Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/00355

 

Э.Л-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 877 дугаар шийдвэр

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 160 дугаар магадлалтай

Э.Л-гийн нэхэмжлэлтэй

“Т” ХК, Л.Э- нарт холбогдох

30 974 000 төгрөг гаргуулах, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндсэн нэхэмжлэлтэй,

эд хөрөнгийн үнэ болох 7 716 100 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Э.Л-, түүний өмгөөлөгч Б.Содболд нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Л-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтогтох, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Э.Л- нь 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Дархан Уул аймгийн 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Т” ХК-ийн Алтан сагс захад байрлах 7 дугаар цайны газрыг 1  сарын 1 200 000 төгрөгөөр түрээсэлж ажиллуулж эхэлсэн. ... 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Л.Э-, Д.Энхтогтох хоёртой уулзсан. Надад талбайн түрээс нь 850,000 төгрөг, 5-6 жил ажиллуулж болно. Илүү түрээсийн төлбөр авна гээд түрээс 850,000 төгрөг, илүү түрээсийн төлбөр 350,000 төгрөг, нийт 1,200,000 төгрөгийг сар болгон өгөхөөр харилцан тохиролцсон. Би 2014 оны 06 дугаар сард цайны газраа ажиллуулж эхлэхээс өмнө бүх, сандал ширээг сольсон. 2014 оны 08 дугаар сард гал тогооны техник төхөөрөмжийг бүгдийг нь шинэчилсэн. Миний хувьд түрээсийн мөнгөө цаг тухайд нь төлж байсан. 2015 оны 04 дүгээр сард цайныхаа газрын ханын плита, шалны плита, вакум цонх зэрэг зүйлийг шинэчилсэн. Засвар хийсний дараа Л.Э- намайг гэрээгээ дуусгаад гар гэж хэлсэн. Ингээд би 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр цайны газраа чөлөөлж өгсөн. Миний хувьд хариуцагч “Т” ХК-иас засварын хөлс 2,374,000 төгрөг, ажлын хөлс 1,000,000 төгрөг, 5-6 жилийн хугацаатай ажиллуулж болно гэсэн яриагаа биелүүлээгүй учраас 23 сар ажилласан түрээсийн мөнгө 19,550,000 төгрөгийг гаргуулах, хариуцагч Л.Э-аас илүү төлсөн түрээсийн мөнгө 8,050,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Т” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Манай байгууллагаас нэхэмжилж байгаа 19,550,000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Тухайн үйл ажиллагаа явуулж байгаа түрээслэгч нар урсгал засварын зардлыг өөрийн хөрөнгөөр хийх шаардлагатай болохыг гэрээндээ тусгасан байдаг. Э.Л- нь түрээсийн төлбөрийг хоцорч өгдөг байсан. Ер нь захиргаан дээр 7 дугаар цайны газар түрээсээ хоцорч буюу хугацаа хэтэрч өгдөг асуудал байнга гардаг байсан. Тэгээд Л.Э- хувийн асуудлаас болж цагдаагийн газар шалгагдаж байгаа нь манай байгууллагад ирж байсан. Энэ байдлаас болж гэрээ цуцлагдсан байгаа. Тухайн үед Э.Л- түрээслэхэд 7 дугаар цайны газрын эд хогшил бүрэн ажиллаж байсан. Үүнийг Л.Э- байцаагч хүлээлгэж өгсөн байдаг. Гэрээгээ цуцлах талаар сануулга өгсний дараа засвар хийсэн учраас энэ мөнгийг өгөх боломжгүй” гэжээ.

