Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/00291

 

“Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2016/00782 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1943 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Алтандорнод Монгол” ХХК-д холбогдох,

Гэрээ хүчин төгөлдөр бусд тооцож, шилжүүлсэн төлбөр, хохиролд 2 092 490 948 иен буюу 34 107 602 452,4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нямсүрэн, С.Батхүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар, Д.Баасанцогт, Н.Цогтгэрэл, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

“Алтандорнод Монгол” ХХК болон Япон Улсын Иточу корпорацийн хооронд 2007 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 50-MI-ZLT-MBL-E079-0, 50-MI-ZLT-MBL-E080-0, 50-MI-ZLT-MBL-E081-0, 50-MI-ZLT-MBL-E082-0, 50-MI-ZLT-MBL-E083-0 худалдааны гэрээний төлбөр тооцоог гүйцэтгэхээр “Алтандорнод Монгол” ХХК нь Голомт банкаар нийт 1 782 360 263 иенийн дүнтэй 5 аккредитивийг Япон Улсын Токио Мицубиши банкаар дамжуулан Иточу корпорацид нээлгэсэн.

Уг аккредитивийг нээлгэх зорилгоор “Алтандорнод Монгол” ХХК нь 2007 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Голомт банктай дараах аккредитивийн гэрээ байгуулсан. Үүнд аккредитив 6050/ZLT/07 гэрээний №АГ0100080001 дүн 295 168 499 иен, аккредитив 6052/ZLT/07 гэрээний №АГ0100080002 дүн 426 683 592 иен, аккредитив 6054/ZLT/07 гэрээний №АГ0100080003 дүн 335 393 651 иен, аккредитив 6056/ZLT/07 гэрээний №АГ0100080004 дүн 403 804 565 иен, аккредитив 6059/ZLT/07 гэрээний №АГ0100080005 дүн 321 309 956 иенийн гэрээг байгуулсан.

Дээрх гэрээний үүргийн дагуу аккредитивийн төлбөр хүүгийн хамт 2 092 490 948 иен буюу тухайн үеийн ханшаар 31 282 739 672 төгрөгийг Голомт банк нь 2009 онд “Алтандорнод Монгол” ХХК-иас нэхэмжилсэн.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хүлээн зөвшөөрсөн тул Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1033 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гэвч Япон Улсын худалдааны арбитрын шийдвэрээр “Алтандорнод Монгол” ХХК болон Япон Улсын Иточу корпорацийн хооронд байгуулсан нийт 8 475 710 335 иенийн дүнтэй 19 худалдааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон бөгөөд үүний дотор “Голомт банк” ХХК болон “Алтандорнод Монгол” ХХК-ийн байгуулсан дээрх аккредитивийн гэрээнүүдээр санхүүжигдсэн худалдааны хэлцлүүд хамрагдсан байна. Үүний үндсэн дээр Голомт банкны нэхэмжлэлийг “Алтандорнод Монгол” ХХК хүлээн зөвшөөрснийг баталсан Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1033 дугаар шүүгчийн захирамжийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 329 дүгээр шүүхийн тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцож хүчингүй болгосон. Нэгэнт хариуцагчийн зөвшөөрлийг баталсан 1033 дугаар шүүгчийн захирамж хүчингүй болсон тул шүүх хэргийг дахин хянан хэлэлцсэн бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3072/Б дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэн аккредитивийн гэрээнүүдийн дагуу “Алтандорнод Монгол” ХХК-иас 31 282 793 672 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд “Голомт банк” ХХК, “Алтандорнод Монгол” ХХК-ийн хооронд байгуулсан АГ0100080001, АГ0100080002, АГ0100080003, АГ0100080004, АГ0100080005 гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг буцаан шаардаж байгаа тул “Алтандорнод Монгол” ХХК-ийн өмнөөс даалгавраар шилжүүлсэн төлбөр хохирол, гэрээний дагуу олох байсан орлого хүү нийт 2 092 490 948 иен буюу 34 107 602 452 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Голомт банкны нэхэмжлэлийн шаардлагад дурдсан АГ0100080001, АГ0100080002, АГ0100080003, АГ0100080004, АГ0100080005 дугаартай Аккредитивын гэрээнүүд хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3072/Б дугаар шийдвэрээр тогтоогдсон.

