Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2228

 

2017 оны 08 сарын 14 өдөр

   Дугаар 102/ШШ2017/02228

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 8-2 тоотод оршин байх, “Прогресскапитал ББСБ” ХХК /РД:5366283/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 01 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 61 дүгээр байр, 67 оршин суух, Боржигин овогт Бямбаноровын Гэрэлтгуа /РД:ес78050547/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 01 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 61 дүгээр байр, 67 оршин суух, Боржигон овогт Түдэвдоржийн Эрдэнэбаяр /РД:чж69031018/-д нарт холбогдох,

 

гэрээний үүрэгт 2,153,876.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэв-Очир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл /0303/, хариуцагч Ц.Гэрэлтуяа, Т.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Гэрэлтгуа, Т.Эрдэнэбаяр нар нь 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагад биечлэн хандаж Б.Гэрэлтгуагийн эзэмшлийн “Тоёота королла фийлдер” /Toyota corolla fielder/ маркийн, 34-12 УНХ улсын дугаартай автомашиныг унаж явах нөхцөлөөр барьцаалж 4,000,000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргасныг нь бид хүлээн авч судлаад иргэн Б.Гэрэлтгуа, Т.Эрдэнэбаяр нарт 4,000,000 төгрөгийн зээлийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлүүлэхээрболсон. Зээлийн хорооны хурлын шийдвэрээр 11-15011766 дугаартай зээлийн болон фидуцийн гэрээг талууд харилцан тохирч, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэний үндсэн дээр байгуулсан ба мөнгийг бэлнээр өөрт нь олгосон болно. Зээлдэгч Б.Гэрэлтгуа, Т.Эрдэнэбаяр нар нь зээл авснаас хойш удаа дараа хугацаа хэтрүүлж зээлээ төлж байсан ба 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс зээлийн гэрээний хугацаа дууссаныг 3 сарын хугацаатай сунгуулах хүсэлт удаа дараа гаргасныг бид хуралдан сунгалтын гэрээг 3 сараар хийж өгсөн. 3 сарын хугацаа дууссаны дараа сунгалт хийлгэх хүсэлт удаа дараа гаргаж зээлийг тус бүр 3 сарын хугацаатай 4 удаагийн давтамжтайгаар сунгуулж өгсөн ч зээлийн гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлж чадахгүй хугацаа хэтэрч байсан. Иргэн Б.Гэрэлтгуа, Т.Эрдэнэбаяр нарыг 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс хойш зээлээ яаралтай төлөх талаар манай байгууллагаас удаа дараа шаардаж байсан боловч хариуцагч нь “санхүүгийн хүндрэлтэй байна, банкнаас зээл аваад танай зээлийг төлнө, барилгын ажил санхүүжилт зогссон” гэх мэт шалтаг шалтгаан хэлсээр өнөөдрийгхүрлээ. Энэ хугацаанд иргэн Т.Эрдэнэбаяр нь барьцаа хөрөнгө болох автомашиныг 2-3 удаа осолд оруулж гэмтэл учруулсан ба дан ганц барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах боломжгүй болсон. Иймд хариуцагч Б.Гэрэлтгуа, Эрдэнэбаяр нараас үндсэн зээлийн үлдэгдэл 1,967,876.69, зогсоолын төлбөр 186,000 төгрөг, нийт 2,153,876.69 төгрөгийг шаардаж байгаа тул төлбөрийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэв-Очир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Зээлдэгч Б.Гэрэлтгуа, Т.Эрдэнэбаяр  нар нь зээлийг удаа дараа хугацаа хэтрэлттэй төлж байсан. Зээлийн гэрээ 2015 оны 7 дугаар сарын 5-ны өдөр дууссанаас хойш зээлдэгч нь өөрийн хүсэлтээр 3 сарын хугацаатай, 4 удаагийн давтамжтай сунгалт хийлгэсэн ба хамгийн сүүлд 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Тухайн өдрөөс хойш нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй.Түүнчлэн зээлтэй байх хугацаанд автомашиныг удаа дараа осолд оруулж, гэмтэл учруулсан. Ингээд бид барьцаа хөрөнгийг буюу автомашиныг 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хурааж аваад 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 3,000,000 төгрөгөөр бусдад зарсан. Бусдад барьцаа хөрөнгийг худалдан борлуулах талаараа хариуцагч нарт удаа дараа сануулсан боловч ямар нэг арга хэмжээг аваагүй.  

