Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 00782

 

 

 

 

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2016/00782

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-5, Голомт банкны төв байр, Голомт банк /РД:2075377/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма Гандийн гудамж-39, “Корпорейт хотел энд Конвейшн центр”-ийн 8 дугаар давхарт байрлах, “Алтандорнод Монгол” ХХК /РД: 2112868/

 

Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, шилжүүлсэн төлбөр, хохирлын хамт нийт 34 107 602 452 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нямсүрэн, С.Батхүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар, Н.Цогтгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нямсүрэн, С.Батхүлэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Алтандорнод Монгол ХХК болон Япон улсын Иточу корпорацийн хооронд 2007 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 50-MI-ZLT-MBL-E079-0, 50-MI-ZLT-MBL-E080-0, 50-MI-ZLT-MBL-E081-0, 50-MI-ZLT-MBL-E082-0, 50-MI-ZLT-MBL-E083-0 худалдааны гэрээнүүдийн төлбөр тооцоог гүйцэтгэхээр Алтандорнод Монгол ХХК нь Голомт банкаар нийт 1 782 360 263 иенийн дүнтэй таван аккедитивийг Япон улсын Токио Мицубиши банкаар дамжуулан Иточу корпорацид нээлгэсэн. Уг аккердитивийг нээлгэх зорилгоор Алтандорнод Монгол ХХК нь 2007 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Голомт банктай дараах аккредитивийн гэрээ байгуулсан. Үүнд аккредитив 6050/ZLT/07 гэрээний №АГ0100080001 дүн 295 168 499 иен, аккредитив 6052/ZLT/07 гэрээний №АГ0100080002 дүн 426 683 592 иен, аккредитив 6054/ZLT/07 гэрээний №АГ0100080003 дүн 335 393 651 иен, аккредитив 6056/ZLT/07 гэрээний №АГ0100080004 дүн 403 804 565 иен, аккредитив 6059/ZLT/07 гэрээний №АГ0100080005 дүн 321 309 956 иенийн гэрээг байгуулсан. Дээрх гэрээний үүргийн дагуу аккердитивийн төлбөр хүүгийн хамтаар 2 092 490 948 иен буюу тухайн үеийн ханшаар 31 282 739 672 төгрөгийг Голомт банк нь 2009 онд Алтандорнод Монгол ХХК-иас нэхэмжилсэн. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Алтандорнод Монгол ХХК нь бүрэн хүлээн зөвшөөрсөн тул Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 7 сарын 06-ны өдрийн 1033 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэвч Япон улсын худалдааны арбитрын шийдвэрээр Алтандорнод Монгол ХХК болон Япон улсын Иточу корпорацийн хооронд байгуулсан нийт 8 475 710 335 иенийн дүнтэй 19 худалдааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон бөгөөд үүний дотор Голомт банк болон Алтандорнод Монгол ХХК-ийн байгуулсан дээрх аккредитивийн гэрээнүүдээр санхүүжигдсэн худалдааны хэлцлүүд  хамрагдсан байна. Үүний үндсэн дээр Голомт банкны нэхэмжлэлийн шаардлагыг Алтандорнод Монгол ХХК хүлээн зөвшөөрснийг баталсан Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 7 сарын 06-ны өдрийн 1033 дугаар шүүгчийн захирамжийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 329 тоот захирамжаар шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцож хүчингүй болгосон. Нэгэнт хариуцагчийн зөвшөөрлийг баталсан 1033 дугаар шүүгчийн захирамж хүчингүй болсон тул шүүх хэргийг дахин хянан хэлэлцсэн бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3072/Б дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл хүчин төгөлдөр  бус гэж үзэж аккредитивийн гэрээнүүдийн дагуу Алтандорнод Монгол ХХК-иас 31 282 793 672 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Голомт банк Алтандорнод Монгол ХХК-ийн байгуулсан АГ0100080001, АГ0100080002, АГ0100080003, АГ0100080004, АГ0100080005 гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.2-т тус тус зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг буцааж шаардаж байгаа тул Алтандорнод Монгол ХХК-ийн өмнөөс даалгавраар шилжүүлсэн төлбөр хохирол болох гэрээний дагуу олох байсан орлогыг хүүгийн хамт нийт 2 092 490 948 иен буюу 34 107 602 452 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Алтан Дорнод Монгол ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар, Н.Цогтгэрэл нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Голомт банкны нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан АГ0100080001, АГ0100080002, АГ0100080003, АГ0100080004, АГ0100080005 дугаартай Аккредитивын гэрээнүүд хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3072/Б дугаар шийдвэрээр тогтоогдсон болно. Шүүхийн энэхүү шийдвэрт Алтандорнод Монгол ХХК, Голомт банкны хооронд байгуулагдсан 6050/ZLT/07 №АГ0100080001, 6052/ZLT/07 №АГ0100080002, 6054/ZLT/07 №АГ0100080003, 6056/ZLT/07 №АГ0100080004, 6059/ZLT/07 №АГ0100080005 тоот 5 аккредитивын гэрээнүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан “хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан хуулийн зүйл заалттай нийцэж байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөхөөр зохицуулжээ. Талуудын хооронд хийгдсэн дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдсон. ...Иточу корпорацийг бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэлтэй байна” гэж дүгнээд Голомт банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар, 117 дугаар зүйлийн 117.1-д “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасныг үндэслэн Голомт банкны нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна. Мөн нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин үнэлэхгүй гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу түүнийг дахин нотлох шаардлагагүй юм. Өөрөөр хэлбэл иргэний хэргийн болон захиргааны хэргийн талаар гарсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр 'тогтоогдсон аливаа үйл баримт нь иргэний өөр хэргийг шийдвэрлэхэд нэгэнт нотлогдсон гэж тооцогдоно. Тиймээс Арбитрын болон Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт нотлогдсон үйл баримтыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дахин нотлох шаардлагагүй юм. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасан байна. “Алтандорнод Монгол” ХХК нь дээр дурьдсан аккредитивын гэрээний дагуу Голомт банкнаас ямар нэгэн эд хөрөнгө, мөнгө шилжүүлэн аваагүй тул “Алтандорнод Монгол” ХХК нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэн этгээдэд хамаарахгүй юм. Хуулийн дээрх заалтад “... уг зүйлийг олж авсан этгээдээс шаардах эрхтэй” байхаар заасан, түүнчлэн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3072/Б дугаар шийдвэрт маргаан бүхий 5 аккредитивийн гэрээний төлбөрт нийт 1.782.360.263 иенийг Токио Мицубиши банкаар дамжуулан Иточу корпорацид шилжүүлсэн байх тул Иточу корпорацийг бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн, нотлох баримтаар манай компани мөнгийг аваагүй нь тодорхой байхад Голомт банк нь Иточу компанид шилжүүлсэн мөнгөө манай компаниас нэхэмжилж байгаа нь угаасаа үндэслэлгүй байна. Дээрх 5 аккредитивийн гэрээний дагуу Голомт банк нь Токио Мицубиши банкаар дамжуулан Иточу корпорацид 1.782.360.263 иенийг шилжүүлсэн буюу Иточу корпораци бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан нь хэрэгт авагдсан банкны гадаад гүйлгээний баримтаар тогтоогдож байна. Нөгөө талаар энэхүү төлбөрийн мөнгө нь манай компанийн дансаар огт дамжаагүй, төлбөрийг шилжүүлэх хүсэлтийг зохих журам болон гэрээнд заасны дагуу бүрдүүлээгүй буюу худалдааны гэрээний дагуу нийлүүлэгдэх бараа, машин техник нь худалдан авагч руу бодитойгоор ачигдсаныг нотлох тээврийн ачилтын баримт нь ирээгүй буюу бүрдээгүй байхад Голомт банк нь аккредитивийн төлбөрийг төлсөн байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасны дагуу Голомт банк нь хүчин төгөлдөр бус хэлцэлийн улмаас үүссэн үр дагавараа арилгуулах буюу аккредитивын төлбөрт шилжүүлсэн мөнгөө авсан этгээд болох “Иточу” корпорациас буцаан шаардан авах нь зүйтэй. Голомт банк нь №АГ0100080001, №АГ0100080002, №АГ0100080003, №АГ0100080004, №АГ0100080005 дугаартай аккредитивын гэрээгээр Иточу корпорацид шилжүүлсэн мөнгөө нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс энэ асуудлаар шийдвэр гарч байсан. Энэ нь Голомт банк үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдийг Иточу корпораци болохыг өөрөө хүлээн зөвшөөрч, түүнээс мөнгөө нэхэмжилж байсныг нотолж байна. Тухайлбал Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 415 дугаар тогтоолоор Япон улсын Иточу корпорациас Голомт банкинд холбогдуулан гаргасан төлөгдөөгүй аккредитивын төлбөрт 3,421,446,272 иен буюу 57,343,439,518.72 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Голомт банкнаас аккредитивын төлбөрт төлсөн 31,440,835,039.32 төгрөгийг Иточу корпорациас гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм. “Алтандорнод Монгол” ХХК нь тухайн хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон болно. Энэхүү хэргийг шийдвэрлэх явцад нэхэмжлэгч Иточу корпораци, хариуцагч Голомт банк нар нь 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр татгалзлын гэрээг байгуулж, гэрээгээр Иточу корпораци болон Голомт банкууд нь тодорхой мөнгөн дүнгээр маргаантай асуудлаа харилцан тохирч, шүүхээс тус тусын нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахаар харилцан тохирсоны дагуу шүүхэд хүсэлтээ гаргасан тул шүүх татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Татгалзлын гэрээгээр талууд маргааны зүйл болох аккредитивын төлбөрийн маргаантай асуудлаа 1 200 000 ам.доллароор харилцан тохирч, үүнийг Голомт банкнаас Иточу корпорацид төлснөөр талууд шүүхийн маргаан бүрэн бөгөөд эцэслэн шийдвэрлэгдэж дуусахаар тохирсон. Энэхүү “Татгалзлын гэрээ” өнөөдөр ч хүчин төгөлдөр хэвээр байгаа болно. Улмаар Голомт банк нь хэргийн зохигч бүх талуудын хоорондын аливаа өр, төлбөрийн маргаантай асуудлыг шийдвэрлэж дууссан хэмээн “Алтандорнод Монгол” ХХК-д хандаж дээрх 1 200 000 ам.долларыг Голомт банкны өмнөөс Иточу корпорацид төлөхийг хүссэний дагуу бид 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төлсөн болно. Үүний дараа Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх Голомт банкны “Чингэлтэй дүүргийн шүүхийн 415 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулах тухай хүсэлт”-ийг хэлэлцээд 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 471/ч тогтоол гарган Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 415 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байдаг. Ингээд хэргийг ердийн журмаар дахин хянан хэлэлцэх үед Голомт банк тус дүүргийн шүүхэд 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргахдаа “ ... Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 3072/Б дугаар шийдвэрийн үндэслэл нь Арбитрын шийдвэр болсон. Голомт банкнаас Иточу корпорацид төлсөн Худалдааны гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон байх түл тухайн гэрээг үндэслэн хийсэн АГ0100080001, АГ0100080002, АГ0100080003, АГ0100080004, АГ0100080005 дугаар Аккредитивын гэрээнүүд нь Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.10-т зааснаар хүчин төгөлдөр бус болохыг, мөн Иточу корпараци нь аккредитивын нийт төлбөрт төлөгдсөн 1 782 360 263 иенийг үндэслэлгүйгээр олж авсан болохыг тус тус тогтоосон. Иймд Голомт банк нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг үндэслэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн Иточу корпорациас нийт 4 205 657 277 иенийг нэхэмжилж байна” гэсэн байна. Нэгэнт талуудын хооронд байгуулсан татгалзлын гэрээ хүчин төгөлдөр хэвээр байсан тул хэргийг ердийн журмаар дахин хэлэлцээд өмнөхтэй адил нэхэмжлэлээ татан авсаныг баталгаажуулсан захирамж гарсан болно. Эндээс харахад Голомт банк нь “Алтандорнод Монгол” ХХК-д холбогдуулан гаргасан 5 аккредитивын гэрээний төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа Иточу корпорацид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргах замаар 2014 онд шүүхэд хандаж шийдвэр гаргуулж байсан байна. Ийнхүү Голомт банкнаас манай компанийн эсрэг гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн асуудлууд бөгөөд шийдвэрүүд хүчин төгөлдөр байгаа болно. Иймд Голомт банкнаас гаргасан аккредитивын гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 5 аккредитивын гэрээний төлбөрт 34 107 602 452 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагууд нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

  Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк нь хариуцагч Алтандорнод Монгол ХХК-д холбогдуулан АГ0100080001, АГ0100080002, АГ0100080003, АГ0100080004, АГ0100080005 дугаартай Аккредитивын гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээний дагуу шилжүүлсэн 1 782 360 263 иен болон хохирол болох гэрээний дагуу олох байсан орлого буюу хүүгийн 310 130 685 иен, нийт 2 092 490 948 иен буюу 34 107 602 452.4 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Голомт банк нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Япон улсын худалдааны арбитрын шийдвэрээр Алтандорнод Монгол ХХК болон Япон улсын Иточу корпорацийн хооронд байгуулсан нийт 8 475 710 335 иенийн дүнтэй 19 худалдааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон бөгөөд үүний дотор Голомт банк болон Алтандорнод Монгол ХХК-ийн байгуулсан дээрх аккредитивийн гэрээнүүдээр санхүүжигдсэн худалдааны хэлцлүүд  хамрагдсан байна. ...Иймд Голомт банк Алтандорнод Монгол ХХК-ийн байгуулсан АГ0100080001, АГ0100080002, АГ0100080003, АГ0100080004, АГ0100080005 гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.2-т тус тус зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг буцааж шаардаж байна” гэх тайлбарыг гаргасан байна.

 

            Харин хариуцагч “Алтандорнод Монгол” ХХК нь “Голомт банкны нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан АГ0100080001, АГ0100080002, АГ0100080003, АГ0100080004, АГ0100080005 дугаартай Аккредитивын гэрээнүүд хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3072/Б дугаар шийдвэрээр тогтоогдсон болно. ...Иточу корпорацийг бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэлтэй байна” гэж дүгнээд Голомт банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар, 117 дугаар зүйлийн 117.1-д “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасныг үндэслэн Голомт банкны нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.” гэх тайлбарыг гаргаж маргасан байна.

           

            Хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

 

            Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

           

            “Алтандорнод Монгол” ХХК, Япон улсын Иточу корпорацийн хооронд 2007 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 50-MI-ZLT-MBL-EO79-0, 50-MI-ZLT-MBL-EO80-0, 50-MI-ZLT-MBL-EO81-0, 50-MI-ZLT-MBL-EO82-0, 50-MI-ZLT-MBL-EO83-0 тоот худалдааны гэрээнүүд байгуулагдсан байна.

            Уг гэрээнүүдийн төлбөр тооцоог гүйцэтгэхээр Голомт банк нь 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 295 168 499 иен, 426 683 592 иен, 335 393 651 иен, 403 804 565 иен, 321 309 956 иенийн аккредитивыг хариуцагч “Алтандорнод Монгол” ХХК-ийн хүсэлтээр нээсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй байна. /хх-5-26/

 

            Гэрээгээр Голомт банк нь хариуцагч “Алтандорнод Монгол” ХХК-нд 1 782 360 263 000 иенийн дүнтэй 5 аккредитивийг Япон улсын Токио Мицубиши банкаар дамжуулан Иточу корпорацид нээх, төлбөр хариуцагч нь аккредитивын дүнгийн 1.5 % иений шимтгэлийг нэг удаа төлж, аккредитивийн нөхцөлд заагдсан барааны төлбөр гүйцэтгэх өдрөөс 3 хоногийн өмнө төлбөрийн эх үүсвэрийг банкин дахь аккредитивын эх үүсвэрийн дансанд төвлөрүүлэх, гэрээний 2.5-д заасан хугацаанд төвлөрүүлээгүй тохиолдолд хоногийн 0.06 хувийн алданги тооцож төлөх, хугацаа хэтрүүлсэн алдангийг ам.доллараар тооцож төлөх бөгөөд энэ тохиолдолд талууд нэмэлт гэрээ байгуулахаар тохиролцсон байна.

 

            Үүний дагуу 2008 оны 8 дугаар сарын 12-ны өдөр аккредитив нээлгэгч “Алтандорнод Монгол” ХХК болон Голомт банкны хооронд хийгдсэн Аккредитивын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүд /АГ0100080001-1, АГ0100080002-1, АГ0100080003-1, АГ0100080004-1, АГ0100080005-1/ байгуулагдаж, уг гэрээгээр аккредитивын төлбөрийн эх үүсвэрийг эргүүлэн төлөх хугацааг 2009 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл сарын 1,8 хувийн хүү төлөх нөхцөлтэйгээр сунгасан гэрээг тус тус байгуулжээ.

 

            Эдгээр хэлцлийн дагуу аккредитив нээгч банкаар Голомт банк, аккредитив нээлгэгчээр “Алтандорнод Монгол” ХХК, төлбөр хүлээн авагчаар буюу бенефицараар Япон улсын “Иточу” корпораци оролцсон ба энэ нь Олон улсын худалдааны танхимын Банкны техникийн хорооноос боловсруулан гаргасан 1993 оны Аккредитивын нэгдсэн журамд нийцжээ.

 

            Дээрх аккредитивууд нь баталгаагүй, буцаан үл дуудах, эх үүсвэргүй нээгдсэн байна.

 

            Аккредитивийн гэрээнд зааснаар Голомт банк дээрх аккредитивуудыг нээсэн тухай мэдэгдлийг Токио Мицубиши банк руу свит сүлжээгээр явуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 20-24/

 

            Иргэний хуулийн 449 дүгээр зүйлд “Аккредитив нээсэн банк нь үйлчлүүлэгчийн гаргасан хүсэлт, өгсөн үүрэг, зааврын дагуу гуравдагч этгээд /төлбөр авагч/-ээс тодорхой бичиг баримт хүлээн авч, хариуд нь түүнд буюу түүний заасан этгээдэд мөнгө шилжүүлэх, төлбөр авагчийн бичсэн шилжих вексельд заасан төлбөрийг төлөх буюу зөвшөөрөх, ...үүрэг хүлээнэ” гэжээ.

 

            Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 449 дүгээр зүйлд заасан “аккредитивийн гэрээ” байгуулагдсан, уг гэрээ нь хуулийн шаардлага хангасан, талууд зөвшөөрч гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд зохигч гэрээний хувьд маргаагүй болно.

 

            Түүнчлэн дээрх гэрээнүүдийн дагуу Голомт банк нь Токио Мицубиши банкаар дамжуулан Японы “Иточу” корпорацид 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 5 аккредитивийн нийт төлбөрт 1.782.360.263 иенийг шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн байх ба энэ асуудлаар талууд маргаагүй байна.

             Харин үүний дараа буюу 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Япон улсын “Иточу” корпораци нь “Алтандорнод Монгол” ХХК-тай  2007 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2008 оны 5 дугаар сарын 07-ны хооронд байгуулсан нийт 21 ширхэг худалдааны гэрээтэй холбоотой маргааныг  Япон улсын арбитрын холбоонд гаргаж, улмаар Япон улсын худалдааны Арбитрын холбоо нь Иточу корпорацийн нэхэмжлэлтэй маргааныг хянан хэлэлцэж, 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Арбитрын шийдвэрээрээ “МОПС-ын оролцоотой Бодит бус хэлцлүүдийг Японы Иргэний хуулийн 93 дугаар зүйлд зааснаар хүчингүй болохыг тогтоов” гээд /хх-ийн 201-244 Арбитрын шийдвэрийн 140-д/ нийт 8.475.710.335.000 иенийн үнийн дүн бүхий 19 гэрээг хүчинтөгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон байна.

 

            Эдгээр бодит бус хэлцлээр хийгдсэн гүйлгээнд Голомт банкны “Алтандорнод Монгол” ХХК-тай байгуулсан 5 гэрээний 2.1 тэрбум иенийн гүйлгээ нь бүхэлдээ хамрагдан орсон байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “шүүхийн хүчинтөгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэснээр Япон улсын худалдааны Арбитрын холбоогоор хэлэлцэгдсэн дээрх асуудлаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй бөгөөд энэ шийдвэр хүчинтөгөлдөр байна.

 

            Түүнчлэн нэхэмжлэгч Голомт банк нь хариуцагч Алтандорнод Монгол ХХК-иас аккредитивийн дагуу төлөгдөх төлбөрт 2 092 490 948 000 иен гаргуулахаар  нэхэмжлэл гаргасныг, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3072/Б дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Голомт банкны хариуцагч Алтандорнод Монгол ХХК-иас аккредитивийн дагуу төлөгдөх төлбөрт 2 092 490 948 000 иен буюу 31 282 739 672.60 төгрөг гаргуулж, БГ0100080001, БГ0100080002, БГ0100080003 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардсан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна./хх-ийн 115-120/

 

            Шүүхийн 3072/Б дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн маргаан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар Голомт банк хариуцагч Алтандорнод Монгол ХХК-тай байгуулсан аккредитивийн гэрээнээсээ татгалзаж, улмаар гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг буцаан шаарджээ гэж дүгнэхээр байна. Харин шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан “... 5 аккредитивийн гэрээнүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан “хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан хуулийн зүйл заалттай нийцэж байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл байна.” гэж дүгнэснийг аккредитивийн гэрээнүүдийг хүчинтөгөлдөр бус хэлцэлд тооцсон гэж үзэхээргүй байна.

 

            Тодруулбал, гэрээ цуцлах, гэрээнээс татгалзах асуудал нь хүчинтөгөлдөр гэрээний хувьд яригдах бөгөөд нэхэмжлэгчийг энэ үндэслэлээр төлбөр шаардах эрхгүй гэж шүүх дүгнэсэн байна.

 

            Иймд аккредитивийн гэрээг дээрх шүүхийн шийдвэрээр болон Арбитрын шийдвэрээр хүчинтөгөлдөр бусд тооцсон үйл баримт тогтоогдохгүй байна.

 

            Дээрхээс дүгнэхэд Голомт банк, Алтандорнод Монгол ХХК-ийн хооронд 2007 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан №АГ0100080001, №АГ0100080002, №АГ0100080003, №АГ0100080004, №АГ0100080005 тоот аккредитивийн гэрээнүүд нь Япон улсын худалдааны Арбитрын шийдвэрээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон “Алтандорнод Монгол” ХХК, Япон улсын Иточу корпорацийн хооронд байгуулагдсан 2007 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 50-MI-ZLT-MBL-EO79-0, 50-MI-ZLT-MBL-EO80-0, 50-MI-ZLT-MBL-EO81-0, 50-MI-ZLT-MBL-EO82-0, 50-MI-ZLT-MBL-EO83-0 тоот худалдааны гэрээнүүдэд үндэслэгдэж байгуулагдсан болох нь тогтоогдож байх тул  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т “хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” хүчин төгөлдөр бус байна гэснээр дээрх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй.

 

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д“хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэсэн, мөн хуулийн 56.6-д “хүчин төгөлдөр хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлнө” гэснээр  нэхэмжлэгч Голомт банк нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг харицагч “Алтандорнод Монгол” ХХК-иас шаардах эрхтэй байна.

 

            Нөгөөтэйгүүр, дээрх аккредитивийн гэрээний талууд нь “Алтандород Монгол” ХХК, Голомт банк бөгөөд хариуцагч Алтандорнод Монгол ХХК-ийн буруутай үйлдэл нь дээрх гэрээнүүдийг байгуулахад нөлөөлсөн ба энэ нь Япон улсын худалдааны Арбитрын шийдвэрээр тогтоогдсон байна. 

 

            Иймд нэхэмжлэгч Голомт банк нь бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 5 аккредитивийн нийт төлбөрт 1.782.360.263.000 иенийг Токио Мицубиши банкаар Иточу корпорацид шилжүүлсэн байх тул уг хэлцлээр шилжүүлсэн төлбөрөө, хохирол болох гэрээний дагуу олох байсан орлого буюу хүүгийн хамт хариуцагч Алтандорнод Монгол ХХК-иас шаардах эрхтэй гэж шүүх дүгнэв.

 

            Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч Голомт банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч Голомт банкнаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 170 695 962.26 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Алтандорнод Монгол ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 170 695 962.26 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

            Харин хариуцагч Алтандорнод Монгол ХХК нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзвэл Иточу корпорациас төлбөр шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,  115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дэх хэсэгт заасныг баримтлан Голомт банк, Алтандорнод Монгол ХХК-ийн хооронд байгуулагдсан АГ0100080001, АГ0100080002, АГ0100080003, АГ0100080004, АГ0100080005 тоот аккредитивийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцсугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Алтандорнод Монгол ХХК-иас хэлцлээр шилжүүлсэн 1 782 360 263 иен болон хохирол болох гэрээний дагуу олох байсан орлого буюу хүүгийн 310 130 685 иен, нийт 2 092 490 948 иен буюу 34 107 602 452.4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкинд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 170 695 962.26 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Алтандорнод Монгол” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 170 695 962.26 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкинд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.МӨНХЖАРГАЛ