Шүүхийн шийдвэрт “Алтандорнод Монгол” ХХК, Голомт банкны хооронд байгуулагдсан 6050/ZLT/07 №АГ0100080001, 6052/ZLT/07 №АГ0100080002, 6054/ZLT/07 №АГ0100080003, 6056/ZLT/07 №АГ0100080004, 6059/ZLT/07 №АГ0100080005 тоот 5 аккредитивын гэрээнүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан хуулийн заалттай нийцэж байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөхөөр зохицуулжээ. Талуудын хооронд хийгдсэн дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдсон. ...Иточу корпорацийг бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнээд Голомт банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Голомт банкны нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин үнэлэхгүй гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу түүнийг дахин нотлох шаардлагагүй.

“Алтандорнод Монгол” ХХК нь дээр дурдсан аккредитивын гэрээний дагуу Голомт банкнаас ямар нэгэн эд хөрөнгө, мөнгө шилжүүлэн аваагүй тул “Алтандорнод Монгол” ХХК нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэн этгээдэд хамаарахгүй. Хуулийн дээрх заалтад ...уг зүйлийг олж авсан этгээдээс шаардах эрхтэй байхаар заасан, түүнчлэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3072/Б дугаар шийдвэрт 5 аккредитивийн гэрээний төлбөрт нийт 1 782 360 263 иенийг Токио Мицубиши банкаар дамжуулан Иточу корпорацид шилжүүлсэн байх тул Иточу корпорацийг бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн, нотлох баримтаар манай компани мөнгийг аваагүй нь тодорхой байхад Голомт банк нь Иточу корпорацид шилжүүлсэн мөнгөө манай компаниас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Дээрх 5 аккредитивийн гэрээний дагуу Голомт банк нь Токио Мицубиши банкаар дамжуулан Иточу корпорацид 1 782 360 263 иенийг шилжүүлсэн буюу Иточу корпораци бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан нь хэрэгт авагдсан банкны гадаад гүйлгээний баримтаар тогтоогдож байна. Нөгөө талаар энэхүү төлбөр нь манай компанийн дансаар дамжаагүй, төлбөрийг шилжүүлэх хүсэлтийг зохих журам болон гэрээнд заасны дагуу бүрдүүлээгүй буюу худалдааны гэрээний дагуу нийлүүлэгдэх бараа, машин техник нь худалдан авагч руу бодитойгоор ачигдсаныг нотлох тээврийн ачилтын баримт нь ирээгүй буюу бүрдээгүй байхад Голомт банк нь аккредитивийн төлбөрийг төлсөн байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу Голомт банк нь хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үүссэн үр дагавраа арилгуулах буюу аккредитивын төлбөрт шилжүүлсэн мөнгөө авсан этгээд болох Иточу корпорациас буцаан шаардан авах нь зүйтэй.

Голомт банк нь №АГ0100080001, №АГ0100080002, №АГ0100080003, №АГ0100080004, №АГ0100080005 дугаар аккредитивын гэрээгээр Иточу корпорацид шилжүүлсэн мөнгөө нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс энэ асуудлаар шийдвэр гарч байсан. Энэ нь Голомт банк үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдийг Иточу корпораци болохыг өөрөө хүлээн зөвшөөрч, түүнээс мөнгөө нэхэмжилж байсныг нотолж байна.

...Голомт банк нь “Алтандорнод Монгол” ХХК-д холбогдуулан гаргасан 5 аккредитивын гэрээний төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа Иточу корпорацид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргах замаар 2014 онд шүүхэд хандаж шийдвэр гаргуулж байсан. Ийнхүү Голомт банкны нэхэмжлэлийн шаардлага шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн асуудлууд бөгөөд шийдвэрүүд хүчин төгөлдөр байгаа.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2016/00782 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасныг баримтлан Голомт банк, “Алтандорнод Монгол” ХХК-ийн хооронд байгуулагдсан АГ0100080001, АГ0100080002, АГ0100080003, АГ0100080004, АГ0100080005 тоот аккредитивийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Алтандорнод Монгол” ХХК-иас хэлцлээр шилжүүлсэн 1 782 360 263 иен болон хохирол болох гэрээний дагуу олох байсан орлого буюу хүү 310 130 685 иен, нийт 2 092 490 948 иен буюу 34 107 602 452.4 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкинд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170 695 962.26 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Алтандорнод Монгол” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 170 695 962.26 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкинд олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1943 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2016/00782 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Алтандорнод Монгол” ХХК-иас 2 092 490 948 иен буюу 34 107 602 452,4 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгосугай” гэж, 3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж, 2 дахь заалтад “...170 695 962,26...” гэснийг “...170 695 962...” гэж тус тус өөрчлөлт оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Алтандорнод Монгол” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170 695 963 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

“Алтандорнод Монгол” ХХК болон Япон улсын Иточу корпорацийн хооронд байгуулсан техник тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээний дагуу маргаан үүсч талууд энэхүү маргаанаа Япон улсын Арбитрын шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн байдаг.

