Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 160

 

Э.Л-гийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс:135/2016/01728/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 877 дугаар  шийдвэртэй,

          Нэхэмжлэгч Э.Л-гийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч “Тээвэр Дархан” ХХК, Л.Э- нарт  холбогдох,

          “30,974,000 төгрөг гаргуулах, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах,

          “эд хөрөнгийн үнэ болох 7.716.100 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай тухай иргэний хэргийг  

          Нэхэмжлэгч Э.Л-гийн  давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Л-,  хариуцагч Л.Э-ы өмгөөлөгч Д.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.  

Нэхэмжлэгч Э.Л-гээс:

2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Л.Э-, Д.Энхтогтох хоёртой уулзсан. Надад талбайн түрээс нь 850,000 төгрөг, 5-6 жил ажиллуулж болно. Илүү түрээсийн төлбөр авна. Ингээд талбайн түрээс 850,000 төгрөг, илүү түрээсийн төлбөр 350,000 төгрөг, нийт 1,200,000 төгрөгийг сар болгон өгөхөөр харилцан тохиролцсон. Би 2014 оны 06 дугаар сард цайны газраа ажиллуулж эхлэхээс өмнө бүх, сандал ширээг сольсон. 2014 оны 08 дугаар сард гал тогооны техник төхөөрөмжийг бүгдийг нь шинэчилсэн. Миний хувьд түрээсийн мөнгөө цаг тухайд нь төлж байсан. 2015 оны 04 дүгээр сард цайныхаа газрын ханын плита, шалны плита, вакум цонх зэрэг зүйлийг шинэчилсэн. Засвар хийсний дараа Л.Э- намайг гэрээгээ дуусгаад гар гэж хэлсэн. Ингээд би 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр цайны газраа чөлөөлж өгсөн.

Миний хувьд хариуцагч “Тээвэр Дархан” ХХК-иас засварын хөлс 2,374,000 төгрөг, ажлын хөлс 1,000,000 төгрөг, 5-6 жилийн хугацаатай ажиллуулж болно гэсэн яриагаа биелүүлээгүй учраас 23 сар ажилласан түрээсийн мөнгө 19,550,000 төгрөгийг гаргуулах, хариуцагч Л.Э-аас илүү төлсөн түрээсийн мөнгө 8,050,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч  “Тээвэр Дархан” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтогтохоос:

Манай байгууллагаас нэхэмжилж байгаа 19,550,000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Тухайн үйл ажиллагаа явуулж байгаа түрээслэгч нар урсгал зардлыг өөрийн хөрөнгөөр хийх шаардлагатай болохыг гэрээндээ тусгасан байдаг. Э.Л- нь түрээсийн төлбөрийг хоцорч өгдөг байсан. Ер нь захиргаан дээр 7 дугаар цайны газар түрээсээ хоцорч буюу хугацаа хэтэрч өгдөг асуудал байнга гардаг байсан. Тэгээд Л.Э- хувийн асуудлаас болж цагдаагийн газар шалгагдаж байгаа нь манай байгууллагад ирж байсан. Энэ байдлаас болж гэрээ цуцлагдсан байгаа. Тухайн үед Э.Л- түрээслэхэд 7 дугаар цайны газрын эд хогшил бүрэн ажиллаж байсан. Үүнийг Л.Э- байцаагч хүлээлгэж өгсөн байдаг. Гэрээгээ цуцлах талаар сануулга өгсний дараа засвар хийсэн учраас энэ мөнгийг өгөх боломжгүй гэжээ.

