| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 105/2016/0393/Э |
| Дугаар | 572 |
| Огноо | 2017-08-03 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | Д.Оюунгэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 572
И.Энх-Амгалан, Б.Лхагвацэрэн нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Д.Оюунгэрэл,
Ялтан И.Энх-Амгалан, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж,
Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч С.Батгэрэл, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан И.Энх-Амгалангийн гаргасан давж заалдах гомдлоор И.Энх-Амгалан, Б.Лхагвацэрэн нарт холбогдох 201525030946 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овогт Ишцэрэнгийн Энх-Амгалан, 1976 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 1-29 тоотод оршин суух бүртгэлтэй, тодорхой оршин суух хаяггүй,
Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг өршөөн хасч, Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 48 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 25 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, /РД:УШ 76022611/,
Боржигон овогт Болормаагийн Лхагвацэрэн, 1992 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, хойд эцэг, эх, дүү, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 27 дугаар гудамжны 20 тоотод оршин суух бүртгэлтэй, уг хаягтаа оршин суудаггүй, тэнэмэл амьдралтай, ял шийтгэлгүй, /РД:ТЕ92022544/,
И.Энх-Амгалан нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2015 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 9 дүгээр байрны хойд талын сааданд Б.Батцэнгэлийг “агсам тавих гэлээ, аав хүү хоёр ийм байх ёстой юм уу” хэмээн маргалдан түлхэж унаган зодож, санаатай алсан,
2015 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө хамтран амьдрагч Б.Лхагвацэрэнтай бүлэглэж, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Тагнуулын ерөнхий газрын ажилчдын 50 дугаар байрны орцонд төрсөн охин Л.Энхцэцэгийг “уйллаа” гэх шалтгаанаар санаатай алсан,
Б.Лхагвацэрэн нь 2015 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө хамтран амьдрагч И.Энх-Амгалантай бүлэглэж, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Тагнуулын ерөнхий газрын ажилчдын 50 дугаар байрны орцонд төрсөн охин Л.Энхцэцэгийг “уйллаа” гэх шалтгаанаар санаатай алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: И.Энх-Амгаланд холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.10, 91.2.11, 91.2.15 дахь хэсэгт зааснаар, Б.Лхагвацэрэнд холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.15 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас И.Энх-Амгаланд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.10, 91.2.11, 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн, Б.Лхагвацэрэнд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн тус тус хөнгөрүүлэн өөрчилж, И.Энх-Амгаланг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан, мөн эцэг, эх асран хамгаалж байгаа хүнээ шаардлагатай тусламж үзүүлэлгүй орхисон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, Б.Лхагвацэрэнг эцэг, эх асран хамгаалж байгаа хүнээ шаардлагатай тусламж үзүүлэлгүй орхисон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Лхагвацэрэн, И.Энх-Амгалан нарт холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг уг хэрэгт эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар И.Энх-Амгаланг 10 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар И.Энх-Амгаланд оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг баримтлан И.Энх-Амгалангийн цагдан хоригдсон 667 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Б.Лхагвацэрэн нь 182 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүйг дурдаж, Б.Лхагвацэрэнг шүүх хуралдааны танхимаас нэн даруй суллаж, шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч И.Энх-Амгаланд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Лхагвацэрэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа гаргаж, шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Ялтан И.Энх-Амгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