Япон улсын Арбитрын шүүх нь Голомт банкны нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2007 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 50-MI-ZLT-MBL-E079-0, 50-MI-ZLT-MBL-E080-0, 50-MI-ZLT-MBL-E081-0, 50-MI-ZLT-MBL-E082-0, 50-MI-ZLT-MBL-E083-0 дугаартай худалдааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэл болохыг тогтоож, энэхүү гэрээний дагуу “Алтандорнод Монгол” ХХК нь ямар ч бараа материал аваагүй болохыг эцэслэн шийдвэрлэсэн. Ийнхүү Япон улсын Арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу дээрх дугаар бүхий 5 ширхэг худалдааны гэрээнүүдийн дагуу “Алтандорнод Монгол” ХХК нь Иточу корпорацид төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй байна. Дээрх Арбитрын шүүхийн шийдвэрийг үндэслэн “Алтандорнод Монгол” ХХК болон Голомт банкны хооронд байгуулсан АГ0Ю0080001, АГ0Ю0080002, АГОЮ0080003, АГОЮ0080004, АГ0Ю0080005 дугаартай аккредитивийн гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн байдаг.

...Анхан шатны шүүх нэгэнт шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй асуудлаар дахин шийдвэр гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг зөрчиж нэг асуудлаар хоёр өөр шийдвэр, магадлалыг гаргаад байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан хариуцагч “Алтандорнод Монгол” ХХК-иас 2 092 490 948 иен буюу 34 107 602 452,4 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. “Алтандорнод Монгол” ХХК болон Голомт банкны хооронд байгуулсан аккредитивийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг шүүхээр эцэслэн шийдвэрлэж, уг гэрээний дагуу үүрэг үүсээгүй болохыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх тогтоосон.

Анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээс үзвэл талуудын хооронд дээрх 5 аккредитивийн гэрээний дагуу ямар нэг үүрэг үүсээгүй, өр төлбөр байхгүй гэдэг нь нэгэнт тогтоогдсон гэж үзэх бөгөөд Давж заалдах шатны шүүх дахин нотлох, үнэлэх шаардлагагүй болно. Мөн хариуцагч “Алтандорнод Монгол” ХХК нь аккредитивийн гэрээний дагуу ямар нэгэн хөрөнгө олж аваагүй, үр шимийг нь хүртээгүй болохыг Арбитрын болон Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх бүрэн дүүрэн тогтоон шийдвэрлэсэн байдаг.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 183/ШШ2016/00782 дугаар шийдвэрт “...Шүүхийн 3072/Б дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн маргаан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар Голомт банк хариуцагч “Алтандорнод Монгол” ХХК-тай байгуулсан аккредитивын гэрээнээсээ татгалзаж, улмаар гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг буцаан шаарджээ гэж дүгнэхээр байна” гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн зохиомол дүгнэлт хийсэн байна. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3072/Б шийдвэрээр Голомт банкны нэхэмжлэлтэй дээр дурдсан 5 аккредитивын гэрээний дагуу төлбөрт төлсөн 2 092 490 948 000 иен буюу 31 282 739 672.60 төгрөг гаргуулж, барьцааны гэрээгээр барьцаалсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардсан иргэний хэргийг хянан хэлэлцсэн билээ. Голомт банк нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагатайгаа яг ижил агуулга бухий нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин гаргасан байхад өмнөх нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг шүүгч ийнхүү дур мэдэн өөрчилсөн дүгнэлт өгч, өөр нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг шийдвэрлэж байгаа мэтээр тайлбар хийн хууль зөрчсөн шийдвэр гаргалаа. Иймд шүүхийн дүгнэлт нь хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлах бөгөөд хэрэгт цугларсан баримтаар хангалттай бүрэн тогтоогдсон үйл баримтыг тогтоогдоогүй гэж үзэх нь шүүхийн шийдвэрийн үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй юм.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гэж заасан байна.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3072/Б дугаар шийдвэрт “...нэхэмжлэгч Голомт банк нь бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 5 аккредитивын нийт төлбөрт 1 782 360 263 000 иенийг Токио Мицубиши банкаар Иточу корпорацид шилжүүлсэн байх тул Иточу корпорацийг бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэлтэй байна” гэж тодорхой дурдсан. Дээрх хуулийн заалт болон шүүхийн шийдвэрээс үзэхэд Голомт банк нь Иточу компанид шилжүүлсэн өр төлбөрөө Алтандорнод Монгол компаниас нэхэмжлэх үндэслэлгүй, харин аккредитивын төлбөрийг хүлээн авсан Иточу корпорациас энэхүү төлбөрөө нэхэмжлэх ёстой билээ. Энэ талаар шүүхэд амаар болон бичгээр тайлбар нотлох баримтуудыг гарган өгсөөр байтал Голомт банкнаас ямар нэгэн эд хөрөнгө, мөнгө шилжүүлэн аваагүй “Алтандорнод Монгол” ХХК-аас төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэж Иргэний хуулийн 492.1-д заасныг зөрчлөө.

