Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1943

 

“Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

      иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2016/00782 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Алтандорнод Монгол” ХХК-д холбогдох

                       

Гэрээ хүчин төгөлдөр бусд тооцож, шилжүүлсэн төлбөр, хохиролд 2 092 490 948 иен буюу 34 107 602 452,4 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

 

Хариуцагч “Алтандорнод Монгол” ХХК-ийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батхүлэг, Т.Нямсүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар, Н.Цогтгэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нямсүрэн, С.Батхүлэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Алтандорнод Монгол” ХХК болон Япон Улсын Иточу корпорацийн хооронд 2007 оны 7 дугаар сарын 04-ний өдөр  50-MI-ZLT-MBL-E079-0,  50-MI-ZLT-MBL-E080-0,  50-MI-ZLT-MBL-E081-0, 50-MI-ZLT-MBL-E082-0, 50-MI-ZLT-MBL-E083-0 худалдааны гэрээний төлбөр тооцоог гүйцэтгэхээр “Алтандорнод Монгол” ХХК нь Голомт банкаар нийт 1 782 360 263 иенийн дүнтэй 5 аккредитивийг Япон Улсын Токио Мицубиши банкаар дамжуулан Иточу корпорацид нээлгэсэн. Уг аккредитивийг нээлгэх зорилгоор “Алтандорнод Монгол” ХХК нь 2007 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Голомт банктай дараах аккредитивийн гэрээ байгуулсан. Үүнд аккредитив 6050/ZLT/07 гэрээний №АГ0100080001 дүн 295 168 499 иен, аккредитив 6052/ZLT/07 гэрээний №АГ0100080002 дүн 426 683 592 иен, аккредитив 6054/ZLT/07 гэрээний №АГ0100080003 дүн 335 393 651 иен, аккредитив 6056/ZLT/07 гэрээний №АГ0100080004 дүн 403 804 565 иен, аккредитив 6059/ZLT/07 гэрээний №АГ0100080005 дүн 321 309 956 иенийн гэрээг байгуулсан. Дээрх гэрээний үүргийн дагуу аккредитивийн төлбөр хүүгийн хамт 2 092 490 948 иен буюу тухайн үеийн ханшаар 31 282 739 672 төгрөгийг Голомт банк нь 2009 онд “Алтандорнод Монгол” ХХК-иас нэхэмжилсэн. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хүлээн зөвшөөрсөн тул Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1033 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гэвч Япон Улсын худалдааны арбитрын шийдвэрээр “Алтандорнод Монгол” ХХК болон Япон Улсын Иточу корпорацийн хооронд байгуулсан нийт 8 475 710 335 иенийн дүнтэй 19 худалдааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон бөгөөд үүний дотор “Голомт банк” ХХК болон “Алтандорнод Монгол” ХХК-ийн байгуулсан дээрх аккредитивийн гэрээнүүдээр санхүүжигдсэн худалдааны хэлцлүүд хамрагдсан байна. Үүний үндсэн дээр Голомт банкны нэхэмжлэлийг “Алтандорнод Монгол” ХХК хүлээн зөвшөөрснийг баталсан Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1033 дугаар шүүгчийн захирамжийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 329 дүгээр шүүхийн тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцож хүчингүй болгосон. Нэгэнт хариуцагчийн зөвшөөрлийг баталсан 1033 дугаар шүүгчийн захирамж хүчингүй болсон тул шүүх хэргийг дахин хянан хэлэлцсэн бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3072/Б дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэн аккредитивийн гэрээнүүдийн дагуу “Алтандорнод Монгол” ХХК-иас 31 282 793 672 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд “Голомт банк” ХХК, “Алтандорнод Монгол” ХХК-ийн хооронд байгуулсан АГ0100080001, АГ0100080002, АГ0100080003, АГ0100080004, АГ0100080005 гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг буцаан шаардаж байгаа тул “Алтандорнод Монгол” ХХК-ийн өмнөөс даалгавраар шилжүүлсэн төлбөр хохирол, гэрээний дагуу олох байсан орлого хүү нийт 2 092 490 948 иен буюу 34 107 602 452 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагч “Алтандорнод Монгол” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар, Н.Цогтгэрэл нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Голомт банкны нэхэмжлэлийн шаардлагад дурдсан АГ0100080001, АГ0100080002, АГ0100080003, АГ0100080004, АГ0100080005 дугаартай Аккредитивын гэрээнүүд хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3072/Б дугаар шийдвэрээр тогтоогдсон. Шүүхийн шийдвэрт “Алтандорнод Монгол” ХХК, Голомт банкны хооронд байгуулагдсан 6050/ZLT/07 №АГ0100080001, 6052/ZLT/07 №АГ0100080002, 6054/ZLT/07 №АГ0100080003, 6056/ZLT/07 №АГ0100080004, 6059/ZLT/07 №АГ0100080005 тоот 5 аккредитивын гэрээнүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан хуулийн заалттай нийцэж байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөхөөр зохицуулжээ. Талуудын хооронд хийгдсэн дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдсон. ...Иточу корпорацийг бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнээд Голомт банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

          Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Голомт банкны нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна. Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин үнэлэхгүй гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу түүнийг дахин нотлох шаардлагагүй. “Алтандорнод Монгол” ХХК нь дээр дурдсан аккредитивын гэрээний дагуу Голомт банкнаас ямар нэгэн эд хөрөнгө, мөнгө шилжүүлэн аваагүй тул “Алтандорнод Монгол” ХХК нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэн этгээдэд хамаарахгүй. Хуулийн дээрх заалтад ...уг зүйлийг олж авсан этгээдээс шаардах эрхтэй байхаар заасан, түүнчлэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны  3072/Б дугаар шийдвэрт 5 аккредитивийн гэрээний төлбөрт нийт 1 782 360 263 иенийг Токио Мицубиши банкаар дамжуулан Иточу корпорацид шилжүүлсэн байх тул Иточу корпорацийг бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн, нотлох баримтаар манай компани мөнгийг аваагүй нь тодорхой байхад Голомт банк нь Иточу корпорацид шилжүүлсэн мөнгөө манай компаниас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.    Дээрх 5 аккредитивийн гэрээний дагуу Голомт банк нь Токио Мицубиши банкаар дамжуулан Иточу корпорацид 1 782 360 263 иенийг шилжүүлсэн буюу Иточу корпораци бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан нь хэрэгт авагдсан банкны гадаад гүйлгээний баримтаар тогтоогдож байна. Нөгөө талаар энэхүү төлбөр нь манай компанийн дансаар дамжаагүй, төлбөрийг шилжүүлэх хүсэлтийг зохих журам болон гэрээнд заасны дагуу бүрдүүлээгүй буюу худалдааны гэрээний дагуу нийлүүлэгдэх бараа, машин техник нь худалдан авагч руу бодитойгоор ачигдсаныг нотлох тээврийн ачилтын баримт нь ирээгүй буюу бүрдээгүй байхад Голомт банк нь аккредитивийн төлбөрийг төлсөн байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу Голомт банк нь хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үүссэн үр дагавраа арилгуулах буюу аккредитивын төлбөрт шилжүүлсэн мөнгөө авсан этгээд болох Иточу корпорациас буцаан шаардан авах нь зүйтэй. Голомт банк нь №АГ0100080001, №АГ0100080002, №АГ0100080003, №АГ0100080004, №АГ0100080005 дугаар аккредитивын гэрээгээр Иточу корпорацид шилжүүлсэн мөнгөө нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс энэ асуудлаар шийдвэр гарч байсан. Энэ нь Голомт банк үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдийг Иточу корпораци болохыг өөрөө хүлээн зөвшөөрч, түүнээс мөнгөө нэхэмжилж байсныг нотолж байна. Тухайлбал Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 415 дугаар тогтоолоор Япон улсын Иточу корпорациас Голомт банкинд холбогдуулан гаргасан төлөгдөөгүй аккредитивын төлбөрт 3 421 446 272 иен буюу 57 343 439 518,72 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Голомт банкнаас аккредитивын төлбөрт төлсөн 31 440 835 039,32 төгрөгийг Иточу корпорациас гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. “Алтандорнод Монгол” ХХК нь тухайн хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон болно.

          Энэхүү хэргийг шийдвэрлэх явцад нэхэмжлэгч Иточу корпораци, хариуцагч Голомт банк нар нь 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр татгалзлын гэрээг байгуулж, гэрээгээр Иточу корпораци болон Голомт банкууд нь тодорхой мөнгөн дүнгээр маргаантай асуудлаа харилцан тохирч, шүүхээс тус тусын нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахаар харилцан тохирсны дагуу шүүхэд хүсэлтээ гаргасан тул шүүх татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Энэхүү татгалзлын гэрээ өнөөдөр ч хүчин төгөлдөр хэвээр байгаа. Улмаар Голомт банк нь хэргийн зохигч бүх талуудын хоорондын аливаа өр, төлбөрийн маргаантай асуудлыг шийдвэрлэж дууссан хэмээн “Алтандорнод Монгол” ХХК-д хандаж дээрх 1 200 000 ам.долларыг Голомт банкны өмнөөс Иточу корпорацид төлөхийг хүссэний дагуу бид 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төлсөн. Үүний дараа Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх “Голомт банкны Чингэлтэй дүүргийн шүүхийн 415 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулах тухай хүсэлт”-ийг хэлэлцээд 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 471/ч тогтоол гарган Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 415 дугаар тогтоолыг хүчингүй болгож хэргийг ердийн журмаар дахин хянан хэлэлцэх үед Голомт банк тус дүүргийн шүүхэд 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргахдаа ”...Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 3072/Б дугаар шийдвэрийн үндэслэл нь Арбитрын шийдвэр болсон. Голомт банкнаас Иточу корпорацид төлсөн Худалдааны гэрээнүүд хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон байх тул тухайн гэрээг үндэслэн хийсэн 5 аккредитивын гэрээнүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.10 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус болохыг, мөн Иточу корпараци аккредитивын төлбөрт төлөгдсөн 1 782 360 263 иенийг үндэслэлгүйгээр олж авсан болохыг тус тус тогтоосон. Иймд Голомт банк нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг үндэслэн үндэслэлгүйгээр  хөрөнгөжсөн Иточу корпорациас нийт 4 205 657 277 иенийг нэхэмжилж байна” гэсэн байна. Нэгэнт талуудын хооронд байгуулсан татгалзлын гэрээ хүчин төгөлдөр хэвээр байсан тул хэргийг ердийн журмаар дахин хэлэлцээд өмнөхтэй адил нэхэмжлэлээ татан авсныг баталгаажуулсан захирамж гарсан. Эндээс харахад Голомт банк нь “Алтандорнод Монгол” ХХК-д холбогдуулан гаргасан 5 аккредитивын гэрээний төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа Иточу корпорацид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргах замаар 2014 онд шүүхэд хандаж шийдвэр гаргуулж байсан. Ийнхүү Голомт банкны нэхэмжлэлийн шаардлага шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн асуудлууд бөгөөд шийдвэрүүд хүчин төгөлдөр байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасныг баримтлан Голомт банк, “Алтандорнод Монгол” ХХК-ийн хооронд байгуулагдсан АГ0100080001, АГ0100080002, АГ0100080003, АГ0100080004, АГ0100080005 тоот аккредитивийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Алтандорнод Монгол” ХХК-иас хэлцлээр шилжүүлсэн 1 782 360 263 иен болон хохирол  болох   гэрээний  дагуу  олох  байсан  орлого  буюу  хүү  310 130 685  иен,  нийт 2 092 490 948 иен буюу 34 107 602 452.4 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкинд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170 695 962.26 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Алтандорнод Монгол” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 170 695 962.26 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкинд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Алтандорнод Монгол” ХХК давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Хан-Уул дүүргийн шүүх 2014 онд эцэслэн шийдвэрлэгдсэн, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй асуудлаар дахин шийдвэр гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Голомт банкны нэхэмжлэлийн шаардлагад дурдсан АГ0100080001, АГО100080002, АГ0100080003, АГ0100080004, АГ0100080005 дугаартай аккредитивын гэрээнүүд хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3072/Б дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Гэтэл Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт "шүүх ийнхүү дүгнэсэн нь ....аккредитивын гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон гэж үзэхээргүй байна. Иймд аккредитивын гэрээг дээрх шүүхийн шийдвэр болон Арбитрын шийдвэрээр хүчин төгөлдөр бусад тооцсон үйл баримт тогтоогдохгүй байна" гэж өрөөсгөл, үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

