Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/00363

 

 “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/03044 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2429 дүгээр магадлалтай

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Д.Т, Д.П, Б.Н нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 89 855 789 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч “О” ХХК-ийн төлөөлөгч Ж.Отгонсүхийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхзул, Т.Долгорсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч “О” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Отгонсүхийн  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани хариуцагч Д.П, Д.Т, Б.Н нартай 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 45 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 365 хоногийн хугацаатай, 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 20 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 358 хоногийн хугацаатай тус тус бизнесийн зориулалтаар зээлдүүлсэн. Эдгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны 109 тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан бөгөөд гэрээг улсын бүртгэлд зохих ёсоор бүртгүүлсэн. 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчид 45 000 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 20 000 000 төгрөгийг өгсөн ба зээлдэгчдийн хүсэлтээр эхний сарын зээлийн хүүг төлүүлж, тухайн сарын хүү төлөхөөс чөлөөлсөн. Хариуцагчид 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 73 265 төгрөг, зээлийн хүүнд 10 265 863 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 184 085 төгрөгийг төлсөн бол 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн хүүнд 4 694 794 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 82 450 төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч нар 2 зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үндсэн зээлийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн төлөхөөр тохиролцсон боловч уг хугацааг хэтрүүлсэн, зээлийн хүүг зохих ёсоор төлөөгүй хугацаа хэтэрсэн хуримтлагдсан хүүний үлдэгдэлтэй байсан.

Нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний хувьд зээлдэгчид зээлийн хүүг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл төлсөн тул энэ өдрөөс хойшхи хугацааны хүүнд 15 179 386 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үндсэн зээлийн төлөлт зөрчигдсөн тул уг өдрөөс тооцож, нэмэгдүүлсэн хүүнд 2 301 492 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн хүүг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл төлсөн тул энэ өдрөөс эхлэн үндсэн хүүнд 6 397 808 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үндсэн зээлийн төлөлт зөрчигдсөнийг үндэслэн нэмэгдүүлсэн хүүнд 1 024 908 төгрөгийг тус тус нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл, үндсэн зээлийн үлдэгдэл 64 926 193 төгрөг, зээлийн хүүнд 21 577 195 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3 326 400 төгрөг, нотариатын зардалд 26 000 төгрөг, нийт 89 855 788 төгрөгийг нэхэмжилж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах талаар шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/03044 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.П, Д.Т, Б.Н нараас үндсэн зээлийн үлдэгдэл 64 926 193 төгрөг, зээлийн хүүнд 21 577 194 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3 326 400 төгрөг, нийт 89 829 789 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "“О”" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 26 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байр, 109 тоот хаягт байрлах Ү-2204008258 тоот улсын бүртгэлийн дугаартай 48 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 607 229 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 607 099 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2429 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/03044 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 21 577 194.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 326 400.76 төгрөг, нийт 83 829 789.29 төгрөг ... гэснийг ... 12 148 970 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 107 281 төгрөг, нийт 80 179 712 /наян сая нэг зуун далан есөн мянга долоон зуун арван хоёр/ гэж, ... 26 000 гэснийг ...9 676 077 гэж, 3 дахь хэсэгт 607 099.00 гэснийг 558 848 гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

“О” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Отгонсүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тус банк бус санхүүгийн байгууллага нь Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2429 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдол гаргаж байна. Нийслэлийн давж заалдах шатны шүүх нь хэт нэг талыг барьж, хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг үндэслэснээс гадна хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хуулийн үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д ”3ээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.”, “Банк, Эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”-ийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Зээлийг заасан хугацаанд нь төлөөгүй бол гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө.” гэж заасныг Нийслэлийн давж заалдах шатны шүүх зөрчиж, хуулийн үндэслэлгүйгээр манай нэхэмжлэлийн шаардлагаас 9 650 077 /есөн сая зургаан зуун тавин мянга далан долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нийслэлийн давж заалдах шатны шүүх нь “Банк, Эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”-ийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь заалтыг буруу тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүг хасаж шийдвэрлэсэн болно. Тус заалт нь хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтад заасан хүүний хэмжээнээс буюу үндсэн зээлийн хүү, түүний 20 хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүүний нийлбэрээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгах тухай бөгөөд гэрээнд тусгаагүйгээс хүү авах эрхээ алдах тухай заалт биш юм. Иймд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “О” ХХК нь Д.Т, Д.П, Б.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, хохиролд 89 855 789 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Зохигчид 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр БЗЗГ16/13 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, зээлдүүлэгч “О” ХХК нь зээлдэгч нарт 45 000 000 төгрөгийг 365 хоногийн хугацаатай, жилийн 42%, сарын 3.5%-ийн хүүтэйгээр бизнесийн зорилгоор зээлдүүлэх, зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийг гэрээний Хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөхөөр, мөн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн БЗЗГ 16/16 дугаартай “Зээлийн гэрээ”-гээр 20 000 000 төгрөгийг 358 хоногийн хугацаатай, жилийн 42%, сарын 3.5%-ийн хүүтэй бизнесийн зорилгоор тус тус зээлдүүлж, зээлийг гэрээгээр тохирсон хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож зээлдэгч Д.П, Д.Т  нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны 109 тоот 48 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг байгуулж, гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлжээ.

Гэрээний талаар зохигчид маргаагүй, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд зээлдүүлэгч гэрээний үүргээ биелүүлж, зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг зээлдэгч нарт шилжүүлсэн, зээлдэгч зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлж байсан боловч гэрээний хугацаа дуусахад зээлийг төлж барагдуулаагүй үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч Д.Т, Б.Н нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.-д заасны дагуу өөрсдийн шүүхэд төлөөлөх эрхийг Д.П-т олгосон бөгөөд хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П- нь нэхэмжлэлийг хүлээж авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т заасан үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс хохиролд нэхэмжилсэн 26 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бусад шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс өөрчлөхдөө хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа зохигчид хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг зээлийн гэрээнд тусгаагүй байхад хэтэрсэн хугацааны зээлийн хүү тооцож гаргуулсан нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2. дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.-т “Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана.” гэж заасан байх ба хуулийн дээрх зохицуулалт нь хэтэрсэн хугацааны хүү зээлийн үндсэн хүүгээс хэтрэхгүй гэсэн ойлголт.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлнө...” гэж хуульд заасан зохицуулалтыг гэрээгээр тохироогүй гэх үндэслэлээр хэтэрсэн хугацааны хүү нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй байна.  

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан, эс зөвшөөрсөн тайлбар, үндэслэлээ шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэлийн шаардлагын талаар мэтгэлцээгүй байхад шүүх талуудын мэтгэлцээгүй баримтад дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь магадлал иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3. дахь заалтыг зөрчсөн байх тул магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Зохигчдын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч нараас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийг хүлээж авсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2.-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбараа өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3.-т заасны дагуу түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын талаар мэтгэлцээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хуулийн дээрх зохицуулалтад зааснаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3. дахь заалтад нийцсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.-т нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийг ихэсгэсэн хэмжээгээр төлүүлэхээр зохицуулсан ба нэхэмжлэгч нь хэрэг шүүхэд хянагдах явцад нэхэмжлэлийн шаардлагыг 6 098 999 төгрөгөөр нэмэгдүүлэхдээ тус шаардлагад 112 534 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс 30 500 төгрөгийг төлсөн байх тул шүүх дутуу төлсөн 82 034 төгрөгийг нөхөж гаргуулаагүй байх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2429 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/03044 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...56.2,...” гэсний дараа “58 дугаар зүйлийн 58.2.,” гэж, “...хэвээр үлдээж,” гэсний дараа “дутуу төлсөн 82 034 төгрөгийг нөхөн гаргуулж, төрийн сангийн төсвийн орлогод оруулж,” гэж  тус тус нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “О” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 169 352 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

       ШҮҮГЧ                                                             Х.ЭРДЭНЭСУВД