...нэхэмжлэлийн шаардлага болох аккредитивын гэрээнүүдээр халхавчлан компанийн өмнөх захирал асан С.В.Паушок нь хуурамч бичиг баримт үйлдэх, замаар мөнгө угаасан, их хэмжээний хөрөнгийг хувьдаа завшиж, компанид огт орж ирээгүй хөрөнгөнд хиймэл өр төлбөр үүсгэсэн эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд энэ талаарх нотлох баримтыг “Алтандорнод Монгол” ХХК-ийн зүгээс шүүхэд гарган өгсөн бөгөөд уг гэмт хэрэг гарсан эсэхийг бүрэн шалгаж дуусаагүй байгаа билээ.

Нөгөө талаар 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр С.В.Паушок нь хуурамч гэрээ байгуулан “Алтандорнод Монгол” ХХК-ийн өмч хөрөнгийг барьцаалж, их хэмжээний мөнгөн хөрөнгийг Панамын офшор бүс рүү шилжүүлэн, компанийн мөнгийг хувьдаа завшиж, онц их хэмжээний мөнгө угаасан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэн 201525030108 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсныг дээрх 20947101 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгахаар Нийслэлийн прокурорын газраас 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тогтоол гарган нэгтгэн шалгаж байгаа болно.

Энэхүү эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж худалдааны болон аккредитивын гэрээнүүд болон барааны төлбөр шилжүүлэх хүсэлт, худалдан авагч барааг хүлээн авсан баримт, эсхүл тээвэрлэлтийн баримтууд хуурамчаар үйлдэгдсэн эсэх нь тогтоогдоогүй байхад шүүхээс иргэний хэргийг хянан шийдвэрлэж нэг бол “Алтандорнод Монгол” ХХК төлбөрийг төлөх ёстой, эсхүл Иточу корпораци үндэслэлгүй хөрөнгөжсөн тул Голомт банкинд төлбөрийг төлөх ёстой гэх зэргээр янз бүрийн шийдвэрийг гаргаж, эдгээр шийдвэрүүдийн алийг нь хэрэгжүүлэх нь тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Зүй нь эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэнээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх асуудал яригдах ёстой билээ.

Ийнхүү Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 183/ШШ2016/00782 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 1943 дугаар магадлалаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй асуудлыг дахин өөрөөр шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Иймээс дээр дурдсанд үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                      ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул тэдгээрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч “Голомт” Банк нь хариуцагч “Алтандорнод Монгол” ХХК-д холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Голомт” банк болон “Алтандорнод Монгол” ХХК-ний хооронд 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан АГ0100080001,  АГ0100080002, АГ0100080003, АГ0100080004, АГ0100080005 дугаартай аккредитивын 5 гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10.-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5., 492 дугаар зүйлийн 492.1.1., 493 дугаар зүйлийн 493.1., 493.2.-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг буюу 2 092 490 948 иен буюу 34 107 602 452 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын талаар эрх зүйн хувьд алдаатай дүгнэлт хийснээс гадна нэхэмжлэлийн үндэслэлийн тодорхой бус байдлыг анхаараагүй байна.

