Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2017/02276

 

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2017/02276

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

            Нэхэмжлэгч С.Ч ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч:НШГА холбогдох

            Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямдаваа, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1460 дугаартай шийдвэрээр С.С.Чээс 16.627.311 төгрөгийг гаргуулж Э   ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн.

            Уг төлбөрөөс төлбөр төлөгч С.С.Ч миний бие 2.000.000 төгрөгийг төлөөд байсан. Шүүхээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлснээс хойш 3.000.000 төгрөг төлсөн нийлээд 5.000.000 төгрөгийг төлсөн байгаа юм. Шүүхийн шийдвэрт барьцаа хөрөнгөөр шийдвэрийг гүйцэтгэх тухай заасан байдаг ч энэ барьцаанд байгаа байр нь миний дүү С.чийн байр юмаа.

            Би дүүгээсээ итгэмжлэл авч барьцаанд тавьсан. Барьцаанд байгаа байрыг хэт доогуур үнэлсэнтэй холбогдуулан ахин үнэлгээ хийлгэж өгнө үү гэсэн гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн. Энэ байр наран талдаа цонхтой 2 өрөө байр бөгөөд хуучны м.кв-аар 29 м.кв боловч одоо бодит хэмжилт хийхэд 54 м.кв гэж гардаг. Үүнийг хамгийн бага үнээр тооцоход л нэг м.кв –ыг 1.400.000 төгрөг гэж үзвэл 75.600.000 төгрөг болдог. Гэтэл 61.000.000 төгрөгөөр үнэлээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Манай байр хүн ам нягтршил сайтай бүс бөгөөд бидний олон жилийн хөдөлмөрийн үр шим шингэсэн байр байхад Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь тус нутаг дэвсгэрт зарагдаж буй байрнуудаас шууд ченжийн гар дээр зарагддаг үнийг барьж үнэлгээ гаргасанд гомдолтой байна. Бидэнд жаахан хугацаа өгөх юм бол төлөх төлбөрөө 8 сая хүртэл төлчихөөд 6 сарын хугацаа аваад, энэ хугацаандаа энэ байраа барьцаалж зээл аваад үлдэгдэл мөнгөө төлөх боломж байгаа. Мөн нэг хүүхэд нь хөдөө байсан боловч одоо энд ирээд төлбөр төлөлцөхөөр  ажилд орчихсон, дүү Чулуунцэцэг нь ч гэсэн Хас банкны өр төлбөрөө төлчихөөд энэ төлбөрөөс төлөлцөж дуусгана гэсэн.

Намайг шийдвэр гүйцэтгэлийн материалтай танилцахад Шинжээч томилох тухай 73 дугаартай тогтоолын хууль сануулсан хэсэгт шинжээч гарын үсэг зураагүй байсан боловч шүүхэд өгсөн баримтан дээр гарын үсэг зурсан байгааг би нөхүүлж зуруулсан гэж үзэж байна.  Иймд Хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1460 дугаартай шийдвэрээр С.С.Чээс 16.627.311 төгрөгийг гаргуулж Э   ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх алба нь гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр   гүйцэтгэх  ажиллагааг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр үүсгэсэн.

Төлбөр төлөгч С.С.Чийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол 9-58 дугаар байрны 18 тоотод байрлах 29 м.кв орон сууцыг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 131/01 тогтоолоор битүүмжлэн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 131/02 тогтоолоор хураасан.

Талууд хөрөнгийн үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар хөндлөнгийн шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилж үнэлүүлэхэд 61.800.000 төгрөгөөр үнэлсэн.

Хөрөнгийн үнэлгээ хийлгэх шинжээч томилох тухай 73 дугаартай тогтоолыг 3% үйлдэж нэг хувийг нь би өөрөө шинжээчид гардуулан өгөхдөө эрх үүргийг нь танилцуулж гарын үсэг зуруулсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                     ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч С.С.Ч нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” мөн хуулийн 11.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1460 дугаартай шийдвэрээр хариуцагч С.С.Чээс 16.387.424 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 239887 төгрөгийн хамт гаргуулж нэхэмжлэгч Э ББСБ-д олгох, С.С.Ч нь дээрх шаардлагыг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Ү-2201006666 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол, 9-58 байрны 18 тоот хаягт байрлалтай 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаанд оруулж болохыг дурьдаж шийдвэрлэсэн байна.

            Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 17270146 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1460 дугаартай шийдвэр, уг шийдвэрийг албадан биелүүлэх тухай 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 00099 дугаартай захирамж,  2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 24 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна./х.х-ийн 20-24-р хуудас/

Төлбөр төлөгч С.С.Чд 2017 оны 01 дүгээр сарны 10-ны өдөр  төлбөр төлөгчийн эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулан тайлбарлаж С.С.Чээр гарын үсэг зуруулсан байна./хх-ийн 26-р хуудас/

2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 131/01 дугаартай Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, 2017 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр 131/02 дугаартай Эд хөрөнгийг хураасан тогтоолыг хөндлөнгийн гэрч байлцуулан тус тус үйлдэж, тэмдэглэл хөтөлсөн байна. /хх-ийн 28-31-р хуудас/ 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 131/01, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 131/02, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 131/03 тоот мэдэгдэлүүдээр “... шүүхийн 1460 дугаар шийдвэрийг биелүүлэхийг шаарджээ./хх-ийн 27,29,32 дугаар хуудас/

