Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/00218

 

С.Ч-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02276 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2268 дугаар магадлалтай

С.Ч-ийн нэхэмжлэлтэй

Н-д холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г-ы хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1460 дугаартай шийдвэрээр С.Ч-ээс 16 627 311 төгрөгийг гаргуулж “Э” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг төлбөрөөс төлбөр төлөгч С.Ч миний бие 2 000 000 төгрөгийг төлөөд байсан. Шүүхээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлснээс хойш 3 000 000 төгрөг, нийт 5 000 000 төгрөгийг төлсөн. Шүүхийн шийдвэрт барьцаа хөрөнгөөр шийдвэрийг гүйцэтгэх тухай заасан байдаг ч энэ барьцаанд байгаа байр нь миний дүү С.Ч-ийн байр юм. Барьцаанд байгаа байрыг хэт доогуур үнэлсэнтэй холбогдуулан дахин үнэлгээ хийлгэх гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн. Энэ байр наран талдаа цонхтой 2 өрөө байр бөгөөд хуучны мкв-аар 29 мкв боловч одоо бодит хэмжилт хийхэд 54 мкв гэж гардаг. Үүнийг хамгийн бага үнээр тооцоход л нэг мкв -ыг 1 400 000 төгрөг гэж үзвэл 75 600 000 төгрөг болдог. Гэтэл 61 000 000 төгрөгөөр үнэлээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Манай байр хүн ам нягтаршил сайтай бүс бөгөөд бидний олон жилийн хөдөлмөрийн үр шим шингэсэн байр байхад “Х” ХХК нь тус нутаг дэвсгэрт зарагдаж буй байрнуудаас шууд ченжийн гар дээр зарагддаг үнийг барьж үнэлгээ гаргасанд гомдолтой байна. Бидэнд хугацаа өгвөл төлөх төлбөрөө 8 сая хүртэл төлчихөөд 6 сарын хугацаа аваад, энэ хугацаандаа энэ байраа барьцаалж зээл аваад үлдэгдэл мөнгөө төлөх боломжтой. Намайг шийдвэр гүйцэтгэлийн материалтай танилцахад Шинжээч томилох тухай 73 дугаартай тогтоолын хууль сануулсан хэсэгт шинжээч гарын үсэг зураагүй байсан боловч шүүхэд өгсөн баримтанд гарын үсэг зурсан байгааг би нөхүүлж зуруулсан гэж үзэж байна. Иймд Хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчаас шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1460 дугаартай шийдвэрээр С.Ч-ээс 16 627 311 төгрөгийг гаргуулж “Э” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр үүсгэж, төлбөр төлөгч С.Ч-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 9-58 дугаар байрны 18 тоотод байрлах 29 мкв орон сууцыг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 131/01 тогтоолоор битүүмжлэн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 131/02 тогтоолоор хураасан. Талууд хөрөнгийн үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар хөндлөнгийн шинжээчээр “Х” ХХК-ийг томилж үнэлүүлэхэд 61 800 000 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээ хийлгэх Шинжээч томилох тухай 73 дугаартай тогтоолыг 3 хувь үйлдэж нэг хувийг нь би өөрөө шинжээчид гардуулан өгөхдөө эрх үүргийг нь танилцуулж гарын үсэг зуруулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02276 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Н-д холбогдох Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1460 дугаартай шийдвэрээр хариуцагч С.Ч-ээс 16 387 424 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 239 887 төгрөгийн хамт гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2268 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02276 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “55 дугаар зүйлийн 55.7” гэснийг “34 дүгээр зүйлийн 34.3, 37 дүгээр зүйлийн 37.3” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г-аас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх үндэслэх хэсэгт дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

1. Анхан шатны шүүх дээрх шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ: “... төлбөр төлөгч С.Ч нь 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр үнэлгээний талаарх гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасныг гомдол гэж үзэх боломжгүй юм.” гэж үзжээ. Н-д 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасан гомдол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34.3.-т заасан “Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.” гэх зохицуулалтад хамаарч байсан. Учир нь уг гомдолд Н 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 73 дугаартай тогтоолоор “Х” ХХК томилсон ажиллагаа хууль бус болсон талаар тусгасан. Өөрөөр хэлбэл шинжээчид хууль сануулсан баримтад гарын үсэг зуруулаагүй байсан. Үүнээс үүдэн төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө үнэгүйдэх цаашлаад ашиг сонирхлын зөрчлийн үүднээс үл хөдлөх хөрөнгийг төлж барагдуулах нөхцөл байдал бий болсон гэж үзэхэд хүргэсэн. Миний бие дээрх шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаатай холбогдуулан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчид хандан 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.-т заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч 14 хоногийн дотор гомдлыг шийдвэрлэж тогтоол гаргах ёстой. Гэтэл 14 хоногийн хугацаанд тогтоол гараагүй. Ийм учраас нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2. Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ “... нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Г намайг шийдвэр гүйцэтгэлийн материалтай танилцахад Шинжээч томилох тухай 73 дугаартай тогтоолын хууль сануулсан хэсэгт шинжээч гарын үсэг зураагүй байсан” гэж байгаа боловч түүнийгээ баримтаар нотлоогүй, хариуцагчийн төлөөлөгч уг баримтын шаардлага хангаж шүүхэд ирүүлсэн болно.” гэжээ. Анхан шатны шүүх үнэлгээтэй холбоотой гомдлыг хуульд заасан хугацаанд шүүхэд гаргаагүй, Шийдвэр гүйцэтгэх албанд гаргасныг гомдол гэж үзэх боломжгүй гэсэн байдаг. Шүүх уг гомдол нь шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, шийдвэр нь хууль бус байсан эсэх талаар хянаж үзэлгүй шууд үнэлгээтэй холбоотой гэж үзэн шийдвэр гаргасан. Тодруулбал, шийдвэр гүйцэтгэгчийн үнэлгээтэй холбоотой шинжээч томилох, шинжээчид хууль сануулах үйл ажиллагаа, шийдвэр нь хууль бус бол үүнээс үүдэн төлбөр төлөгчийн эд хөрөнгөтэй холбоотой хохирол үүсэхэд эрсдэл бий болох нь ойлгомжтой.

3. Давж заалдах шатны шүүх хянавал хэсэгтээ “...шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж шийдвэрлэсэн” гэж үзсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үе шатанд хариуцагч нь шинжээч томилсон тогтоолын хууль сануулсан хэсэгт гарын үсэг нөхөн зуруулсан гэдгээ удаа дараа хэлж байсан. Өөрөөр хэлбэл тухайн үед шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42.2-т заасны дагуу Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4.1.1-т заасан хууль дээдлэх зарчим, мөн тус хуулийн 9.1 болон 9.2-т заасан шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг гардуулан өгч, эрх, үүрэг хариуцлагыг нь урьдчилан сануулж гарын үсэг зуруулна” гэж заасны дагуу зуруулаагүй шинжилгээг эхлүүлсэн байдаг. Энэ талаар буюу хариуцагч сүүлд гарын үсэг нөхөн зуруулсан тухай анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийг нягталж үзэх хэрэгтэй. Хэдий хариуцагч нь гарын үсгийг нөхөн зуруулсан гэж хүлээн зөвшөөрч энэ тухай баримтаа шүүхэд ирүүлсэн ч энэ нь тухайн шинжилгээний дүгнэлтийг үнэн зөв хийсэн гэж үзэх нөхцөл байдлыг бий болгохгүй. Тодруулбал, шинжилгээ хийлгэх эрх бүхий байгууллагад шинжилгээ хийлгэх тогтоолыг танилцуулж гарын үсэг зуруулснаар шинжилгээ хийгдэх ёстой. Нэхэмжлэгчийн зүгээс шинжилгээ хийгдэх явцад нөхөн зуруулсан нь энэхүү шинжилгээг хууль бус гэж үзэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдол гаргасан. 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхээс гаргасан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд нотлох баримт үнэлэх шүүгчийн ажиллагааны талаар зөвлөмжийн 1.2-т “нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх” талаар тусгасан. Уг зөвлөмжид /Шүүхийн практикаас үзэхэд шүүхүүд зохигчдын гаргасан зарим нотлох баримтын талаар ямар нэгэн дүгнэлт өгөхгүй байх, зэргээр нотлох баримтыг тал бүрээс үнэлэх хуулийн зарчмыг зөрчих алдаа түгээмэл гаргадаг./ гэж үзсэн. Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан нотлох баримтыг хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг тал бүрээс нь, өөрийн дотоод итгэл, хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой. Гэтэл шүүх нэхэмжлэгч нь гарын үсэг нөхөн зуруулсан гэдгийг баримтаар нотлоогүй, хариуцагч баримтын шаардлагыг ханган шүүхэд хүргүүлсэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэл муутай, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлээгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна. Энэ нь цаашид шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа /шийдвэр/, үнэлгээтэй холбоотой гомдлын талаарх шүүхийн буруу жишиг тогтоход хүрч байна. Учир нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус үйл ажиллагаа, шийдвэрийн улмаас төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгөд хохирол учирч болзошгүй гэж үзэн зохих хууль журмын дагуу гомдол гаргасан байдаг. Иймд 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 02276 дугаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч С.Ч Н-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1460 дугаартай шийдвэрээр С.Ч-ээс 16 627 311 төгрөгийг гаргуулж “Э” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн шийдвэрт 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол 9-58 дугаар байрны 18 тоотод байрлах 29 мкв талбай бүхий орон сууцыг битүүмжлэн, хурааж, албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоохоор үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг авахад төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн шинжээчийн томилж эд хөрөнгийг үнэлүүлсэн, “Х” ХХК үл хөдлөх эд хөрөнгийг 61 800 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт тогтоогджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн шинжээчийн томилж, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1. дэх заалтыг зөрчөөгүй, шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нотлоогүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн дүгнэлтийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн байхад төлбөр төлөгч С.Ч 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.-т заасан “төлбөр төлбөгч, төлбөр авагч нь үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэсэн хугацааг зөрчсөн байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцсэн байх тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02276 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2268 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г-ы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                              Х.ЭРДЭНЭСУВД