Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2268

 

С.Чийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02276 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Чийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШГАнд холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1460 дугаартай шийдвэрээр С.Чээс 16 627 311 төгрөгийг гаргуулж “Э Э Ф ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг төлбөрөөс төлбөр төлөгч С.Ч миний бие 2 000 000 төгрөгийг төлөөд байсан. Шүүхээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлснээс хойш 3 000 000 төгрөг төлсөн нийт 5 000 000 төгрөгийг төлсөн. Шүүхийн шийдвэрт барьцаа хөрөнгөөр шийдвэрийг гүйцэтгэх тухай заасан байдаг ч энэ барьцаанд байгаа байр нь миний дүү С.Эийн байр юм. Барьцаанд байгаа байрыг хэт доогуур үнэлсэнтэй холбогдуулан ахин үнэлгээ хийлгэх гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн. Энэ байр наран талдаа цонхтой 2 өрөө байр бөгөөд хуучны м.кв-аар 29 м.кв боловч одоо бодит хэмжилт хийхэд 54 м.кв гэж гардаг. Үүнийг хамгийн бага үнээр тооцоход л нэг м.кв -ыг 1 400 000 төгрөг гэж үзвэл 75 600 000 төгрөг болдог. Гэтэл 61 000 000 төгрөгөөр үнэлээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Манай байр хүн ам нягтаршил сайтай бүс бөгөөд бидний олон жилийн хөдөлмөрийн үр шим шингэсэн байр байхад “Х Ү Т” ХХК нь тус нутаг дэвсгэрт зарагдаж буй байрнуудаас шууд ченжийн гар дээр зарагддаг үнийг барьж үнэлгээ гаргасанд гомдолтой байна. Бидэнд жаахан хугацаа өгвөл төлөх төлбөрөө 8 сая хүртэл төлчихөөд 6 сарын хугацаа аваад, энэ хугацаандаа энэ байраа барьцаалж зээл аваад үлдэгдэл мөнгөө төлөх боломжтой. Намайг шийдвэр гүйцэтгэлийн материалтай танилцахад Шинжээч томилох тухай 73 дугаартай тогтоолын хууль сануулсан хэсэгт шинжээч гарын үсэг зураагүй байсан боловч шүүхэд өгсөн баримтанд гарын үсэг зурсан байгааг би нөхүүлж зуруулсан гэж үзэж байна. Иймд Х Ү Тийн үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1460 дугаартай шийдвэрээр С.Чээс 16 627 311 төгрөгийг гаргуулж “Э Э Ф ББСБ”-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх алба нь гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр үүсгэж, төлбөр төлөгч С.Чийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 9-58 дугаар байрны 18 тоотод байрлах 29 м.кв орон сууцыг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 131/01 тогтоолоор битүүмжлэн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 131/02 тогтоолоор хураасан. Талууд хөрөнгийн үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар хөндлөнгийн шинжээчээр “Х Ү Т” ХХК-ийг томилж үнэлүүлэхэд 61 800 000 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээ хийлгэх Шинжээч томилох тухай 73 дугаартай тогтоолыг 3 хувь үйлдэж нэг хувийг нь би өөрөө шинжээчид гардуулан өгөхдөө эрх үүргийг нь танилцуулж гарын үсэг зуруулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар НШГАнд холбогдох Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1460 дугаартай шийдвэрээр хариуцагч С.Чээс 16 387 424 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 239 887 төгрөгийн хамт гаргуулж нэхэмжлэгч Э Э Ф ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу НШГАнаас явуулсан ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 02276 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

1. НШГАнд 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гаргасан гомдол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь зохицуулалтанд хамаарч байсан. Учир нь уг гомдолд НШГАны 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 73 дугаартай тогтоолоор “Х Ү Т” ХХК-ийг томилсон ажиллагаа хууль бус болсон талаар тусгасан. Өөрөөр хэлбэл, шинжээчид хууль сануулсан баримтанд гарын үсэг зуруулаагүй байсан. Үүнээс үүдэн төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө үнэгүйдэх цаашлаад ашиг сонирхолын зөрчлийн үүднээс үл хөдлөх хөрөнгийг төлж барагдуулах нөхцөл байдал бий болсон гэж үзэхэд хүргэсэн. Миний бие дээрх шийдвэр гүйцэттэгчийн ажиллагаатай холбогдуулан НШГАны ахлах шийдвэр гүйцэтгэгчид хандан 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч 14 хоногийн дотор гомдлыг шийдвэрлэж тогтоол гаргах ёстой. Гэтэл 14 хоногийн хугацаанд тогтоол гараагүй. Ийм учраас нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2. Анхан шатны шүүх үнэлгээтэй холбоотой гомдлыг хуульд заасан хугацаанд шүүхэд гаргаагүй, шийдвэр гүйцэтгэх албанд гаргасныг гомдол гэж үзэх боломжгүй гэсэн байдаг. Шүүх уг гомдол нь шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, шийдвэр нь хууль бус байсан эсэх талаар хянаж үзэлгүй шууд үнэлгээтэй холбоотой гэж үзэн шийдвэр гаргасан. Тодруулбал, шийдвэр гүйцэтгэгчийн үнэлгээтэй холбоотой шинжээч томилох, шинжээчид хууль сануулах үйл ажиллагаа, шийдвэр нь хууль бус бол үүнээс үүдэн төлбөр төлөгчийн эд хөрөнгөтэй холбоотой хохирол үүсэхэд эрсдэл бий болох нь ойлгомжтой. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үе шатанд хариуцагч нь шинжээч томилсон тогтоолын хууль сануулсан хэсэгт гарын үсэг нөхөн зуруулсан гэдгээ удаа дараа хэлж байсан. Гэтэл шүүх нэхэмжлэгч үүнийг баримтаар нотлоогүй, хариуцагч баримтын шаардлагыг ханган шүүхэд хүргүүлсэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэл муутай, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна. Энэ нь цаашид шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа /шийдвэр/, үнэлгээтэй холбоотой гомдлын талаарх шүүхийн буруу жишиг тогтоход хүрч байна. Учир нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус үйл ажиллагаа, шийдвэрийн улмаас төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгөд хохирол учирч болзошгүй гэж үзэн зохих хууль журмын дагуу гомдол гаргасан байдаг.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж шийдвэрлэсэн боловч хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг зөвтгөх нь зүйтэй байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч НШГАнд холбогдуулан нэхэмжлэгч С.Ч гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргасан байна.