Төлбөр төлөгч С.С.Чийн үүргийг гүйцэтгэлд  барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилэн, хураан  авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар үнийн саналаа ирүүлэхийг 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 3/4566 тоот мэдэгдлээр өмчлөгчид, мөн өдрийн 3/4565 мэдэгдлээр төлбөр төлөгчид, 3/4564 тоот мэдэгдлээр төлбөр авагчид тус тус хүргүүлснийг төлбөр төлөгч С.С.Ч, өмчлөгч С.ч, төлбөр авагчийн төлөөлөгч Т.Амартүвшин нар тус тус хүлээн авч энэ тухай тэмдэглэлийг шийдвэр гүйцэтгэгч үйлдсэн байна. /хх-ийн 36-39-р хуудас/

 Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч нар харилцан тохирч тогтооно гэсэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасан шаардлагыг биелүүлэхээр төлбөр төлөгчийг үнийн санал ирүүлэхийг шаардахад төлбөр төлөгч С.С.Ч нь тус 2 өрөө орон сууцыг 95.000.000 төгрөг, өмчлөгч С.ч нь 90.000.000 төгрөг, төлбөр авагч нь барьцааны гэрээнд харилцан тохиролцож үнэлсэн үнэлгээ болох 53.350.000 төгрөг гэж тус тус үнийн саналаа өгч талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 73 дугаартай “шинжээч томилох тухай” тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж шинжээчид хууль сануулан гарын үсэг зуруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 34,40,42,43-р хуудас/

Талууд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Шинжээч томилох тухай 73 дугаартай тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв  ХХК-ийг шинжээчээр томилж 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр үнэлгээний тайлан гарч Шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлсэн байна./хх-ийн 43-47-р хуудас /

Төлбөр төлөгч С.С.Ч нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Л.Ганчулуунд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрийгөө төлөөлөх итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай олгожээ./хх-ийн 78-р хуудас/

Хэрэгт цугларсан баримт болох эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан тогтоол, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл болон зохигчдын тайлбар, мэдүүлгээс дүгнэж үзэхэд төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 01 дугаар сарын 20-ны өдөр битүүмжилж, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр эд хөрөнгийг хураасан тогтоол гаргаж, төлбөрийг яаралтай төлөхийг удаа дараа шаардаж улмаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 61.800.000 төгрөгийн 70 хувиар тооцон 42.260.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг мэдэгдэж төлбөр төлөгч С.С.Чийн төлөөлөгч Л.Ганчулуун, өмчлөгч С.ч, төлбөх авагч Э ББСБ нарт  2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3/7803, 3/7804, 3/7805 мэдэгдлийг 13-ны өдөр гардуулан өгсөн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн 2017  оны 3 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэл болон дээрх мэдэгдлүүдээр тус тус  мэдэгджээ. /хх-ийн 28-32,48-51-р хуудас/

Төлбөр төлөгч С.С.Ч нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах байтал 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр буюу 29 хоногийн дараа хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан байна.

Төлбөр төлөгч С.С.Ч нь 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр үнэлгээний талаарх гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасныг шүүхэд гаргасан гомдол гэж үзэх боломжгүй юм.

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1460 дугаартай шийдвэрээр хариуцагч С.С.Чээс 16.387.424 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 239887 төгрөгийн хамт гаргуулж нэхэмжлэгч Э ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн  шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх  албанаас явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1.,12 дугаар зүйлийн 12.1, 19, 20, 30 дугаар зүйлийн 30.1., 31 дүгээр зүйлийн 31.1., 34 дүгээр зүйлийн 34.1.1., 34.1.6., 36 дугаар  зүйлийн 36.1.,37 дугаар зүйлийн 37.1.,37.2.-т  заасан шаардлагатай нийцжээ.

Нэхэмжлэгч С.С.Ч нь “...үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ нь байрыг хэт багаар үнэлсэн байна...” гэж маргаж байгаа боловч,  тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

Иймд  хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1460 дугаартай шийдвэрээр хариуцагч С.С.Чээс 16.387.424 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 239887 төгрөгийн хамт гаргуулж нэхэмжлэгч Э ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн  шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх  албанаас явуулсан ажиллагааны явцад  төлбөр төлөгч болон  бусад этгээдийн  эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл, хэргийн оролцогчдын тайлбар, болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Г“намайг шийдвэр гүйцэтгэлийн материалтай танилцахад Шинжээч томилох тухай 73 дугаартай тогтоолын хууль сануулсан хэсэгт шинжээч гарын үсэг зураагүй байсан” гэж байгаа боловч түүнийгээ баримтаар нотлоогүй, хариуцагчийн төлөөлөгч уг баримтыг шинжээч гарын үсэг зурсан хэлбэрээр  нотлох баримтын шаардлага хангаж шүүхэд ирүүлсэн болно.

 

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох “үл хөдлөх эд хөрөнгийг  үнэлсэн  үнэлгээг  хүчингүй  болгуулах”  тухай  нэхэмжлэгч С.С.Чийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг  удирдлага болгон                                                                                                                                                                                                                                   

ТОГТООХ НЬ:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1460 дугаартай шийдвэрээр хариуцагч С.С.Чээс 16.387.424 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 239887 төгрөгийн хамт гаргуулж нэхэмжлэгч Э ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн  шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх  албанаас явуулсан ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                               Ч.ИЧИНХОРЛОО