Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00284

 

 “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2017/02228 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2017/02230 дугаар магадлалтай

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Г, Т.Э  нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 2 153 876 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Т.Э-ын гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэв-Очир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл, хариуцагч Т.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Г, Т.Э- нар нь 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Тоёота королла фийлдер /Toyota corolla fielder/ маркийн, 34-12 УНХ улсын дугаартай автомашиныг барьцаалж 4 000 000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч нар нь удаа дараа хугацаа хэтрүүлсэн, 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс гэрээний хугацааг 3 сараар, уг хугацаа дуусахад дахин 3 сараар гэх мэт нийт 4 удаагийн давтамжтайгаар сунгуулсан. Б.Г, Т.Э- нарыг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс хойш зээлээ яаралтай төлөхийг шаардсан ч санхүүгийн хүндрэлтэй байна, банкнаас зээл аваад танай зээлийг төлнө, барилгын аж ил санхүүжилт зогссон гэх мэт шалтаг шалтгаан хэлсээр өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд Т.Э- нь барьцааны авто машиныг 2-3 удаа осолд оруулж гэмтэл учруулж, дан ганц барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах боломжгүй болсон. Хариуцагч нар хүүгээс 4 979 394 төгрөг, үндсэн зээлд 2 032 123.31 төгрөг төлсөн. Энэ тооцоонд машиныг 3 000 000 төгрөгт зарж орж ирсэн мөнгө орж тооцогдсон. Уг 3 000 000 төгрөгөөс зээлд 1 027 227.79 төгрөг, хүүд 1 667 271 төгрөг тооцсон.

Барьцааны зүйл болох автомашиныг зарахаас өмнө хариуцагч нар үндсэн зээлээс 1 004 895.52 төгрөг, хүү 3 312 122.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 267 151.77 төгрөг, нийт 4 584 170,03 төгрөгийг төлсөн байсан. Машин зарсан өдрөөс хойш зээлд 1 967 876.69 төгрөг, 93 хоногийн зогсоолын төлбөр 186 000 төгрөг, нийт 2 153 876 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Г, Т.Э  нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Уг автомашин нь өмнөх гэрээний дагуу угаасаа нэхэмжлэгчийн өмчлөлд гэрчилгээ нь гарсан байсан. Бид гэрээг сунгасан тал дээр маргахгүй. Мөн нэхэмжлэгчийн тооцоолсон мөнгөний тооцоолол, хэмжээн дээр маргахгүй. Бидний автомашиныг нэхэмжлэгч талаас хураан авч бусдад 3 000 000 төгрөгөөр зарж, борлуулсан, зарлаа гэж утсаар хэлж байсан. Уг нь гэрээнд автомашины үнийг 5 000 000 төгрөгөөр тохирсон байхад хэт доогуур үнээр, надаас зөвшөөрөл авалгүй бусдад 3 000 000 төгрөгөөр зарсан. Энэ нь бидний эрх ашгийг зөрчиж байна. Ийм хямдхан зарагдах учиргүй. Бид удаан хугацааны турш гэрээний үүргээ биелүүлж чадалгүй, нэхэмжлэгчийг тодорхой хэмжээгээр хохироосон нь үнэн тул 1 000 000 төгрөгийг төлөх боломжтой гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2017/02228 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.Г, Т.Э- нараас 1 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “П” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 153 876.69 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г, Т.Э- нараас 28 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “П” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2017/02230 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2017/02228 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1 000 000” гэснийг “1 967 876” гэж, “1 153 876.69” гэснийг “186 000” гэж, 2 дахь заалтын “28 550” гэснийг “46 436” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “П” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32 250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Э- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Т.Э миний бие тус ББСБ-аас 2015 онд тоёота кролла фейлдер маркийн машинаа барьцаалж 4 сая төгрөгийн зээл авсан. Барьцаалах үедээ уг машины үнийг 5 сая төгрөгт тохирсон юм. Гэтэл нэхэмжлэгч тал машиныг хураан авч бусдад 3 сая төгрөгөөр зарж борлуулсан, анхан шатны шүүх машиныг бусдад худалдан борлуулснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж дүгнэсэн. Гэтэл давж заалдах шүүх 967 876 төгрөг нэмж гаргуулах шийдвэр гаргасан.

Энэ зээлийн гэрээний агуулга нь фидуцийн гэрээний шинжийг агуулсан үүрэг гүйцэтгүүлэгч үл маргах журмаар фидуцийн зүйлээс төлбөрийг барагдуулдаг тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “П” ХХК нь Б.Г, Т.Э  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, хохиролд нийт 2 153 876.69 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар зохигчид 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 11-15011766 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр хариуцагч нар нь нэхэмжлэгч байгууллагаас 4 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5%-ийн хүүтэй зээлж, гэрээгээр тохирсон эргэн төлөх хуваарийн дагуу зээлийн төлж барагдуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, Тоёото королла фийлдэр маркийн 34-12УНХ дугаартай автомашиныг 5 000 000 төгрөгөөр үнэлж, өмчлөх эрхийг шилжүүлсэн байна.

Зээлийн гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх гэрээ хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна, зохигчид гэрээний талаар маргаагүй болно.

Гэрээний хугацаа дуусахад зээлдэгч нарын хүсэлтээр зээлийн гэрээг 4 удаа нийт 1 жил 3 сарын хугацаагаар сунгасан, энэ хугацаанд зээлийн төлбөрт 3 565 827 төгрөгийг төлсөн, 2016 оны 08 дугаар сараас зээлийн төлбөрийг төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлд шилжүүлсэн автомашиныг бусдад 3 сая төгрөгөөр зарж төлбөрт шилжүүлэн авсан бөгөөд үлдэгдэл төлбөрт 1 967 876 төгрөгийг автомашины зогсоолын төлбөр 186 000 төгрөгийн хамт нийт 2 153 876.69 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн  үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч нар автомашиныг харилцан тохирч үнэлсэн 5 000 000 төгрөгөөр тооцож, төлбөр төлөгдсөн гэж маргасан боловч зээлийн төлбөрийг төлж барагдуулалгүй хугацаа хэтрүүлсэн буруугаа хүлээн зөвшөөрч 1 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4.-т зааснаар эд хөрөнгийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлснээр гэрээний үүрэг дуусгавар болсон гэж дүгнээд, хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, зээлийн үлдэгдэл төлбөр 1  967 876 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй байх тул магадлал үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар гэрээний хугацааг нэг удаа буюу 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасан сунгалт хуулийн шаардлагад нийцсэн, түүнээс хойшхи сунгалт гэрээний хугацаа өнгөрсний дараа нөхөж сунгаж байсан тул 2015 оны 10 дугаар сарын 05-наас хойш гэрээг сунгагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд 2015 оны 10 дугаар сарын 05-наас хойш төлсөн төлбөрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4.-т заасан дарааллын дагуу үндсэн зээлээс хасч тооцвол үндсэн зээл төлөгдөж дууссан, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн Зээлийн дансны хуулгаар гэрээний үүрэг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр дууссан болох нь тогтоогдсон байна. /хх 22-24/

Түүнчлэн зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу гэрээний хугацаанд зээлийн хүүг төлж, гэрээний хугацаа дуусгавар болоход үндсэн зээлийг төлж барагдуулахаар тохиролцсон атлаа хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар зээлдүүлэгч гэрээний хугацаанд зээлдэгчээс 40 666.67 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд тооцож авч байсан байх тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нэхэмжлэлийг хангах шаардлагыг нотлохгүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2017/02230 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2017/02228 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Т.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27 779 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.УНДРАХ

           ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД