Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 16

 

 

 

 

 

 

 

                                               

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг, улсын яллагч Ц.Сүхбат, шүүгдэгч Б.Түвшинбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэнгүүн /ҮД:2171/, хохирогч Б.Ананд, хохирогчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа /ҮД:0170/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1972 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, буриад, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Нийслэлийн биеийн тамир спортын газарт мэргэжилтнээр ажилладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбийн 4 дүгээр гудамжны 8 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:МЕ72061818/ Йөншөөбү овогт Болдын Түвшинбаярт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201525022433 дугаар 105/2016/0596/Э индекстэй хэргийг 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Түвшинбаяр 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн талбайн баруун урд зам дээр иргэн Б.Анандтай машины шил цохилоо гэж үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрч, Б.Анандыг зодож биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Түвшинбаярын: Би 2015 оны 11 дүгээр сарын 22-ны 17 цагийн үед 93-25 УН­Е улсын дугаартай автомашинтайгаа Гадаад хэргийн яам талаас Төв шуудангийн уулзвар дээр зүүн гар тийшээ эргэх гээд дохиогоо асаагаад зогсож байсан. Миний урд 3 автомашин зогсож байсан. Би нэг автомашины урдуур орсон бөгөөд жолооч нь уурлаж дуут дохиогоо дуугаргаад гараараа дохиод байсныг мэдсэн. Тэгээд тухайн автомашины жолооч ирээд миний автомашины хаалгыг татахаар нь хаалгаа түгжчихсэн. Би хаалгаа онгойлгохгүй байсан чинь цохиод балбаад байхаар нь буугаад хохирогчтой барьцалдсан. Би эхний мэдүүлэгтээ “хохирогчийг цохисон” гэж мэдүүлсэн бөгөөд үүнээсээ татгалзсан. Миний “цохисон” гэдэг үгийг өөр баталсан зүйл байдаггүй. Тухайн үед маш олон хүн харж байсан. Мөн хяналтын 3-4 камер байсан. Яагаад хяналтын камер хэрэгт авагдаагүйг гайхаж байна. Хохирогчийг гэмтээсэн гэдэгт өөрийгөө зөвтгөсөн зүйл байхгүй. Гэхдээ хохирогч намайг тухайн үед адилхан цохисон. Би хохирогчтой барьцалдсан байхдаа цохисон байхыг үгүйсгэхгүй гэхдээ хохирогч өөр хүнд цохиулсан байж магадгүй юм. Өөрөөр хэлбэл намайг хохирогчийг цохисон гэдгийг батлаагүй. Би “хохирогчийг 2 удаа цохисон, 1 удаа өшиглөсөн” гэж мэдүүлсэн байдаг. Хохирогч болон гэрч нарын мэдүүлэгт “хохирогчийг өшиглөсөн гэсэн” мэдүүлэг байдаггүй. Мөрдөн байцаагч хэргийн газар нэг ч удаа очиж хараагүй.Хэрвээ би Б.Анандыг хохироосон бол хохирол, гомдлыг барагдуулах, өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмших сэтгэл байгаа. Би хохирогчийг огт цохиогүй гэдэг үүднээс биш, тухайн үйлдлээс болж хохирогчийг цохисон байх магадлал бий гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Анандын: Би 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 17 цагийн үед 30-71 УНЕ улсын дугаартай “ниссан” маркийн саарал өнгийн автомашинтайгаа Монгол Улсын Багшийн Их сургуулийн тэндээс гэр рүүгээ харих гээд явж байсан. Тухайн өдөр цас ихтэй байсан учраас зам хальтиргаатай байсан. Би Гадаад хэргийн яамны уулзвараас Төв шуудан руу чиглээд явж байтал миний урдуур 93-25 УНЕ улсын дугаартай “тоёота клугер” маркийн автомашин маш хурдтай орж ирсэн. Би хажуу талын эгнээ рүү шахаад нэгдүгээр эгнээ рүү ороод дараагийн уулзвар дээр очиж зогсох гэтэл миний урдуур дахиж шахаж орж ирээд зогссон. Би согтуу эсвэл галзуу хүн юм болов уу гэж бодоод очоод хартал настайвтар хүн байсан. Тэгээд би автомашиных нь цонхыг тогшоод “ах аа та ингэж явж болохгүй, аваар хийлээ” гэж хэлэхэд маш их ууртай байсан. Тэгээд Б.Түвшинбаяр “яагаад автомашинд хүрээд байгаа юм” гээд автомашинаасаа гарч ирээд намайг учир зүггүй цохисон. Би тухайн үед “ах аа та болохгүй” гэж хэлж байсан. Тэгээд дахиад намайг цохиход нь би хойшоогоо савсан бөгөөд боссон. Би “ах аа цагдаад хэлнэ” гэхэд “тэгэхгүй юу пизда минь” гэж хэлсэн. Тэгээд Б.