэл хийж баталгаажуулаагүй, энэ нь яриа төдий зүйл байсан. А.А 2014 оны 12 дугаар сард ажлаа дур мэдэн орхин явж компанийн үйл ажиллагааг доголдуулсан. Мөн 2006 онд хариуцагч Р.С тус хашаа, байшингийн өмчлөгч биш байсан тул захиран зарцуулах эрх байгаагүй. Иймд бусдын өмчийг бусдад худалдах боломжгүй. Иймд А.А-ын хүний өмчлөх эрхэд халдсан үйлдэл хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаа 23 гудамж, 1 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18644317180202 дугаартай, улсын бүртгэлиин Г-2203006444 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газар, мөн хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2203024451 дугаарт бүртгэлтэй, 45 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг А.А-д шилжүүлэхийг, мөн дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг А.А-ын өмчлөлд шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч Р.С-т тус тус даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142 200 төгрөгийг улсын төсвиин орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.С-ээс улсын тэмдэгтиин хураамжид 140 400 төгрөгийг, улсын төсвөөс нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1 800 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.А-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 1. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 04-ний өдөр О.Ренчинд газар үнэгүй өмчлүүлэх захирамж гарч тухайн хашаа, байшингийн өмчлөгчөөр тодорхойлсон. Улсын бүртгэлд 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өмчлөх эрх бүртгүүлэх өргөдөл гаргаж 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр газрын өмчлөгчөөр бүртгэгдсэн нь О.Ренчин 2006 онд газар, байшингийн өмчлөгч байгаагүйг нотлохгүй. Учир нь: О.Ренчин хашаа, байшингийн эрхийг Улсын буртгэлд бүртгүүлж баталгаажуулснааас 2010 онд өмчлөх эрхээ бүртгүүлснээр өмчлөгч болоогүй. Үүнээс өмнө өмчлөгч байсан юм.

2. Үл хөдлөх эд хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасны дагуу бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх хэлбэрийн шаардлага тавигддаг хэлцэл юм. Учир нь: үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэхэд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг заавал Улсын бүртгэлд бүртгүүлсний үндсэнд өмчлөх эрх шилждэгтэй холбоотой байдаг. Бичгээр байгуулах шаардлага тавигддаг гэрээний хувьд талууд хэлцэл хийсэн эсэх талаар маргаж байгаа тохиолдолд гэрчээр нотлуулах эрхээ алддаг атал шүүх гэрчийн мэдүүлгийг үндэслэн А.А, Р.С-ийн хооронд хашаа, байшин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Р.С, А.А нарын хооронд хашаа, байшин худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх талаар бичгийн нотлох баримт хэрэгт байхгүй. Нэхэмжлэгч А.А-ын талаас дуудсан гэрчүүд нь тухайн маргаантай хашаа, байшинг авахаар тохиролцсон, худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, хашаа байшингийн төлбөрт мөнгө шилжүүлсэн эсэх талаар шууд үзсэн, харсан, тухайн үед дэргэд нь байсан зүйлсийг биш, харин хэлцэл байгуулагдсан талаар сонссон, мөнгө шилжүүлсэн гэх зэргээр дам байдлаар мэдүүлэг өгсөн байтал шүүх зөвхан хариуцагч талын дуудсан гэрчүүдийг нотолгооны ач холбогдолгүй гэж дүгнэсэн нь тодорхойгүй байдлыг үүсгэж байна.

3. Талуудын хооронд хашаа байшин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан баримтгүй, талууд 5 150 000 төгрөгийн баримтын зориулалтын талаар харилцан адилгүй байр суурь илэрхийлж, хариуцагч Р.С хашаа байшин худалдсан төлбөрт нэхэмжлэгч А.А-оос мөнгөн төлбөр хүлээн авсан гэх баримт хэрэгт авагдаагүй байтал шүүх "Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар А.А-ын зүгээс газар, байшингийн үнийг төлөх үүргийг гүйцэтгэсэн, түүнийг хариуцагч Р.С хүлээн авсан байх тул гэрээ байгуулагдсанд тооцно" гэсэн нь үндэслэлгүй.

4. Шүүх Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т заасныг хэрэглэхдээ үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг амаар хийх хэлцэл гэж үзэж буй үндэслэлээ тайлбарлаагүй, хуулийн заалтыг буруу хэрэглэсэн байна. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх заалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл нь хуульд эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцох зохицуулалт тусгагдсан байх явдал байдаг. Тухайлбал: Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд зааснаар хөдлөх эд хөрөнгийг эд хөрөнгө олж авч буй этгээдийн эзэмшилд шилжүүлснээр өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсанд тооцох зохицуулалт хамаардаг. Гэтэл Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх шаардлага тавигддаг үл хөдлөх эд хөрөнгийн худалдах, худалдан авах хэлцлийн хувьд энэ заалтыг хэрэглэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн байна. Тус хэрэгт маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдсаны болон худалдан авсны төлбөрт шилжүүлсэн төлбөрийн баримт байхгүй, иргэд хооронд мөнгө хүлээлцсэн гэх нь тодорхой бус баримтыг үндэслэн хариуцагч Р.С-ийг төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд өр төлбөрийн талаар хэлэлцэн тохиролцсон гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

5. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн магадлалын хянавал хэсэгт "Нэхэмжлэгч нь 2006 онд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүргийг хариуцагчаас шаардаж байгаа боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан ул хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүргийн талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх бөгөөд мөн хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй байна” гэж үзсэн нь үндэслэлтэй. Би бүх шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.А хашаандаа ах дүү нараа буулгаад байхаар нь 5 150 000 төгрөгийг барьцаа гэж авсан талаар дурдсан. Гэтэл шийдвэрийн үндэслэх хэсэгт "Дээр дурдсан 5 150 000 төгрөг нь чухам юуны мөнгө болох, ямар учраас Р.С-т хүлээлгэн өгч байгаа тухай дурдаагүй байх ба нэхэмжлэгч нь газар байшингийн үнэ гэж, хариуцагч нь шинэ хашаа байшин байсан тул барьцаа авсан хэмээн тус тус харилцан адилгүй тайлбарладаг" гэж хариуцагчийн тайлбарт дурдаагүй зүйлийг нэмж, агуулгыг зөв тодорхойлоогүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч А.А хариуцагч Р.С холбогдуулан Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаа 23 дугаар гудамж, 01 тоот хаягт байрлах газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ хэрэгжүүлэх, уг эд хөрөнгийг хуульд заасны дагуу бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Сүхбаатар дүүргийн 15 дугаар, Дамбадаржаа 23 дугаар гудамж, 01 тоот хаягт байрлах 700 м.кв газар, 45 м.кв хувийн сууцыг О.Ренчин нь 1998 онд эзэмшиж, байгаад 2012 оноос хариуцагч Р.С өмчлөх эрхтэй болсон үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

Харин дээрх газар, хувийн сууцыг хариуцагч Р.С нь 8 000 000 төгрөгөөр А.А-д шилжүүлэн өгөхөөр тохиролцсон эсэх талаар талууд маргаж байна.

Талуудын хооронд утсаар ярьсан бичлэгийг нэхэмжлэгч А.А нь дууны бичлэг /сиди/-т буулгасныг 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шүүхээс үзлэг хийж бэхжүүлсэн байх бөгөөд уг баримтаас үзэхэд хариуцагч Р.С нь маргаан бүхий газар, хувийн сууцыг нэхэмжлэгчид хариу төлбөртэйгээр шилжүүлэн өгөхөөр тохиролцож, уг тохиролцооноосоо татгалзсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн гэж үзнэ.

Иймд талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө худалдах талаар гэрээ хийсэн, уг гэрээнийхээ үүргийг шаардах эрхтэй.

Харин уг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах 2006 онд маргааны бүхий үл хөдлөх эд хөрөнгө хариуцагч Ц.С-ийн өмчлөлд байгаагүй буюу 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр О.Ренчин, Д.Галя нараас бэлэглэлийн гэрээгээр Ц.С-ийн өмчлөлд шилжсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргаагүй. Хариуцагч Ц.С нь худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах үед  гэрээний зүйлийг өмчлөх эрхгүй байсан нь түүнд гэрээний үүргээс татгалзах эрхийг олгохгүй.

Худалдах худалдан авах гэрээний зүйлийг нөгөө талын өмчлөлд шилжүүлэх үүргийг худалдагч тал хүлээх боловч худалдагч нь гэрээний зүйлийг гэрээ байгуулагдснаас хойш өмчлөлд авсан болох нь нөгөө талын өмнө хүлээсэн үүргийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

       А.А, Ц.С нарын хооронд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэнтэй холбоотой бусад этгээдийн зүгээс гомдол гаргаагүй, мөн О.Ренчингээс шаардлага, гомдлыг А.А, Ц.С нарт холбогдуулан гаргасан баримтгүй. Ийм учраас талуудын хооронд эд хөрөнгийг хариу төлбөртэй шилжүүлэх үүрэг үүсгэсэн хэлцэл хийгдсэн байна.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлд заасан бичгийн хэлцлийг улсын бүртэлд бүртгүүлэхээр эсвэл нотариатаар гэрчлүүлэхээр хуульд заасан бол улсын бүртгэлд бүртгүүлж, нотариатаар гэрчлүүлснээр уг бичгийн хэлцлийг хийсэн гэж үзнэ. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11 дэх хэсэгт энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болохоор заасан бөгөөд нэхэмжлэгч А.А нь гэрчээр нотлох эрхээ алдсан боловч нотолгооны бусад хэрэгслээр  нотлох эрхээ алдаагүй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн хийсэн бичлэгийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийнн 48.1 дэх хэсэгт зааснаар үзлэг хийж бэхжүүлсэн байна. Хариуцагч тал уг бичлэгийн талаар мэдэгдээгүй гэх тайлбар гаргасан боловч аливаа этгээд өөрийн бусадтай утсаар ярьсан яриаг бичлэг хийхийг хуулиар хориглоогүй байх бөгөөд ийнхүү бичлэг хийснийг хууль зөрчин бүрдүүлсэн баримт гэж үзэхгүй.

Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ бичгээр байгуулаагүй боловч маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн нь нотлогдсон гэж үзэх үндэслэлтэй.

          Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь хэсэгт заасныг баримтлаагүй найруулгын алдаа гаргасныг залруулах боломжтой гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01772 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                            Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                             Д.БАЙГАЛМАА