 

Нэхэмжлэлийн гол шаардлага нь хариуцагчтай байгуулсан аккредитивын 5 гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай ба ийнхүү хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгосны эрх зүйн үр дагавар нь нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болжээ. Нэхэмжлэгч үндсэн шаардлагаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10.-т заасан зохицуулалтад үндэслэсэн бол эрх зүйн үр дагаврын тухай шаардлагаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5., 492 дугаар зүйлийн 492.1.1,  493 дугаар зүйлийн 493.1., 493.2.-т үндэслэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигчдын хоорондох аккредитивын гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад анхан шатны шүүх хэлцлийн хүчин төгөлдөр байдал, түүний эрх зүйн үр дагаврыг дахин хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4., 65 дугаар зүйлийн 65.1.6., 120 дугаар зүйлийн 120.4.-т заасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох эрх зүйн үр дагаврыг тодорхойлсон зарчмыг зөрчжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4.-т зааснаар зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр  шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг  хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй буюу энэ талаар мэтгэлцээ явагдах учиргүй болно. Харин шүүх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6.-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, энэ байдал шүүх хуралдааны үед мэдэгдвэл хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үүрэгтэй.

Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор эрх зүйн үр дагавар бүхий дараахь шинжтэй болдог: өөрчлөгдөхгүй байх, тухайн асуудлаар дахин шаардлага гаргах эрхийг хязгаарлах, нэгэнт тогтоогдсон маргааны үйл баримтыг өөр хэрэгт дахин нотлохгүй байх, заавал даган мөрдөх, биелэгдэх. Эдгээр шинж тэмдэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1., 40 дүгээр зүйлийн 40.4., 65 дугаар зүйлийн 65.1.6., 117 дугаар зүйлийн 117.1., 120 дугаар зүйлийн 120.4.-т тус тус тусгагдсан байна.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зарчим, хуульд заасан тодорхой зохицуулалтыг зөрчиж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар дахин хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэсэн нь алдаатай болсноос гадна хүчин төгөлдөр шийдвэрийн агуулгыг буруу тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлага, уг шаардлагын дагуу явагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тогтоогдсон үйл баримт хоёрыг зааглаж ялгаагүйгээр эрх зүйн алдаатай, зөрчилтэй дүгнэлт хийжээ. 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлд тусгагдаагүй, улмаар талуудын мэтгэлцээгүй асуудлаар дүгнэлт хийсэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг зөрчжээ.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3072\Б шийдвэрээр “Алтандорнод Монгол” ХХК-д холбогдох аккредитивын гэрээний төлбөрт 31 282 739 672 төгрөг гаргуулах тухай “Голомт” банкны нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ \1-р хх-ийн 115-120 дугаар тал\. Ийнхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ шүүх шийдвэртээ тодорхой тусгасан байна. Үүнд: “”Алтандорнод Монгол” ХХК, Япон Улсын Иточу корпорацийн хооронд байгуулагдсан 2007 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ....тоот худалдааны гэрээнүүд хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь Япон Улсын Худалдааны арбитрын холбооны тогтоолоор тогтоогдсон байх тул хүчин төгөлдөр бус гэрээнд үндэслэн хийгдсэн 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Алтандорнод Монгол” ХХК, “Голомт” банкны хооронд байгуулагдсан ... 5 аккредитивын гэрээнүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.10.-т заасан “хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байх”-аар зохицуулсан хуулийн зүйл заалттай нийцэж байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл байна” гэжээ. Түүнчлэн уг шийдвэрт “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж, өгөхөөр зохицуулжээ. Талуудын хооронд хийгдсэн дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч “Голомт” банк нь бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж, 2008 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 5 аккредитивын нийт төлбөрт 1 782 360 263 иенийг Токио Мицубиши банкаар Иточу корпорацид шилжүүлснээр Иточу корпораци үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж  үзэх үндэслэлтэй байна” гэж заажээ.

Аккредитивын гэрээний дагуу төлбөр шаардсан “Голомт” банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох өөр үндэслэл шүүхийн хүчин төгөлдөр дээрх шийдвэрт тусгагдаагүй, шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10.-т заасан зохицуулалтыг хэргийг хянан шийдвэрлэхдээ баримталсан  байна.

