Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2429

 

ОУОМЗ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/03044 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ОУОМЗ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Т, Д.П, Б.Н нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 89 855 789 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

 

хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Д, Г.Э, хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.П, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч ОУОМЗ ХХК-ийн төлөөлөгч Ж.Ох болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Д.П, Д.Т, Б.Н нартай байгуулсан зээлийн гэрээгээр 45 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 365 хоногийн хугацаатай, бизнесийн зориулалтаар зээлдүүлж, түүнчлэн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 358 хоногийн хугацаатай, бизнесийн зориулалтаар зээлдүүлсэн. Эдгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны 109 тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан бөгөөд гэрээг улсын бүртгэлд зохих ёсоор бүртгүүлсэн. Хэрэгт авагдсан баримтаар 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчид 45 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 20 000 000 төгрөгийг өгсөн ба зээлдэгчдийн хүсэлтээр эхний сарын зээлийн хүүг төлүүлж, тухайн сарын хүү төлөхөөс чөлөөлөгдсөн.

Хариуцагчид 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 73 265 төгрөг, зээлийн хүүнд 10 265 863 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 184 085 төгрөгийг төлсөн бол 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн хүүнд 4 694 794 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 82 450 төгрөгийг тус тус төлсөн. Гэтэл зээлдэгч нар 2 зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үндсэн зээлийг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн төлөхөөр тохиролцсон боловч уг хугацааг хэтрүүлсэн, зээлийн хүүг зохих ёсоор төлөөгүй хугацаа хэтэрсэн хуримтлагдсан хүүний үлдэгдэлтэй байсан.

Нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний хувьд зээлдэгчид зээлийн хүүг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл төлсөн тул энэ өдрөөс хойшхи хугацааны хүүнд 15 179 386 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үндсэн зээлийн төлөлт зөрчигдсөн тул уг өдрөөс тооцож, нэмэгдүүлсэн хүүнд 2 301 492 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн хүүг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл төлсөн тул энэ өдрөөс эхлэн үндсэн хүүнд 6 397 808 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үндсэн зээлийн төлөлт зөрчигдсөнийг үндэслэн нэмэгдүүлсэн хүүнд 1 024 908 төгрөгийг тус тус нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл, үндсэн зээлийн үлдэгдэл 64 926 193 төгрөг, зээлийн хүүнд 21 577 195 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3 326 400 төгрөг, нотариатын зардалд 26 000 төгрөг, нийт 89 855 789 төгрөгийг нэхэмжилж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах талаар шийдвэрт тусгаж өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.П, Д.Т, Б.Н нараас үндсэн зээлийн үлдэгдэл 64 926 193 төгрөг, зээлийн хүүнд 21 577 194 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3 326 400 төгрөг, нийт 89 829 789 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ОУОМЗ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 26 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байр, 109 тоот хаягт байрлах Ү-2204008258 тоот улсын бүртгэлийн дугаартай 48 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 607 229 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 607 099 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хурлыг хариуцагчийн эзгүйд хийсэн нь үндэслэлгүй. Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хангаагүй байна. ОУОМЗ ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон. Гэтэл шүүх нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлийн хамт 89 829 789 төгрөгииг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч маргааны үйл баримтад хамааралтай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаарх хуулийн нарийвчилсан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг залруулан өөрчлөх шаардлагатай байна.

            Нэхэмжлэгч ОУОМЗ ХХК нь Д.Т, Д.П, Б.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 64 926 193 төгрөг, зээлийн хугацааны болон хэтэрсэн хугацааны хүүд 21 577 195 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 326 400 төгрөг, хохиролд 26 000 төгрөг, нийт 89 855 789 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч ОУОМЗ ХХК нь хариуцагч Д.Т, Д.П, Б.Н нартай байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн БЗЗГ 16/13 дугаартай зээлийн гэрээгээр 45 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 365 хоног буюу 1 жилийн хугацаатай, мөн сарын 27-ны өдрийн БЗЗГ 16/16 дугаартай зээлийн гэрээгээр 20 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 358 хоногийн хугацаагаар зээлдүүлэх, хариуцагч нь дээрх гэрээнүүдэд заасан хугацаанд зээл, зээлийн хүүг төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон байх ба талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д.Т, Д.П нарын өмчлөлийн 48 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьцаалан гэрээг бичгээр байгуулан эрх бүхий газарт бүртгүүлсэн байна. /хх-6-19/

Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон мөнгө хүлээн авсан үйл баримтын хувьд маргаангүй тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан гэрээний болон 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан ипотекийн үүрэг үүссэн гэж үзнэ. Шүүх дээрх эрх зүйн харилцааг зөв тодорхойлон, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Хариуцагч нарын, гэрээний хугацаа 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр дууссан байхад мөн оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү тооцон гаргуулсантай холбоотой гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Харин зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас гаргуулахдаа хэтэрсэн хугацааны хүүгийн талаарх хуулийн нарийвчилсан зохицуулалтыг анхаараагүй, мөн нэмэгдүүлсэн хүүг буруу тооцон шийдвэрлэсэн байх тул хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Банк эрх бүхий этгээдээс зээл авах, түүнийг эгүүлэн төлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулсан Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгах үүргийг зээлдэгч тал хүлээсэн. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний дагуу хэтэрсэн хугацааны хүү шаардах тохиолдолд үндсэн хүүгийн хэмжээнээс хэтрэхгүй байдлаар хэтэрсэн хугацааны хүүг гэрээндээ заасан байх шаардлагатай. Талууд зээлийн гэрээ байгуулахдаа зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацаанд хүү төлөх, хүүгийн хэмжээ ямар байх талаар гэрээндээ тухайлан тусгаагүй тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй.

Иймээс зээлийн хугацааны хүүг гэрээнд заасан хугацаагаар буюу 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний хүүг 365 хоног буюу 12 сараар тооцоход 18 869 000 төгрөг /44 926 193 төгрөг х 3.5 % х 12 сар/, мөн сарын 27-ны өдрийн гэрээг 358 хоногоор тооцоход /20 000 000 төгрөг х 3.5 % /30.5 хоног х 358 хоног/ 8 238 901 төгрөг болж байх ба үүнээс гэрээний хугацаанд төлсөн хүүг хасахад 1 дэх гэрээний хувьд төлөх зээлийн хүү нь 8 604 863 төгрөг /18 869 000-10 265 863 төгрөг/, 2 дахь гэрээний хувьд зээлийн хүүд 3 544 107 /8 238 901 төгрөг-4 694 794/ төгрөг болж байна.

Хариуцагч нь зээл эргэн төлөх хуваарийн дагуу 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс үндсэн зээлийн төлбөрөөс төлж эхлэх ёстой байхад уг хуваариа зөрчсөн учир нэхэмжлэгчийн, уг өдрөөс шүүх хуралдаан товлосон 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны нэмэгдүүлсэн хүү тооцон шаардаж байгаа нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт харшлаагүй тул хариуцагчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн, мөн сарын 27-ны өдрийн зээлийн гэрээнүүдийн 2.1.5-т нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг зээлийн хүүний 20 хувиар тооцно гэж заасан байна.