2. Шийдвэрт "...Шүүхийн 3072/Б дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн маргаан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар “Голомт банк” ХХК, “Алтандорнод Монгол” ХХК-тай байгуулсан аккредитивын гэрээнээсээ татгалзаж, улмаар гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг буцаан шаарджээ гэж дүгнэхээр байна" гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн зохиомол дүгнэлт хийсэн байна. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3072/Б дугаар шийдвэрээр “Голомт банк” ХХК-ийн   нэхэмжлэлтэй  дээрх  5  аккредитивын  гэрээний   дагуу   төлбөрт  төлсөн 2 092 490 948 000 иен буюу 31 282 739 672.60 төгрөг гаргуулж, барьцааны гэрээгээр барьцаалсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардсан хэргийг хянан хэлэлцсэн. Голомт банк нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагатайгаа ижил агуулга бүхий нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин гаргасан байхад өмнөх нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг шүүгч ийнхүү дур мэдэн өөрчилөн дүгнэлт өгч, өөр нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг шийдвэрлэж байгаа мэтээр тайлбар хийн хууль зөрчсөн шийдвэр гаргалаа. Түүнчлэн шүүхийн шийдвэрт "...гэрээ цуцлах, гэрээнээс татгалзах асуудал нь хүчин төгөлдөр гэрээний хувьд яригдах бөгөөд нэхэмжлэгчийг энэ үндэслэлээр төлбөр шаардах эрхгүй гэж шүүх дүгнэсэн байна" гэж өмнөх шийдвэрийг тайлбарласан байгаагаас харвал өмнөх 3072/Б дугаар шийдвэрээр талуудын хооронд байгуулсан аккредитивын гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон болохыг шүүгч өөрөө хүлээн зөвшөөрсөн нь харагдаж байна.

           3. “Голомт банк” ХХК нь Иточу корпорацид шилжүүлсэн өр төлбөрөө “Алтандорнод Монгол” ХХК-иас нэхэмжлэх үндэслэлгүй, харин аккредитивын төлбөрийг хүлээн авсан Иточу корпорациас энэхүү төлбөрөө нэхэмжлэх ёстой. Энэ талаар шүүхэд амаар болон бичгээр тайлбар, нотлох баримтуудыг гарган өгсөөр байтал Голомт банкнаас ямар нэгэн эд хөрөнгө, мөнгө шилжүүлэн аваагүй "Алтандорнод Монгол" ХХК-иас төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Мөн Голомт банк 5 аккредитивын төлбөрөө хүлээн авсан Иточу корпорациас сөрөг нэхэмжлэл гарган шүүхээр аккредитивын маргаанаа 1 200 000 ам.доллороор харилцан тохирч "Татгалзлын гэрээ" байгуулан хаасан нотлох баримтыг шүүх огт үнэлсэнгүй.

         4. Нэхэмжлэлийн шаардлага болох аккредитивын гэрээнүүдээр халхавчлан компанийн өмнөх захирал асан С.В.Паушок нь хуурамч бичиг баримт үйлдэх, замаар мөнгө угаасан, их хэмжээний хөрөнгийг хувьдаа завшиж, компанид огт орж ирээгүй хөрөнгөнд хиймэл өр төлбөр үүсгэсэн эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд энэ талаарх нотлох баримтыг “Алтандорнод Монгол” ХХК-иас шүүхэд гарган өгсөн байдаг. Улмаар энэхүү нөхцөл байдалд үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж байсан боловч шүүх анхаарч үзэлгүй хэт нэг талыг барьсан шийдвэрийг гаргасан. Энэхүү эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж худалдааны болон аккредитивын гэрээнүүд болон барааны төлбөр шилжүүлэх хүсэлт, худалдан авагч барааг хүлээн авсан баримт, эсхүл тээвэрлэлтийн баримтууд хуурамчаар үйлдэгдсэн эсэх нь тогтоогдоогүй байхад шүүхээс хэргийг хянан шийдвэрлэж нэг бол "Алтандорнод Монгол" ХХК төлбөр төлөх ёстой, эсхүл Иточу корпораци үндэслэлгүй хөрөнгөжсөн тул Голомт банкинд төлбөрийг төлөх ёстой гэх зэргээр янз бүрийн шийдвэрийг гаргаж, эдгээр шийдвэрүүдийн алийг хэрэгжүүлэх нь тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Зүй нь эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэнээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх асуудал яригдах ёстой. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

        

          Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хариуцагч “Алтандорнод Монгол” ХХК-тай байгуулсан 5 аккредитивийн гэрээ /АГ0100080001, АГ0100080002, АГ0100080003, АГ0100080004, АГ0100080005 дугаар бүхий/-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээний дагуу шилжүүлсэн 1 782 360 263 иен, олох байсан орлого буюу хүү 310 130 685 иен,    нийт 2 092 490 948 иен буюу 34 107 602 452,4 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“Алтандорнод Монгол” ХХК, Япон Улсын Иточу корпорацийн хооронд байгуулагдсан 2007 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн худалдааны 5 гэрээний төлбөр тооцоог гүйцэтгэхээр  Голомт банкны хооронд 2007 оны 7 дугаар сарын 5-ны өдөр байгуулагдсан 5 гэрээ /АГ0100080001, АГ0100080002, АГ0100080003, АГ0100080004, АГ0100080005 дугаар бүхий/-ний дагуу нийт 1 782 360 263 иений үнийн дүн бүхий 5 аккредитивийг Япон улсын Токио хотын Мицубиши банкаар дамжуулан нээсэн, үүний дараа 2008 оны 8 дугаар сарын 12-ны өдөр талуудын хооронд дээрх 5 аккредитивийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай /АГО1000800001-1, АГО1000800002-1, АГО1000800003-1, АГО1000800004-1, АГО1000800005-1/ гэрээгээр  аккредитивийн төлбөр төлөх эх үүсвэр, төлөх хугацааг 2009 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл сарын 1,8% хүүтэйгээр сунгасан үйл баримт тогтоогдсон байна.

 

Хариуцагч “Алтандорнод Монгол” ХХК нь 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Японы Иточу корпораци нь Алтандорнод монгол” ХХК-тай 2007 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2008 оны 5 дугаар сарын 07-ны хооронд байгуулсан 21 худалдааны гэрээний талаар маргаан үүсгэж, Япон Улсын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн арбитрын шийдвэрээр  8 475 710 335 иенийн дүн бүхий 19 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцоход “Голомт банк” ХХК, “Алтандорнод Монгол” ХХК-ийн хооронд байгуулагдсан 5 аккредитивийн гэрээ нь бүхэлдээ хамрагдаж, дээр дурдсан үйл баримтын талаар хүчин төгөлдөр арбитрын шийдвэр гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

         Хариуцагч “Алтандорнод Монгол” ХХК-ийн нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-тай байгуулсан эх үүсвэргүй аккредитивын гэрээнүүд, эдгээр гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг  Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3072/Б дугаар шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт байхад шүүх тогтоох хэсгийн 1 дэх заалтаар энэ гэрээнүүдийг дахин хүчин төгөлдөр бусд тооцсон нь буруу байгааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журамд нийцүүлэн өөрчилнө.

 

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын агуулга, үндэслэлүүдийг хольж маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийснийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

        Дээрх аккредитивын гэрээнүүдийн дагуу үүссэн өр төлбөрийг шаардсан шаардлага бүхий хэргийг шүүх шийдвэрлэхдээ эдгээр хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр гэрээний үүрэг үүсэхгүй талаар дурдаад нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3072/Б дугаар шийдвэр хүчин төгөлдөр байна. Энэ хэргийн хувьд нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хариуцагч “Алтандорнод Монгол” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг бус харин хүчин төгөлдөр бус хэлцлүүдийн үр дагаврыг арилгуулах тухай шаардлага гаргасан байх тул уг хэргийг өмнөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан шүүх, арбитраар шийдэгдсэн маргаан гэж үзэхгүй.

        Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлээс үүссэн үр дагаврыг хохирол арилгуулах замаар шаардах эрхийг тодорхойлж, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар бусдын өр төлбөрийг өөрөө мэдэж эсвэл андуурч төлсөн ийнхүү тэр өр төлбөрт төлөхөд гарсан зардлаа өрөөс чөлөөлөгдсөн этгээдээс шаардах эрхтэй.

 

Ийм учраас Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1, 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасныг баримтлаад 34 107 602 452,4 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгох агуулгаар шүүхийн шийдвэрийн 1, 2 дахь заалтыг нийлүүлэн, найруулсан өөрчлөлт оруулж байна.

 

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хүчин төгөлдөр бус аккредитивын гэрээний дагуу хариуцагч “Алтандорнод Монгол” ХХК-ийн бусдад төлөх өр төлбөрийг төлсөнтэй холбоотой гарсан зардлаа шаардсан болохоос, хариуцагч компанид мөнгө шилжүүлсэн гэж шаардаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийн заалт хамаарахгүй юм.

           

         Талуудын хоорондын аккредитивын гэрээ, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн гэрээ хүчин төгөлдөр бус болсны улмаас нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн хувьд тухайн гэрээний дагуу хариуцагч “Алтандорнод Монгол” ХХК-ийн тухайн үедээ бусдын өмнө төлөх ёстой байсан өр төлбөрийг төлж барагдуулсан нөхцөл байдал үүссэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзсэн болно.

 

Харин шүүх аккредитиваар төлсөн мөнгө, түүнд бодогдох хүү 2 092 490 948  иенийг хохиролд тооцон гаргуулсныг буруутгах үндэслэлгүй.

 

Талуудын хоорондох хэлцэл хэдийгээр хүчин төгөлдөр бус байгаа боловч талууд уг хэлцлээр шилжүүлсэн аккредитивын эх үүсвэрийг хариуцагч “Алтандорнод Монгол” ХХК-д бүрдүүлэх зорилгоор тэд мөнгөн хөрөнгийг буцаан төлөхгүй нөхцөлд байвал сарын 1,8 хувийн хүү төлөх нөхцлийн талаар гэрээ хэлцэл байгуулж байсан.

 

Энэ үйл баримтуудаас үзэхэд “Голомт банк” ХХК-ийн мөнгөн хөрөнгийг хариуцагч байгууллага буцаан төлөөгүйн улмаас ашиглаж чадахгүй хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар хохиролд 34 107 602 452,4 төгрөг шаардсан нь үндэслэлтэй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж байгаа тул давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2016/00782 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг  баримтлан   хариуцагч  “Алтандорнод Монгол”  ХХК-иас 2 092 490 948  иен  буюу 34 107 602 452,4 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгосугай” гэж,

3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж,

2 дахь заалтад “...170 695 962,26...” гэснийг “...170 695 962...” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Алтандорнод Монгол” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170 695 963 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                    А.МӨНХЗУЛ

 

                                                                                           Д.БАЙГАЛМАА