Хариуцагч нараас зээл авснаас хойш хүүнээс 4,979,394 төгрөг, үндсэн зээлээс 2,032,123.31 төгрөгийг өгсөн. Энэ мөнгөнд машин 3,000,000 зарагдсан мөнгө орсон байгаа бөгөөд сүүлд машин зарсан 3,000,000 төгрөгөөс үндсэн зээлийн үлдэгдэл 1,027,227.79 төгрөг хасагдсан. Хүүгээс 1,667,271 төгрөг тооцсон. Барьцааны зүйл болох автомашиныг зарахаас өмнө хариуцагч нар үндсэн зээлээс 1,004,895.52 төгрөг, хүү 3,312,122.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 267,151.77 төгрөг, нийт 4,584,170,03 төгрөгийгтөлсөн. Машин зарсан өдрөөс хойш үндсэн зээлд 1,967,876.69 төгрөг, 93 хоногийн зогсоолын төлбөр 186,000 төгрөг, нийт 2,153,876 төгрөг нэхэмжилж байгаа.

Хариуцагч нарын зүгээс автомашиныг 3,000,000 төгрөгөөр буюу хямдхан зарсан гэж маргаж байна. Гэтэл манай байгууллага автомашиныг зарахдаа хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгэдэг. Зээлийн гэрээ дууссан, үүргээ гүйцэтгэхгүй байгаа учраас фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж өөрсдийгөө хохиролгүй болгож зээлийг хаах арга хэмжээ авдаг.

Хариуцагч нар барьцаалсан автомашиныг үнэтэй авсан байж болно. Гэхдээ унаж яваа тээврийн хэрэгсэл онцлогтой буюу үнэлгээ нь жил ирэх тусам буурдаг. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь манайд байхгүй, өөрсдөө унаад явахаар осолд оруулаад байдаг. Машин элэгдэл хорогдол, гэмтэл учраад байдаг. Тэгээд үнэлгээ хийлгэдэг. Хүмүүс машинаа барьцаалаад унаж явах нөхцөлтэй зээл авчихаад машинаа өгөх дургүй байдаг. Машинаа барьцаалснаасаа илүү эд нар машинаараа их ажил амжуулж байгаа. Тэгээд манай эрсдэл ихсээд байдаг учраас машиныг хурааж авъя гэхээр хүмүүс өгдөггүй. Хугацаа дууссанаас хойшшаардаад, шаардаад ирдэггүй. Үүний араас зөндөө явдаг. Ингэж байж энэ машиныг зогсоолд зогсоодог. Гэрээн дээр өнөөдрийн хариуцагчийн татгалзаад байгаа нөхцлүүд бүгд байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Ц.Гэрэлтуяа, Т.Эрдэнэбаяр нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр нэхэмжлэгч “Прогресскапитал ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 4,000,000 төгрөгийг авсан ба барьцаанд нь өөрсдийн 34-12УНХ улсын дугаартай, “Тоёота королла фийлдер” /Toyota corolla fielder/ маркийн автомашиныг барьцаалсан. Өмнө нь нэхэмжлэгч байгууллагаас зээл авч, хамтран ажиллаж байсан бөгөөд уг автомашин нь өмнөх гэрээний дагуу угаасаа нэхэмжлэгчийн өмчлөлд гэрчилгээ нь гарсан байсан. Бид гэрээ байгуулсан удаа дараа гэрээг сунгасан тал дээр маргахгүй. Мөн нэхэмжлэгчийн тооцоолсон мөнгөний тооцоолол, хэмжээн дээр маргахгүй. Бид зээлийг амьдралын боломжгүй байдлаас болж төлж чадаагүй. Бидний автомашиныг нэхэмжлэгч талаас хурааж авсан бөгөөд бусдад 3,000,000 төгрөгөөр зарж, борлуулсан. Бидэнд барьцааны зүйл болох автомашиныг бусдад зарлаа гэж утсаар хэлж байсан.

2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 11-15011766 тоот “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-нд 34-12 УНХ улсын дугаартай, “Тоёота королла фийлдер” /Toyota corolla fielder/ маркийн автомашиныүнийг 5,000,000 төгрөгөөр тохирсон байхад “Прогресскапитал ББСБ” ХХК нь уг автомашиныг бусдад хэт доогуур үнээр, надаас зөвшөөрөл авалгүй бусдад 3,000,000 төгрөгөөр зарсан. Энэ нь бидний эрх ашгийг зөрчиж байгаа бөгөөд бидний барьцаанд байсан автомашин нь ийм хямдхан зарагдах учиргүй гэж үзэж байна. Иймд учраас бид 2,153,876.69 төгрөгийг төлж чадахгүй, харин нэгэнт удаан хугацааны турш гэрээний үүргээ биелүүлж чадалгүй, нэхэмжлэгчийг тодорхой хэмжээгээр хохироосон нь үнэн тул 1,000,000 төгрөгийг төлөх боломжтой гэжээ.  

 

Хэрэгт цугларсан баримтууд, зохигчийн тайлбарыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Прогресскапитал ББСБ” ХХК нь хариуцагч Б.Гэрэлтгуа, Т.Эрдэнэбаяр нарт холбогдуулж гэрээний үүрэгт нийт 2,153,876.69 төгрөгийг шаардаж шүүхэд ханджээ. 

 

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Нэг талаас “Прогресскапитал ББСБ” ХХК, нөгөө талаас Б.Гэрэлтгуа, Т.Эрдэнэбаяр нар 2015 оны 01 дүгээр сарын 05-ныөдөр 11-15011766 тоот “зээлийн гэрээ” байгуулсан ба уг гэрээгээр хариуцагч нар нэхэмжлэгч байгууллагаас 4,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж авчээ.

 

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдрөө 11-15011766 тоот “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-г байгуулж 34-12 УНХ улсын дугаартай, “Тоёота королла фийлдер” /Toyota corolla fielder/маркийн автомашиныг “Прогресскапитал ББСБ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн ба талууд дээрх гэрээнүүдийг 2015 оны 7 дугаар сарын 04, 2015 оны 10 дугаар сарын 16, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрүүдэд сунгаж байжээ /хх 7-20 хуудас/. 

 

Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд уг үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож талууд 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулсан байна гэж дүгнэлээ.    

 

Зохигчид дээрх гэрээг байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр эсэх, мөн гэрээний дагуу хийсэн төлбөрийн хэмжээн дээр маргаагүй.

 

Хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул бид “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-нд заасны дагуу 34-12 УНХ улсын дугаартай, “Тоёота королла фийлдер” /Toyota corolla fielder/маркийн автомашиныг бусдад 3,000,000 төгрөгөөр зарсан. Уг 3,000,000 төгрөг нь гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхөд хүрэлцээгүй учраас хариуцагч Б.Гэрэлтгуа, Эрдэнэбаяр нараас үндсэн зээлийн үлдэгдэл 1,967,876.69төгрөг, автомашиныг бусдад худалдан борлуулах хүртэл хугацааны зогсоолын төлбөр 186,000 төгрөг, нийт 2,153,876.69 төгрөгийг шаардах эрхтэй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөрийн шаардлагын үндэслэлийг тайлбарлав.    

 

2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 11-15011766 тоот “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-нд 34-12 УНХ улсын дугаартай, “Тоёота королла фийлдер” /Toyota corolla fielder/ маркийн автомашиныүнийг 5,000,000 төгрөгөөр тохирсон байхад “Прогресскапитал ББСБ” ХХК нь уг автомашиныг бусдад 3,000,000 төгрөгөөр зарсан нь гэрээнд нийцэхгүй тул нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж хариуцагч нар татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1.-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг фидуцийн гэрээ гэх бөгөөд үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Хариуцагч Б.Гэрэлтгуа, Т.Эрдэнэбаяр нар 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 11-15011766 тоот “зээлийн гэрээ”-ний үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч тал 34-12 УНХ улсын дугаартай, “Тоёота королла фийлдер” /Toyota corolla fielder/маркийн автомашиныг бусдад 3,000,000 төгрөгөөр тооцож худалдсан ба ийнхүү зарахдаа хариуцагч нарт мэдэгдсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна. 

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх гэрээ нь үүрэг хүлээгчийн мөнгө төлөх үүргийг хангах зорилгоор байгуулагдсан, зээлийн гэрээний салшгүй хэсэг ба мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.4.-т “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж заажээ.

Мөнгө төлөх үүргээ хариуцагч нарын зүгээс хугацаандаа биелүүлээгүй тул 34-12 УНХ улсын дугаартай, “Тоёота королла фийлдер” /Toyota corolla fielder/ маркийн автомашиныг нэхэмжлэгч компани бусдад худалдан борлуулснаар зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.

 

Харин хариуцагч нарын “...бид одоо 1,000,000 төгрөгийг л нэхэмжлэгчид төлнө” гэсэн тайлбарыг үндэслэж Б.Гэрэлтгуа,Т.Эрдэнэбаяр нараас 1,000,000 төгрөгийг гаргуулж  “Прогресскапитал ББСБ” ХХК-д олгуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагчБ.Гэрэлтгуа, Т.Эрдэнэбаяр нараас 1,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Прогресскапитал ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,153,876.69 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,500төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гэрэлтгуа, Т.Эрдэнэбаяр нараас 28,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Прогресскапитал ББСБ” ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                           Н.ХАНГАЛ