Харин шүүх хариуцагч нараас нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр тохирсон төлбөрийн хуваарьт заасан үндсэн зээлийн үлдэгдлээс тооцохдоо алдаа гаргасныг залруулан тооцох нь зүйтэй гэж үзлээ. Тодруулбал, хэрэгт авагдсан 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний төлбөрийн хуваариас /хх-8/ үзвэл хариуцагч нар 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр үндсэн зээлд 4 310 765 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тул энэ өдрөөс хойш нэхэмжлэгчийн шаардсан өдрийг хүртэл /2016.09.20-ны өдрөөс 2017.09.24-ний өдрийг хүртэл 4 310 795 х 0.7% х 12 сар=362 107 төгрөг, 2016.10.20-ны өдөр 4 511 386 төгрөг х 0.7% х 11 сар= 347 377 төгрөг, 2016.11.20-ны өдөр 4 625 493 төгрөг х 0.7% х 10 сар=323 785 төгрөг, 2016.12.20-ны өдөр 4 826 796 х 0.7% х 9 сар=304 088 төгрөг, 2017.01.20-ны өдөр 4 962 667 төгрөг х 0.7% х 8 сар=277 909 төгрөг, 2017.02.20-ны өдөр 5 139 692 төгрөг х 0.7% х 7 сар=251 845 төгрөг, 2017.03.20-ны өдөр 5 380 415 төгрөг х 0.7% х 6 сар=225 977  төгрөг, 2017.04.20-ны өдөр 5 514 957 төгрөг х 0.7% х 5 сар=193 023, 2017.05.20-ны өдөр 5 727 799 төгрөг х 0.7% х 4 сар=160 378 төгрөг, нийт нэмэгдүүлсэн хүүд 2 446 489 төгрөг төлөхөөр байх бөгөөд үүнээс төлсөн 184 085 төгрөгийг хасахад 2 262 404 төгрөг,

2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн гэрээний хувьд мөн дээрх аргаар тооцоход 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацааны нэмэгдүүлсэн хүүд 926 327 төгрөг төлөхөөс хариуцагч нарын төлсөн 82 450 төгрөгийг хасахад 843 877 төгрөг, 2 гэрээний нийт нэмэгдүүлсэн хүүд 3 107 281 төгрөг төлөхөөр байна. Дээрхээс дүгнэхэд хариуцагч нар нь үндсэн зээлд 64 926 193 төгрөг, зээлийн хугацааны хүүд 12 148 970 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 107 281 төгрөг, нийт 80 179 712 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт төлөхөөр байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэргийн 20-21 дүгээр хуудсанд хариуцагч талын, нэхэмжлэгч ОУОМЗ ХХК-иас зээлийн гэрээний дагуу 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 45 000 000 төгрөг, мөн сарын 30-ны өдөр 20 000 000 төгрөгийг тус тус бэлнээр хүлээн авсан тухай баримт авагдсан бөгөөд хариуцагч нар уг бичгийн баримтыг үгүйсгэж, уг мөнгөн хөрөнгө дутуу байсан гэдгийг баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал нэхэмжлэлийг гардан аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч нарыг мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг няцаагаагүй гэж үзэх үндэслэл бий болсон байна. Иймээс нэхэмжлэгч ОУОМЗ ХХК-ийг хариуцагч нарт гэрээгээр тохирсон дүн бүхий мөнгийг шилжүүлэх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

Мөн талууд гэрээндээ нэмэгдүүлсэн хүү төлөх хариуцлагын талаар тусгасан тул нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн хүүг 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцон шаардаж байгаа нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцжээ. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн төдийгүй нэхэмжлэгчийн хохирол шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв, энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

Хариуцагч Д.Т, Б.Н нар нь хариуцагч Д.Пид өөрсдийгөө шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон, хариуцагч Д.Пийн өмгөөлөгч авах хүсэлтээр 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулж, мөн оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн болох нь хэргийн 63-65 дугаар хуудсанд авагдсан бичгийн баримтаар нотлогдож байна. Түүнчлэн хариуцагч тал шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирэх боломжгүй тухай нотлох баримтаа хүсэлтийн хамт шүүхэд ирүүлээгүй байх ба шүүх нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцсэн учир хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

           

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/03044 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 21 577 194.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 326 400.76 төгрөг, нийт 83 829 789.29 төгрөг ...” гэснийг “... 12 148 970 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 107 281 төгрөг, нийт 80 179 712 /наян сая нэг зуун далан есөн мянга долоон зуун арван хоёр/” гэж, “... 26 000” гэснийг ...9 676 077” гэж, 3 дахь хэсэгт “607 099.00” гэснийг “558 848” гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                 Ш.ОЮУНХАНД

                                      Ч.ЦЭНД