Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/02230

 

П к ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2017/02228 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: П к ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Г, Т.Э нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 2 153 876 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

Нэхэмжлэгч П к ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэв-Очирын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Б.Г, Т.Э нар нь 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Тоёота королла фийлдер” /Toyota corolla fielder/ маркийн, 34-12 УНХ улсын дугаартай автомашиныг  барьцаалж 4 000 000 төгрөгийн зээл авсан.  Зээлдэгч нар нь удаа дараа хугацаа хэтрүүлсэн,  2015 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс  гэрээний хугацааг  3 сараар, уг хугацаа дуусахад дахин 3 сараар гэх мэт нийт 4 удаагийн давтамжтайгаар сунгуулсан. Б.Г, Т.Э нарыг 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс хойш зээлээ яаралтай төлөхийг  шаардсан ч “санхүүгийн хүндрэлтэй байна, банкнаас зээл аваад танай зээлийг төлнө, барилгын ажил санхүүжилт зогссон” гэх мэт шалтаг шалтгаан хэлсээр өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд Т.Э нь барьцааны авто машиныг 2-3 удаа осолд оруулж гэмтэл учруулж, дан ганц барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах боломжгүй болсон. Хариуцагч нар хүүгээс  4 979 394 төгрөг, үндсэн зээлд  2 032 123.31 төгрөг төлсөн. Энэ тооцоонд машиныг 3 000 000 төгрөгт зарж орж ирсэн мөнгө  орж тооцогдсон. Уг 3 000 000 төгрөгөөс зээлд 1 027 227.79 төгрөг, хүүд  1 667 271 төгрөг тооцсон.

Барьцааны зүйл болох автомашиныг зарахаас өмнө хариуцагч нар үндсэн зээлээс 1 004 895.52 төгрөг, хүү 3 312 122.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 267 151.77 төгрөг, нийт 4 584 170,03 төгрөгийг төлсөн байсан. Машин зарсан өдрөөс хойш  зээлд 1 967 876.69 төгрөг, 93 хоногийн зогсоолын төлбөр 186 000 төгрөг, нийт 2 153 876 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Г, Т.Э нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг автомашин нь өмнөх гэрээний дагуу угаасаа нэхэмжлэгчийн өмчлөлд гэрчилгээ нь гарсан байсан. Бид гэрээг сунгасан тал дээр маргахгүй. Мөн нэхэмжлэгчийн тооцоолсон мөнгөний тооцоолол, хэмжээн дээр маргахгүй. Бидний автомашиныг нэхэмжлэгч талаас хураан авч бусдад 3 000 000 төгрөгөөр зарж, борлуулсан,  зарлаа гэж утсаар хэлж байсан. Уг нь гэрээнд автомашины үнийг 5 000 000 төгрөгөөр тохирсон байхад хэт доогуур үнээр, надаас зөвшөөрөл авалгүй бусдад 3 000 000 төгрөгөөр зарсан. Энэ нь бидний эрх ашгийг зөрчиж байна. Ийм хямдхан зарагдах учиргүй.  Бид удаан хугацааны турш гэрээний үүргээ биелүүлж чадалгүй, нэхэмжлэгчийг тодорхой хэмжээгээр хохироосон нь үнэн тул 1 000 000 төгрөгийг төлөх боломжтой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.Г, Т.Э нараас 1 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Пк ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 153 876.69 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г, Т.Э нараас 28 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Пк ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Туул давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх гэрээний нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдах хэд хэдэн заалтыг нотлох баримтаар үнэлж шийдвэрээ гаргаагүй. Зээлийн гэрээний 2.9, 2.10, 2.14.2, 3.9, 5.5, 5.11, Үүргийн гуйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 4.2.2, 4.2.4-т заалтуудад зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлсэн тохиолдол, тухай эд хөрөнгийг зээлийн гэрээний үүрэг биелүүлэх хугацаа дууссаны дараа зах зээлийн ханшаар худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна, хэрэв зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг худалдан борлуулсаны үнээр гүйцэтгүүлж хүрэлцэхгүй тохиолдолд зээлдэгчийн бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж талууд харилцан тохиролцсон байсан.

Түүнчлэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 6-р зүйлд тухайн гэрээг талууд ямар тохиолдолд дуусгавар болгох талаар харилцан тохиролцсон байсан юм. Гэтэл шүүх автомашиныг худалдан борлуулсан талаар маргаагүй, мөнгө төлөх үүргээ хариуцагч нарын зүгээс хугацаандаа биелүүлээгүй тул 34-12 УНХ улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч компани бусдад худалдан борлуулсанаар зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж дүгнэсэн нь буруу. Иймд  шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “П к ББСБ” ХХК нь хариуцагч Б.Г, Т.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 153 876 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч барьцааны зүйл болох 5 000 000 төгрөгийн үнэлгээтэй байхаар тохиролцсон автомашиныг 3 000 000 төгрөгөөр худалдан борлуулж бидний эрх ашгийг хохироосон, автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүрэг дуусгавар болсон, одоо 1 000 000 төгрөг л төлөх боломжтой гэж маргажээ.

 

Б.Г, Т.Э нар нь 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 11-15011766 тоот зээлийн гэрээгээр П к ББСБ ХХК-иас  4 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр өмчлөлдөө шилжүүлэн авсан. Зохигчид үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 34-12 УНХ улсын дугаартай Тоёота королла фийлдер /Toyota corolla fielder/ маркын авто машиныг өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж,  автомашин зээлдүүлэгчийн нэр дээр бүртгэгдсэн,  зээлдэгч нар машиныг унаж ашиглах эрхтэй  байхаар тохиролцсон. Талууд зээлийн гэрээний хугацааг сунгасанд, түүнчлэн гэрээний завсрын, төлбөр төлөх графикт хугацаануудыг зээлдэгч нар зөрчиж байсан, гэрээний хугацаа дууссанаас хойш үүргээ бүрэн биелүүлээгүй  үйл баримтад маргаагүй.  /хх-ийн 7-21/

 

 Талууд фидуцийн зүйл болох автомашиныг хэдийд бодитойгоор гаргуулан авсан гэж үзэх, үүрэг дуусгавар болсон эсэх, гэрээнд автомашины үнийг 5 000 000 төгрөгөөр тохиролцсон байхад 3 000 000 төгрөгөөр борлуулж үүргийн гүйцэтгэлд суутгасан нь зөв эсэх, фидуцийн зүйлийг зарсаны дараа нөхөгдөөгүй үлдсэн хэсгийг хариуцагч нар төлөх үүрэгтэй эсэхэд маргажээ.

Фидуцийн гэрээ нь талуудын итгэлцэл дээр тулгуурладаг, үүрэг гүйцэтгэгч нь өөрийн өмчлөлийн хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд урьдчилан шилжүүлж,  үүрэг зөрчигдөх тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч үл маргах журмаар фидуцийн зүйлээс төлбөрийг барагдуулдаг харилцаа юм.

 

Анхан шатны шүүх автомашиныг нэхэмжлэгч эзэмшилдээ авснаар фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж тайлбарласан нь буруу болжээ. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар фидуцийн зүйлийг бодитойгоор гаргуулан авч, захиран зарцуулах хүртэл зээлийн гэрээний үүрэг дуусгавар болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн автомашиныг худалдсан 2017 оны 6 дугаар сарын 07-ний өдөр хүртэл хариуцагч нар нь зээл, хүү төлөх үүрэгтэй байна.

 

Түүнчлэн хариуцагч нар гэрээгээр фидуцийн зүйлийг осол гэмтэлд оруулахгүй, аливаа хохирлоос ангид байлгах, энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээхээр заасан. Хариуцагч нарын ашиглалтад байх үед автомашин осолд орж үнэлгээ буурсан гэх нэхэмжлэгчийн тайлбар, гэрээний хугацаа дууссаны дараа хийлгэсэн үнэлгээчний үнэлгээ зэргийг хариуцагч нар баримтаар няцаагаагүй болно.

 

Иймд нэхэмжлэгч тал автомашиныг борлуулсан үнэ болох 3 000 000 төгрөгийг суутган тооцож, төлөгдөөгүй үлдсэн 1 967 876 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг буруутгах боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасан агуулгад нийцжээ. Хариуцагч нарын диспозитив зарчмын хүрээнд 1 000 000 төгрөг төлнө гэж зөвшөөрсөн бөгөөд нэмж 967 876 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

 

Харин Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь фидуцийн зүйлийн өмчлөгчийн хувьд өмч хөрөнгөө арчлан хамгаалах, хадгалах үүргээ биелүүлэх, үүнтэй холбогдон гарсан  зардлыг  өөрөө гаргах зарчимтай юм. Иймд зогсоолын төлбөр 186 000 төгрөгийн шаардлага хангагдах үндэслэлгүй. Түүнчлэн дээрх 186 000 төгрөгийн зардал нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үүрэг хүлээгчийн үүргээ зөрчсөн үйлдэлтэй холбогдон гарсан хохирол гэх үндэслэл  тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд нийцүүлэн хувиарлаж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2017/02228 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1 000 000” гэснийг “1 967 876” гэж, “1 153 876.69” гэснийг “186 000” гэж, 2 дахь заалтын “28 550” гэснийг “46 436” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “П к ББСБ” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32 250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

                                                                        Ш.ОЮУНХАНД