 

Хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2016/01460 дугаар шийдвэрээр С.Ч, , С.Э нараас 16 387 424 төгрөгийг гаргуулан “Э Э Ф ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсний дагуу НШГА 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 9-58 дугаар байр, 18 тоот тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр битүүмжилж, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хураан авах ажиллагааг тус тус явуулсан талаар талууд маргаагүй байна. /хэргийн 22-24, 27, 35 дугаар тал/

 

Хариуцагч НШГА нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болон төлбөр төлөгч нараас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг авахад төлбөр төлөгч С.Э 90 000 000 төгрөг, төлбөр төлөгч С.Ч 95 000 000 төгрөг, төлбөр авагч “Э Э Э ББСБ” ХХК нь 53 350 000 төгрөг гэсэн тус тус зөрүүтэй үнийн саналууд ирүүлжээ. /хэргийн 39, 51, 58 дугаар тал/

 

Талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул хариуцагч нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 73 дугаар тогтоолоор “Х Ү Т” ХХК-ийг шинжээчээр томилсны дагуу барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 9-58 дугаар байр, 18 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 61 800 000 төгрөгөөр үнэлсэн байна. /хэргийн 43-47 дугаар тал/

 

Хариуцагч НШГАны 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 4/36 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу уг 2 өрөө орон сууцыг шинжээчийн тогтоосон үнийн 70 хувь буюу 43 260 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, энэ тухай мөн оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3/7805, 3/7804 дугаар мэдэгдлүүдийг төлбөр төлөгч С.Э, С.Ч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гд гардуулсан болох нь хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 74, 60, 78 дугаар тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэсэн байх ба төлбөр төлөгч С.Ч нь дээрх хугацааг хэтрүүлсэн гэж шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Төлбөр төлөгч С.Ч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “үнэлгээ хийсэн үнэлгээний компани хэт доогуур үнэлсэнтэй холбогдуулан дахин үнэлгээ хийлгэхээр ахлах шийдвэр гүйцэтгэгчид хандсан боловч хүлээн авахаас татгалзсан хариуг өгсөн” гэж тайлбарлаж байх боловч түүний Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гаргасан гомдлыг шүүхэд гаргасан гомдол гэж үзэхгүй юм.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Шинжээч томилох тухай 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 73 тоот тогтоолыг 3 хувь үйлдэж, шинжээчид танилцуулсан хувь дээр хууль сануулж гарын үсэг зуруулсан гэж тайлбарласан бөгөөд хэрэгт авагдсан уг тогтоолд хожим нөхөж гарын үсэг зуруулсан гэх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлож чадаагүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ. Өөрөөр хэлбэл, уг орон сууцны зах зээлийн ханш нь шинжээчийн тогтоосон үнээс илүү болох талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Хариуцагчийн явуулсан дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураахдаа түүний чанар, хэрэгцээ, элэгдлийн байдал болон төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө”, 37.2.2-т “төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гэснийг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

 

Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, уг ажиллагааны явцад хийгдсэн эд хөрөнгийн үнэлгээний талаар гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3 дахь заалтуудыг хэрэглэлгүй, уг хуульд байхгүй заалт болох 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэг гэж баримталсныг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн залруулах боломжтой гэж үзэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02276 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “55 дугаар зүйлийн 55.7” гэснийг “34 дүгээр зүйлийн 34.3, 37 дүгээр зүйлийн 37.3” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ДАВААДОРЖ

 

                                 ШҮҮГЧИД                               Ш.ОЮУНХАНД

 

                                                                                             С.ЭНХТӨР