Хариуцагч Л.Э- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Э.Л- гэдэг хүнтэй 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр анх уулзсан. Надад хэлэхдээ Оюу толгойд тогоочоор ажиллаж байсан. Та цайны газраа түрээслээч гэж гуйгаад байсан. Миний хувьд залуу хүүхдийг дэмжих үүднээс гэрээ хийсэн. Бүх хүнтэй гэрээ хийдэг. Уг гэрээнд түрээслэгчтэй 1 жилийн хугацаатай байгуулдаг. Ингээд 1 жилийн дараа дахин түрээслүүлэгч, түрээслэгч хоёр гэрээгээ сунгадаг. Э.Л- надаас 8,050,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх надад цайны газрыг цуг ажиллуулъя ашгаа хуваая гэж хэлсэн. Надад сар болгон 350,000 төгрөг өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй. Би Э.Л-г дүүгийнхээ ажиллуулж байсан “Т” ХК-иас олгодог эд хогшилтой цайны газарт оруулсан. Түүнээс бусад түрээслэгч нар хоосон талбай түрээслээд цайны газраа ажиллуулдаг. Ямар ч хүн шууд үйл ажиллагаагаа явуулах боломжтой газар оруулсан. Надад сар бүр 1,200,000 төгрөгийн түрээс төлнө гэж байсан ч өгөөгүй. Би Э.Л-г засвар хийж байхад нь удаа дараа гэрээ дуусгавар болно гэдгийг хэлсэн. Э.Л- нь 12 сард гэмт хэрэгт холбогдчихоод цайны газраа хаяад явсан. Тийм учраас Э.Л-гийн нэхэмжилж байгаа 8,050,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Хариуцагч “Т” ХК-иас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Э.Л-д 2016 онд 37 нэр төрлийн эд зүйл хүлээлгэж өгсөн. Үүнээс үрэгдсэн эд хөрөнгийн үнэ болох 7,716,100 төгрөгийг Э.Л-гээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Э.Л- хоосон цайны газарт ороогүй. Түрээсийн гэрээнд түрээслэгч эд зүйлийг бүрэн бүтэн хүлээлгэж өгнө гэж заасан учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг шаардлагаа дэмжиж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Э.Л-гээс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “... Л.Э- 2014 оны 06 дугаар сарын 04-нд цайны газрыг онгойлгож өгөхдөө бичгээр эд зүйл хүлээлгэж өгөөгүй. 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр цайны газраа нээхдээ заалны бүх ширээ сандлыг сольсон. Тэгээд Д.Энхтогтох ах руу залгаад ширээ сандал сольсон. Хуучин ширээ сандлаа аваач ээ гэхэд би тэгж байгаад авна гэж хэлсэн. Би дараа дахин залгахад би тэгж байгаад авъя, чи нэг газар тавьчих гэж хэлсэн. Хэлснийх нь дагуу ээжийнхээ хашаанд хураасан. Одоо хүртэл манай ээжийн хашаанд байгаа, авч болно. 2014 оны 08 дугаар сард гал тогооны бүх тоног төхөөрөмжийг шинэчилсэн. Хуучин тоног төхөөрөмжийг ээжийнхээ хашаанд хураачихсан байсан. Одоо ажиллуулж байгаа эзэн нь надаас буцаагаад хуучин тоног төхөөрөмжөө авсан. Л.Э- цайны газраа хүлээж авахдаа эд хогшлын талаар юу ч яриагүй. Түрээслэгч нар цайны газар хоосон байхад ордог гэж хэллээ. 10 гаран жил цайны газар ажиллуулж байгаа гэрч нарын мэдүүлэгт тоног төхөөрөмжтэй байхад нь орсон гэж мэдүүлсэн байгаа” гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 877дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.1.2, 289 дүгээр зүйлийн 289.1.5-д зааснаар “Т” ХК-иас 1 543 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Л-д олгож, нэхэмжлэгч Э.Л-гийн 23 сарын хугацаанд төлсөн төлбөр 19 550 00 төгрөг гаргуулах, засварын зардал, ажлын хөлс 1 831 000 төгрөг гаргуулах, хариуцагч Л.Э-аас 8 050 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч “Т” ХК-ийн нэхэмжлэгч Э.Л-гээс эд зүйлийн үнэ 7 716 100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4, 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч Э.Л-гийн нэмэгдүүлсэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Э.Л-гээс 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төрийн банк, төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 255 700 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төрийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 197 734 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Чингис хаан банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 70 200 төгрөг, хариуцагч “Т” ХК-иас Төрийн банк, төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 148 408 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч “Т” ХК-иас нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүнгийн улсын тэмдэгтийн хураамж 39 638 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Л-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү тушаасан 140 614 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж Э.Л-д олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 160 дугаар магадлалаар нэхэмжлэгч Э.Л-гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 877 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 318.4-т заасныг баримтлан гэсэн өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 247 200 төгрөг төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Э.Л-, түүний өмгөөлөгч Б.Содболд нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Э.Л-гийн нэхэмжлэлтэй “Т” ХК, Л.Э- нарт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд нарын зүгээс тус хэргийг шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 877 шийдвэр, Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 160 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийг баримтлан хяналтын журмаар дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай:

1. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний харилцааг Иргэний хуулийн 287 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө хөлслөх гэрээ”-ний харилцаа гэж буруу тодорхойлсон байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг засч талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний харилцаа гэж зөвтгөсөн боловч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж “... Э.Л- нь обьектийн тодорхой нэг хэсгийг түрээслэсэн бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасныг зөрчсөн гэж үзэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар гэрээ хүчин төгөлдөр бусд тооцсонтой холбоотойгоор гарсан үр дагаврыг шаардсан шаардлагыг хангах үндэслэлгүй юм. Учир нь “Т” ХК-ийн бусдад түрээслэж байгаа барилга объект нь нийт 1852,8 мкв хэмжээтэй ба түүнийг хэсэгчлэн түрээслүүлэхэд улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй болно” гэсэн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн харилцааг зохицуулсан байгаа бөгөөд зохигчдын хооронд “Т” ХК нь цайны газрын зориулалттай аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалтаар иргэн Э.Л-д талбай бүхий өрөө тасалгаа, үл хөдлөх хөрөнгийг эзэмшил ашиглалтанд шилжүүлсэн бөгөөд Э.Л- түрээсийн төлбөр болох 850 000 төгрөгийг сар бүр төлж байсан байх бөгөөд энэ харилцааг түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Гэвч зохигчдын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлсон боловч Иргэний хуулийн 318.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, талбайг хэсэгчлэн түрээслэж байгаа тохиолдолд түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй гэж буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Зүй нь бол нэгэнт зохигчдын хооронд хуульд заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, тус гэрээтэй холбоотой гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байх тохиолдолд Иргэний хуулийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх хуулийн шаардлагыг заавал биелүүлсэн байх учиртай. Зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318.3 дахь хэсэгт зааснаар бүртгүүлээгүй байгааг зөвтгөх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд объектыг хэсэгчлэн түрээслэх, бүхэлд нь түрээслэхээс үл хамаарч зайлшгүй улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ёстой тухай хууль тогтоогч хуульчилж өгсөн байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд тусгагдсан ... хэсэгчлэн түрээсэлсэн тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй гэсэн дүгнэлт нь ямар хуулийн, ямар заалтаар зөвшөөрөгдсөн болохыг шүүх дурдаагүй байгаа нь Иргэний хуулийн 318.3-т заасан хуульд өөрөөр заагаагүй тохиолдолд түрээсийн гэрээг зайлшгүй бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тухай тус хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэл болж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй тухай: 2. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 318.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас хэрэглэх ёстой хуулийн заалт болох Иргэний хуулийн 318.4 дэх заалтыг хэрэглээгүй байна. Талбайг хэсэгчлэн түрээсэлсэн тус Иргэний хуулийн 318.3 дахь заалт хамаарахгүй гэж шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсний улмаас Иргэний хуулийн 318.4. “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.” гэсэн хуулийн заалтыг хэрэглээгүй нь хэрэг маргааныг үндэслэлтэй шийдвэрлэх хууль зүйн боломжийг хязгаарласан байна. 318.3 дахь заалтад хуульд өөрөөр заагаагүй бол гэсэн түрээсийн гэрээг бичгээр байгуулахгүй байх, улсын бүртгэлд бүртгүүлэхгүй байж болох урьдчилсан нөхцөлийг хуульчилж өгсөн байна. Өөрөөр хэлбэл аль нэгэн хуульд өөрөөр зааснаас бусад тохиолдолд түрээсийн гэрээг зайлшгүй бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ёстой гэсэн хууль зүйн урьдчилсан нөхцөл буюу шаардлага тавигдаж байна гэж ойлгож болно. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хуульд өөрөөр заасан байх урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад талбайг хэсэгчлэн түрээсэлсэн тохиолдолд гэх үндэслэлээр улсын бүртгэлд бүртгүүлэхгүй байж болно гэсэн хуульд үндэслээгүй буруу дүгнэлт хийсэн. Улмаар Иргэний хуулийн 318.3 дахь заалтад тусгагдсан хуулийн шаардлагыг хангаагүй гэрээ Иргэний хуулийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус байх үр дагавар үүсгэж буй хуулийн тус заалтыг хэрэглээгүй нь үндэслэлгүй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.5 дахь заалтыг хэрэглээгүй байна. Зохигчдын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318.3-т заасан улсын бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлагыг хангаагүй тул Иргэний хуулийн 318.4-т зааснаар тус түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байхаар хуулийн нарийвчилсан зохицуулалт үйлчилж гэрээ хүчин төгөлдөр бус болох үр дагавартай байна. Үүнээс гадна нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай” гэж нэмэгдүүлсэн бөгөөд шүүх тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн тухай үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Тус нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56.1.1. хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл; гэх заалтыг хэрэглэх ёстой байсан тус түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318.3, 318.4 дэх заалтыг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56.1.1-дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хэлцлийн шинжийг агуулж байгаа юм.

Нэгэнт Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн аль нэг шинжийг тус түрээсийн гэрээ агуулж байгаа тохиолдолд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг хэрхэх тухай асуудал хөндөгдөх бөгөөд өнгөрсөн 23 сарын хугацаанд төлсөн гэх нотлох баримтаар нотлогдож байгаа 17 850 000 төгрөгийн түрээсийн төлбөрийг Иргэний хуулийн 56.5 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч Э.Л-гийн шаардах эрх нээгдэнэ. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн тус заалтаар шаардах эрхийг хангах үндэслэлгүй гэж үзэж хуулийн тус заалтыг хэрэглээгүй нь үндэслэлгүй байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 877 дугаар шийдвэр, Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 160 дугаар магадлалд өөрчлөлт оруулж 17,850,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч Э.Л-д гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Э.Л- нь “Т” ХК, Л.Э- нарт холбогдуулан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, түрээсийн төлбөрт төлсөн 19 550 000 төгрөг, засварын зардалд 3 374 000 төгрөг, Л.Э-д түрээсийн төлбөрт илүү төлсөн 8 050 000 төгрөг нийт 30 974 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс  зөвшөөрч, тус цайны газрыг түрээслэхэд хүлээлгэж өгсөн эд хөрөнгийн үнэ 7 716 100 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Анхан шатны шүүх талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж тодорхойлон, хариуцагч “Т” ХК-иас цайны газрын засварын зардалд 1 543 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг, сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, зохигчдын хооронд түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэн, хуулийн зүйлчлэлийг зөвтгөсөн байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д “түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч нь цайны газар ажиллуулах зорилгоор хариуцагчийн эзэмшил бүхий талбайг түрээслэж үйл ажиллагаа явуулсан байх тул талуудын хооронд түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөвтгөж тодорхойлсон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий боловч нэхэмжлэлийн шаардлагад хамаарах, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул магадлалд өөрчлөлт оруулж, алдааг засах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Э.Л- нь Дархан Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах “Т” ХК-ийн Алтан сагс үйлчилгээний захад байрлах 7 тоот цайны газрыг 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл түрээслэн ажиллуулсан байх бөгөөд түрээсийн төлбөрт 19 550 000 төгрөгийг төлсөн, үйлчилгээний талбайг түрээслэх явцад өөрийн хөрөнгөөр засвар үйлчилгээ хийсэн үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, түрээсийн төлбөрт шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаарджээ.

Нэхэмжлэгчийн түрээслэсэн 7 тоот цайны газар нь тусдаа бүртгэл бүхий үл хөдлөх хөрөнгө биш, үйлчилгээний төвийн нэг хэсэг тул тусгайлан бүртгүүлэх шаардлагагүй, гэрээ бодит байдалд хэрэгжиж, хүчин төгөлдөр үйлчилсэн, түрээслэгч түрээсийн эд хөрөнгийг ашиглаж, үйл ажиллагаа явуулсан, ашигласан хугацааны төлбөрийг төлсөн тул гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардах эрхгүй.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн, 56.5.-д заасан үр дагаврыг шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Мөн нэхэмжлэгч нь Л.Э-тай түрээсийн гэрээ байгуулаагүй боловч түүнд сар бүр төлбөр төлсөөр 8 050 000 төгрөгийг өгсөн үндэслэлээр дээрх мөнгөө буцаан шаардсан нь Л.Э-ыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх агуулгатай байна.

Шүүх нэхэмжлэгчийг Л.Э-д төлбөр төлснөө баримтаар нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байх боловч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1. дэх зохицуулалтыг хэрэглээгүй байх тул зөвтгөх нь зүйтэй.

Харин түрээсэлсэн эд хөрөнгийг өөрийн зардлаар засан сайжруулж, засвар үйлчилгээ хийсэн байх тул хариуцагчаас 1 543 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5. дахь заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч “Т” ХК нь Э.Л-д холбогдуулан түрээсийн талбайн хамт хамт шилжүүлсэн эд хөрөнгөөс дутагдуулсан эд хөрөнгийн үнэ болох 7 716 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5.-д зааснаар гэрээ дуусгавар болоход түрээслэгч нь эд хөрөнгийг түрээслүүлэгчид бүрэн бүтэн буцаан  өгөхөөр зохицуулсан байх боловч хариуцагч нь Э.Л-д цайны газрын эд хөрөнгийг нэр төрөл, тоо ширхэг, жагсаалтаар хүлээлгэн өгснөө нотлоогүй тул шилжүүлсэн хөрөнгөөс дутагдуулсан гэх байдал тогтоогдоогүй, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаас гадна  ““Т” ХК”-ийг ““Т” ХХК” гэж тус тус зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 160 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар хариуцагч “Т” ХК-иас цайны газарт хийсэн засварын зардалд 1 543 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Л-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8., 56.5., 492 дугаар зүйлийн 492.1.1., 318 дугаар зүйлийн 318.1., 289 дүгээр зүйлийн 289.1.5, 289.2.5-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, нэхэмжлэгчээс түрээсийн төлбөрт “Т” ХК-д төлсөн 19 550 000 төгрөг, Л.Э-д төлсөн 8 050 000 төгрөгийг тус тус буцаан гаргуулах, засварын зардалд нэхэмжилсэн үнийн үлдэгдэл 1 831 000 төгрөгт холбогдох шаардлагыг болон нэхэмжлэгч Э.Л-гээс 7 716 100 төгрөгийг гаргуулахыг хүссэн “Т” ХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Э.Л-гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ЗОЛЗАЯА

            ШҮҮГЧ                                           Х.ЭРДЭНЭСУВД