2. Гэрч Тулгабаатартай архи ууж байхдаа инээлдэж байснаас хоорондоо маргалдаагүй. Гэтэл Тулгабаатар мэдүүлэхдээ “тэнд байсан залуу над руу хандаж хэрүүл маргаан өдөөх гээд байхаар нь би яваад өгсөн” гэж худал мэдүүлэг өгсөн байна. Гэтэл мөрдөн байцаалтад шинжээч эмч Б.Дэлгэрмаа “Б.Батцэнгэлийн биед үүссэн гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжгүй. Талийгаачийн толгойд учирсан ясны хугарал нь хоёр өөр газар өөр, өөр хүч үйлчилж үүссэн байх боломжтой. Уг хугарлууд нь нэгнээсээ нөгөө рүүгээ салаалж дамжсан хугарал биш, тус тусдаа хүчээр үүсгэгдсэн хугарал байгаа юм. Зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл нь зулай хэсгийн хугарлаас болж үүссэн байх боломжтой эсхүл нүдний хэсэгт тусдаа хүчний үйлчлэлийн улмаас үүсэх боломжтой. Тухайн ясны гэмтлүүд нь хүний гараар цохиход үүсэх боломжгүй. Тухайн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хатуу мохоо зүйл гэдэг нь галт зэвсгээс бусад болон хүний гараас бусад зүйлийг хэлнэ” гэжээ. Иймд эхнэр, бид хоёрыг явсны дараа Б.Батцэнгэл нь Тулгабаатартай муудалцан түүнд зодуулсан байх магадлалтай байна. Эхнэр, бид хоёрыг явахад Тулгабаатар үлдэх болсон нь Б.Батцэнгэлтэй нэг дор хамт амьдардагтай холбоотой юм. Тэгэхээр Тулгабаатарыг энэ хэрэгт холбогдуулан шалгаж үнэнийг бүрэн тогтоож үндэслэлтэй байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.
Ялтан И.Энх-Амгалангийн өмгөөлөгч С.Пүрэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон яллах дүгнэлтэд гэмт хэрэг болсон үеийн цаг хугацаа тодорхой байдаггүй. Зөвхөн 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө хэрэг болсон гэдэг. Гэрч Мөнх-Үйлс “...шөнийн 01 цагийн үед гэрээсээ гарахад 2 хүн байсан. Нэг нь нөгөөгөө зодож байхыг харсан, өөр хүн хараагүй. ...нэг эмэгтэй ирж, очин яваад байсан” гэж мэдүүлсэн байдаг. Хэрэг Төв музейн баруун талд болсон. Гэрч Үүрийнтуяа “...22 дугаар байрны урд байх байрны подвальд И.Энх-Амгалан эхнэр, хүүхэдтэй унтаж байсан. шөнийн 01 цагийн орчим нөхөртэйгээ утсаар ярьж байх үед гадаа хүүхэд уйлаад байхаар нь гар чийдэн тусгаад подваль руу ороход шалан дээр эрэгтэй, эмэгтэй 2 хүн хүүхэдтэйгээ унтаж байхаар нь дуудаж сэрээгээд цагдаад дуудлага өгсөн...” гэж мэдүүлдэг. Энэ мэдүүлэг нь бодитой гэж үзэж байна. Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн талаар мэдээлэл 3 дугаар хавтаст хэргийн 154 талд авагдсан. Үүнд 7 дугаар сарын 21-ний шөнийн 01 цаг 45 минут 23 секундэд дуудлага өгөхөд хөдөлгөөнт эргүүл удалгүй ирж, И.Энх-Амгалан, Б.Лхагвацэрэн нарыг гэр лүү нь явуулсан гэдэг. Дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагчид цаг хугацааны талаар мэдүүлэг өгөөгүй. Эдгээр 2 байршлын хооронд 2 км орчим зайтай учир хэрэг болсон цаг хугацааны хувьд тодорхойгүй. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Хохирогч Батцэнгэлийн биед задлан шинжилгээ хийсэн 1314 дугаартай дүгнэлтэд дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр талийгаачийг нас барахаас 6 цагийн өмнө үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 дахь хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач гавал тархины гэмтлийн улмаас нас барсан гэж дүгнэсэн. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн заалтын дагуу 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг хөнгөрүүлж, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2. 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх боломжтой эсэхийг харгалзан үзнэ үү.
Түүнээс гадна И.Энх-Амгалан хохирогчийг түлхэж унагааснаас хохирогч нас барсан гэж үзвэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Гэтэл шүүх эмнэлгийн дүгнэлт 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ гэж дүгнэсэн нь учраас эргэлзээтэй байна. Иймд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулах ялын хэмжээ багассан тул нийцүүлэн хасч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүйг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Прокурор Д.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ялтан И.Энх-Амгалангийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгөхийг хүссэн гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хэрэг болсон цаг хугацааг тодорхойлоогүй гэж хэллээ. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд зааснаар шөнийн цаг гэдэг нь тухайн өдрийн 22 цагаас дараа өдрийн 00 цагийн хоорондох хугацааг хэлэхээр заасан. Яллах дүгнэлтэд зааснаар 2015 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө гэмт үйлдэл болсон тухай тусгагдсан. Ялтан болон түүний өмгөөлөгч нарын хэлээд байгаа гэрч Мөнх-Үйлсийн анхны мэдүүлэг буюу хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд авагдсан ажлын үр дүнд “...өчигдөр 23 цагийн орчимд гэртээ ирэхэд цэцэрлэгийн урд 2 хүн нэгийгээ “эцэг хүн ийм байх ёстой юм уу” гээд зодож байсан...” гэсэн нотлох баримт байдаг. Мөн гэрчээр удаа дараа байцаасан цагдаагийн ажилтан болох Тулга 2015 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнийн 01 цагийн үед гэсэн мэдүүлэг байдаг. Энэ цаг хугацааг тооцож үзэхэд хэрэг 2015 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө болсон гэдэг нь бодитой тогтоогдсон. Хэргийг шалгах явцад Тулгабаатарыг холбогдуулан шалгасан. Мөн гүйцэтгэх ажиллагааны шугамаар шалгасан боловч хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй.
Иймд Тулгабаатарыг шалгах үндэслэлгүй гэж үзэж байна. Өмгөөлөгчийн хэлсэн тайлбарт шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэсэн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар хүнийг алах гэмт хэргийн бүрдэл хангагдсан гэж үзэж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг өөрчлөн найруулагдсан байна. Харин ялын санкцийн тухайд ялын доод хэмжээ багассан байгаа. Ялтны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн. Эрүүгийн хуулийн буруу хэрэглээгүй, байцаан шийтгэх ажиллагааг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байна.
И.Энх-Амгалан, Б.Лхагвацэрэн нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 717 дугаар магадлалын шаардлага биелэгдээгүй, хэрэгт чухал ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хэргийн нөхцөл байдал, үйл баримтад тулгуурлаж хууль зүйн зөв дүгнэлт хийлгүй, дан ганц шинжээчийн дүгнэлтийг үндэслэж зүйлчлэлийг өөрчилсөн нь үндэслэлгүй болжээ.
Мөрдөн байцаалтын шатанд И.Энх-Амгалангийн яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Охин маань дутуу төрж, төрөхийн шарлалт нь арилахгүй их удаж үүнээсээ болоод л өнгөрсөн. Эмч нар эмнэлэгт хэвт гэдэг байсан боловч ар гэрийн боломжгүй байдлаас болоод хэвтүүлж чаддаггүй, гэрээр эмчилгээ хийлгэдэг байсан. Миний санаж байгаагаар өрхийн эмч нар эмнэлэгт хэвт гэж 2-3 удаа хэлж байсан...” /3-р хх-223-224/ гэж мэдүүлсэн байх бөгөөд И.Энх-Амгалан, Б.Лхагвацэрэн нар нь талийгаачид эмнэлгийн шаардлагатай тусламж үзүүлэх хэрэгтэй байгааг мэдсэн атлаа үзүүлэлгүй хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлд гэмт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор тусгасан бөгөөд анхан шатны шүүх эс үйлдэхүйн талаар огт дүгнэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг гарсан байдал”, 1.3 дахь хэсэгт “...гэм буруугийн хэлбэр” зэрэг ажиллагааг гүйцэд хийлгүй дутуу орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ялтан И.Энх-Амгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, И.Энх-Амгалан, Б.Лхагвацэрэн нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, И.Энх-Амгалан, Б.Лхагвацэрэн нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.
2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол И.Энх-Амгаланд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Лхагвацэрэнд хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Т.ӨСӨХБАЯР
Н.БАТСАЙХАН