Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 00022

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.Амарбаясгаланд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 179/2017/0184/Э

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгч: О.Амарбаясгалан,

Нарийн бичгийн дарга: Э.Мөнхгэрэл нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолтой О.Амарбаясгаланд холбогдох 201722000246 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Бөхчүүд овогт Осоржингийн Амарбаясгалан, 1988 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхээр 2002 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн, 2007 оны 01 дүгээр сарын 09-нд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр суллагдсан, хэрэг хариуцах чадвартай /регистрийн дугаар РЭ88072198/.

О.Амарбаясгалан нь ялтай байх хугацаандаа согтуугаар 2017 оны 5 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд оршин суух иргэн Э.Пүрэвдоржийн гэрийн гаднаас улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 29-ний  өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолоор Шүүгдэгч Бөхчүүд овгийн Осоржингийн Амарбаясгаланг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч О.Амарбаясгалангаас эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан О.Амарбаясгаланд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн 201622000589 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, хохирогчид хохирол төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдаж, Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Амарбаясгаланд урьд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.Амарбаясгалан давж заалдах гомдолдоо: Миний бие Осоржингийн Амарбаясгалан нь 1988 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн.  Би 2017 оны 5 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд оршин суух иргэн Э.Пүрэвдоржийн гэрийн гаднаас мотоцикль авсан нь үнэн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Миний хувийн болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг хөнгөн ялаар сольж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

О.Амарбаясгалан нь ялтай байх хугацаандаа согтуугаар 2017 оны 5 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд оршин суух иргэн Э.Пүрэвдоржийн гэрийн гаднаас улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг хулгайлж 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, мотоцикль хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, О.Амарбаясгалангийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шїїх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Амарбаясгаланг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

О.Амарбаясгаланд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад 2015 оны Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/ мөрдөгдөж эхэлсэн ба энэ хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ. Дээрх хуулиар хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлаас “давтан хулгайлах” шинж нь хасагдсан ба О.Амарбаясгаланд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэнд гэм буруутайд тооцож 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан” гэсэн зүйл ангиар хөнгөрүүлэн зүйлчлэх боломжтой байна.

Нөгөөтэйгүүр энэ төрлийн хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах хорих ялын хэмжээг Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт багасган тогтоосон тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар О.Амарбаясгаланд оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Амарбаясгаланд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Бөхчүүд овогт Осоржингийн Амарбаясгаланг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

б/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “2. Осоржин овогтой Амарбаясгаланг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн зүйлийн 1, 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

в/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар О.Амарбаясгаланд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                               Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                                Н.БАЯРХҮҮ