Түвшинбаяр ах хөдлөөд явахаар нь автомашиных нь дугаарыг бичиж аваад 102 дугаар руу дуудлага өгөхөд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү оч гэхээр нь шууд очоод гомдлоо гаргасан. Тухайн үед миний нүд маш их өвдөж байсан. Маргааш нь шүүх эмнэлэгт очсон бөгөөд Гэмтлийн эмнэлэгт очиж томограф зураг авахуулсан. Тухайн өдрөөс хойш миний хоёр нүд юм харахдаа 2 салгаж хардаг болсон. Б.Түвшинбаяр ах намайг зодож ийм болгочихоод гэмшсэн байдал огт байхгүй байгаа учраас гомдолтой байна. Би зүүн нүдний доод талын ухархайн хагалгаанд орсон. Миний нүдийг ухаж гаргаж ирж байгаад хугарсан ясанд нь имплайнд суулгасан. Тухайн үед надад маш хэцүү байсан. Гэрийнхэн маань эм тариа зөөж, эргэлтээр явж байсан. Тухайн үед эмчилгээ хийлгэсэн баримтаа цуглуулах талаар мэдээгүй. Намайг эмнэлгээс гарахад имплайнд суулгасантай холбоотой 870.000 төгрөгний баримт өгсөн. Би уг баримтыг томограф зураг авахуулсан 2 баримттай хавсаргаж өгсөн байгаа. Эмнэлэгт үзүүлэх гэж явсан болон хэвтэж эмчлүүлсэн зардлууд хавтаст хэрэгт байхгүй байгаа. Би өөрөө Б.Түвшинбаяр ах руу залгахад надад “би чамд 100.000 төгрөг өгье, авахгүй гэвэл би ялаа аваад явъя харин чамтай өөрөөр ярина шүү” гэж дарамталж сүрдүүлсэн. Мөн Б.Түвшинбаяр ахын эхнэр надад утсаар “үр хүүхэдтэй хүнийг шоронд явуулж мах цусаар нь зовоох гээд байгаа юм уу, чи мөнгө олох санаатай хүний урдуур орж зодуулсан юм уу” гэж дарамталсан. Би 4 дэх өдөр Орбит эмнэлэгт нүдээ үзүүлэхэд “нүдний чинь доод талын булчин гэмтсэн учраас нүдийг чинь 1-2 сарын хугацаанд харах хэрэгтэй байна” гэж хэлсэн. Миний дээд талын шүд, хацар мэдээгүй байгаа. Хэрвээ булчингийн хагалгаа хийвэл нүднээс доошоо зүсэж хагалгаа хийнэ гэсэн. Хагалгаа хийлгэвэл хараа тогтох магадлалтай. Би 1-2 сарын дараа хагалгаанд ороод нүүрэндээ сорвитой болж, муугаар хэлбэл хараагүй болохыг үгүйсгэхгүй. Б.Түвшинбаяр ах “надаас уучлалт гуйгаагүй” учраас маш их гомдолтой байна. Би Гарьд байцаагчаас Б.Түвшинбаяр ахын хаягийг аваад өөрөө хайсан. Би өмгөөлөгч авч 3.000.000 төгрөг төлсөн.Эмчилгээний зардал өмгөөлөгчийн хөлсийг нэхэмжилж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Анандын: ...2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цаг 05 минутанд 30-71 УНЕ улсын дугаартай Ниссэн нөт загварын саарал өнгийн автомашинтайгаар замын хөдөлгөөнд оролцож явах үед гадаад хэргийн яамны уулзвар дээр 93-25 УНЕ улсын дугаартай хар өнгийн Тоёота клугер загварын автомашин шахаж орж ирсэн. Тэгээд би баруун гар тал руугаа зайлсхийж 1 дүгээр эгнээ рүү ороод тухайн үедээ аваар хийлээ дээ гэж бодоод нэлээд түгшсэн байсан. Тэгтэл азаар зүгээр өнгөрсөн. Тэгээд явж байгаад Төв шуудангийн зүүн гар талын уулзвар дээр ирэх үед намайг шахсан машин миний урд талд ирж зогсохоор нь би машинаасаа гарч очоод цонхоор нь харсан чинь хөгшин хүн байсан. Тэгэхээр нь би цонхыг нь тогшоод ингэж явж болохгүй шүү, аваар хийхээ шахлаа шүү гэж хэлсэн чинь нөгөө машины жолооч амандаа юм хэлээд байсан ба машинаасаа бууж ирээд яах гэж машин нүдээд байгаа пизда вэ гэснээ миний зүүн нүд, зүүн хацар руу баруун гараараа 2 удаа цохисон. Тэгээд би ингэж явж болохгүй шүү дээ, чи аваар хийлээ гэсэн чинь миний дагз руу гараараа дахиад цохисон. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-12-13/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Мөнх-Эрдэнийн:  ...Миний бодлоор бол зам дээр явж байхад манай машин тэр залуугийн машиныг шахсан гэж л уурлаж бухимдсан байх. Тэгээд тэр залуу өөрөө бууж ирээд машины шилийг хагалчих гээд цохиод байсан учир машинаасаа бууж очсон. Миний харснаар бол айхтар бие биенийгээ цохисон зүйл байхгүй. Зүгээр л хоёр талаасаа гараа сарвалзуулаад байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-55/,  