Дээрх нөхцөлд анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хоорондох аккредитивын гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар шүүхийн шийдвэр гараагүй, тухайн асуудлыг шүүх шийдвэрлээгүй гэж дүгнэснийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10.-т зааснаар энэ зүйл, заалтын бусад үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэх хэлцлийн үндсэн дээр хийсэн аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Япон Улсын Худалдааны Арбитрын холбоо 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрээр \1-р хх-ийн 200-2-р хх-ийн 260 дугаар тал\. “Алтандорнод Монгол” ХХК болон Иточу корпорацийн хооронд хийгдсэн 8 475 710 335 иенийн үнийн дүн бүхий 19 гэрээг хүчин төгөлдөр бус хуурамч хэлцэл болохыг тогтоосон байх ба эдгээр хуурамч, бодит бус хэлцлээр хийгдсэн гүйлгээнд “Голомт” банкны “Алтандорнод Монгол” ХХК-тай байгуулсан 5 гэрээний  гүйлгээ бүхэлдээ хамаарсан тул анхан шатны шүүх зохигчдын хоорондох аккредитивын гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэж, “Голомт” банкийг “Алтандорнод Монгол” ХХК-иас Иргэний хуулийн 449 дүгээр зүйлийн 449.1.-д зааснаар аккредитивын төлбөрийг шаардах эрхгүй гэж дүгнэжээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4.-т зааснаар сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар  шаардаж болохоос гадна 56.5.-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөхийг, боломжгүй бол үнийг төлөхийг харилцан шаардах эрхтэй. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3072\Б шийдвэртээ “Голомт” банк аккредитивын гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөө уг мөнгийг хүлээн авсан Иточу корпорациас шаардах эрх зүйн үндэслэлийг заажээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл нь хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус, талуудад эрх, үүргийг үүсгэх үндэслэл болох учиргүй ба  хэлцлийн талууд шаардлага, хүсэлт гаргаагүй байсан ч шүүх хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэх эрхтэй, хүчин төгөлдөр бус гэж үзсэн тохиолдолд эрх зүйн үр дагаврыг хянан шийдвэрлэх ёстой. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг харилцан буцаах эрх зүйн үр дагаврын талаар анхан шатны шүүх урьд гарсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4., 56.6.-д заасан шаардах эрхийн талаар зөвхөн нэхэмжлэлийн шаардлага гарсан тохиолдолд шүүх тухайн асуудлыг  шийдвэрлэх боломжтой юм. Тухайлбал, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас эрх нь зөрчигдсөн хэлцлийн тал бус этгээд хэлцэл хийгч талуудаас, эсхүл нэг талаас, хэлцлийн нэг тал хүчин төгөлдөр бус хэлцэл хийхэд гэм буруутай нөгөө талаас эрх зүйн үр дагавар, хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй болно.

