Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 3044

 

 

 

 

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2017/03044

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “О *******” ХХК-ийн гаргасан,

 

Хариуцагч: Т,

 

Хариуцагч: П,

 

Хариуцагч: Н- нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 89,855,789.26 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

                     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч “О *******” ХХК-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай компани 2016 оны 05 дугаар 20-ны өдөр хариуцагч Д.П, Д.Т, Б.Н нартай зээлийн гэрээ байгуулж, тэдгээрт 45,000,000.00 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 365 хоногийн хугацаатай, бизнесийн зориулалтаар зээлдүүлсэн, түүнчлэн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 20,000,000.00 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 365 хоногийн хугацаатай мөн адил бизнесийн зориулалтаар зээлдүүлсэн юм.

 

Бид, эдгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор *******,*******,******* тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан бөгөөд гэрээг улсын бүртгэлд зохих ёсоор бүртгүүлсэн.

 

Хэрэгт авагдсан баримтаар 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчид 45,000,000.00 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000.00 төгрөгийг өгсөн ба зээлдэгчдийн хүсэлтээр эхний сарын зээлийн хүүг төлүүлж, тухайн сарын хүү төлөхөөс чөлөөлөгдсөн.

 

Хариуцагчид 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний хүрээнд үндсэн зээлд 73,265.00 төгрөг, зээлийн хүүнд 10,265,863.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 184,085.21 төгрөгийг төлсөн бол 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн хүүнд 4,694,794.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 82,450.61 төгрөгийг тус тус төлсөн.

 

Гэвч зээлдэгчид дээрх 2 зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж, үндсэн зээлийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс төлөхөөр тохиролцсон боловч уг хугацааг хэтрүүлсэн, зээлийн хүүг зохих ёсоор төлөөгүй хугацаа хэтэрсэн хуримтлагдсан хүүний үлдэгдэлтэй байдаг байсан.

 

Нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн хувьд зээлдэгчид зээлийн хүүг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл төлсөн тул энэ өдрөөс хойших хугацааны хүүнд 15,179,386.27 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үндсэн зээлийн төлөлт зөрчигдсөн тул уг өдрөөс тооцож, нэмэгдүүлсэн хүүнд 2,301,492.63 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн хүүг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл төлсөн тул энэ өдрөөс эхлэн үндсэн хүүнд 6,397,808.22 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үндсэн зээлийн төлөлт зөрчигдснийг үндэслэн нэмэгдүүлсэн хүүнд 1,024,908.13 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.

 

Өөрөөр хэлбэл, үндсэн зээлийн үлдэгдэл 64,926,193.53 төгрөг, зээлийн хүүнд 21,577,195.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,326,400.76 төгрөг, нотариатын зардалд 26,000.00 төгрөг, нийт 89,855,789.26 төгрөгийг нэхэмжилж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байх тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах талаар шийдвэрт тусгаж өгнө үү” гэв.  

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “О  *******” ХХК-иас хариуцагч Д.П, Д.Т, Б.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 89,855,789.26 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Пид 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан бол хариуцагч Д.Т, Б.Н нарын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн итгэмжлэлийг үндэслэн тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хариуцагч Д.Пид нэхэмжлэлийн хувийг тус өдөр гардуулжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж, мөн 72.3-д “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасан.

 

Гэтэл хариуцагч бөгөөд хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардан авсан атлаа нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаарх тайлбараа өгөөгүй, тэрээр 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т зааснаар өмгөөлөгч буюу хууль зүйн туслалцаа авах, нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаж, хариу тайлбар өгөх хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулсан боловч мөн тайлбар, татгалзал өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.

 

Гэвч шүүх нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлтийн дагуу тэдгээрийн эзгүйд хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “О  *******” ХХК болон хариуцагч Д.П, Д.Т, Б.Н нар 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 45,000,000.00 төгрөгийг сарын 3.5 хувийн 365 хоногийн хугацаатай бизнесийн зээлийн зориулалтаар, 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 20,000,000.00 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 365 хоногийн хугацаатай мөн адил бизнесийн зээлийн зориулалтаар зээлэхээр харилцан тохиролцжээ /х.х-ийн 6-11-р хуудас/.

 

Түүнчлэн талууд эдгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар хариуцагч Д.П, Д.Т нарын өмчлөлийн *******,*******,*******,, 109 тоот хаягт байрлах ******* тоот улсын бүртгэлийн дугаартай 48 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалсан байна /х.х-ийн 12-15-р хуудас/.