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Саранцэцэгийн: ...2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 17 цагийн үед ...Түвшинбаяр машинаасаа буугаад тухайн залуутай зууралдаж муудалцаж байгаад цохих шиг болоод машиндаа суугаад цаашаа явцгаасан. ...Яг хаана нь хэдэн удаа цохисныг анзаараагүй ямар ч байсан зууралдаж байгаад л цохих шиг болоод гэрлэн дохио солигдсон учир машиндаа ирж суугаад хөдөлсөн. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-28/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Мөнх-Эрдэнэ, хохирогч Б.Ананд нарын нүүрэлдүүлэн байцаахад: Гэрч Э.Мөнх-Эрдэнийн: ...Би өмнө өгсөн мэдүүлэгтээ тухайн залуугийн хийсэн үйлдлийн талаар сайн санахгүй байсан учир зарим нэг зүйлийг зөрүүтэй мэдүүлсэн байж магадгүй. Харин сая энэ хүний /Б.Анандын/ ярьсан мэдүүлгийг сонсоод машины шилийг хүчтэй цохиогүй дугуй руу нь өшиглөөгүй гэдгийг санаж байна. Тухайн өдөр энэ залуу /Б.Ананд/ хүрч ирээд машины шилийг тогшиход Түвшинбаяр ах машиныхаа шилийг доошлуулахад нөгөө залуу маш ууртайгаар яаж яваад байгаа юм бэ гэж орилсон тэгтэл Түвшинбаяр ах бууж очоод нөгөө залуутай заамдалцаж байхыг харснаас биш цохиж байхыг нь хараагүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Анандын: ...Миний хувьд цагдаагийн байгууллагад хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлийг үнэн зөвөөр ярьсан харин энэ эмэгтэй өөрийн өгсөн мэдүүлгээ буруу өгсөн байх гэж бодож байна. Мөн энэ эмэгтэй сая Түвшинбаярыг цонхоо буулгахад яаж яваад байгаа юм бэ гэж намайг хэлсэн гэж байна. Тухайн үед Түвшинбаяр цонхоо буулгахгүй машин дотроо амандаа бувтнаж байгаад буугаад ирсэн гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-80/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн 16750 тоот:

  1. Б.Анандын биед зовхины арьсны зулгаралт, цус хуралт, зүүн нүдний ухархайн ханын хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ж.Ганцэнгэл гэсэн дүгнэлт /хх-15/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 299 тоот:

  1. Б.Анандын биед баруун гайморовын хөндийн өмнөд ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн ханы хугарал, зүүн нүдний зовхины арьсны зулгаралт, цус хуралт, зүүн нүдний зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
  4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  5. Шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн 2015.11.23-ны өдөр гаргасан 16750 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Тухайн үед хийгдсэн 2015.11.23-ны өдрийн КТГ-ын шинжилгээгээр оношлогдсон баруун гайморын хөндийд өмнөд ханын цөмөрсөн хугарлыг дүгнэлтийн хэсэгт оруулаагүй байна.
  6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Г.Энхбаатар, Ө.Сарангэрэл, Т.Чимэд-Очир гэсэн дүгнэлт /хх-57-58/,

 

Хохирлын баримтууд /хх-5-6, 84/, ГССҮТ-ийн компьютерт томографи /хх-59/, “Health-Aid” үүдэн эмнэлгийн эмчийн дүгнэлт /хх-60/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-20/, өвчтөний түүхийн хуулбар /хх-61-67/, шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх-74/,

шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-36/, УБИС-ийн дипломны хуулбар /хх-37-38/, Удирдлагын академийн дипломын хуулбар /хх-39-40/, Б.Түвшинбаярын үр дүнгийн гэрээний илтгэх хуудас /хх-41-42/, мөрдөн байцаалтад гэрч Б.Алтанзаяагийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-29/, Биеийн тамир, спортын газрын тодорхойлолт /хх-85/, хохирлын мөнгө шилжүүлсэн баримт /хх-119/ зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэв.

 

Шүүгдэгч Б.Түвшинбаяр 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн талбайн баруун урд зам дээр хохирогч Б.Анандыг “машины шил цохилоо” гэж үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, хүч хэрэглэн зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан, бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт: шүүгдэгч Б.Түвшинбаярын …би хохирогчтой барьцалдсан байх үедээ цохисон байхыг үгүйсгэхгүй … гэж мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Анандын ...Б.Түвшинбаяр “яагаад автомашинд хүрээд байгаа юм” гээд автомашинаасаа гарч ирээд намайг учир зүггүй цохисон. ...Тухайн өдрөөс хойш миний хоёр нүд юм харахдаа 2 салгаж хардаг болсон… гэж мэдүүлсэн мэдүүлэг, талуудын хүсэлтээр хавтаст хэргээс шинжилсэн мөрдөн байцаалтад гэрч С.Саранцэцэгийн …Түвшинбаяр машинаасаа буугаад …яг хаана нь хэдэн удаа цохисныг анзаараагүй ямар ч байсан зууралдаж байгаад л цохих шиг болоод гэрлэн дохио солигдсон учир машиндаа ирж суугаад хөдөлсөн. …гэж мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн: 1.Б.Анандын биед баруун гайморовын хөндийн өмнөд ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн хананы хугарал, зүүн нүдний зовхины арьсны зулгаралт, цус хуралт, зүүн нүдний зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн 2015.11.23-ны өдөр гаргасан 16750 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Тухайн үед хийгдсэн 2015.11.23-ны өдрийн КТГ-ын шинжилгээгээр оношлогдсон баруун гайморын хөндийд өмнөд ханын цөмөрсөн хугарлыг дүгнэлтийн хэсэгт оруулаагүй байна. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Г.Энхбаатар, Ө.Сарангэрэл, Т.Чимэд-Очир гэсэн 299 тоот дүгнэлт, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдон нотлогдов. Шүүгдэгч Б.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Түвшинбаярын гэм буруутай үйлдлээс хохирогч Б.Анандын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 299 тоот дүгнэлтээр тогтоогдсон ба хэрэгт цугларсан нотлох баримтын дагуу эмчилгээний зардлын 1.102.750 төгрөгийг нөхөн төлсөн нь Худалдаа хөгжлийн банкны орогын ордерээр нотлогдов. Хохирогч Б.Ананд өмгөөлөгчийн зардалд төлсөн гэх 3.000.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч үүнийг төлсөн болохыг нотолсон хууль зүйн үндэслэлтэй баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхэд гарсан болон хойшид хийгдсэн эмчилгээний зардал, гэм хорын хохирол, өмгөөллийн үйл ажиллагааны зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэн авах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Түвшинбаяр ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-35/ тогтоогдож байна.                                                                                     

Шүүгдэгч Б.Түвшинбаяр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн боловч хохирогч Б.Анандын бие махбодид учирсан хүндэвтэр гэмтэл бүрэн эдгэрээгүй цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэм хор бүрэн арилаагүй, хохирогч гомдолтой байдлуудыг харгалзан оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:  

  1. Болдын Түвшинбаярыг хүч хэрэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                                                               
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар Болдын Түвшинбаярыг 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Түвшинбаярт оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Түвшинбаяр цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч Б.Ананд гэмт хэргийн улмаас бие махбодидоо учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхэд болон хойшид эмчлүүлэхэд гарсан зардал, өмгөөллийн үйл ажиллагааны зардлыг хууль зүйн үндэслэлтэй баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Б.Түвшинбаяраас нэхэмжлэн авах эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Түвшинбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хорих ялыг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.
  7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш

14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ү.ТҮМЭНЖАРГАЛ