Хариуцагч Л.Э-аас: 

           Э.Л- гэдэг хүнтэй 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр анх уулзсан. Надад хэлэхдээ Оюу толгойд тогоочоор ажиллаж байсан. Та цайны газраа түрээслээч гэж гуйгаад байсан. Тухайн үед 5-6 жил түрээслэнэ гэж ярилцаагүй. Бүх хүнтэй гэрээ хийдэг. Уг гэрээнд түрээслэгчтэй 1 жилийн хугацаатай байгуулдаг. Ингээд 1 жилийн дараа дахин түрээслүүлэгч, түрээслэгч хоёр гэрээгээ сунгадаг. Э.Л- надаас 8,050,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх надад цайны газрыг цуг ажиллуулъя ашгаа хуваая гэж хэлсэн. Надад сар болгон 350,000 төгрөг өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй. Би Э.Л-г дүүгийнхээ ажиллуулж байсан “Тээвэр Дархан” ХХК-иас олгодог эд хогшилтой цайны газарт оруулсан. Түүнээс бусад түрээслэгч нар хоосон талбай түрээслээд цайны газраа ажиллуулдаг. Ямар ч хүн шууд үйл ажиллагаагаа явуулах боломжтой газар оруулсан. Надад сар бүр 1,200,000 төгрөгний түрээс төлнө гэж байсан ч өгөөгүй. Би Э.Л-г засвар хийж байхад нь удаа дараа гэрээ дуусгавар болно гэдгийг хэлсэн. Э.Л- нь 12 сард гэмт хэрэгт холбогдчихоод цайны газраа хаяад явсан. Тийм учраас Э.Л-гийн нэхэмжилж байгаа 8,050,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна  гэжээ.

Хариуцагч “Тээвэр Дархан” ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: 

Э.Л- 2016 онд 37 нэр төрлийн эд зүйл хүлээлгэж өгсөн. Үүнээс үрэгдсэн эд хөрөнгийн үнэ болох 7,716,100 төгрөгийг Э.Л-гээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Э.Л- хоосон цайны газарт ороогүй. Түрээсийн гэрээнд түрээслэгч эд зүйлийг бүрэн бүтэн хүлээлгэж өгнө гэж заасан учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг шаардлагаа дэмжиж байна гэжээ.  

Нэхэмжлэгч Э.Л-гээс сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

“Тээвэр Дархан” ХХК-иас засварын хөлсөө нэхэмжлэнэ. Яагаад гэхээр цайны газарт засвар хийчихээд нэг ч хоног ажиллуулаагүй. Иймд засварын хөлс 1,000,000 төгрөг, бараа материалын үнэ 2,374,000 төгрөг, түрээсийн төлбөр 19,550,000 төгрөгөө нэхэмжилнэ. Мөн Л.Э-аас илүү төлсөн түрээсийн төлбөр 8,050,000 төгрөгийг нэхэмжилнэ. Л.Э- тайлбартаа аваагүй гэж хэллээ. Тухайн үед би өөрөө бэлэн мөнгөөр ч өгч байсан. Л.Э- 2014 оны 06 дугаар сарын 04-нд цайны газрыг онгойлгож өгөхдөө бичгээр эд зүйл хүлээлгэж өгөөгүй. 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр цайны газраа нээхдээ заалны бүх ширээ сандлыг сольсон. Тэгээд Д.Энхтогтох ах руу залгаад ширээ сандал сольсон. Хуучин ширээ сандлаа аваач ээ гэхэд би тэгж байгаад авна гэж хэлсэн. Би дараа дахин залгахад би тэгж байгаад авъя чи нэг газар тавьчих гэж хэлсэн. Хэлснийхэн дагуу ээжийнхээ хашаанд хураасан. Одоо хүртэл манай ээжийн хашаанд байгаа авч болно. 2014 оны 08 дугаар сард гал тогооны бүх тоног төхөөрөмжийг шинэчилсэн. Хуучин тоног төхөөрөмжийг ээжийнхээ хашаанд хураачихсан байсан. Одоо ажиллуулж байгаа эзэн нь надаас буцаагаад хуучин тоног төхөөрөмжөө авсан. Л.Э- цайны газраа хүлээж авахдаа эд хогшилын талаар юу ч яриагүй. Түрээслэгч нар цайны газар хоосон байхад ордог гэж хэллээ. 10 гаран жил цайны газар ажиллуулж байгаа гэрч нарын мэдүүлэгт тоног төхөөрөмжтэй байхад нь орсон гэж мэдүүлсэн байгаа гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 877 дугаар  шийдвэрээр:

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.1.2, 289 дүгээр зүйлийн 289.1.5-д зааснаар “Тээвэр Дархан” ХХК-иас 1 543 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Л-д олгож, нэхэмжлэгч Э.Л-гийн 23 сарын хугацаанд төлсөн төлбөр 19 550 00 төгрөг гаргуулах, засварын зардал, ажлын хөлс 1 831 000 төгрөг гаргуулах, хариуцагч Л.Э-аас 8 050 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч “Тээвэр Дархан” ХХК-ийн нэхэмжлэгч Э.Л-гээс эд зүйлийн үнэ 7 716 100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4, 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч Э.Л-гийн нэмэгдүүлсэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Э.Л-гээс 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төрийн банк, төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 255,700 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төрийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 197,734 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Чингис хаан банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 70200 төгрөг, хариуцагч Дархан Тээвэр ХХК-иас Төрийн банк, төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 148,408 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч Дархан Тээвэр ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүнгийн улсын тэмдэгтийн хураамж 39 638 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Л-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү тушаасан 140,614 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж Э.Л-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Э.Л- давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч 19.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх 1.534.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.  Түрээсийн гэрээнд оролцох талуудын тэгш байдлыг харгалзан үзэлгүй дан ганц хариуцагчийн эрх ашгийг хангаж шийдвэрлэсэн байна. Цайны газрыг 23 сараар түрээслэсэн талаар зохигчид маргаагүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.2-т түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ, 318.3-т түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. 318.4-т энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заажээ. Хүчин төгөлбөр бус тооцогдсон гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх  боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасан байна. Иймд нэхэмжлэгчийн тайлбар болон түүний өгсөн нотлох баримтыг үндэслэн “Тээвэр Дархан” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй обьектод түрээсийн гэрээ хийж түрээслүүлсэн гэх 17.850.000 төгрөгийг гаргуулж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Э.Л-гийн  нэхэмжлэлтэй  “Тээвэр Дархан”  ХХК, Л.Э- нарт холбогдох хэргийг  шийдвэрлэхдээ анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг  хуульд заасан журмын дагуу явуулж, харин маргааны харилцааг зохицуулсан хуулийг  оновчтой  хэрэглээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

            Нэхэмжлэгч Э.Л-  “Тээвэр Дархан” ХХК-иас  цайны газарт хийсэн засварын зардал, ажлын хөлс  3.374.000 төгрөг, түрээсийн төлбөрт төлсөн 19.550.000 төгрөг,  хариуцагч Л.Э-аас  түрээсийн төлбөрт  илүү төлсөн  8.050.000 төгрөг,  нийт 30.974.000 төгрөг  гаргуулах  шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг  хариуцагч нар эс зөвшөөрч маргасан  байна.

            Хариуцагч “Тээвэр Дархан”  ХХК нь нэхэмжлэгчид холбогдуулан цайны газрын  дутагдуулсан эд хөрөнгийн  үнэ  7.716.000 төгрөг  гаргуулахаар  сөрөг нэхэмжлэл гаргасныг  мөн зөвшөөрөхгүй  маргажээ.

            Хэргийн үйл баримтаас  үзэхэд  Э.Л- нь  “Тээвэр Дархан” ХХК-ийн  “Алтан сагс”  захад  байрлах 7 дугаар цайны газрыг 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс   түрээслэн  ажиллуулж, үйл ажиллагаа   явуулсан, энэ хугацаанд түрээсийн төлбөрт, сарын 1.200.000  төгрөгийг 1 жил 11 сарын хугацаанд  төлсөн, 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр түрээслүүлэгчийн  санаачлагаар түрээсийн гэрээг  цуцалжээ.

            Үүнээс үзвэл зохигчдын дунд нэг тал нь  аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж тодорхой эд хөрөнгийг  эзэмшүүлж, ашиглуулахаар  шилжүүлэх, нөгөө тал  гэрээний зориулалтын дагуу ашиглаж,  төлбөр төлөх  үүрэг хүлээсэн нь  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1  дэх хэсэгт заасан  түрээсийн гэрээний харилцаанаас үүссэн  маргаан  байх  тул  энэ хуулийн заалтыг хэрэглэх нь  илүү оновчтой гэж  давж заалдах шатны шүүх  үзлээ.

            Нэхэмжлэлийн  нэг  дэх шаардлагын талаар:

Анхан шатны шүүх  талуудын хооронд  үүссэн харилцааг  Эд хөрөнгө хөлслөх  гэрээ  гэж  үзсэн байна.  Нэхэмжлэлийн агуулгаас үзвэл  нэхэмжлэгч нь түрээсийн гэрээг цуцалсан  үндэслэлээр биш  түрээсийн гэрээг  байгуулахдаа  үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээний  хуульд заасан хэлбэрийн шаардлагыг зөрчсөн гэсэн үндэслэлийг  зааж,  түрээсийн төлбөрт  төлсөн мөнгийг  буцаан  шаарджээ.

Өөрөөр хэлбэл Э.Л- 19.550.000 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийн  шаардлагын үндэслэлийг  үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг  Иргэний хуулийн  318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар  Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул гэрээ хүчин төгөлдөр бус болно. Иймд  гэрээ хүчин төгөлдөр бусд тооцогдсоны үр дагавар, өгсөн авсанаа буцаахаар гаргасан шаардлага  байна.

“Тээвэр  Дархан” ХХК нь нийт  1852,8 мкв талбай бүхий 2 давхар,  үйлчилгээний төвийн  обьектыг үсчин, гоо сайхан, оёдол, эмийн сан, барааны дэлгүүр, нүдний шилний газар, ломбард,  цайны газрын  зориулалтаар  бусдад түрээслүүлдэг.

            Э.Л-  “Тээвэр Дархан”  ХХК-ийн  цайны газрыг   2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс  түрээслэсэн, 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс түрээсийн гэрээ байгуулж, гэрээний хугацаа  2015 оны 12 дугаар сарын  31-нд  дуусгавар болоход  хоёр тал гэрээг сунгах талаар  санал гаргаагүй боловч  түрээслэгч  түрээсийн эд хөрөнгийг   үргэлжлүүлэн ашиглаж байсан, 2016 оны 05 дугаар сард  түрээслүүлэгч “Тээвэр Дархан” ХХК  цайны газрыг түрээслүүлэх  гэрээг  цуцалсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын нотлох баримтыг шүүхээр бүрдүүлүүлэхээр хүсэлт  гаргаснаар   \ хх-37\,  Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02\138 дугаар албан бичигт   “Тээвэр Дархан”  ХХК-ийн нэр дээр  бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй  байна”.

Хариуцагчийн   “Тээвэр Дархан” ХХК-ийн  барилга обьект нь  хувьчлалын баримт бичигт  үндсэн хөрөнгийн жагсаалтаар гэрчилгээгүйгээр ирсэн бөгөөд  Санхүүгийн зохицуулах хорооны   2017 оны 01 дүгээр сарын  20-ны өдрийн 9\210  тоот  даалгаврыг үндэслэн компанийн барилга, обьектуудыг дахин үнэлэх ажлыг боловсруулж  хүргүүлэхээр бэлтгэж байна”  гэсэн  тайлбараас тус тус үзэхэд  түрээсийн гэрээний зүйл болох  үл хөдлөх хөрөнгийг  улсын бүртгэлд бүртгүүлээгүй байдал нь тогтоогдож байна.

Э.Л- нь  обьектийн тодорхой нэг хэсгийг  түрээслэсэн бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т  заасныг зөрчсөн гэж үзэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар  гэрээ хүчин төгөлдөр бусд тооцсонтой холбоотойгоор гарсан үр дагаврыг  шаардсан  шаардлагыг  хангах үндэслэлгүй юм.

Учир нь  “Тээвэр Дархан” ХХК-ийн  бусдад түрээслүүлж  байгаа  барилга, обьект нь  нийт  1852,8 мкв  хэмжээтэй  ба  түүнийг  хэсэгчлэн  түрээслүүлэхэд  улсын бүртгэлд бүртгүүлэх  шаардлагагүй  болно.

            Хоёр дахь шаардлагын талаар:

Нэхэмжлэлийн  2 дахь шаардлага  буюу  цайны газарт  хийсэн  засварын зардал  3.374.000 төгрөг  гаргуулах  нэхэмжлэлийн шаардлагыг   хариуцагч  эс зөвшөөрч  засварын  ажлын үнэлгээг  зөвшөөрөхгүй, шинжээчээр дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргаснаар шүүхээс шинжээч томилж, шинжээчийн дүгнэлтийг үндэслэхдээ нэхэмжлэгчийн  шаардлагад  дурдсан  материалын  үнэ буюу  1.543.000 төгрөгийг     гаргуулж  шийдвэрлэснийг, хариуцагч  гомдол гаргаагүй хүлээн зөвшөөрсөн  байна.

            Гурав дахь шаардлагын талаар:

Л.Э-аас  түрээсийн төлбөрт илүү  төлсөн  8.050.000  төгрөгийг буцаан гаргуулах шаардлагаа нэхэмжлэгч  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.2.2-т заасанчлан  нотлоогүй тул   нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

            Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагчийн Э.Л-гээс цайны газрын 37 нэр төрлийн  эд хөрөнгөөс  дутагдуулсан  28 нэр төрлийн  эд  зүйлийн  үнэ   7.716.000 төгрөг  гаргуулах  сөрөг нэхэмжлэлийг гаргасан боловч эд хөрөнгө хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагдаагүй,    хэргийн 35 дугаар  талд авагдсан баримтад нэхэмжлэгч Э.Л-д биш Л.Э-д хүлээлгэн өгсөн  байх тул Э.Л-гээс  төлбөрийг гаргуулах  үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт  нь  мөн үндэслэлтэй байна.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүхийн шийдвэрт  хууль  хэрэглээнийй өөрчлөлт  оруулж,  бусдыг  хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй  орхих нь  зүйтэй.

Хэргийн материалд  хуулийн этгээдийн \хариуцагч\  нэрийг  “Дархан Тээвэр” ХХК, “Тээвэр Дархан”  ХХК  гэж  хоёр өөр  байдлаар  бичсэн  ба  тамга тэмдэг,  албан бичигт  “Тээвэр Дархан”  хариуцагч өөрөө “Тээвэр Дархан”  гэж  нэрлэсэн байх тул  хариуцагч  хуулийн этгээдийн  нэрийг  “Тээвэр Дархан“   гэж,  иргэний хэргийг  түүнд холбогдуулан   үүсгэсэн нь  зөв болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч Э.Л-гийн давж заалдсан  гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 877 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн  1 дэх заалтыг,

“Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 318.4, 318.5, 56 дугаар зүйлийн  56.5-д заасныг тус тус баримтлан  “Тээвэр Дархан” ХХК-иас засварын зардалд 1.543.000  төгрөг гаргуулж,  Э.Л-д олгож, нэхэмжлэлээс  21.381.000 төгрөг болон  хариуцагч Л.Э-аас  8.050.000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр  үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 247.200 төгрөг төлсөнийг  төрийн сангийн орлогод  хэвээр  үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                     ДАРГАЛАГЧ

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.НАРАНГЭРЭЛ       

                                     ШҮҮГЧИД                                                   С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                         С.ЭНХЖАРГАЛ