 

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д  “банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрхэлж байгаа энэ хуулийн 7.1-д заасан үйлчилгээг” хэлнэ гэж заасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “О  *******” ХХК нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар Санхүүгийн зохицуулах хорооноос 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдөр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байна. Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ............” гэж, 189 дүгээр зүйлийн 189.2-т “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгчид эрх бүхий этгээдээс банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байна /х.х-ийн 29-31-р хуудас/.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зээлдүүлэгчээс 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 45,000,000.00 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000.00 төгрөгийг зээлдэгч буюу хариуцагчдад  шилжүүлсэн байх ба хариуцагчид энэ талаар маргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд хариу тайлбар, татгалзлаа өгөөгүй   /х.х-ийн 21, 22-р хуудас/.

 

Иймд, нэхэмжлэгч “О  *******” ХХК болон хариуцагч Д.П, Д.Т, Б.Н нарын хооронд Иргэний хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, энэхүү гэрээний дагуу зээлдүүлэгч тал гэрээний зүйл болох нийт 65,000,000.00 төгрөгийг зээлдэгч нарт шилжүүлэх, зээлдэгчид зээлийг зориулалтын дагуу ашиглаж, тохирсон хүүг төлөх үүрэг хүлээх бөгөөд хариуцагчид энэхүү гэрээгээр нэхэмжлэгчийн өмнө зээлийг буцаан төлөх үүрэг бүхий хамтран үүрэг гүйцэтгэгчид болсон байна.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн, хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж, мөн  242.2-д “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж зааснаас гадна 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэсний дагуу хариуцагчид тухайн зээлийн гэрээгээр нэхэмжлэгчийн өмнө хамтран үүрэг гүйцэтгэгч болсон ба нэхэмжлэгч тал зээлийг хариуцагч нарын хэн альнаас эсхүл тэдгээрээс бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй юм.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ ёсоор зээлдэгчид нийт 65,000,000.00 төгрөгийг 1 /нэг/ жилийн хугацаанд сарын 3.5 хувийн хүүтэй ашиглаж, үндсэн зээлийн үлдэгдлээс гэрээнд заасан хэмжээгээр хүү тооцож, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төлж дуусгахаар тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хувиараас үзвэл зээлдэгчид 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний хувьд 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл зээлийн хүүнд 4,763,835.00 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу тус өдөр хүртэл 1,956,165.00 төгрөгийг зээлийн хүүнд төлж, улмаар уг өдрөөс эхлэн сарын бүрийн 20-ны өдөр үндсэн зээлийг хүүгийн хамт хэсэгчлэн төлсөөр 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дуусгах ажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагчид өнгөрсөн хугацаанд 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний хүрээнд үндсэн зээлд 73,265.00 төгрөг, зээлийн хүүнд 10,265,863.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 184,085.21 төгрөгийг төлсөн бол 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн хүүнд 4,694,794.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 82,450.61 төгрөгийг төлсөн боловч үүргийг гэрээнд заасан хугацаанд бүрэн гүйцэтгээгүй, зээлийг төлж дуусгаагүй байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан. Тодруулбал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд үүргээ ийнхүү тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд тэрээр уг хугацаанд үүргээ аливаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Гэтэл хариуцагчид 45,000,000.00 төгрөгийн зээлийг 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 13,017,361.00 төгрөгийн хүүгийн хамт, 20,000,000.00 төгрөгийн зээлийг 5,624,850.00 төгрөгийн хүүгийн хамт хуваарьт заасан хэмжээгээр төлж, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дуусгах ёстой байтал энэхүү үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд, нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагчдаас зээлийн, зээлийн хүүг гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй юм.

 

Нэхэмжлэгч “О  *******” ХХК-иас хариуцагч Д.П, Д.Т, Б.Н нарт холбогдуулан 45,000,000.00 төгрөгөөс төлсөн 73,265.00 төгрөгийг хасч, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд зээлийн хүүнд 15,179,386.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс дээр дурьдсан өдөр хүртэл 2,301,492.63 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл болох 44,926,193.53 төгрөгийн хамт, 20,000,000.00 төгрөгийн зээлийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл зээлийн хүүнд 6,397,808.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,024,908.13 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад холбогдох баримтыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан 26,000.00 төгрөг, нийт 89,855,789.26 төгрөгийг гаргуулахыг хүсчээ.

