Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 196

 

Б.Түвшинбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, М.Цэнгүүн,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 458 дугаар магадлалтай, 201525022433 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1972 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Йөншөөбү овогт Болдын Түвшинбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан “Танхайрах хэргийг догшин авирлаж үйлдэх” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Түвшинбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж Б.Анандын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, хохирогч Б.Ананд цаашид эмчлүүлэхэд гарах зардал, өмгөөллийн үйл ажиллагааны зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Б.Түвшинбаяраас нэхэмжлэн авах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Ананд, ялтан Б.Түвшинбаярын өмгөөлөгч М.Цэнгүүн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, өмгөөлөгч М.Алтанцэцэг, М.Цэнгүүн нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... хохирогч талаас гомдол саналгүйгээ илэрхийлсэн бөгөөд шүүгдэгч Б.Түвшинбаяр нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа тул түүнд оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг хэрэглэж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэнгүүн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Б.Ананд нь өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг орхиж Б.Түвшинбаяртай өөрөө очиж маргалдан улмаар заамдалцаж энэхүү хэрэг учрал болсон байдаг. Б.Түвшинбаяр нь хохирогчийн нэхэмжилсэн 6,000,000 төгрөгийг бүрэн төлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн барагдуулсан бөгөөд хохирогч Б.Ананд нь гомдол саналгүйгээ илэрхийлсэн. Б.Түвшинбаярт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсгээр зүйлчилж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу биечлэн эдлэх ялыг тэнсэн харгалзахаар тогтоож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Түвшинбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Б.Түвшинбаяр миний бие хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, өөрийн гэм бурууг маш их ойлгож, бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан билээ. Миний бие анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, төрийн албанд ажилладаг. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан надад оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэжээ.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Хэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан нотлох баримтын дагуу шийдвэрлэсэн. Хэргийн зүйлчлэл тохирсон. Анхан болон давж заалдах шатны шүүх бодит байдалд тохирсон үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангажээ.

Б.Түвшинбаяр нь 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Чингисийн талбайн баруун урд зам дээр иргэн Б.Анандтай “машины шил цохилоо” гэж маргалдахдаа Б.Анандыг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан талаарх үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, уг зүйл хэсэгт заасан хэмжээний дотор хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Сарангуагийн “хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэсэн гомдлын тухайд, Б.Түвшинбаяр нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Б.Анандын тээврийн хэрэгслийг шахаж улмаар Б.Ананд түүнд шаардлага тавихаар очиход замын хөдөлгөөний эрчимтэй хэсэгт бусдын нүдэн дээр хүндэвтэр гэмтэл учиртал зодсон үйлдэл нь ялимгүй зүйлээр шалтаглан олон нийтийн өмнө бусдад хүч хэрэглэсэн зохисгүй үйлдэл бөгөөд ийнхүү гаргасан үйлдэл нь хүмүүсийн хоорондын харилцааны соёлд илтэд хүндэтгэлгүй хандсан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн шинжийг агуулсан зэрэг нь танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг бүрэн агуулсан байна.

Б.Түвшинбаяр нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүйгээ илэрхийлж давж заалдах болон хяналтын шатны шүүхэд Б.Түвшинбаярт оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргээс үзэхэд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, хүмүүжүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгыг хэрэгжүүлэхэд түүнд оногдуулсан хорих ялыг зайлшгүй биечлэн эдлүүлэх нөхцөл шаардлагагүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоох хууль зүйн үндэслэл бүрдсэн байна гэж дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 458 дугаар магадлалд “Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Түвшинбаярт оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгаж, Б.Түвшибаярыг нэн даруй сулласугай” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                     Б.БАТЦЭРЭН

                           ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