| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигдэнгийн Батттогтох |
| Хэргийн индекс | 140/2016/00276/И |
| Дугаар | 34 |
| Огноо | 2016-11-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 34
А.*******ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхийн шүүх
хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч: Ж.Баттогтох
Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр
Бусад оролцогчид:
Нэхэмжлэгч: А.*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.*******
Нарийн бичгийн дарга Э.******* нар оролцов.
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул даргалж шийдвэрлэсэн 2016 оны 08 дугаарсарын 26-ны өдрийн 312 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.*******гийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.*******ийн эзэмшлийн Алдархаан сумын Өгөөмөр байгийн Шар тал гэх газарт байсан үнээний фермийн 2 блокон барилгын багана, дам нуруу, ПКЖ хавтан, суурийн блокыг тус сумын иргэн А.******* дур мэдэн буулган авч хувьдаа ашигласан нь холбогдох хуулийн байгууллагуудын шалгалт, үзлэг, нотлох баримтаар нотлогдсон. Иймд иргэн А.*******аас тус барилгын үлдэгдэл материалын үнэ болох Завхан аймгийн Улиастай сумын үнэлгээний комиссоос тогтоосон 14.700.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.
Хариуцагч А.*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******а анхан шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: А.******* нь ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд 2014 оны 11 сарын 18-ны өдөр тус компанийг төлөөлж хуулийн зөвлөх ажилтай Б.*******а болон Алдархаан сумын Өгөөмөр багийн Шар талд байрлах 4 корпус барилгын үлдэгдэл бетон эдлэл, ёомкостын өмчлөгч гэх Т.*******л нар нь 2014 оны 11 сарын 18-ны өдөр Г/2014/12 тоот гэрээгээр 4 корпус барилгын үлдэгдэл бетон эдлэл ёомкостыг 5.500.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлэн төлбөр тооцоог 2015 оны 01 сарын 05-ны өдөр шилжүүлсэн болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд дурьдагдсан барилгын үлдэгдэл нь 2014 оны 11 сарын 18-ны өдөр Монгол улсын Иргэний хуулийн дагуу шилжүүлэн авсан ******* ХХК-ийн хууль ёсны өмчлөлийн эд хөрөнгө юм. Дээрх эд хөрөнгө нь өмч хувьчлалын дагуу тус сумын иргэн *******ын *******лын өмчлөлд шилжсэн хөрөнгө бөгөөд үүнийгээ ч нотлодог. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгоод байгаа хуулийн байгууллагын баримт шалгалт, үзлэг нь огт хийгдээгүй, шалгагдаж байгаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл бидэнд мэдэгдсэн зүйл байхгүй байна. Иймээс уг эд хөрөнгийг А.******* нэхэмжлэх эрхгүй байх ба уг эд хөрөнгө нь ******* ХХК-ийн өмч тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А.******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: Миний бие Алдархаан сумын Өгөөмөр багийн Шар талд байрлаж байгаа барилгын үлдэгдлийг Т.*******лаас худалдаж авсан. Худалдаж авсан худалдах, худалдан авах гэрээ болон холбогдох бусад баримтуудыг эрүүгийн хэрэг шалгаж байх үед цагдаад гаргаж өгсөн байгаа. Уг барилгыг үлдэгдэл болох барилгын багана, дам нуруу, ПКЖ хавтан, суурийн блок зэргийг А.*******аас гаргуулж өгнө үү. Дээрх зүйлсийг А.******* авсан болох нь хэрэгт баримтаар өгсөн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын мэдэгдэх хуудсаар тогтоогдож байгаа юм. Завхан аймаг дахь Улиастай сумын үнэ тогтоох комиссоос миний дээрх эд хөрөнгийг 14700000 төгрөгөөр үнэлсэн. Иймд учир А.*******аас 14700000 төгрөг болон эсвэл барилагын үлдэгдэл болох барилгын багана, дам нуруу, ПКЖ хавтан, суурийн блок зэргийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг барилгыг манай компани Т.*******лаас худалдаж авсан. Бид өөрийнхөө эд хөрөнгийг л захиран зарцуулсан. А.******* энэ эд хөрөнгийн өмчлөгч биш учраас нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна гэжээ.