  

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Банк бус санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Компанийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, банк бус санхүүгийн үйл ажиллагаанд энэ хуулиас гадна Монгол Улсын бусад хууль тогтоомж үйлчилнэ.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.5-т зааснаар талууд үндсэн хүүгийн хувь хэмжээг сарын 3.5 хувь, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувь буюу 0.7 хувь байхаар тохирсон байх бөгөөд гэрээнд заасны дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцвол. Үүнд:

 

1-рт 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн хувьд

 

  • 44,926,193.53x3.5%=1,572,416.77x12=18,869,001.28 төгрөг /1 жилийн хүү/. 18,869,001.27/365=51,695.83 /1 өдрийн хүү/, үүнийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаа болох 298 хоногоор тооцвол 15,405,375.00 төгрөгийн хүү,
  • 44,926,193.53x0.7%=314,482.97x12=3,773,799.72 төгрөг /1 жилийн нэмэгдүүлсэн хүү/. 3,773,799.72/365=10,399.16 /1 өдрийн нэмэгдүүлсэн хүү/, үүнийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр хүртэлх хугацаа болох 369 хоногоор тооцвол 3,815,150.00 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү.

 

2-рт 2016 оны 05 дугаар 27-ны өдрийн зээлийн хувьд

 

  • 20,000,000x3.5%=700,000x12=8,400,000 төгрөг /1 жилийн хүү/. 8,400,000/365=23,013.69 төгрөг /1 өдрийн хүү/, үүнийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаа болох 278 өдрөөр тооцвол 6,397,808.21 төгрөгийн хүү,
  • 20,000,000x0.7%=140,000x12=1,680,000 /1 жилийн нэмэгдүүлсэн хүү/. 1,680,000/365=4,602.73 /1 өдрийн нэмэгдүүлсэн хүү/. Үүнийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх 369 хоногоор тооцвол 1,698,410.95 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг тус тус төлөх үүрэгтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагчид үндсэн зээлийн үлдэгдэл болон түүнийг ашигласан буюу хэтрүүлсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 92,242,937.69 төгрөг төлөх үүрэгтэй байх боловч шүүх гагцхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх юм.

 

Иймд, хариуцагч нараас зээлийн үлдэгдэл 64,926,193.53 төгрөг, зээлийн хүүнд 21,577,194.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,326,400.76 төгрөг, нийт 89,829,789.29 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардал болох 26,000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.

 

Өөрөөр хэлбэл, тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон хариуцагчийн хариу татгалзлыг нотолсон нотлох баримтыг эх хувиар гаргаж өгөх боломжгүй тохиолдолд нотариатаар гэрчлүүлсэн хувийг өгөх үүрэгтэй ба нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн нотлох баримтыг ийнхүү нотариатаар гэрчлүүлэхтэй холбоотой гарсан зардлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгчээс гарах ёсгүй зардал буюу хохирол гэж үзэхгүй юм.

 

Иймд, нэхэмжлэгч “О  *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 26,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “О  *******” ХХК-иас Д.П, Д.Т, Б.Н нарт холбогдуулан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасан байна.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, мөн 165 дугаар зүйлийн 165.1-д “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ” гэж заасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч Д.П, Д.Т нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байх бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно” гэж заасантай нийцэж байна.  

 

Түүнчлэн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” зааснаас гадна 166 дугаар зүйлийн 166.1-д “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж заажээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр болон 05 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг талууд зохих ёсоор улын бүртгэлд бүртгүүлсэн байх тул энэхүү гэрээ хүчин төгөлдөр юм. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгчийн зүгээс өнгөрсөн хугацаанд хариуцагч нарт зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг тухай бүр шаардаж байсан гэх үйл баримтыг хариуцагчид үгүйсгээгүй /х.х-ийн 24-26-р хуудас/.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй” гэж, түүнчлэн 41.2-т “Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй” гэж, мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.

 

Нэгэнт үүрэг гүйцэтгэгчид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байна.

 

Иймд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.     

        

Шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчдаас үндсэн зээлийн үлдэгдэл 64,926,193.53 төгрөг, зээлийн хүүнд 21,577,194.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,326,400.76 төгрөг, нийт 89,829,789.29 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 26,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар хариуцагч Д.П, Д.Т, Б.Н нараас үндсэн зээлийн үлдэгдэл 64,926,193.53 төгрөг, зээлийн хүүнд 21,577,194.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,326,400.76 төгрөг, нийт 89,829,789.29 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “О  *******” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 26,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэхь заалтыг баримтлан хариуцагчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох *******,*******,*******,, 109 тоот хаягт байрлах ******* тоот улсын бүртгэлийн дугаартай 48 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 607,229.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчдаас 607,099.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР