Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/00395

 

С.Цийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 954 дүгээр шийдвэр

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 166 дугаар магадлалтай

С.Цийн нэхэмжлэлтэй

Ж.О, Д.Ц нарт холбогдох

манжингийн үнэ 2 240 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

хариуцагч Ж.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Уламбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Уламбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манайх 2016 оны 06 дугаар сарын 20-ны үеэр Зулзагын голд ногоо тарьж 10 дугаар сарын 20-ны үеэр оройн манжинг хураасан. Бид шуудай манжинг 10.000 төгрөгөөр өгөхөөр тооцсон байсан. Манайх агуулах байхгүй учраас древенд ногоогоо хураачихаад телевизэд манжин зарна гэж зар өгсөн. Ж.О, Д.Ц нартай 1 шуудай манжинг 8 000 төгрөгөөр тохиролцож, үнийг 2017 оны 04 дүгээр сард авахаар болсон. Ж.О, Д.Ц нар нийт 280 шуудай манжинг худалдаж авсан тул үнэ 2.240.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.О, Д.Ц нар хариу тайлбартаа: С.Цээс 280 шуудай манжин авсан. Авахдаа стандартын шаардлага хангаагүй зөөлрөлт ихтэй байсныг хэлсэн. Бид ажлын зооринд хийж 1.000.000 төгрөгийн түрээс төлсөн. 4 дүгээр сард тохирсон ёсоор мөнгийг нь өгөх гэтэл борлуулалт муу байсан тул надаас ногоо авч зараад мөнгөө ав гээд зоорин дээрээ дуудсан боловч ирээгүй. Заавал мөнгө авна гэсэн. Хорогдол, ажилласан хүчний мөнгө хөлс тооцоод тооцоогоо хий гэдгийг өөрт нь удаа дараа хэлж байсан. Нэг шуудайгаас 5 кг хасагддаг. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Энэ хүний өгсөн ногоо надад өнөөдрийг хүртэл байж байгаа тул ногоогоо авч болно гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 954 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар хариуцагч Ж.О, Д.Ц нараас 2.240.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Цд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.О, Д.Ц нараас улсын тэмдэгтийн хураамжид 50.800 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 166 дугаар магадлалаар хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 954 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.800 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Уламбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 166 дугаартай магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Гэрээ бүр хэлцэл байна, харин хэлцэл бүр гэрээ биш. Талууд худалдах, худалдан авахаар аман хэлцэл хийсэн бөгөөд уг хэлцлийг хүчин төгөлдөр эсэхийг шалгавал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-г зөрчиж хийсэн хэлцэл тул анх байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Хариуцагч Ж.О- нэхэмжлэгч С.Цээс 280 шуудай манжин хүлээж авах үедээ стандартын шаардлага хангаагүй, зөөлрөлт ихтэй байсныг хэлснээс гадна манжингаа буцааж ав гэж удаа дараа хэлсээр байхад нэхэмжлэгч С.Ц хүлээн аваагүй нь Иргэний хуулийн 58.6, 59.2-т заасан заалтуудыг ноцтой зөрчсөн байхад Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх харгалзан үзэлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг илт дэмжсэн шийдвэр гаргасанд гомдолтой байгаа болно. Хүчин төгөлдөр бус хэлцэл хийчихээд байхад давж заалдах шатны шүүх хариуцагч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй хэдий ч энэ хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар эдгээр шаардлага гаргах эрхээ алдсан байна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч С.Цд 2 240 000 төгрөгийг хариуцагч Ж.О-ээс гаргуулахаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч С.Ц нь Ж.О, Д.Ц нарт холбогдуулан худалдсан манжингийн үнэ 2 240 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар Ж.О, Д.Ц нар нь 2016 оны 11 дүгээр сарын 16-нд С.Цээс 280 шуудай манжинг нэг шуудайг нь 8 000 төгрөгөөр худалдан авч, үнийг 2017 оны 04 дүгээр сард төлөхөөр харилцан тохирсон, хариуцагч нар үнийг төлөөгүй үйл баримт тогтоогджээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдан, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаар зохигчид маргаагүй тул худалдагч худалдсан эд хөрөнгийн үнийг шаардсан нь хууль зөрчөөгүй байна.

Хариуцагч нар худалдан авсан манжин зөөлөрсөн, зарагдаагүй, хорогдсон үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй боловч тэрээр худалдан авсан эд хөрөнгийн доголдлын талаар хуульд заасан үндэслэлээр, хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй, энэ тухай баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлд, тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд хариуцагчийн дээрх тайлбар нь худалдан авсан эд хөрөнгийн үнийг төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 255 дугаар зүйлийн 255.1.1.-д нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо талуудын хооронд хийсэн хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4., 58 дугаар зүйлийн 58.6., 59 дүгээр зүйлийн 59.2.-т заасан  хүчин төгөлдөр бус хэлцэл, шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж тайлбарлах боловч анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад зохигчид гомдолд дурдсан үндэслэлээр мэтгэлцээгүй, холбогдох баримт хэрэгт авагдаагүй тул анхан шатны шүүхээр хэлэлцээгүй үйл баримтын талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй, шүүх хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 954 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 166 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Ж.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Уламбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ж.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50 800 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                        Х.ЭРДЭНЭСУВД