Анхан шатны шүүх: А.*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.*******аас 14.700.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231450 төгрөгийг улсын орлого болгож, шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
1. Анхан шатны шүүх нь шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Нэхэмжлэгч нь өөрийн шаардлагаа нотлох үүднээс эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан Завхан аймгийн Прокурорын газрын мэдэгдэх хуудас, хэрэг бүртгэгчийн тогтоол, Үнэлгээний комиссын дүгнэлт, Завхан аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт зэргийг ирүүлсэн байх боловч дээрхи баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг гаргаж өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэснийг зөрчиж, хуулбар нотлох баримт ирүүлсэн байна гэжээ.
Харин нэхэмжлэгчийн зүгээс өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор дээрхи баримтаас гадна Завхан аймгийн Прокурорын газрын 2016.06.28-ны өдрийн 5/148 тоот Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолыг тухайн байгууллагаар хуулбар үнэн тэмдэг даруулан авч, шүүхэд гарган өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дахь хэсэгт Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулна гэснийг зөрчөөгүй байхад шүүх энэхүү нотлох баримтыг дурдаагүй, үнэлэхгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 , 40.2 дахь хэсгүүдэд заасныг зөрчсөн байна гэж үзэж байна.
Мөн тус прокурорын тогтоолын Олсон нь хэсэгт ... Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн Шар тал гэх газраас иргэн А.*******ийн эзэмшлийн хоршооны блокон барилгыг 2014 оноос 2015 оны хооронд тус сумын иргэн А.******* гэгч дур мэдэн буулган авч хувьдаа ашигласан болох нь ... цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэснийг шүүх анхаарч үзэх нь зүйтэй байсан гэж үзэж байна.
2. Мөн анхан шатны шүүх нь шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нэхэмжлэгч А.******* нь хариуцагч А.*******аас нэхэмжилж буй дээрхи барилгын үлдэгдэл материалын өмчлөгч эсхүл эзэмшигч болохоо, мөн хариуцагч А.*******ы өмчлөл болон эзэмшил нь хууль бус болохыг шүүхэд баримтаар нотолж чадаагүй байна гэжээ. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан Т.*******лаас эд хөрөнгө худалдан авсан худалдах худалдан авах Г/2014/12 тоот гэрээнд зааснаар А.******* нь Т.*******лаас барилгын үлдэгдэл бетон эдлэл /юу юу орох нь тодорхойгүй/, ёмкосийг л худалдаж авсан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад хамаарах барилгын багана, дам нуруу, ПКЖ хавтан, суурийн блокыг худалдан авах талаар тохиролцоогүй байгаагаас үзэхэд хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эд зүйлийн өмчлөгч мөн гэдгээ мөн нотолж чадаагүйг шүүх анхаарч үзэлгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн байна.
3. Хавтаст хэрэгтэй танилцахад хариуцагчийн төлөөлөгч нь компанийн хуулийн зөвлөх байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд нотох баримт бүрдүүлэх, цуглуулах тал дээр эрх зүйн мэдлэг дутсан, эрх үүрэгтэйгээ сайн танилцаагүй шүүх хэргийн оролцогчийн эрхээ эдлэх, үүргээ биелүүлэх боломж нөхцлөөр хэрхэн хангасан нь ойлгомжгүй байна.
Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд нотлох баримт үнэлэхэд нотлох баримт үнэлэх шүүгчийн ажиллагаа зөвлөмжийн 1.2-т Хэрэгт цугларсан нотлох баримт маргааныг хянан шийдвэрлэхэд хангалтгүй гэж үзвэл шүүх нэмэлт баримт гаргуулах талаар зохигчид санал болгох боломжтой бөгөөд энэ ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэхгүй гэж зөвлөснөөс үзэхэд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд хөндлөнгийн байр сууринаас, идэвхи санаачлагатай байгаагүй байсан нь харагдаж байна. Үүний жишээ нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч талаас гарган өгсөн 14 ширхэг фото зураг нь хэдэн сарын хэдний өдөр авагдсан, ямар үйл баримтыг нотолж байгаа болох нь ойлгомжгүй, тайлбаргүй байгаа болохыг дурдах нь зүйтэй гэжээ. Гэтэл зохигчид шүүх хуралдаанд биеэр оролцож байхад дээрхи нотлох баримтыг нэхэмжлэгчээс асууж тодруулан тайлбарлуулах бүрэн боломжтой байсан гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэлээгүй, хэргийн оролцогчийн эрх үүргээ эдлэх боломж нөхцлөөр бүрэн хангаагүй, хэт нэг талыг барьж, хэргийг шийдвэрлэснээс анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцаан, шинээр нотлох баримт цуглуулан хэргийг хянан хэлэлцүүлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******а давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 312 дугаартай шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч гаргасан гомдолтой танилцаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******а би дараах үндэслэл бүхий хариу тайлбарыг хүргүүлж байна.
1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.******* гомдолдоо: Завхан аймгийн Прокурорын газрын 2016.06.28-ны өдрийн 5/148 тоот Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолыг тухайн байгууллагаар хуулбар үнэн тэмдэг даруулан авч, шүүхэд гарган өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дахь хэсэгт Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулна гэснийг зөрчөөгүй байхад шүүх энэхүү нотлох баримтыг дурдаагүй, үнэлэхгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 , 40.2 дахь хэсгүүдэд заасныг зөрчсөн байна гэж үзэж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан журмын дагуу авагдсан нотлох баримт гэж үзэх боломжгүй, мөн хуулийн 37.2-т заасан нотолгооны хэрэгслээр нотлогдож чадаагүй байна. Прокурор Олсон нь гэдгээ гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, гэм буруу тогтоогдоогүй, эрүүгийн эрх зүйн хүрээнд шийдэгдэхгүй, иргэний эрх зүйн маргаан гэдгийг тогтоосон бөгөөд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт гэдэгт Т.*******лтай байгуулсан Худалдах худалдан авах гэрээг татаж аваагүй болно. Прокурорын тогтоол дээр тогтоогдож байна, нотогдож байна гэж бичигддэг ч гэм буруутай эсэхийг зөвхөн шүүхээс тогтоох, шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх зарчимтай. Иймд прокурорын эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолыг нотлох баримтын хувьд ач холбогдол багатай, үнэн зөв эргэлзээгүй байж чадахгүй гэж үзэж байна.
2. Мөн гомдолдоо Т.*******лаас эд хөрөнгө худалдан авсан худалдах худалдан авах Г/2014/12 тоот гэрээнд зааснаар А.******* нь Т.*******лаас барилгын үлдэгдэл бетон эдлэл /юу юу орох нь тодорхойгүй/, ёмкосийг л худалдаж авсан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад хамаарах барилгын багана, дам нуруу, ПКЖ хавтан, суурийн блокыг худалдан авах талаар тохиролцоогүй байгаагаас үзэхэд хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эд зүйлийн өмчлөгч мөн гэдгээ мөн нотолж чадаагүйг шүүх анхаарч үзэлгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн байна гэжээ.
Хариуцагчийн зүгээс хэрэгт Завхан аймгийн Алдархаан сум, Мандаат баг, 1-р хороо 4-05 тоот хаягт оршин суух ******* овогтой *******л РД:ИА48110713 болон ******* ХХК-ийг төлөөлөн хуулийн зөвлөх ажилтай Бямбадоржийн *******а нарын хооронд 2014.11.18-ны өдрийн Г/2014/12 тоот гэрээ, Хаан банкны 2015.01.05-ны өдрийн төлбөр шилжүүлсэн баримтыг нотариатаар гэрчлүүлэн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг гэрээний 1.1-т Гэрээний нөхцлийн дагуу худалдагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй 4 кордус барилгын үлдэгдэл бетон эдлэл, Ёмкость /цаашид хөрөнгө гэнэ/ түүнтэй холбоотой баримт бичгийг Худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хөрөнгийг хүлээн авч, төлбөрийг хийнэ. Мөн гэрээний 8. Нэмэлт нөхцөл хэсэгт Ёмкость-Ус нөөцлөх сав, хөрөнгө-дөрвөн корпус барилгын үлдэгдэл бетон эдлэл гэж тодорхой бичигдсэн байгааг гомдолд үг, үсэг хасч утгыг өөрчлөн тайлбарласан байна. Нэхэмжлэлд дурдсан 4 корпус барилгын үлдэгдэл бетон эдлэл нь Монгол улсын Иргэний хуулийн дагуу шилжүүлэн авсан ******* ХХК-ийн хууль ёсны өмчлөлийн эд хөрөнгө юм.
Хавтаст хэрэгтэй танилцахад хариуцагчийн төлөөлөгч нь компанийн хуулийн зөвлөх байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд нотох баримт бүрдүүлэх, цуглуулах тал дээр эрх зүйн мэдлэг дутсан, эрх үүрэгтэйгээ сайн танилцаагүй шүүх хэргийн оролцогчийн эрхээ эдлэх, үүргээ биелүүлэх боломж нөхцлөөр хэрхэн хангасан нь ойлгомжгүй байна гэжээ.
Иргэний хэрэг үүсгэсэн даруй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх, үүрэг 32.4-т заасны дагуу өмгөөлөгч авах эрхтэй, 38.1 дэх хэсэгт ... нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж нэхэмжлэгч гарын үсэг зурсан баримт хавтаст хэрэгт авагдсан байна. Мөн шүүх хуралдаан дээр шинээр гаргах нотлох баримт байна уу? гэж асуусан, өмгөөлөгч авна гэж хэлээгүй зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн эрх, үүргээ мэдээгүй, ойлгоогүй гэж үзэхээргүй байна. Иргэний хуулийн 3.7-д хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Улсын дээд шүүхийн 2008.10.10-ны өдрийн зөвлөмжийг дурдсан байх бөгөөд Зөвлөмж-гэдэг нь удирдлагын үйл ажиллагааг сайжруулах болсон бодлого шийдвэрт тусгуулах санал, зөвлөгөөг хураангуйлан нэгтгэсэн баримт бичиг бөгөөд заавал дагаж мөрдөх санал биш юм.
Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тодорхойлж, зохигчдын гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол дээр дурдсан үндэслэлүүдээр үгүйсгэгдэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч А.******* нь Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн Шар тал гэх газарт байсан үнээнийн фермийн 2 блокон барилгын багана, дам нуруу, ПКЖ хавтан, суурийн блокыг А.******* нь дур мэдэн буулган авч хувьдаа ашигласан гэж түүнээс 14700000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь эрүүгийн хэргийн материалаас 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 5/159 дугаартай прокурорын мэдэгдэх хуудас, хэрэг бүртгэгчийн тогтоол, Завхан аймгийн Улиастай сумын үнэлгээний комиссын үнэлгээ, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 5/148 дугаар бүхий эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол, алдагдсан гэх эд зүйлийн гэрэл зураг бүхий баримтуудыг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн дээрх бичмэл баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтууд байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт шаардлага хангаагүй гэж үнэлээгүйгээс гадна хэрэгт авагдсан 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 5/148 дугаар бүхий эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолд үнэлэлт дүгнэлт өгөлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтуудтай нийцээгүй байна.
Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт ямар ч хуулийн зүйл заалт баримтлаагүй, улсын тэмдэгтийн хураамжийг ямар хууль тогтоомжийн дагуу хэрхэн хуваарилсан эсэх нь ойлгомжгүй тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь заалтад нийцээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
Үүнээс гадна шүүх нэхэмжлэгч А.******* нь Барилга үйлдвэрлэл, худалдааны Зуурмаг ХХК,-ны захирал, хариуцагч А.******* нь ******* ХХК-ны захирал гэсэн тамга тэмдэг бүхий хэвлэмэл хуудсаар Цагдаагийн газар болон шүүхэд тайлбар ирүүлсэн байхад шүүх хэргийн оролцогч аль нь болохыг оролцогчоос тодруулаагүй байгааг хэргийг дахин шийдвэрлэхдээ анхаарах нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах ньүндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 312 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231450 /хоёр зуун гучин нэгэн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН
Б.АРИУНБАЯР