Нэхэмжлэгч “Голомт” банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.-д заасан үндэслэлээр шаардлага гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх хариуцагч “Алтандорнод Монгол” ХХК-иас хуулийн дээрх зохицуулалтаар төлбөр гаргуулсан нь учир дутагдалтай болжээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байдаг тул хохирол арилгуулах тухай нэхэмжлэл шүүхэд гарсан байх шаардлагатайгаас гадна гэм буруугийн асуудал, хохирлын хэмжээ, хууль болон шүүхийн шийдвэрт зааснаар бусдаас хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах боломжгүй байгаа байдал зэрэг асуудал баримтаар тогтоогдсон байх учиртай.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан аккредитивын 5 гэрээг  хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа боловч уг гэрээний агуулга, онцлогоос хамааран хэлцэл хүчин төгөлдөр бус болсоны эрх зүйн үр дагаврыг хариуцах этгээдийг зөв тогтоох, тухайн харилцаанд оролцогч талуудын гэм буруугийн хэлбэр, хэмжээг тодорхойлох шаардлагатай. Иргэний хуулийн 449 дүгээр зүйлийн 449.1, 449.3.-т зааснаар аккредитив нээсэн банк нь үйлчлүүлэгчийн гаргасан хүсэлт, өгсөн үүрэг, зааврын дагуу гуравдагч этгээд /төлбөр авагч/-ээс тодорхой бичиг баримт хүлээн авч, хариуд нь түүнд буюу түүний заасан этгээдэд мөнгө шилжүүлэх, төлбөр авагчийн бичсэн шилжих вексельд заасан төлбөрийг төлөх буюу зөвшөөрөх, эсхүл уг гүйлгээг гүйцэтгэхийг өөр банкинд даалгах үүрэг  хүлээдэг бөгөөд аккредитивийн төлбөр тооцоог гүйцэтгэхэд олон улсад хэрэглэгддэг нийтлэг зохицуулалт, ажил хэргийн хүрээнд тогтсон заншлыг баримталдаг байна. Аккредитивын харилцааны оролцогч талуудад аккредитив нээгч банк, аккредитив нээлгэгч этгээд, хэлэлцэгч буюу төлбөр төлөгч банк, төлбөр хүлээн авагч этгээд ордог ба тэдгээр нь тус тусын эрх, үүрэгтэй болох нь Олон улсын Худалдааны танхимын банкны техникийн хорооноос боловсруулан гаргасан 1993 оны Аккредитивын нэгдсэн журамд заагджээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “Голомт” банк аккредитив нээгч банкны хувьд хүлээсэн үүргээ зохих журмын дагуу биелүүлсэн гэх үйл баримт хангалттай нотлогдоогүй, өөрөөр хэлбэл, Япон Улсын Мицубиши банкаар дамжуулан Иточу корпорацид төлбөр шилжүүлсэн үйл баримтууд бүрэн тогтоогдоогүй байна. Тухайлбал, Япон Улсын  Худалдааны Арбитрын холбооны шийдвэрт зааснаар “Алтандорнод Монгол” ХХК болон Иточу корпорацийн хооронд байгуулагдсан худалдааны гэрээнүүдийн бэлтгэн нийлүүлэгчдийн нэг болох ОХУ-д байршилтай, МОПС-Бизнес ЛТД гэх Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй компаниас нийлүүлэх бараа огт хүргэгдээгүй, бодит бус хэлцлүүдээр ямар ч бараа шилжүүлээгүй боловч төлбөр төлөгдсөн талаар дурдсан байна. Худалдааны гэрээний дагуу бараа шилжээгүй, ачигдаагүй байхад төлбөр төлөгдсөн байдал ойлгомжгүй байгаа тохиолдолд хүчин төгөлдөр бус аккредитивын гэрээнээс учирсан хохирлын хэмжээ, гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Худалдааны гэрээний дагуу бараа ачигдаагүй байхад төлбөрийн нэхэмжлэх ирүүлсэн талд нэхэмжлэгч “Голомт” банк өөрт учирсан хохирлын талаар шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй шалтгаан тодорхой бус байна. Төлбөр хүлээн авагч буюу Иточу корпорациас өөрийн шилжүүлсэн мөнгөө Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5., Япон Улсын Худалдааны Арбитрын болон Дүүргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шийдвэрүүдийн дагуу шаардах боломжгүй байгаа шалтгаан, үндэслэл нь тогтоогдоогүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Чингэлтэй дүүргийн шүүх 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 415 дугаар тогтоолоор Иточу корпорацийн нэхэмжлэлтэй “Голомт” банкинд холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэжээ \2-р хх-ийн 350-352 дугаар тал\. Энэ хэрэгт “Голомт” банк Иточу корпорациас аккредитивын гэрээний дагуу төлсөн 31 440 835 039 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаардсан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталсантай холбогдуулан шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан боловч Япон Улсын Худалдааны Арбитрын шийдвэр гарсантай холбогдуулан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас \2-р хх-ийн 366-369 дүгээр тал\ хэргийг дахин хянан хэлэлцжээ. Анхан шатны шүүх Иточу корпорацийн үндсэн нэхэмжлэл, “Голомт” банкны сөрөг нэхэмжлэлтэй хэргийг  нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ татан авсныг баталж хэрэгсэхгүй болгожээ \2-р хх-ийн 426-427 дугаар тал\. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа ямар ч үндэслэлээр татгалзах эрхтэй боловч тухайн тохиолдолд Иточу корпораци болон “Голомт” банкны хооронд  тохиролцоо байсан эсэх, энэхүү тохиролцооны дагуу “Алтандорнод Монгол” ХХК төлбөр төлсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй эсэх нь тодорхой бус байна.

“Голомт” банкны аккредитивын төлбөр гаргуулах “Алтандорнод Монгол” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталсан Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1033 дугаар захирамж Япон Улсын Худалдааны Арбитрын шийдвэр гарсантай холбогдуулан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болсон тул “Алтандорнод Монгол” ХХК төлбөрөө хүлээн зөвшөөрч байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар энэ хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолгүй болно.

Зохигчдын хоорондох маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл тодорхой бус байгаа тохиолдолд хяналтын шатны шүүх хоёр шатны шүүхийн хууль хэрэглээ болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар дүгнэлт хийх, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2016/00782 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1943 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 170 695 963 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.   

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН